| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/04332/И |
| Дугаар | 1311 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 1311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э,
Нэхэмжлэгч: Ө.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 54б байранд байрлах ФТ,
Хариуцагч: Д.А нарт холбогдох
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22 в байр, АОС-д байрлах “А” ХХК.
Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч ФТгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саран, хариуцагч Д.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх тус орон сууцны зураг төсөл нь цаасан дээр байх үед буюу 2001 онд ФТтэй гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрөө төлж захиалсан. Гэвч Азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг дамжуулан зээлдүүлэгч Монгол шуудан банк орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээнд өв залгамжлагч болон зээлтэй холбоотой бусад харилцааг нэмж тусган нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гээд 2001 онд байгуулсан анхны гэрээг хүчингүй болгож, 2003 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гэрээг шинээр дахин хийсэн. Тус гэрээнд тусгагдсан 24,513,320 төгрөгийг ФТд бүрэн төлсөн ба зохих хэсгийг нь Монгол шуудан банкны зээлээр төлсөн. Өөрөөр хэлбэл, тус орон сууцны өмчлөгч нь Д.Э болохыг ФТ үгүйсгэхгүй байгаа ба өмчлөгч болохыг нотолсон албан ёсны баримтыг үйлдэж өгсөн. Улсын бүртгэлийн албанд тухайн байрны нийт 22 орон сууцыг өмчлөх иргэдийн нэрсийн жагсаалтад 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Э миний нэр тусгагдсаныг захиргааны шүүхийн маргааны үеэр хариуцагч улсын бүртгэлийн байгууллага захиргааны шүүхэд гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас харж болно. Гэвч тус 22 тоот орон сууцыг улсын бүртгэлийн байгууллага 2015 онд улсын бүртгэлд анх удаа бүртгэгдэхдээ тус орон сууцны барилгын ажлыг ФТтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн “А” ХХК-иас иргэн Д.А худалдан авсан гэх баримтад тулгуурлан түүний нэр дээр, цаашлаад Д.А, М.Алимаа нарын арилжаагаар М.Алимаагийн нэр дээр тус тус бүртгэгдсэн байдаг. Барилгын ажил удааширч, гэрээт хугацаандаа дуусахгүй байсаар арай гэж 2005 онд дууссан ч улсын комисст хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч этгээдэд нь хүлээлгэн өгөх ажлууд тус тус хийгдэхгүй байсан тул гэрээний нөгөө тал болох ФТг хариуцагчаар татан 2008 онд танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтэс 2015 оны 01 сард манай байрыг улсын бүртгэлд анх удаа бүртгэхээр болж, өмчлөгчдөд бүрдүүлэх баримт бичгийн талаар зааварчилга өгөхдөө тус барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан “А” ХХК-иас уг орон сууцаа худалдан авсан гэх бодит бус гэрээ, төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй тухай тус компанийн албан бичгийг бүрдүүлж өгөхийг шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ хийж мөнгийг нь авсан ФТгээр бус, тус хүрээлэнтэй барилга угсралтын ажлын гэрээ хийж, зөвхөн барилгын ажлыг гүйцэтгэсэн “А” ХХК-иар өмчлөгч гэдгээ тодорхойлуулахыг шаардсан. Энэ тохиолдолд бодит, үнэн гэдэг асуудал үгүй болж, холбогдох хуулийн заалт зөрчигдөнө. Иймээс асуудалд бодитойгоор хандаж, ФТтэй байгуулсан гэрээ болон тус хүрээлэнгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй тухай албан бичгийг үндэслэн бүртгэлийг хийх ёстой хэмээн удирдах дээд шатанд нь хандсан ч тусыг эс олсон тул захиргааны шүүхэд хандсан. Тус орон сууц болон авто зогсоолыг Д.А надаас худалдан авахаар тохиролцоод урьдчилгаа 1 сая гаруйхан төгрөг өгч тус орон сууцыг эзэмшчихээд үлдэгдлийг нь улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ нь гарсны дараагаар төлье гэсээр 10 жилийг үдсэн, одоо би мөнгө нэхэмжлэхгүй, байр, авто зогсоолоо авна. Д.А надад 22 тоот орон сууцны урьдчилгаанд төлсөн 14 сая төгрөгийг, банкнаас авсан зээл, хүүг, мөн Ө.Сгийн 18 тоотод банкнаас авсан зээлийг нэмж төлнө гэж хэлж байсан боловч байранд орсон хойноо хэл ам хийж амласнаасаа буцсан. Хэдийгээр бидний хооронд тус орон сууц болон авто зогсоолыг худалдах, худалдан авахаар тохиролцоо хийгдэн түүнд тус орон сууц, авто зогсоолоо эзэмшүүлж байсан ч төлбөр бүрэн төлөгдөөгүй тул уг хэлцэл хангагдаагүй. Иймд тус орон сууц болон авто зогсоол түүний өмчлөлд шилжих үндэслэл бүрдээгүй ба түүний үйлдсэн энэхүү үйлдэл нь хууль бус гэж бодож байгаа билээ. Хэдийгээр төлбөрийн баримттай ч худалдах, худалдан авах гэрээ болон төлбөрийн үлдэгдэлгүй тухай гэрээний нөгөө талын албан ёсны баримтгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хийх боломжгүй, улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчийг тодорхойлохгүй, хэдийгээр БЗД-ийн 6-р хороо, 30-р байрны зоорийн давхрын авто зогсоолуудыг өмчлөх иргэдийн жагсаалтад та нарын нэр байгаа ч та бүхний өмчлөгч болохыг эрх бүхий субъект нотолсон баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуулийн дагуу шаардана. Хэрвээ та уг барилгын ажлын гүйцэтгэгч А ХХК -аас худалдан авсан мэтээр тус компанитай бодит бус гэрээг нөхөн хийж, улмаар тус компаниас төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт хийлгэхээс татгалзаж байгаа бол ямар ч гэсэн эрх бүхий субъектээр өмчлөгч гэдгээ тодорхойлуулсны эцэст л манайд ханд хэмээн улсын бүртгэлийн байгууллага миний өргөдөл болон мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа.Тус авто зогсоолуудтай холбоотой гэрээг нөхөн хийх болон төлбөрийн үлдэгдэлгүй тухай албан ёсны баримтыг ФТ хийж өгөхөөс татгалзсан. Шалтгаанаа тус барилгатай холбоотой бүх баримт материалууд ба тухайн асуудлыг хариуцаж байсан хүмүүс өнөөдөр манайд байхгүй гэж тайлбарладаг. Ийм ч учраас тус байрны авто зогсоолуудыг дугаарласан эсэх талаар тус хүрээлэн мэдэхгүй, “А ХХК”-иас асуу гэдэг ч тус компани мэдээлэл өгөхгүй байгаа. Мөн тухайн байрныхаа зоорийн давхрын шалаар авто зогсоолуудыг тусгаарлах зурвас, дугаарласан тэмдэглэгээ огт хийгдээгүй. Харин цаасан дээр хийгдсэнийг барилгын ажлыг гүйцэтгэгч “А” ХХК улсын бүртгэлийн байгууллагад өгсөн байх ёстой ч тус мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага жирийн иргэн надад өгөхөөс өнөөг хүртэл татгалзсан.
Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхрын баруун талаасаа 3 дахь эгнээний буюу 22 тоот айлын эзэмшлийн авто зогсоолыг иргэн Д.Э би 2003 онд ФТд 500,000 төгрөг төлж худалдан авсан, иргэн Д.А өөрийнх хэмээн бусдад худалдсан гээд 22 тоот орон сууцыг худалдан авсан гэх айл уг авто зогсоолыг эзэмшиж байна. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхрын зүүн талаасаа 2 дахь эгнээний буюу 18 тоот айлын эзэмшлийн авто зогсоолыг иргэн Ө.С 2003 онд ФТд 500,000 төгрөг төлж тус барилгын захиалагч ФТгээс худалдан авсан ба 2005 оноос өнөөг хүртэл тасралтгүй эзэмшин ашиглаж байгаа, бидэнтэй өмчлөх болон эзэмших асуудлаар хэн нэгэн маргаагүй боловч бидэнд төлбөр төлсөн баримтаас өөр зүйл байхгүй учраас уг авто зогсоолоо улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өнөөг хүрч байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай, авто зогсоолыг Ө.С, Д.Э нарын өмч болохыг тус тус тогтоож өгнө үү. 10 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр Э.Эрхэмийг тогтоолгох гэсэн хэсгээсээ татгалзаж байна ...” гэв.
Хариуцагч ФТ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ШУА-ийн харьяа ФТ нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутагт 22 айлын орон сууц бариулахаар 2003 оны 5 сарын 4-нд гэрээ хийсэн билээ. Гэрээг нэг талаас ФТгийн ажилтан захиалагч, нөгөө талаас тухайн үед ФТгийн ахлах нягтлан Н.Оюунцоо байгуулж, ФТгийн захирал Ц.Баатар баталсан болно. Агваан ФТд эрдэм шинжилгээний ажил хийж байгаагүй, түүний 22 тоотын орон сууцыг захиалан бариулах, худалдан авах гэрээ нь гэрээний хавсралт болох төлбөрийн зээл төлөх графикгүй учир хүчин төгөлдөр гэрээ биш байна. ФТ нь 2009 онд орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор судлахад барилгын зураг тооцоо үгүй, кассын нярваар ажиллаж байсан Оюунчимэгт зөвхөн төлбөрийн баримт үлдсэн байсан. Аж ахуй хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан М.Цолмон ажлаас гарахдаа бүх баримт бичгийг талийгаач Борд хадгалуулсан ба тэрээр Н.Оюунцоод өгсөн. Гэрээний дагуу ФТ нь орон сууцыг захиалагчид 2003 оны 3-р улиралд хүлээлгэн өгөх ёстой атал барилгын гүйцэтгэгч “А” ХХК-ын хариуцлагагүйгаас болж орон сууц 2005 оны 4-5-р сард баригдаж дуссан авч мэргэжлийн хяналт хараахан хүлээн аваагүй нэрийдлээр нүүж орох боломжгүй байсан. Гэвч 8-р сард Н.Оюунцоо байрыг өөр хүмүүст худалдаж эхэлсэн учир 2005 оны 9-р сард сууц захиалагчид нүүж орж бүргэд хаалга хийж түлхүүрээ өөрсдөө гардан авч ус, цахилгаан болон дулаангүй байр хүлээн авч, яаралтай “Байрны зөвлөл” байгуулж доорхи асуудлыг шийдсэн байдаг. Д.Э Д.А нарын хооронд яригдсан асуудлыг би мэдэхгүй, энэ талаар хэлэх зүйлгүй ...” гэв.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд 30 дугаар байр барьж байгааг би мэдэх боломжгүй байсан. Харин миний танил Д.Э манай байгууллага ажилчиддаа байр барьж байгаа та миний захиалга өгсөн 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг авахгүй юм уу гэж санал тавьсан үед ийм байр байгааг мэдсэн. Ингээд эхнэртэйгээ хамт очиж үзсэн.Энэ үед 2 дугаар давхар нь баригдаж байсан гэж санадаг. Дараах байдлаар худалдан авахаар болсон. Тухайлбал: Нэг. Д.Э нь би энэ байрыг бариулахад зориулан одоогоор 8 сая орчим төгрөг зарцуулсан байгаа тэр мөнгийг надад төлөх хэрэгтэй гэсэн тул өөрийн унаж байсан Бенз маркийн суудлын автомашинаа 6000 ам долларт тооцож өгсөн. /7354000/ Гэтэл Д.Э энэ машиныг өөр тооцоонд зориулж авсан гэж худлаа ярьдаг. Гэхдээ энэ машиныг байрны урьдчилгаа төлбөрийн үнэнд авсан гэдгээ байгууллагынхаа ня-бод ярьсан тул ня-бо Н.Оюунцоо үүнийг гэрчилсэн. Машин авсан өгсөнд маргадаггүй, харин юуны үнэнд тооцсоныг маргаж байгаа тул үүнийг нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээх байх. Бидний хооронд өөр тооцоо байхгүй юм. Мөн түүнтэй хамт явж, Хятад улсаас төмөр торон хашаа хийх зориулалттай тоног төхөөрөмжийг би өөрийнхөө мөнгөөр худалдан авсан. Хамтран бизнес эрхэлж эхэлсэн боловч сүүлдээ надад юу хийх гэж байгаагаа хэлэхээ больсон, би тоног төхөөрөмжөө нэхэж аваагүй. Учир нь чи надад тоног төхөөрөмжийн үнийг өгнө биз дээ гэхэд “Та хямд байр авч байгаа, тэгээд ч хамтран зээл авч өгсөн” гэж надад хэлсэн юм. Д.Э намайг ФТгийн дарга, ня-бо нартай уулзуулж өөрийнхөө гэрээг над уруу шилжүүлсэн. Би худлаа баримт бүрдүүлж гэрээ байгуулаагүй юм. Дарга нар нь нэг ажилтныхаа хүсэлтийг хүлээн зөвшөөрч, санхүүжилтээ олох зорилгоор 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай” гэрээг Агваан надтай байгуулсан. Энэ гэрээний 2.3-д захиалагч зээлээ бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авна, 2.5-д зайлшгүй нэмэлт зардал гарвал нэмж төлж болно гэж заасан байна. Анхны гэрээний үнэ 236000 төгрөгийг х 103,87 м.кв = 24513320 төгрөг байсан. Энэ байрны үлдэгдэл мөнгийг төлөхийн тулд АХБ-наас санхүүжүүлсэн Монгол шуудан банкны зээл авах болсон. Ингээд миний эхнэр Ц.Ганцэцэгтэй хамтран 15 сая төгрөгийн зээл авсан. Түүний зээл, хүү төлсөн баримтуудыг Д.Э нь Ганцэцэгээс хуурч авсан байсан. Хэдийгээр баримт байхгүй ч гэсэн энэ зээлээс 6 саяыг нь Агваан төлсөн гэдгийг Д.Э иргэний хэргийн шүүх хурал дээр мэдүүлсэн байгаа. Уул нь банкнаас авсан зээлийн төлбөрийг бүх хүүгийн хамт манайх төлж байсан боловч МШБанк дампуурсан тул төлбөр төлөлт хийгдэхээ больсон. Ц.Ганцэцэг шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсний дараа гэртээ ирээд баримт тэмдэглэлээ хайж олсон тул дахин гэрчийн мэдүүлэг өгүүлж хоорондын тооцоо дууссан талаархи тэмдэглэлийг иргэний хэрэгт нотлох баримтаар өгөх болно. Мөн 5 сая төгрөгийн тооцоо дууссан гэж гарын үсэг зурсан баримт өгнө. Би Д.Эд итгэж байсан тул эхлээд урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөнг баримтаар тулгаж шалгаагүй, түүний өгсөн баримт өөрийнхөө амьдарч сууж байгаа байрандаа төлсөн мөнгө гэж үзэж байгаа. Д.Э нь гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд надтай гэрээ байгуулахаас өмнө төлсөн гэрээний үнэ гэж нийт миний тооцоогоор 15 сая орчим төгрөгт суудлын автомашин, төмөр хашааны тоног төхөөрөмж авсан тул ямар нэгэн тооцоо байхгүй болсон. Тэгээд ч өнгөрсөн бүх хугацаанд хэрвээ намайг байр болон гараашийн мөнгө дутуу төлсөн гэж байгаа бол иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. Хамгийн гол нь “А” ХХК-ийн “Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах тухай албан бичигт 22 тоотын эзэмшигч гэж Д.Эгийн нэрийг бичсэн” нь түүний шуналтай зальтай сэтгэлд сэдэл төрүүлсэн байна. Барилгын гүйцэтгэгч компани надаас “Танайх хамгийн том үл хөдлөх хөрөнгөтэй болж байгаа, их зардал гарсан” гэж мөнгө шаардан зарим хэсгийг барилгын материалаар авч байсан ба Монгол шуудан банкны зээл Д.Эгийн нэрээр авч байсан тул байрны бүртгэл хөтлөлт түүний нэрээр хийгдэж байсан юм байна. Д.А би А ХХК-ийн удирдлага байрыг барьж эхэлсэн үеэс эхлэн энэ компанийн зүгээс шаардсан мөнгийг төлж байсан. Мөн өөрийн зүгээс хэрэгтэй гэж үзсэн бүх мөнгө хөрөнгийг гаргаж байсан. 2015 оны 8 дугаар сард иргэн М.Алимаатай арилжааны гэрээ байгуулах үед Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс намайг гуравдагч этгээдээр татаагүй байсан. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь надтай тооцоотой гээд өөр өөр дүн хэлдэг байсан. Надад байр, гарааш захиалах гэрээгээ шилжүүлэн өгсөн, тооцоогоо дуустал байр гарааш миний нэр дээр байх ёстой гэж мэдүүлж байсан хүн өнөөдөр өмчлөгч гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э, Ө.С нар хариуцагч ФТ, Д.А нарт холбогдуулан “ орон сууц болон 2 ширхэг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай, авто зогсоолыг Ө.С, Д.Э, Э.Энарын өмч болохыг тус тус тогтоолгох” гэж шаардлагаа тодруулсан.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд “Э.Эрхэмийг “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” гэсэн хэсгээсээ татгалзаж, “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоолыг Ө.С, Д.Э нарын өмч болохыг тус тус тогтоолгох” гэсэн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч ФТ “10 тоот зогсоолыг Д.Э, Ө.С нарын өмч гэдэгтэй маргахгүй, Д.Э, Д.А нарын хоорондын тохиролцоог мэдэхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Д.А “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгээс худалдан авч, тооцоог дуусгасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг тогтоолгох” хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК тайлбар гаргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
ФТ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууц, ахуй нөхцөлийг сайжруулахаар ажилтнуудынхаа захиалгаар Баянзүрх дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 30 айлын орон сууцыг бусдаар бариулах, 6-р давхрын 3 өрөө 103.8 м.кв орон сууцыг захиалагч буюу эрдэм шинжилгээний ажилтан Д.Эд хүлээлгэн өгөх, захиалагч Д.Э орон сууцны үнийг төлөхөөр 2003 оны 5 сарын 4-ний өдөр гэрээ байгуулжээ.
2003 оны 5 сарын 10-ны өдөр захиалагчаар ФТ, ажил гүйцэтгэгчээр “А” ХХК нар “Баянзүрх дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 22 айлын орон сууцны 1,545 ам метр талбайтай, 5,450 шоо метр эзлэхүүнтэй бетон блокон суурь, тоосгон хана, төмөр бетонон хучилттай, 6-р давхар барилгын зоорь, 1 ба 3 давхрын бетонон каркасаас бусад барилга угсралтын ажлыг /гадна, дотор дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны ажлыг оролцуулалгүйгээр/ 2003 оны 5 сарын 1-нээс 2004 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2.4-т “захиалагч ажиллах хүчний 50 хувийн санхүүжилтийг олгож болно” гэсэн байх ба гэрээний үнийн дүнг тодорхой тохиролцоогүй байна.
Дээр дурдсан орон сууц баригдаж байх явцад буюу 2004 оны 12 сард Д.Э 6 давхрын 103.8 м.кв орон сууцыг захиалан бариулах эрхээ Д.Ад шилжүүлсэн, үүний дагуу ФТ Д.А нарын хооронд орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг 2003 оны 5 сарын 4-ний өдрийн огноотой байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ФТХ болон Д.Э, ФТХ болон Д.А нарын хооронд байгуулагдсан гэрээ, 2005 онд уг байр ашиглалтад ороход Д.А 6 давхрын 22 тоот орон сууцыг эзэмшиж, өмчлөх эрхээ бүртгүүлэн 2015 оны 8 сарын 20-ны өдөр М.Алимаад шилжүүлсэн үйл баримт зэргээр тогтоогдож байна.
Д.Э маргаан бүхий орон сууц, авто зогсоол захиалан бариулах эрхээ Д.Ад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ФТХ болон Д.А нарын хооронд 2003 оны 5 сарын 4-ний өдрөөр гэрээ байгуулагдсан, үүнээс үндэслэн Д.Ад маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүссэн болох нь хэргийн үйл баримт, гэрч Н.Оюунцоогийн ... Д.Э 22 тоотыг ах Д.Аы нэрээр захиалж байгаа гээд мөнгөө төлж байсан. Агваан уруу мөнгөө төл гээд утсаар ярихаар Д.Э авч ирж төлдөг байсан. Д.Э ахаасаа бенз маркийн машин авсан гээд ажил дээр унаж ирэхэд нь гарч харж байсан, хар өнгийн машин байсан. Манай ахын гараашийн мөнгө гээд Энхтүвшин төлж байсан.... гэх мэдүүлэг, Д.Ааас 22 тоот орон сууц болон 3 дугаартай авто зогсоолыг бариулж дуусгахтай холбогдуулан бараа материал болон бэлэн мөнгөөр нийт 26,000,000 төгрөгийг “А” ХХК-д төлснөөр “А” ХХК тооцоо нийлж, 2015 оны 01 сарын 2-ны өдрөөс гэрээг шинэчлэн байгуулсан үйл баримтаар хангалттай тогтоогдож байх ба хариуцагч Д.Аы ...Д.Э 22 тоот орон сууц, зогсоолоо надад зарсан, би төлбөрт нь бенз маркийн авто машинаа 6000 ам доллар буюу 7,354,000 төгрөгт тооцож өгсөн, мөн төмөр тор хийдэг төхөөрөмж өгсөн... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Д.Аы бенз маркийн авто машиныг нь өөрийн эзэмшил, өмчлөлд авснаа хүлээн зөвшөөрч ...Д.Ааас бенз маркийн авто машиныг нь худалдан авсан... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч Д.Аы ...бенз маркийн авто машиныг 22 тоот орон сууц, 3 тоот авто зогсоолын урьдчилгаанд түүний төлсөн төлбөрт тооцож өгсөн... гэсэн тайлбарыг баримтаар няцаагаагүй тул Д.А 22 тоот орон сууц болон 3 тоот авто зогсоолын төлбөрт тооцож Д.Эд бенз маркийн авто машинаа өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
“А” ХХК 2005 оны 8 сард Баянзүрх дүүрэг 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрыг улсын комисст хүлээлгэн өгч байр захиалагчид орон сууцандаа орох эрх нь нээгдсэнээр 18 тоот орон сууцыг Д.Э, Ө.С нарын гэр бүл эзэмшсэн, улмаар өмчлөх эрхээ бүртгүүлсэн, 22 тоот орон сууцыг Д.Аы гэр бүл эзэмшиж, “А” ХХК-тай “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээг шинэчлэн байгуулж, өмчлөгчөөр Д.А бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан “А” ХХК болон Д.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 1 сарын 2-ны өдрийн 22 дугаартай гэрээ, гэрч Н.Оюунцоо, Ц.Ганцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Д.А 2005 оны 8 сараас хойш маргаан бүхий 22 тоот орон сууцанд амьдран 3 дугаартай авто зогсоолыг эзэмшиж байгаад 9 гаруй жилийн дараа буюу 2015 оны 01 сарын 23-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000387440 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Э 2005 оны 8 сараас хойш Д.Аыг маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг 10 орчим жил эзэмшээд, 2015 оны 1 сарын 23-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэх хүртэл маргаагүй, шүүхэд хандаагүй, өөрөөр хэлбэл 10 орчим жилийн хугацаа Д.Ад орон сууц болон авто зогсоолыг захиалан бариулах эрхээ шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байсан атлаа одоо ... би 22 тоот орон сууц, 3 дугаартай авто зогсоолоо Д.Ад худалдахаар тохирсон боловч надад 1 сая гаруй төгрөг өгөөд бусад амлалтаа биелүүлээгүй учир байр, авто зогсоолоо авна... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэсгүй ба Д.Э, Д.А нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаах шаардлага гаргах эрх үүсээгүй, харин амаар тохирсны дагуу орон сууц, авто зогсоол захиалан бариулах эрхээ шилжүүлсэнтэй холбоотой шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.
Д.Э Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууц болон авто зогсоолын бүртгэлийн талаар өргөдөл гаргаснаар орон сууц болон авто зогсоолын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл 30-р байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолуудын өмчлөгч тус бүрийн бүртгэл бүхэлдээ хийгдээгүй болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 2-ны өдрийн 8/1677 тоот албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Д.А нь ФТ болон Д.А нарын хооронд байгуулагдсан гэрээгээр 22 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд бүртгэлийн байгууллага ...үл хөдлөх хөрөнгө худалдан авсан 2 хувийн татвар төл... гэснийг захиалан бариулсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй учраас “А” ХХК болон Д.А нарын хооронд 2015 оны 1 сарын 2-ны өдрөөр “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг”-г шинэчлэн байгуулж өмчлөх эрхээ бүртгүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Иргэн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр эсхүл гэрээ хэлцлийн үндсэн дээр олж авахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Д.Э Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолын өмчлөгч бус, захиалан бариулах эрхтэй үедээ Д.Ад энэ эрхээ шилжүүлсэн болох нь дээр дурдсанаар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” 182 дугаар зүйлийн 182.2-т “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ”,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заажээ.
Дээрх хуулиудын заалтын дагуу хариуцагч Д.А Д.Эгээс шилжүүлэн авсан орон сууц, авто зогсоолыг захиалан бариулах эрхээ баталгаажуулж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Д.Эгээс ФТХ байрны урьдчилгаа төлбөрт 2001.10.17-нд 1,415,000 төгрөг, 2001.10.19-нд 630,000 төгрөг, 2001.12.10-нд 1,900,000 төгрөг, 2001.12.10-нд 957,000 төгрөг, 2002.08.01-нд 500,000 төгрөг, 2002.09.27-нд 1,952,000 төгрөг, 2003.11.05-нд 500,000 төгрөг, 2003.11.13-нд 500,000 төгрөг, 2003.11.21-нд 1,000,000 төгрөг, 2003.12.25-нд 650,000 төгрөг, 2003.08.23-нд гараашийн төлбөрт 500,000 төгрөг, байр барихад зориулж нэмэлт санхүүжилтэд 2003.10.02-нд 231,800 төгрөг, 2004.12.03-нд 500,000 төгрөг, 2004.12.06-нд 267,319 төгрөг, 2004.12.06-нд 1,000,000 төгрөг, 2004.12.23-нд 300,000 төгрөг, 2004.12.27-нд 400,000 төгрөг, 2004.12.28-нд 33,760 төгрөг, 2005.02.04-нд 292,700 төгрөг, 2005.02.08-нд 300,000 төгрөг, 2005.03.07-нд 82,000 төгрөг, нийт 14,111,579 төгрөг төлсөн баримт байх боловч эдгээр баримтаар болон Д.Э Монгол шуудан банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан, хамтран зээлдэгчээр Д.Аы эхнэр Ц.Ганцэцэг хариуцлага хүлээж зээлийн гэрээнд оролцсон, Ц.Ганцэцэгээс зээлийн зарим хэсгийг төлж байсантай нэхэмжлэгч маргахгүй байх боловч Д.Эгийн Монгол шуудан банкнаас 15,000,000 төгрөгийг зээлэн авсан үйл баримтаар тус тус түүнийг маргаан бүхий орон сууц авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Э маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг захиалан бариулах эрхээ Д.Ад шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч Д.А хуурамч баримт бүрдүүлэн өмчлөх эрхээ бүртгүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Ө.Сгаас хариуцагч ФТХ-д авто зогсоолын төлбөрт 500,000 төгрөгийг 2003 оны 9 сарын 9-ний өдөр төлсөн болох нь ФТХ-ийн тамга бүхий кассын орлогын ордероор тогтоогдож байх ба Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоолыг 2005 оны 8 сараас одоог хүртэл Ө.С, Д.Э нар эзэмшиж байгаа, хариуцагч ФТХ болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК энэ талаар маргаагүй, “А” ХХК-ийн анхны удаа 2008.05.29-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн авто гараашийн захиалагчдын жагсаалтад 10 дугаартай зогсоол Ө.С гэсэн баримтыг хүргүүлж байсан зэргээс дүгнэвэл Ө.С, Д.Э нар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоолыг өмчлөх эрхтэй болох нь хангалттай тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Хатанбаатарт 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 04 сарын 12-ны өдөр түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, зохигч хэн аль нь оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 343.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоол Ө.С, Д.Э нарын өмч болохыг тогтоож, нэхэмжлэлээс “Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Эгийн өмч болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,816.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ФТгээс улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ