| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2019/0076/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 24
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал
Шүүгдэгч Г.С
Хохирогч Т.Г
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Г.Ст холбогдох 1812001590173 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овгийн Гийн С
Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Гийн бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор:
“Шүүгдэгч Б овгийн Гийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Г.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.”
Шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдолд:
“Г овогтой С би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэрэг гардаг өдөр миний бие аавтайгаа муудалцаж, санамсаргүй түлхэж унагааж гэмтээсэн. Тэр үед аав согтуу намайг элдэв янзаар доромжилж, түүнд нь би ихэд уурлаж өөрийгөө юу хийж байгааг хянах чадваргүй байсан. Хийсэн хэрэгтээ би үргэлж гэмшиж явдаг. Би нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 9 настай, дараагийн охин 6 настай, дараагийн хүү 2 нас 9 сартай, бага охин 9 сартай. Нөхөр маань хувиараа улирлын чанартай ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Би гэртээ хүүхдүүдээ хардаг. Миний бага охин 9 сартай хөхүүл юм. Би 04 сарын 09-ний өдрөөс хойш цагдан хорих байранд хоригдож нөхөр маань хүүхдүүдээ хараад гэртээ сууж байгаа. Хоригдсоноос хойш 2 хөх чинрээд байнга сааж байгаа. Охин ч гэсэн шөнөжингөө уйлж хонож байгаа гэж эргэлтээр дүү ирэхдээ хэлсэн. Нөхөр хаврын улиралд айлд ямаа самнаж мөнгө олдог. Намайг хоригдсоноос хойш хүүхдүүдээ хараад ажил хийж чадахгүй байгаа. Миний хүүхдүүд дэрсхэн нялх надаас өөр харж хандах хүн байхгүй. Надад энд хоригдох нэр төрийн хувьд сэтгэл санааны хувьд ч үнэхээр хүнд хэцүү байна. Өдөр шөнөгүй 4 хүүхдээ бодож шаналж байна. Хоромхон зуурын уур хүнийг юунд ч хүргэж болдог гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байна. Өнөөдөр миний хувьд 2 жилийн хорих ялыг биеэр эдлэхэд ар гэр үр хүүхдүүдийн хувьд асар их шийтгэл болж байна. Иймд миний хэргийг дахин хянан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Хамгийн гол нь хүүхдүүдээ эхгүй өсгөлгүй элэг бүтэн байлгах юмсан гэж бодож байна. Хүүхдүүд минь өдөр бүр ааваасаа ээжийгээ хаашаа явсныг асууж байгааг сонсоод би энд нулимсаа барж сууна. Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд:
“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/90 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Г.С нь 2018 оны 03 сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Баянбулаг хорооллын задгай гэх газар өөрийн төрсөн эцэг Т.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 2019/ ШЦТ/90 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн 3-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болсон. 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3-р зүйлд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг дүйцүүлэн хасна гэж заасныг үндэслэн мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгчид ашигтай түүний эрх зүйн байдлын дээрдүүлсэн хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой байтал дээрх хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/90 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтанд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Г.С нь ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, 09 сараас 9 настай бага насны 4 хүүхэдтэй бөгөөд 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй, амьжиргааны доогуур ядуу өрхийн тоонд бүртгэлтэй, үйлдэлдээ маргаангүй, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан учраас шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын бичсэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Г.Сийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Гийн бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овгийн Гийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх гэм буруутайд тооцоогүй Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн, Г.Ст холбогдох хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заалгүйгээр гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Г.С нь 2019 оны 03 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж, шүүх түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүгдэгч Г.С нь өмгөөлөгч Н.Энхжаргалаар өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Г.Сийн хувийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
В.ЦЭЦЭНБИЛЭГ