| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0061/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/58 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
2022 03 29 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Ханджав,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000110062 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
6
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, *******, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хотын , оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заалтад зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг хасч, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Ламын гэгээн овогт Нанжидын Магсаржав, РД:*******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******г зодож, эрүүл мэндэд нь нүүрний зөөлөн эдийн няцрал үүдэн 1 шүдний хугарал, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 500,000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэв. Эхнэртэйгээ амьдраад 14 жил болж байна. Өмнө нь Улаанбаатар хотод амьдардаг байсан. Өмнө нь зодож байгаагүй, анх удаа эхнэрээ зодсон гэв.
- Яллагдагч *******ын: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед манай хойд хашааны ах манайд орж ирээд “ах нь гэртээ хоол хийчихлээ, та хэд орж ирээд хоол, цай идэж уу” гэхээр нь би эхнэр Мөнхтуяагийн хамт тэднийх рүү орсон. Тэднийд хоол, цай идэж, Баяраа ахын гаргасан 0.75 литрийн архи 3-уулаа хувааж уусан. Архи дундаа орж байтал охин орж ирээд “ааваа гэр рүү харъя” гэхээр нь охинтойгоо хамт тэднийхээс гарсан. Тэр үед эхнэр Мөнхтуяа араас гарах шиг болсон. Гэтэл гэртээ ирээд 20 орчим минут дараа орж ирэхээр нь “чи араас гарч ирж байсан, хаашаа явчихдаг юм бэ” гэхэд өөдөөс уурлан “хаашаа явдаг юм бэ, араас чинь явж байгаад орж ирлээ” гэхээр нь уур хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газар 1 удаа цохиж газар унахаар нь 1-2 удаа цохисон. Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-41-43/
- Хохирогч *******гийн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртээ нөхөр Магсаржавын хамт байхад 16 цагийн орчимд манай хойд айлын Баяраа ах орж ирээд “гурвуулаа манай руу оръё, юм ярьж суунгаа нэг шил архи ууя” гээд бид гурав хойд талын хашаа руу орсон. Бид нар 0.5 болон 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. 19 цагийн үед манай охин Хүсэлжаргал гаднаас орж ирээд, аавтайгаа гарсан. Тухайн үед бие засахаар гарч байна гэж бодсон боловч буцаж орж ирэхгүй байхаар нь гараад хартал гадаа байхгүй болохоор нь гэр рүүгээ яваад очиход гэртээ ирчихсэн байсан. Намайг гэртээ очиход манай нөхөр “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ?” гэхээр нь “би хаашаа явдаг юм бэ?” гэхэд орон дээрээсээ босч ирээд, шууд баруун гараараа миний зүүн нүд рүү цохиж унагаасан. Намайг газар унагаагаад 2-3 удаа гараараа цохисон. Удалгүй цагдаа нар орж ирэн манай нөхрийг авч яваад, намайг эмнэлэгт үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-07-08/,
- Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зураг /хх-26-27/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай: *******гийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний хугарал, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-28-29/,
- *******ын зөрчилд холбогдсон, саатуулагдсан талаарх лавлагаа /хх-12-13/
- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47-48/
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 1194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-57/
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-59/
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-61/ зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******г зодож, эрүүл мэндэд нь “ нүүрний зөөлөн эдийн няцрал үүдэн 1 шүдний хугарал, хэвлийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зураг, шинжээчийн 55 дугаартай “*******гийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний хугарал, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүйг дурдъя.
3. Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын тухайн өдөр согтуурсан үедээ түүний цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан эхнэр *******г цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, ******* нь ******* 62 настай зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна .
Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүх шүүгдэгч *******ын эрхэлсэн ажилгүй, сарын 500.000 төгрөгийн тэтгэвэр авдаг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 110.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Прокурорын газарт гаргасан хүсэлтээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ламын Гэгээн овогт Нанжидын Магсаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 110.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН