Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00067/И |
Дугаар | 173 |
Огноо | 2018-02-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 173
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 13-75 тоотод оршин суух, “Цагаанбургалтай” ХХК-ийн захирал С.Л-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 461 дүгээр байр, 8 тоотод оршин суух, Шарнууд овгийн Ж.А-д холбогдох
“26487730 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , хариуцагч Ж.А , нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.А нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиалгаар орон сууц барих гэрээ байгуулсан юм. Тэрээр манай компаний барьсан Арвайхээр сумын 5 дугаар баг 7 дугаар цэцэрлэгийн урд байрлах 27 айлын орон сууцнаас 2 өрөө орон сууцыг 65620000 төгрөгөөр худалдан авсан боловч үлдэгдэл төлбөр болох 24092600 төгрөг, алданги 2395130 төгрөг, нийт 26487730 төгрөгийг Ж.А ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Цагаанбургалтай” ХХК-иас 2014 оны 06 дугаар сард захиалгаар 65,62м кв 2 өрөө байрыг худалдаж авсан нь үнэн болно. Үлдэгдэл төлбөр 24092600 төгрөгийг 2018 оны 06 дугаар сард 10000000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сард 14092600 төгрөгийг төлж барагдуулах болно. Алданги 2395130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 6 дугаар сард харилцан тохиролцож, 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орсон тус байранд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан байдаг. Нэг талаас Цагаан бургалтай ХХК-ийн захирал С.Л , нөгөө талаас иргэн Ж.А гэсэн гэрээ хийсэн. Уг гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж байна. Гэрээний гол зорилго нь ажлын үр дүнг хүлээлгэн өгнө гэсэн байдаг. Манай талаас тухайн орон сууцыг хүлээлгэж өгч байгаа нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэсэн үг. Нөгөө талаас хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх хугацаа болон арга журмыг харилцан тохиролцож болдог. Тус гэрээний 3 дугаар зүйлд гэрээнд заагдсан төлбөр тооцоог гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Мөн 4 дүгээр зүйлд захиалагч гэрээ байгуулахдаа 10000000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөрыг зээлэнд хамрагдаж төлнө гэж заасан байдаг. Хариуцагч Ж.А нь банкны зээлэнд хамрагдах гэсэн боловч цалингийн зээлтэй учраас Цагаанбургалтай ХХК-наас 15000000 төгрөгийг зээлээч гэсэн хүсэлт гаргасан байдаг. Цагаанбургалтай ХХК нь уг зээлийг зөвшөөрч 15000000 төгрөг болон 1000000 төгрөгийг тус тус зээлсэн байдаг. Нийт 16000000 төгрөгөнд 1500000 төгрөгний хүү бодно гэсэн аман гэрээ байгуулсан. Манай талаас тавьсан нэг шаардлага гэвэл компаниас зээлсэн мөнгө нь эргэлтийн мөнгө учраас нэн даруй барагдуулаарай гэсэн. Орон сууцны төлбөр 62620000 төгрөг, компаниас зээлсэн 17500000 төгрөг, нийт 83120000 төгрөгнөөс 50527000 төгрөгийг 2017 онд төлсөн, урьдчилгаа төлбөрт 8500000 төгрөг төлсөн. Хариуцагчийн төлсөн мөнгөнөөс манай компани нь аман гэрээ байгуулж зээлсэн 17500000 төгрөгийг нэн даруй суутгаж авсан. Ж.А нь үлдэгдэл төлбөр 24092600 төгрөгийг төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани алдангийг гэрээнд заасан үүрэг болон хуульд нийцүүлэн тооцсон. Бид Ж.А ээс илүү мөнгө төгрөг аваагүй. Алданги бодох хугацаа маань бараг 1 жил 6 сар болж байгаа боловч бид алдангийг 365 хоногоор бодсон. Гэрээний 3.5-т зээлдэгч гэрээнд заасан төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцож, 0,5 хувиар алданги бодно гэсэн байгаа. Алданги нь хуульд заасан хэмжээнээс доогуур бодогдож байгаа учраас хариуцагчид илт их хэмжээний хохирол учраагүй гэж үзэж байна. Тийм учраас бид алдангийг төлүүлнэ. Мөн үлдэгдэл болох 24092600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Цагаан бургалтай” ХХК-наас 2014 онд 65,62 мк 2 өрөө байрыг гэрээ хэлэлцээр хийж авсан. Ипотекийн зээлэнд хамруулж, 15000000 төгрөгийг зээлсэн. Нэмж 1000000 төгрөг зээлээгүй, мөн хүү 1500000 төгрөг төлнө гэж тохиролцоогүй. Гэхдээ би 24092600 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 24092600 төгрөгийг 2 хувааж өгнө гэж аман хэлэлцээр хийсэн. Гэтэл энэ мөнгийг өгөх боломж бололцоо олдоогүй. Би ганцаараа ажил хийж 5 ам бүлээ тэжээдэг. Би энэ байрыг гэрээ хэлэлцээр хийж аваад амьдарч байгаа учраас нэхэмжилж байгаа мөнгийг нь өгнө. Би шүүхийн өмнө хэлэхэд 2018 онд багтаж 2 хувааж өгнө гэсэн бодол байна. Энэ асуудлаар ямар нэгэн маргаан үүсгэж, оргон зайлах асуудал гаргахгүй. Надад нэг бодол байгаа. Би төлбөрийг барагдуулна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цагаанбургалтай” ХХК-ийн захирал С.Л нь хариуцагч Ж.А ээс “26487730 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2395130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч “Цагаанбургалтай” ХХК-тай захиалгаар орон сууц барих гэрээ байгуулан, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 25 айлын орон сууцны 07 тоот 2 өрөө 65.62 м.кв байрыг 65620000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, талуудын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан захиалгаар орон сууц барих гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.А ийг нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээг амаар байгуулан орон сууцны төлбөрөөс гадна 15000000 төгрөг зээлсэн, дараа нь мөн 1000000 төгрөг нэмж зээлсэн, зээлийн хүүнд 1500000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон гээд, нийт төлбөр 83120000 төгрөгөөс хариуцагч 8500000 төгрөг бэлнээр төлж, 50527400 төгрөгийг банкны зээлээр төлсөн, одоо үлдэгдэл 24092600 төгрөгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Ж.А нэхэмжлэгчээс 15000000 төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг ч 1000000 төгрөг зээлээгүй, мөн 1500000 төгрөгний хүү төлөхөөр тохиролцоогүй гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага 24092600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний талаар дурдаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч нь орон сууцны төлбөрийн үлдэгдэл 24092600 төгрөгийг төлөх үүрэгтэйгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлсэн, талуудын хооронд амаар байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр нь хариуцагчийн банкнаас авсан зээлээс суутгагдан төлөгдсөн талаар талууд тайлбарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Талууд “Захиалгаар орон сууц барих гэрээ” гэсэн нэршилтэй гэрээ байгуулсан байгаа боловч уг гэрээг байгуулах үед орон сууц бүрэн ашиглалтанд орсон байсан талаар хариуцагч тайлбарласан, гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А ээс 24092600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Талуудын байгуулсан гэрээнд алдангийн талаарх зохицуулалт тусгагдсан, нэхэмжлэгч нь 2395130 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлдээ дурдсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх ба талууд гэрээндээ алдангийг тооцож эхлэх өдрийг тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл төлбөрийг төлж дуусах хугацааг гэрээгээр тохиролцоогүй байхад уг хугацаанаас хамаарч алданги тооцож алданги нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагааас алданги 2395310 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А ээс 278413 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290388 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А ээс 24092600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цагаанбургалтай” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2395130 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А ээс 278413 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290389 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА