Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/456

 

 

 

 

 

   2022          05          19                                  2022/ШЦТ/456

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ж” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211000000794 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Жаахан овогт Цэндоогийн Д (РД:ХИ75112037)

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар такси ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 1-34 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 3 дугаар сарын 6-ны орой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар согоотын 1 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Лгийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хөмсөг, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн Ц.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 6-ны орой би гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 1 дүгээр гудамжны үзүүрт байрлах “Зөөлөн Эрдэнэ” нэртэй дэлгүүр орохоор 12 настай хүү Саранбаяр, 4 настай бага хүү Саранбилэг нарын хамт яваад дэлгүүр ороод хүүхдэд чихэр боов аваад, 1 ширхэг лаазтай пиво аваад дэлгүүрээс гараад гэрлүүгээ явж байхад гудамжинд нэг хөгшин хүнтэй тааралдаад хоорондоо юунаас болж маргалдсан талаараа би одоо бол сайн санахгүй байна тухайн үед хараал хэлж байх шиг л байсан тэгээд уг хөгшинтэй дээр, доороо гараад л хайргатай чулуун дээр өнхрөөд л байсан тэгээд би салаад гэрлүүгээ орсон. Тухайн үед би найзтайгаа 0,5 литрийн соёрхол нэртэй архи уусан байсан уг Л гэгч нь бас согтуу байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

                                    - хохирогч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх хүнсний дэлгүүр лүү ороод эд зүйл аваад гараад ирэхэд дэлгүүрт нэг залуу 2 жоохон хүүхэдтэй эд зүйл аваад түрүүлээд гараад явсан. Тэгээд би эд зүйлээ аваад дэлгүүрээс гарах гэж байхад өнөөх залуу чинь 2 жоохон хүүхэд хөтөлсөн байж байснаа намайг хавирч унагаахаар нь би чи яаж байна гэж хэлэхэд чи Увс аймгийнх уу гэхэд тиймээ би Увс хүн гэж хэлэхэд би Увс хүнд дургүй гэж хэлээд чулуу барьж аваад миний нүүр, толгой хэсэг рүү цохисон. Тэгэхэд нь би газар унасан бөгөөд залуу миний цээжин дээр хөлөөрөө 3-аас 4 удаа дэвссэн бөгөөд хамт явсан жаахан хүүхэд ааваа та битгий хүн зодоод байгаач гээд уйлаад байсан. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Лг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 3952 дугаартай шинжээчийн “...Г.Лгийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хөмсөг, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”/хавтаст хэргийн 22-23 дугаар та/) гэх дүгнэлтээр хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 3 дугаар сарын 6-ны орой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар согоотын 1 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Лгийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хөмсөг, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны орой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар согоотын 1 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн хохирогч Г.Лтэй маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Ц.Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Г.Лгийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Ц.Дыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Жаахан овогт Ц.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Дыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ