Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/473

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч П.А,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хяргас овогт Пэрэнлэйн А, Бүргэд овогт Төмөрбатын Э нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0292 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хяргас овгийн Пэрэнлэйн А /РД: .

Монгол Улсын иргэн,1982 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 63-747 тоотод оршин суудаг,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 238 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2, 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Бүргэд овгийн Төмөрбатын Э /РД: .

Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй. бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 1-208 тоотод оршин суудаг,

урьд Улаанбаатар хотын Найрамдлын Районы ардын шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Төмөрбатын Э, Пэрэнлэйн А нар нь бүлэглэн, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-79 тоотод байрлах Г.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн 1 ширхэг 32 инчийн Сони /Sony/ загварын зурагт, 10 кг адууны мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 287,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 214 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э “...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна...”, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй гэх,

Шүүгдэгч П.А: мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний бие нь айлын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгөхийг хүсье. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Э, П.А нар нь бүлэглэн, согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-79 тоотод байрлах Г.Лхагвасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн 1 ширхэг 32 инчийн Сони /Sony/ загварын зурагт, 10 кг адууны мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 287,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 13-18 дугаар тал/,

Хохирогч Г.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-79 тоотод 2021 оны 10 дугаар сараас хойш ганцаараа амьдарч байгаа юм. Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүр орох гээд явж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн таараад мэнд мэдээд харилцан ярилцсан ба бид гурав дэлгүүрээс 1 шил “Хараа” нэртэй архи аваад манай гэрт очиж уусан ба би cap шинэ болж байна гээд 1 жигнүүр бууз жигнэж өгөөд архиа уугаад дуусаад байж байтал төрсөн дүү Буянжаргал манай гэрт ирж золгоод манай гэрт очъё гэсэн тул нөгөө хүмүүсийг гэрээсээ гаргаж хаалга үүдээ сайн түгжээд дүү Буянжаргалын гэрт очоод тэр өдөртөө хоноод маргааш өдөр нь дүү Буянжаргалаар гэртээ хүргүүлж ирэхэд байшингийн зүүн урд талын 1 м 20 см*50 см хэмжээтэй вакум цонхыг хагалж хулгай ороод 32 инчийн Сони загварын зурагт, 10 кг адууны мах зэрэг алдагдсан байсан ба өнөөдөр хулгайд алдсан 32 инчийн Сони загварын зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад 10 кг адууны мах болон вакум цонхоо төлүүлж авах гомдол байна...” /Хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Алтансувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Сараа эгчийн танил А гэх залуу болон түүний эхнэр хоёроос 32 инчийн Сони загварын зурагтыг 50,000 төгрөгөөр худалдаж авсан мөн тэр өдрөө зурагтын мөнгөө ааваасаа авч өгөхөөр 8000 төгрөгөөр такси барьсан юм. Тухайн зурагтыг нь цагдаагийн байгууллагаар дамжуулан эзэнд нь өгсөн болохоор би нийт 58,000 төгрөгөөр хохироод байна...” /Хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Гэрч Л.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А болон түүний эхнэр Э нар 17-н автобусны буудал хүргээд өгчих газ хийж өгье гээд А хар өнгийн зурагт тэврээд зогсож байхаар нь машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд айлын гадаа ирж зогсоод А танил айл руугаа зурагтаа аваад Эыг дагуулаад орсон. Хэсэг хугацааны дараа зурагтыг нь худалдаж авах гэж байгаа гэх 40 гаруй насны эмэгтэй Атай хамт гарч ирээд миний машинд суугаад Хайлааст орж Ад зурагтын мөнгө өгчхөөд гэртээ хүргүүлсэн. Тэр хүний таксины мөнгө 8000 төгрөг гарсан... би авч явсан зурагт нь хулгайнх гэж мэдээгүй...” /Хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Гэрч С.Саранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед манай гэрт орж ирж таарсан манай хашааг түрээслэн амьдарч байсан Алтансувд нь 50,000 төгрөгөөр зарах гэж байгаа бол хямд биш үү гэсэн ба одоо надад мөнгө байхгүй байна ааваасаа мөнгө асууя гэсэн... Тэгээд хэсэг хугацааны дараа Сувдаа нөгөө зурагтаа 50,000 төгрөгөөр худалдаад авчихлаа гэж байсан. Тэр хоёр манай өөрийн зурагт гэж хэлж байсан...” /Хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05/065 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 66-74 дүгээр тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЧД2-22-130 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 81-82 дугаар тал/,

Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд А тухайн айлын үүдний вакум цонхыг хагалж бид хоёр хоёулаа орж А том өрөөнд байсан 32 инчийн зурагт байхаар нь аваад бас хөргөгчид байсан ууттай махыг бас аваад бид хоёр буцаад цонхоор нь гарсан. Тэгээд бид хоёр тухайн айлаас гараад гудамжинд алхаж байхад шуудай барьчихсан хог түүдэг ах таарахаар нь А гэрээс авсан махаа үнэгүй зүгээр өгчихсөн... Мөн бид хоёр тухайн зурагтыг 50,000 төгрөгөөр зарсан хүнд хохирлыг нь бас барагдуулсан...” /Хавтаст хэргийн 87-89 дүгээр тал/,

Шүүгдэгч П.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэр Эын хамт үйлдсэн. Өөр бид хоёртой хамт оролцсон хүн байхгүй..." /Хавтаст хэргийн 93-95 дугаар тал/,

Шүүгдэгч Т.Э, П.А нарын мэдүүлэг, хохирогч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Л.Мөнх-Оргил, С.Саранчимэг нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн 05/065 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Э, П.А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Э, П.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Т.Э, П.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөр барагдуулсан байх тул хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдний хувийн байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзлээ.

 Шүүгдэгч Т.Э, П.Арсаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт  хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, П.А нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Э, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,

Хохирогч Г.Лхагвасүрэн, Иргэний нэхэмжлэгч Н.Алтансувд нар хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 158-159 дүгээр тал/  гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос пүүзэн гутал, 1 хос түрийтэй гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овгийн Төмөрбатын Э, Хяргас овгийн Пэрэнлэйн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Бүргэд овгийн Төмөрбатын Э, Хяргас овгийн Пэрэнлэйн А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулсугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, П.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Т.Э, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос пүүзэн гутал, 1 хос түрийтэй гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.АРИУНБОЛД