| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0408/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/466 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/466
2022 05 23 2022/ШЦТ/466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.Х,
шүүгдэгч Э.А,
хохирогч Ц.Ж,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211000000825 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Яргай овогтой Б.Х
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр. хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч: Манхцаа овогтой Э.А
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Х, Э.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” баарны гадна хохирогч Ц.Жтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Х, Э.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” баарны гадна хохирогч Ц.Жтай үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар бүлэглэн зодож түүний биед “зүүн нүдний ухархайн доод хана, баруун, зүүн нүдний дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, нурууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Б.Х, Э.А нар нь хохирогч Ц.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...санал хүсэлт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,
-шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.Х бид 2 хохирогч Ц.Жтай зодолдсон бөгөөд дээрх гэмтлийг бид 2 зодолдож цохилцох явцдаа учруулсан. Хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,
- хохирогч Ц.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 00 цагийн үед найз Мөнх-Эрдэнэ, Чингис, Баяр нарын хамт Тэнгисийн хажууд байрлалтай Амрита баарны гадаа уулзаад Амрита бааранд 2 цаг гаран үйлчлүүлээд гарсан. Бид нар Амрита бааранд 1 шил Эдэн архи авч хуваагаад уусан. Ингээд 02 цаг өнгөрч байхад бид нар гараад Чикаго бааранд ороод 1 шил архи, 4 пиво авч хувааж уугаад баар хаах цаг болоход 04 цаг өнгөрч байхад бид нар баарнаас гараад Чикаго баарны гадаа ертөнцийн зүгээр хойд талд төв зам дагуу такси барих гээд зогсож байсан. Би баарнаас гарах үед эхнэр Есүйтэй утсаар яриад ирээд авчих гэж хэлсэн. Улмаар надтай цуг явж байсан Мөнх- Эрдэнэ, Чингис нар хоорондоо маргалдаад /зодолдсон зүйл байхгүй хэрэлдэж байсан/ зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн 4046 УАУ улсын дугаартай Приус 41 маркийн машинтай залуучууд Мөнх-Эрдэнэ, Чингис нар дээр очоод нэг харсан зодолдож байсан. Би Баяртай хамт 20 орчим метрийн зайтай зогсож байсан. Би тэд нарыг зодолдож байхыг хараад яваад очтол тал талаас залуучууд толгой нүүр, нуруу руу гараараа удаа дараа цохиод чирсэн бөгөөд нэг мэдэхэд мал эмнэлгийн хажууд шаттай довжоо руу оруулаад дэвссэн. Нэг ухаан ороод сэрэхэд манай эхнэр Есүй ирчихсэн, миний нүүр, хувцас нийлэхүйдээ цус болсон байсан. Тухайн үед найз Баяр зодоонд оролцоогүй, харин болиулах гэж очсон. Баяр тэдгээр хүмүүсийн машины зургийг утсан дээрээ дарсан байсан ба Баяр хэлэхдээ тэдгээр залуучууд бөөн бөөнөөрөө бид гурвыг ээлжлээд зодоод байсан гэсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,
- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найз Ж 04 цагийн үед тус баарнаас түрүүлж гарсан бөгөөд би түүний араас ганцаараа гараад харахад байхгүй байсан. Би тухайн үед бодохдоо явчихсан байна гэж ойлгосон. Тэгээд би хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажууд найзынхаа гэрт ирээд байж байтал Ж над руу залгаад “чи хааччихваа, энд зодуулчихсан байна, ирээд ав” гэж хэлэхээр нь би яваад очтол Мөнх-Эрдэнэ замын боржур дээр суучихсан, Чингис хөлийн суга таягаа олохгүй байдалтай байсан. Би ‘Ж хаана байна вэ” гэж Чингисээс асуухад түүний хажууд зогсож байсан үл таних 35-40 орчим насны эрэгтэй “найз чинь тэнд байгаа, найзыгаа очиж ав” гэж хэлэхээр нь шатны боржурын хажууд газар Ж бусдад зодуулаад нэг нүд нь тагларсан байдалтай байсан. Намайг харахад үл таних залуу машинд сууж байхаар нь би “та нар яахаараа хүн зодчихоод явдаг юм бэ, машины дугаарыг цээжилчихсэн шүү, чи явах юм бол хэрэгт орно шүү” гэж хэлэхэд тоохгүй яваад өгсөн. Би тэд нарыг явахаар нь Жыг өргөж босгоод такси барих гээд байж байтал нөгөө залуучууд ирээд дахин хэрүүл маргаан үүсгэсэн. ...4046УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу зодоон оролцоогүй бөгөөд хамт явж байсан найзуудыгаа суулгаад аваад явсан. ...Дээрх зодооны учир шалтгааныг сүүлд найзуудаасаа сонсоход баарны гадаа Чингис, Мөнх-Эрдэнэ хоёрыг маргалдаад зогсож байхад нөгөө залуучууд хажууд явж байгаад Чингисийг суга таягтай болохоор нь Мөнх-Эрдэнээс өмөөрөхөд Мөнх-Эрдэнэ та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн байсан. Чингис хажуугаас нь “би найзтайгаа муудалцах нь та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө залуучууд “өөрийг нь өмөөрч байхад ямар хаашаа юм бэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргаан эхлээд зодолдсон байсан. Тэр орой би бага зэрэг согтолттой, Ж тасарчихсан, Чингис, Мөнх- Эрдэнэ хоёр мөн согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
- гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орой ажлаа 19 цагт тараад Х, А нартай хороололд караокед ороод 1 шил архи, хүн тус бүрийн 3-4 пиво уугаад шөнө 00-01 цагийн үед гараад машин барих хүн хүлээж 1 цаг гаран зогссон. Тэгээд Баянбүрдэд байрлалтай Чикаго бааранд ороод хүн бүр 3 ширхэг пиво уусан бөгөөд Х бааранд ороод унтаад байсан. Ингээд баар хаах цаг болоод бид нар баарнаас гараад машин руугаа явж байтал суга таягтай залууг халзан толгойтой залуу алгадаж байхаар нь болиулах гэж очиход бид хоёр найзууд юмаа гэж хэлсэн. Тэгээд би машин руу очоод эргээд хартал А, Х хоёртой өөр залуучууд нэмэгдээд зодолдож байсан. Ингээд хохирогч залуу хэнтэй нь зодолдоод байгааг анзаараагүй. Би очиж салгаад хоёр найзыгаа аваад машиндаа суусан. Гэтэл араас машин дээр ирэхэд бид нар бүгд буухад хохирогч залуу Хтай нүх рүү унаад гарч ирж байсан. Нүх рүү унахад А хохирогч залуу дээр очсон байсан. ...Хохирогч Жы биед учирсан гэмтлүүдийн яг алийг нь хэн учруулсан гэдгийг хэлэх боломжгүй. Тэр залуутай Х, А нар зодолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Б.Х, Э.А нар нь бүлэглэн хохирогч Ц.Жыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, баруун, зүүн нүдний дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, нурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3860 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Х, Э.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” баарны гадна хохирогч Ц.Жтай үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар бүлэглэн зодож түүний биед “зүүн нүдний ухархайн доод хана, баруун, зүүн нүдний дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, нурууны цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Х, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо адил, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан тэдгээрийг цээрлүүлэх зорилгоор торгох ял шийтгэлийг шүүх оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Ц.Жд энэ гэмт хэргийн улмаас хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нийт 130.000 төгрөгийн хохирол учирсан байх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирлыг богино хугацаанд барагдуулах зорилгоор 1 сарын хугацаанд төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Хохирогч Ц.Ж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Яргай овогт Б.Х, шүүгдэгч Мөнхцаа овогт Э.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.А нарыг тус бүр 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.А нарыг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хгаас 65.000 төгрөг, Э.Агаас 65.000 төгрөгийг тус тус гаргуулж , хохирогч Ц.Ж /РД:УИ90112411/-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогч Ц.Ж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Х, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ