Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/496

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Н.Б,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн Бд холбогдох эрүүгийн 2211 00388 0933 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Наранцэцэгийн Б /РД:.

Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радиогийн найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-6 тоотод оршин суудаг,

урьд 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн шүүхээс 212,500 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Пунцагдаржаагийн биед баруун талын 9-р хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 394 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Б нь

Шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Пунцагдаржаагийн биед баруун талын 9-р хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Пунцагдаржаа мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр би өөрийн гудсаар газарт зассан орон дээрээ хэвтэж байхад Б гэх залуу утсаа цэнэглэх шалтгаанаар орж ирсэн бөгөөд тухайн үед Б гэх залуу гуталтайгаа манай гэрт орж ирээд миний хоёр гуя дээр дэвсэх үед гэдэс хэвлийн болон хавирганы доод хэсэгт мөн адил дэвссэн энэ үед л миний 9 дүгээр хавирга хугарсан миний гуя хэвлий, цээжний доод хэсэг нилдээ хөндүүр болсон. Миний биед учирсан 9 дүгээр хавирганы хугарлыг Б дэвсэж байх үедээ үүсгэсэн Б гэх залуу тухайн үед манай гэрт орж ирээд намайг хөгшин хүн учраас өмгөөлөх хамгаалах зүйлгүй гэж дээрэлхсэн байх...” гэх /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/,

Гэрч Б.Рина мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Пунцагдаржаагийн хаалга онгойж дотор талаас нь Б гарч ирж байгаа чимээ гарсан бөгөөд удалгүй Б коридорт орилоод Пунцагдаржаагийн гэрийн хаалгыг хүчтэй балбаад өшиглөөд орилоод байсан бөгөөд удалгүй Б манай хаалгыг нүдэхээр нь би гартал Б согтчихсон Пунцагдаржаагийн гэрээс цэнэглэгчээ авъя та илүү түлхүүр байвал өгчих гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлээд орсон...” гэх /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

Гэрч Б.Бүтэдмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Пунцагдаржаа нь 2022 оны 2 дугаар сарын 2-ний өдөр буюу шинийн 1-ний өдөр ирсэн бөгөөд Б.Пунцагдаржаа нь манай гэрт өглөөний 8 цагийн үед ирээд надтай золгочхоод манай гэрт сууж байгаад 14 цаг болох гэж байхад манай гэрээс ганцаараа гэртээ харихаар гарч явсан...” гэх / хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3003 дугаартай дүгнэлтэд:

Б.Пунцагдаржаагийн биед баруун талын 9-р хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх баруун талын 9-р хавирганы хугарал, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Шинжээч эмч М.Ариунтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу хөлөөр дэвсэх үед үүсэх боломжтой гэмтлүүдийн байрлалыг харахад 1 удаа унах үед үүсэх боломжгүй харагдаж байна...” гэх /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр би 13 цагийн үед би өөрийн амьдардаг нийтийн байрны 5 тоотод байрлах нийтийн байрны танил ах Пунцагдаржаа гэх ах дээр орж золгосон. Пунцагдаржаа ах бид хоёр золгочхоод 1 ширхэг боргио 2.4 литрийн хэмжээтэй пивоноос уусан бөгөөд Пунцагдаржаа ах 0,5 литрийн хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй 1 шил архийг ууж дуусах үед би ганцаараа гарч “Боргио” гэх 2,4 литрийн хэмжээтэй пивоноос 1 ширхгийг авч ирээд бид хоёр хувааж уучхаад бид хоёр бага зэрэг согтоод хоорондоо бага зэрэг маргалдахад Пунцагдаржаа ах чамайг залуу явахад би Дорнод аймагт атаман явлаа гэх зэргээр яриад байхаар нь би аан тийм үү та тийм атаман явсан юм уу гэж хэлээд бид 2 хоорондоо барьцалдаж аваад Пунцагдаржаа ах намайг бариад авахаар нь би толгойн дээр нь дараад газарт унагаахад Пунцагдаржаа ах намайг дахин барих гэж дайрахаар нь би түлхэхэд Пунцагдаржаа ах паар луу өнхөрч уначхаад босож ирээд чи муу ямар овоо юм бээ гэж хэлээд дахин босож ирээд намайг бариад авахаар нь би за одоо больё гэж хэлээд больсон. Тэгээд бид хоёр болиод Пунцагдаржаа ахын эгчийн гэр болох манай гэрийн ойролцоо байрлах гэр лүү нь явсан. Тэгээд бид хоёр эгчийнх нь гэрийг нэлээн хайгаад арай гэж олоод очтол эгч нь гэртээ байхгүй байхаар нь би гэр лүүгээ яваад өгсөн...”"... Ингээд би Ирийнаа эгчийнхээс гараад ариун цэврийн өрөө явж байхад Пунцагдаржаа ах ирчихсэн байхаар нь би хаалгыг нь татаад хартал орондоо орчихсон унтаж байхаар нь би Ирийнаа эгчийнд ороод Пунцагдаржаа ахынд орлоо гэж хэлээд Ирийнаа эгчийнхээс 1 ширхэг “боргио” гэх 2,4 литрийн хэмжээтэй пивыг нь аваад Пунцагдаржаа ахын гэрт орж хувааж уучхаад гэртээ орсон. Тэгээд би өрөөндөө ороод цэнэглэгчээ хартал миний цэнэглэгч байхгүй болохоор нь би эргэж гараад Пунцагдаржаа ахын хаалгыг нүдэхэд Ирийнаа эгч гарч ирээд одоо болиод гэртээ ороод амар гэж хэлээд би Ирийнаа эгчээс утасны цэнэглэгч аваад гэртээ орж цэнэглэсэн...” “...Надад нэмж ярих зүйл байхгүй. Би Пунцагдаржааг зүгээр байхад нь орж зодоогүй...” гэх / хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,

шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Б.Пунцагдаржаагийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Ариунтөгсийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Пунцагдаржаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч хохирогч Б.Пунцагдаржаа нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Б.Пунцагдаржаагийн үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 150,000 төгрөгийг шүүгдэгч Н.Боос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хохирогч Б.Пунцагдаржаа нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Н.Боос 150,00 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД