| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/05585/И |
| Дугаар | 1149 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 1149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,
“61,764,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2009.07.31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, Нарны зам 55 тоотод байршилтай Шинэ-Өргөө, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхрын 206 тоот хаягт байрлах 17,735 м талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээг Б.Эрдэнэцэцэгээр төлөөлүүлэн “С” ХХК-тай бичгээр байгуулж, гэрээний төлбөрийг 2009.07.31-нд /12,600 ам.доллар/ 2009.08.10-ны өдрийн дотор гэрээнд тохиролцсоны дагуу 33,696.5 ам.доллараар төлж, худалдан авагчийн хувьд Иргэний хууль, худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Гэтэл “С” ХХК үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн талд шилжүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлж, өнөөг хүрсэн юм. Худалдан авагч тал болох Б.Эрдэнэцэцэг, Д.С бид гэрээний дагуу Шинэ-Өглөө худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхрын 206 тоот хаягт байрлах 35,47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлд өнөө хүртэл шилжүүлэн аваагүй тулл Д.С миний бие үл хөдлөх хөрөнгө эзэмших, үр ашгийг хүртэх эрхээсээ хасагдан хохирсоор байна. Зөрчигдсөн эл эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандаж, дээрх нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сард гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.С миний хохирсон эрхээ хамгаалуулах эрхтэй болохыг зөвшөөрсөн тул өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Бодит байдалд Б.Эрдэнэцэцэгтэй санаа зориг нэгдэн 2009.07.31-ний өдөр “С” ХХК-тай 33,696.5 доллараар үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлэлцээрийг бичгээр байгуулсан. Үүнийг Б.Эрдэнэццэцэг болон хариуцагч тал зөвшөөрдөг, төлбөрийг гэрээнд дурдсан ам доллараар тушааж, тооцоог хийсэн, үүнийг хариуцагч тал зөвшөөрдөг. 2009 онд “С” ХХК үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Б.Эрдэнэцэцэг бидэнтэй хийхдээ залилан мэхэлсэн үл хөдлөхийн бүртгэх газарт хандах журмыг санаатайгаар зөрчсөн тул Д.С, Б.Эрдэнэцэцэг бид бүхний эрх ашиг зөрчигдсөн, 2009 оны 09 дүгээр сараас хойш бидний эд хөрөнгө болох 33,696.5 ам долларыг “С” ХХК өөрийн мэдэлд ашигласаар байгаа болно. Намайг Б.Эрдэнэцэцэгээр дамжуулан 2009 оны 09/0731 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болохыг Б.Эрдэнэцэцэг тодорхойлдог, хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрдөг, эл үндсэн дээр 2015.05 сараас 2014 оныг хүртэл нэхэмжлэгч Саранчимэг надтай түрээсийн гэрээ байгуулж ажилласан зэрэг баримтуудаар тогтоогддог болно. Зохигч хооронд 2009.07.31-ний өдөр харилцан тохиролцсон 09/0731 тоот гэрээнд төлбөр тооцоог ам доллараар гүйцэтгэхээр тохиролцсон тул нэхэмжлэлийн үнэ, шаардлагыг гэрээнд заасныг үндэслэл болгосон. Ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2017 оны 11 сарын 29-ний өдрийн ханшаар тооцоолсон болно. Хариуцагч “С” ХХК үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хийснийг зөвшөөрч 2010 оны 5-р сарын 4-нд бичгээр тохиролцоо хийх, Д.С, Б.Эрдэнэцэцэг нартай долларын үл хөдлөх хөрөнгийг тус тусад нь худалдан авах гэрээг байгуулсан юм. Үүнээс үндэслэн Д.С би 206 тоот өрөөг худалдан авсны төлбөрийн 50 хувь буюу 16,848.275 доллар, түүнээс нэхэмжлэгч надад учирч буй хохирол, эд хөрөнгөөр миний эрх ашиг зөрчигдсөөр ирсэн тул Иргэний Хуулийн 9-р зүйлд заасан нөхцөл буй болсон учир шүүхэд хандаж байна. “С” ХХК ийн хуурамч хэлцэл хийх журмаар Д.С намайг төөрөгдүүлж 2009 оны 10 сарын 1-ний өдрөөс хойш миний эд хөрөнгө болох 16,848.275 ам долларыг үндэслэлгүйгээр эзэмшин түүний үр ашгийг хүртэж ирэв. Энэхүү гадаад валютыг би банкны хадгаламжид хадгалуулах, бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн бол 8 жил 2 сарын хугацаанд ашиг олох нь тодорхой. Би өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 232-р зүйлийн 4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл 16,848 долларын 50% бодож, 8,424 доллар буюу 20,588,000 төгрөгөөр тооцоолон нэхэмжилж байна. Нөгөө талаар энэ нь “С” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний 2.3-т заасан заалттай холбоотой. Монголын нэр хүндтэй компани намайг хуурамч хууль бус хэлцэл хийх замаар хохироосонд гомдолтой байна. Хариуцагч “С” ХХК-иас 2009 оны 07-р сарын 31-ний 09/0731 тоот, гэрээ, Иргэний хуулийн 243, 246-р зүйлд зааснаар 16,848.275 доллар /16,848*2,444/ буюу 41,176,000 төгрөг, хохиролд 8,424 доллар буюу /8,424*2,444/ 20,588,000 төгрөг, нийт 61,764,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаар Д.Бат-Өлзийг татаагүй тул “С” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн худалдан худалдан авах гэрээний нэг тал нь Д.С биш. Гэрээ “С” ХХК болон Б.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдаад буцаад цуцлагдсан. Нэхэмжлэлийн 2 шаардлагатай холбоотойгоор гэрээний хохирлын асуудал ярьж байна. Энэ хохирлыг хэрхэн яаж тооцсоноо нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохгүй байна. Нэг бол гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн хохирол гэдэг. “С” ХХК болон Д.С нарын хооронд гэрээ байхгүй, байсан ч гэрээ цуцалсантай холбоотой хариуцлагын асуудлыг зохицуулсан гэрээ байдаггүй. Иймд 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.
Эхний шаардлагын хувьд Д.С гэрээний нийт үнийн 50 хувийг өгсөн, 50 хувь нь минийх гэдэг. Энэ тухай урьд шийдсэн хэрэгт гэрч Б.Эрдэнэцэцэг мэдүүлдэг. Гэрээний дагуу өгсөн нийт үнийн дүн 33,696.5 ам.долларын 50 хувь буюу 16,848.2 ам.долларыг миний эзэмшлийн мөнгө гэж ярьдаг. Түүнийг баталгаажуулах зорилгоор “С” ХХК-тай түрээсийн гэрээ хийж байсан. Үүний дагуу өгч авч байсан асуудал байдаг. Хожим 2010, 2013 оны түрээсийн гэрээ нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарсан. Үүний дагуу өгч байсан мөнгөө “С” ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж, Д.Сээс буцаан шаардах эрх үүсэж байгаа. Өнөөдрийн шүүх хурлын явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас энэ асуудлыг жичдээ шийдвэрлүүлэх болно...” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С хариуцагч “С” ХХК-д холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 16,848 доллар буюу 41,176,000 төгрөг, хохиролд 8,424 доллар буюу 20,588,000 төгрөг, нийт 61,764,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээд 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч “С” ХХК болон Д.С нарын хооронд гэрээ байгуулагдаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК болдон Б.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан 2009 оны 7 сарын 31-ний өдрийн 09/0731 дугаартай худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээг үндэслэж нэхэмжилж байна.
Д.С “С” ХХК-ийн хооронд 2009 оны 7 сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй, харин “С” ХХК болдон Б.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан 2009 оны 7 сарын 31-ний өдрийн 09/0731 дугаартай худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 35.47 м.кв талбайн тал хэсгийн буюу 17.735 м.кв талбайн үнэнд 16,848 ам.долларыг Д.С “С” ХХК-д төлсөн, энэ талаар шаардах эрхтэй болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 сарын 23-ны өдрийн 186 дугаартай шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 14-ний өдрийн 945 дугаартай магадлалаар тус тус тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Сийн “С” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх үйл баримтад шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Хариуцагч “С” ХХК нэхэмжлэгч Д.Сээс 16,648 ам.долларыг Б.Эрдэнэцэцэгээр дамжуулан авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан кассын орлогын ордер, баталгаа, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна.
“С” ХХК дээрх 16,648 ам.долларыг аваагүй болохоо, буцаан төлснөө баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч Д.С болон хариуцагч “С” ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, хариуцагч “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Сийн “С” ХХК-д шилжүүлэн өгсөн 16,648 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын Монгол төгрөгтэй тэнцэх Монгол банкнаас зарласан ханш 2,444 төгрөгөөр тооцоход /16,648*2,444/ 41,176,512 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 41,176,000 төгрөг нэхэмжилсэн тул уг дүнгээр гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, талууд алдангийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул 16,648 ам.долларын 50 хувь болох 8,424 ам.долларыг 2,444 төгрөгөөр тооцож 20,588,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч “С” ХХК-иас 41,176,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлээс хохиролд нэхэмжилсэн 20,588,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээд 2018 оны 4 сарын 2-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 3 сарын 28-ны өдөр түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ... “С” ХХК болон Д.С нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан ба үүний дагуу Д.Ст мөнгө төлж байсан, уг түрээсийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон ... гэх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 41,176,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлээс 20,588,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 363,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2018/01999 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ