Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2020/0443/З |
Дугаар | 128/ШШ2021/0080 |
Огноо | 2021-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0080
2021 01 29 128/ШШ2021/0080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 3, 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: С.Б, А.А
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Б миний бие 2016 оны 09-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг Даргын Б/248 тоот "Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн Б/24 тоот Нийслэлийн Засаг даргын "Ажилд томилох тухай" захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.
Тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан бөгөөд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг цаг тухай бүрт нь тайлагнаж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй, Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ирсэн.
Гэтэл Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжаар намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэхүү захирамж нь дараах байдлаар үндэслэлгүй байгаа юм.
Yүнд:
1. Тус захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтад "Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахад гаргасан зөрчил дутагдлаа засаж, албан бичгээр хэрэгжүүлээгүй" гэжээ. Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг бүрэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын зөвлөмжид нийт 7 асуудлыг дурьдсан байдаг. Гэтэл тэдгээр ажлуудаас чухам аль ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж дүгнэж байгаа нь тодорхой бус байх ба тухайн үед дээрх зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллаж байсныг, энэ тухайгаа тухай бүрт нь и-мэйлээр илгээн харилцан мэдээлэл солилцож ажиллаж байсныг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна.
Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах нөхцөл байдлын шалгуур үзүүлэлтийг харьцуулаагүй байх төдийгүй, хэрэв зерчил гаргасан гэж дүгнэсэн тохиолдолд тухайн зөрчилд тохирсон шийтгэлийг оногдуулаагүй гэж үзэж байна.
Нийслэлийн аялал жуулчлалын газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад 2019 оны 10 дугаар сард хийсэн хяналт шинжилгээ үнэлгээгээр нийт 43.3 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай үнэлгээ авсан. Энэхүү үнэлгээ нь зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн агуулга бүхий тул энэ хүрээнд цаашид сайжруулж ажиллах, зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжоор хангах зэрэг үр дагавар үүсэх учиртай болохоос үр дүнгүй, үнэлэх боломжгүй үнэлгээ авсан мэтээр зөвлөмжийн биелэлтээ шалгалгүйгээр даргын ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм.
Хэрэв 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар зөвлөмжөөр намайг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд зөрчлийг хэзээ илрүүлээд, хянан шалган тогтоож, ямар хугацааны дараа ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан нь эргэлзээтэй байна.
Мөн "Албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй" гэсэн нь үндэслэлгүй байх ба үр дүнгийн гэрээний биелэлтээ тогтмол тайлагнаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй болно.
Ийнхүү захирамжид дурьдсан зөрчлүүд нь үндэслэлгүй байх бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2 дугаар бүлэгт заагдсан шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох ажиллагаа сахилгын хийгдээгүйгээс гадна журмын 6.1-д заасан албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэх заалтад нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар "сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт байх тул үүнийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
Миний бие 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүлээн аваад 2020 оны 04-р сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 04-р сарын 23-ны өдөр 01/767 тоотоор хариу ирүүлснийг 2020 оны 04-р сарын 25-ны өдөр шуудангаар гардаж авсан болно гэжээ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар С.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгох тухай
Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/248 тоот Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/24 тоот Нийслэлийн Засаг даргын Ажилд томилох тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.
Д.Б нь тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан бөгөөд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг цаг тухай бүрт нь тайлагнаж, зөрчил дутаглал гаргаж байгаагүй, Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ирсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Д.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар С.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Б-г Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Тус Б/46 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн. Эдгээр үндэслэл болж буй эрх зүйн актад зааснаар ажлын байрны зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ажиллуулж болохоор байна.
Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар Эрхэлсэн түшмэл-ийн ангилалд хамаарах ба хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ерөнхий шалгуур тавигддаг.
Гэтэл С.Б нь Б/46 дугаар захирамж гарах үед төрийн албанд нийт 11 жил 7 сар ажилласан буюу эрхэлсэн түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдон ажиллах шалгуурыг хангаагүй байна.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар С.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр А.А-ийг ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгох тухай.
Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/248 тоот Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/24 тоот Нийслэлийн Засаг даргын Ажилд томилох тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.
Д.Б нь тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан бөгөөд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг цаг тухай бүрт нь тайлагнаж, зөрчил дутаглал гаргаж байгаагүй, Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ирсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Д.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар С.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Б-г Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Д.Б-ийн зүгээс тус Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр А.А-лийг ажилд томилох тухай захирамжаар А.А-г Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус Б/221 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжид тус тус үндэслэсэн бөгөөд дараах байдлаар хууль зөрчсөн захиргааны акт байна. Учир нь:
1. Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдоход тавигдах шаардлагын тухайд:
Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралт Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-д зааснаар Аялал жуулчлалын газрын даргын албан тушаал нь Эрхэлсэн түшмэл-ийн ангилалд хамаарах юм.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг заасан ба 22.1.6-д хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэжээ.
Түүнчлэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх тусгай шаардлага тавигддаг.
Гэтэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжаар Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилогдсон А.А-ын хувьд /шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас харахад/ цэргийн жинхэнэ алба хаагаагүй, мөн ямар нэг байдлаар төрийн албанд огт ажиллаж байгаагүй болох нь харагдаж байна.
Мөн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар уг албан тушаалд томилогдох этгээд нь Аялал жуулчлалын менежмент, бизнесийн удирдлага, төрийн удирдлага, эрх зүй, эдийн засгийн мэргэжилтэй, боловсролын магистр зэрэгтэй байх ёстой атал А.А нь маркетингийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан байдаг.
2. Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилох журмын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заажээ.
Түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, 27.1.4-т энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах журмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхдөг.
Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсвэл нөөцөд байгаа иргэдээс сул орон тоог нөхөх, хэрэв боломжгүй бол сонгон шалгаруулалт явуулах журмаар сул орон тоог нөхөхөөр байна.
Гэтэл, Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд ямар нэгэн байдлаар төрийн албанд ажиллаж байгаа болон нөөцөд байгаа иргэдээс томилоогүй, мөн ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд А.А-г томилсон. А.А-н хувьд төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын алийг нь ч өгөөгүй, мөн төрийн албанд ажиллаж байгаагүй болно.
Хэрэв, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтныг сонгон шалгаруулахгүйгээр буюу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилсон бол эхлээд төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлж, эсвэл нөөцөд байгаа иргэдээс тухайн албан тушаалд мэргэжил, мэдлэг, ур чадвар, дадлага туршлагаараа хамгийн тохирохуйц этгээдийг томилох учиртай билээ.
Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 2.2 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг.
Иймд, хууль болон холбогдох хэм хэмжээний актыг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр А.А-г ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь хариу тайлбартаа: ...Д.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаaр сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга, хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад 2019 оны эхний хагас жилд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Нийслэлийн Аялал жуулчлалын газарт 2019 оны 10/4969 дүгээр албан бичгээр зөвлөмж хэрэгжүүлж ажиллах, хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлэх талаар мэдэгдэж байсан.
Гэвч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргa хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн тайлан нь зөвлөмж хэрэгжүүлж ажиллагаагүй, 1 арга хэмжээ хийгдээгүй байсан тул Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан.
Нийслэлийн 3асаг даргын зөвлөлийн хурлаас тус асуудлыг хэлэлцэж, хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг биелүүлээгүй газрын удирдлагад сахилгын шийтгэл ногдуулах санал боловсруулж танилцуулахыг Хүний нөөцийн тасагт даалгасан.
Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 122-т заасны дагуу Д.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Б нь хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг жил дараалан биелүүлж ажиллаагүйгээс Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тайланд 1 арга хэмжээг 0 хувийн үнэлгээтэй тайлагнах болсон иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Давгажамцын Б-ийг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахад гаргасан зөрчил дутагдлаа засаж, албан бичгээр хүргүүлсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, албан үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчмын дагуу Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан С.Б-ыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон.
Дээрх захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэж, "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам -ын 5.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухай албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй" гэж заасныг тус тус үндэслэл болгон гаргасан.
С.Б нь Ерөнхийлөгчийн Тамгын газар зөвлөхүүдийн ажлын албанд референт, ахлах референтээр 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 10 жил 3 сар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа төлөвлөлтийн хэлтэст Ахлах зохион байгуулагчаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 5 сар, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад шилжүүлэн томилогдсон.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилогдохдоо төрийн албанд 2007 оноос хойш 12 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 10 жил ажилласан байна.
Мөн С.Б нь Бизнесийн удирдлага, Бизнесийн удирдлагын магистр, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа болно гэжээ.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн үндсэн болон өөрт хамаарах нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Д.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах-ыг хүссэн үндсэн шаардлагатай, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн С.Б-г шилжүүлэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А.А-г ажилд томилох тухай Б/221 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийн гуравдагч этгээд А.А миний зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Д.Б нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, түүний удирдан ажиллаж байсан Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээр 43,3 хувьтай хангалтгүй үнэлэгдэж, энэ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны тайлангийн дүнд сөргөөр нөлөөлсөн.
Мөн урьд нэхэмжлэгч Д.Б нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгавар гарч Төрийн албан хаагчид эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан бол тухай бүрт нь хатуу хариуцлага хүлээлгэж байхыг холбогдох албан хаагчдад үүрэг болгосон.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан нь үндэслэлтэй, зөв шийдвэр болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий актын талаар
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Б-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар
Д.Б Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хандсаныг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/767 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 03/1828 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, холбогдох баримтыг нягтлан үзэхэд: Нийслэлийн аялал жуулчлалын газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад 2019 оны 10 дугаар сард хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээгээр нийт 43,3 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай үнэлгээ авсан байгааг дурдъя. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг баримтална. Уг журмын 2 дугаар бүлэгт журамласан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажиллагааг хийсэн баримт тайлбар ирүүлээгүй байна. Иймд Танд сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-д нийцүүлэн өөрчилж, хариу ирүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас хүссэн болно гэх хариуг авсны дагуу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
3. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар
Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах нөхцөл байдлын шалгуур үзүүлэлтийг харьцуулаагүй байх төдийгүй, хэрэв зөрчил гаргасан гэж дүгнэсэн тохиолдолд тухайн зөрчилд тохирсон шийтгэлийг оногдуулаагүй...албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй гэсэн нь мөн үндэслэлгүй... гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг ...Д.Б нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн тайлан нь өмнөх зөвлөмж хэрэгжүүлж ажиллаагүй, 1 арга хэмжээ огт хийгдээгүй байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б-ийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд жинхлэн томилжээ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.18-д Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: хууль тогтоомжид заасан бусад., 48 дугаар зүйлийн 48.1.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: .төрийн албанаас халах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын 12 дугаар зүйлийн 12.2-т Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн гаргажээ.
Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахад гаргасан зөрчил дутагдлаа засаж, албан бичгээр хүргүүлсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахад гаргасан зөрчил дутагдлаа засаж, албан бичгээр хүргүүлсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй зөрчлийн тухайд:
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр туссан нийт 230 арга хэмжээний 2019 оны хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/4969 дугаартай албан бичгээр 125 дугаартай зөвлөмжийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байна.
Дээрх төлөвлөгөөнд туссанаар Нийслэлийн аялал жуулчлалын газар нь хариуцан хэрэгжүүлэх 6 арга хэмжээнээс 5 арга хэмжээ 100 хувийн, 1 арга хэмжээ 0 хувийн нийт 83,3 хувийн үнэлгээтэй байсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс ирүүлсэн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын 2019 оны 125 дугаар зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, 1 арга хэмжээ огт хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэвч уг зөвлөмжөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр туссан нийт 230 арга хэмжээний 2019 оны хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд Нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан хэрэгжүүлэх 6 арга хэмжээнээс 2 арга хэмжээ 70 хувийн, 3 арга хэмжээ 40 хувийн, 1 арга хэмжээ 0 хувийн, нийт 43,3 хувийн үнэлгээтэй байна гэсэн байх ба 2019 оны жилийн эцсийн үнэлгээ 83,3 болж өссөнийг хариуцагчийн зүгээс харгалзан үзэлгүй төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай танилцуулгад ...үнэлгээний зөвлөмжийг биелүүлээгүй ...Нийслэлийн аялал жуулчлалын газрын удирдлагад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Сануулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчид ногдуулсан шийтгэл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр 1.4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтлана:сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх гэж заасанд нийцээгүй байна.
Мөн дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан маргаан бүхий захиргааны актыг мэдэгдэх, сонсгох ажиллагаа-тай адилтган тайлбарлах хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Харин Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. гэж заасан хугацаа зөрчигдөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
5. Албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй зөрчлийн тухайд:
Хариуцагчийн зүгээс уг зөрчлийн үндэслэлийг ... нэхэмжлэгч өмнө сахилгын шийтгэлтэй байсан.... хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг удаа дараа хэрэгжүүлээгүй... гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2018 онд сахилгын шийтгэл хүлээж байсан нь 2020 онд маргаан бүхий захиргааны акт гаргах үед сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байсан байна.
Түүнчлэн албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй гэдгийг нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарь, ажлын байрны зорилтоос хангалтгүй биелүүлсэн талаарх тайлбар дүгнэлт, холбогдох үр дүнгийн гэрээний үнэлгээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан зэргээр тогтоох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч хариуцагч нар Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасан үр дүнгийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.
6. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа шүүх хуралдааны үед илэрхийлсэн тул уг шаардлагад холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж тус тус заасныг зөрчиж гуравдагч этгээд А.А-г Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар шууд томилсон үндэслэлгүй, түүнчлэн шүүх нэгэнт нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэхгүй.
Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ., Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 1 дүгээр зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.2-т Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвараараа тохирох нарийн мэргэжилтэй хүнийг хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх гэж тус тус зааснаас үзэхэд цар тахлын үед иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, эсхүл мэргэшил ур чадвараараа тохирох этгээдийг ажиллуулахаар заасан байхад албан тушаалын тодорхойлолтод нийцэхгүй хүнийг авч ажиллуулсан нь үндэслэлгүй байна.
Харин төрийн албаны болон аялал жуулчлалын хууль тогтоомж шинэчлэгдэн батлагдсаны улмаас тухайн хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан албан тушаалтныг сонгон шалгаруулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/45, Б/221 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Д.Б-ийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын /ТЗ 11-1/ албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /10 сар 19 хоногийн/ нийт 10,115,325 төгрөгийн цалингаас холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/45, Б/221 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.Б-ийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-д ажилгүй байсан 10 сар 19 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 10,115,325 /арван сая нэг зуун арван таван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийн цалингаас холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА