Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/493

 

 

   2022          06          02                                  2022/ШЦТ/493

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000000391  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг, урьд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгээд ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Быг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан Сангийн 2-33 тоотод орж хоирогч О.Огийн нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж биед нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн гарын эрхий, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахиж ийм үйлдэл гаргахгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

                                     - хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 0.75 литрийн монгол стандарт архи шараа тайлахаар задалж, ууж эхэлж байхад Б гэх зүс таних залуу манайд орж ирсэн бөгөөд тэгэхэд нь би Бад ууж байсан архинаасаа хийж өгсөн. Тэгэхэд Б миний хийж өгсөн архийг уучхаад намайг шууд алгадчихсан. Юунаас болж алгадсаныг мэдэхгүй байна намайг ямар ч шалтгаангүйгээр алгадсан. Дараагаар нь Быг И, Батбаяр нар авч гарсан. Хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна гэртээ дөнгөж орж ирээд байж байхад Б араас орж ирээд “Чи ямар их ах эгчээрээ өмөөрүүлдэг юм бэ” гээд намайг алгадаад баруун талын гадна халааснаасаа жижиг тонгорог гаргаж ирээд намайг эрүүнд зүсчхээд хаалганы хажууд байсан түлхүүр цоож аваад намайг гаднаас цоожлоод явчихсан. Миний утас цэнэггүй болчихсон байсан бас нус алдаад толгой эргээд байсан учраас босож чадаагүй удалгүй Батбаяр ах, И эгч нар ирж намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Би Бтай танилцаад 1 жил болж байгаа, хүмүүс Билгүүн гэж дуудаг болохоор би бас Билгүүн гэж дуудаг. Анх Жижий гэж дуудаг найзындаа архи ууж байгаад танилцаж байсан. Тэрнээс хойш манайхаар орж гардаг болсон. Энгийн найзуудын харьцаатай, урьдын өш хонзонгийн асуудал байхгүй. Надад 2 даа зузаан куртка бэлэглэж байсан. Б надаас “Найз нь тэр үед шал согтуу басан байна лээ. Намайг уучлаарай” гэж уучлалт гуйсан. Тэр өдрөөс хойш 4-5 удаа манайд ирж надтай уулзсан, ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ...өдөр намайг цоожилж яваад удалгүй И эгч хаалга онгойлгож өгсөн, яг хэдэн минут болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 52 дугаар тал/,

- гэрч Ц.Игийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Миний бие Чингэлтэй дүүргийн 8-р хороо Усан сангийн 2-33 тоотод Баагий, О нарын хамт амьдардаг. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед Билгүүн гэх залуу нэг үл таних залуугийн хамт манайд ирсэн ба уг Билгүүн гэх залуу гэрт орж ирээд Ог шууд очоод баруун гараараа нүүрэн тус газар нь алгадаж унагаасан ба дараагаар нь 10 цагийн үед би ажилдаа явсан намайг явахад Баагий, О нар гэртээ үлдсэн. Тухайн өдрийн 19 цагийн үед гэртээ ирсэн ба манай гэр гаднаасаа цоожтой байсан мөн гэрийн гадаа Баагий зогсож байсан бөгөөд “Гэр цоожтой дотор нь О дуугараад байна, надад түлхүүр байдаггүй ээ” гэсэн. Тэгэхэд нь би өөрийн түлхүүрээрээ хаалгаа онгойлгож дотогш ороход О орондоо уйлчихсан, нүүр, цээж, гар нь цус болчихсон байдалтай хэвтэж байсан. Юу болсныг асуухад “Билгүүн намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой миний бие Чингэлтэй дүүргийн-ийн 8 хороо, Усан сангийн 2-33 тоотод байх гэртээ Огийн хамт 0,75 литрийн “Стандарт” архи хувааж уугаад унтацгаасан бөгөөд маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө сэрээд дахин 0,75 литрийн “Стандарт” архиар шараа тайлахаар хувааж ууцгаасан. ойролцоогоор 10 цагийн үед Огийн танил Б гэх залуу О руу залгаж “Хаана байна?” гэж асуусан тэгэхэд нь О “Баагий ах бид хэд уугаад сууж байна” гэж хариулсан. Удалгүй Б манайд орж ирсэн бөгөөд ууж сууж байгаад Ог “алгадаад унагаачихсан”. Тэгэхэд нь би Игийн хамт Быг гэрээсээ хөөж гаргасан. Бид нарын хооронд ямар нэг маргаан болоогүй Б зүгээр сууж байгаад л алгадчихсан. Тухайн үед Б нэлээн согтуу байсан. Тэгэхэд нь би тэр хоёрыг хайж явж байгаад ололгүй 7 цагийн үед гэртээ ирэхэд гэр гаднаасаа цоожтой дотор нь хүн орилоод байсан бөгөөд хатавчаа сөхөөд харахад О “үхлээ” гээд орилоод хэвтэж байсан. Удалгүй И ирсэн бөгөөд Ид байдаг түлхүүрээр хаалга онгойлгож ороход О эрүүндээ зүсүүлчихсэн, цус болчихсон байхаар нь би түүнийг авч гэмтлийн эмнэлэг орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Галиндэвийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2351 дугаартай "Огийн биед эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн гарын эрхий, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хурц иртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд/хавтаст хэргийн 7 дугаар тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл/хавтаст хэргийн 28-30 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Байгальмаагийн мэдүүлэг/хавтаст хэргийн 56 дугаар тал/,

- яллагдагч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар тал/

- яллагдагч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.Огийн Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан Сангийн 2-33 тоотод орж хохирогч О.Огийн нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж биед нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн гарын эрхий, дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Усан сангийн 2-33 тоотод хохирогч О.Отай маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1  сарын хугацаагаар  эдлүүлж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14-243  тоот оршин суух өөрийн гэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч О.Огийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч О.Огийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Баас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Бад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар  эдлүүлж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14-243  тоот оршин суух өөрийн гэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 3 /гурав/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ