Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/417

 

 

 

 

   2022         05          09                                    2022/ШЦТ/417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэйгээр

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

иргэдийн төлөөлөгч Б.А,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан эрүүгийн 2102003230252 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт, урд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Арван Наймны Богд овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/  ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.3 дах заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/  ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.3 дах заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэрч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Юү Ти Пи Эс” гаалийн хяналтын бүсэд ажиллаж байхад 10 цаг 30 минутад Монгол шуудан ХК-д үүрэг гүйцэтгэж байсан. Гаалийн улсын байцаагч Даваадарь над руу залгаж сэжиг бүхий илгээмж илэрлээ ирээд нягтлан шалгаж өгнө үү гэсний дагуу 12 цаг40 минутад Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүс дээр очсон. Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас 0,5 кг жин бүхий Бат-Амгалангийн Б гэсэн хүлээн авагчийн нэр дээр ирсэн цаасан хайрцаг бүхий илгээмжийг “Монгол Шуудан ХК”-ийн төвийн бүсийн үйлчилгээний ажилтан С.Уранчимэг, гаалийн улсын байцаагч Даваадарь нарыг байлцуулан нээж үзэхэд дотор нь мл жин нь тодорхойгүй “Beganex CBD oil” гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Beganex CBD oil” гэсэн бичиглэл бүхий хүн бор 12 шилтэй шингэн зүйл “Beganex CBD balm” гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий том мэт зүйл 3 ширхэг тус тус байсан. Тухайн зүйл нь сэжигтэй байсан тул Гаалийн ерөнхий газрын төв лаборатори руу дээж болгон нэг нэг ширхгийг хүргүүлсэн. 14-28 хоногийн дотор дүгнэлт гарна гэж байсан. Бусад үйлдсэн зүйлийг Монгол шуудан дахь Гаалийн хяналтын бүсийн баталгаат агуулахад хадгалсан. Тухайн өдөр ажиллаж байсан Даваадарь, Батсайхан болон “Монгол шуудан ХК”-ийн ялган боловсруулах төвийн ажилчдаас тухайн илгээмжийн талаар мэдэх зүйлийг задруулахгүй байх нууцын баталгаа авч, гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэлээ хөтөлсөн. 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр илгээмж хүлээн авагч Б нь Монгол шуудан дахь хяналтын бүс дээр ирж миний нэр дээр ирсэн илгээмж авч чадахгүй байна. Тухайн өдөр ажиллаж байсан хүмүүс зөрчлийн байцаагч Баттулга руу явуулсан байсан. Баттулга байцаагч ямар илгээмж байгаа талаар тайлбар бичээд үлдээчих бид нягтлан шалгаад танд хариу хүргүүлье гэхэд тус иргэн илгээмжийнхээ талаар тайлбар бичиж иргэний үнэмлэхээ хуулбарлаж үлдээсэн байсан. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт дээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн учир зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв шуудангийн гаалийн хяналтын бүсэд рентген шалгалт хийх үед 11 цагийн орчим сэжиг бүхий илгээмж илрэхээр нь зөрчлийн албанд мэдэгдсэн. Зөрчлийн хэрэг бүртгэгч Төгсмөнхөд утсаар мэдэгдсэн. 12 цаг өнгөрч байхад хэрэг бүртгэгч Төгсмөнх ирж үйлчилгээний ажилтан Уранчимэг, улсын байцаагч Батсайхан нарыг байлцуулан тухайн цаасан хайрцаг бүхий илгээмжийг нээсэн тухайн хайрцгаас “Beganex CBD oil” гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг шингэн зүйл, “Beganex CBD oil” гэсэн бичиглэл бүхий хүрэн орж шилтэй 12 шилтэй шингэн зүйл, “Beganex CBD balm” гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий зүйл ширхгийг авч гаалийн төв лабораторид шинжилгээнд хүргүүлж үлдсэнийг нь гаалийн баталгаат агуулахад хадгалсан...” гэх мэдүүлэг            /хавтаст хэргийн 49 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 63 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3145 дугаартай “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Beganex CBD massage oil” гэсэн шошготой дээж, “Natural Hemp Flavouring Preparation” гэсэн шошготой дээж, “Beganex CBD balm" гэсэн шошготой дээжээс каннабидол /cannabidol/ илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 66-68 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4652 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Beganex /CBD Massage oil/” гэсэн шошготой дээж, “Natural Hemp Flavoiring Preparation” гэсэн шошготой дээж, “Becanex /CBD Balm/ гэсэн шошготой дээжээс каннабидол /cannabidol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын” 1 дүгээр жагсаалтад багтдаг болно...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 82-83 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэжээ.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч

- тест ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- гэрч Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал/,

- илгээмжээр ирсэн бүтээгдэхүүний жагсаалт /1 дүгээр хавтаст хэрийн 61 дүгээр тал/,

- “Шүүх сэтгэц эмгэг судлалын №615 дугаартай дүгнэлт: Б.Б урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх бодит мэдээлэл үгүй байна.

Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой байна.

Б.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

- шинжээч эмчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал/,

- шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 94 дугаар тал/,

- ял шийтгэлийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал/,

- Эм судлал, салбар зөвлөлийн хурлын шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал/,

- Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн эм эмнэлгийн харьяа байгууллагын албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар тал/,

- Эм эмнэлгийн хяналтын байгууллагын даргын албан тоотын хариу /1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал/,

- СиБиДи нүүрний тосны тухай монгол танилцуулга /1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

- массаж тосны тухай монгол танилцуулга /1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал/,

- Медикал эмнэлгийн тосыг хэрэглэх тухай заавар /1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар тал/,

- шүүгдэгч Б.Бгийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дугаар тал/,

- Монгол улсад СиБиДи гэсэн бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн танилцуулга /1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр тал/,

- 1961 оны НҮБ-ын байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц /1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр тал/,

- Сорбус арьс судлал гоо зүйн клиник эмнэлгийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар тал/,

- Беканекс компанийн мэдэгдэл /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал/,

- шүүгдэгч Б.Бгийн амбулаторийн карт, бүтээгдэхүүний тодорхойлолтын орчуулгатай тайлбар /хавтаст хэргийн 131-140 дахь тал/,

 - Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 158 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулж, шүүгдэгч Б.Бд  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах  байр суурийг илэрхийлэн өмгөөлж шүүх хуралдаанд оролцов. 

 Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шийлжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилжээ.

Тиймээс шүүх Б.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  хүрээнд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан  үйл баримтад дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн болох Беканекс СиБиДи ойл /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, Беканекс Си Би Ди ойл / Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэнн бор  шилтэй 12 ширхэг шингэн зүйл, Беканекс Си Би Ди балм /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл явдал болжээ.

Шүүгдэгч Б.Бг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэж буруутгасан улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтууд нь дараах хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх үзэв.

- шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд улсын хилээр мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг олж ирсэн зүйл байхгүй. Миний хувьд гэвэл нүүрэн дээр идээт үрэвсэлтэй батга анх 25 настай байхаас л гарч эхэлсэн юм, үүний дагуу олон арга хэмжээ авсан боловч үр дүнгээ өгөлгүй, батга гараад эдгэсний дараа нүүрэн дээр маш муухай сорив үлддэг, уг нь дахин батга болж томорч үлддэг юм. Манай улсад миний энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй мэт санагдсан, үүнээс болж  хүмүүст буруугаар ойлгогдох үе ч байсан хүмүүс миний нүүрийг хараад магадгүй нүүрэн дээрх зүйл нь бусдад халдаж магадгүй гэсэн үүднээс харьцдаг. Би үүнтэй хэрхэн хаана яаж эмчлүүлэхээ ч мэдэхгүй хаана хандах эсэхээ ч мэдэхгүй явж байсан юм,...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бгийн амбулаторийн карт, бүтээгдэхүүний тодорхойлолтын орчуулгатай тайлбар /хавтаст хэргийн 131-140 дугаар тал/,

- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 158 дугаар тал/     

 - Шүүгдэгч Б.Бгийн гэрэл зураг /хавтаст хэргийн 160-162 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн нүүр хэсэгт идээт үрэвсэлтэй батга анх 25 настай байхаас гарч эхэлсэн байх ба шүүгдэгч нь энэ байдлаа эмчлүүлэхээр энэ төрлийн эмнэлгийн үйл ажиллагаа, гоо сайхны үйлчилгээ явуулдаг эмнэлэг, гоо сайхны газруудад хандан үйлчилгээ авч байсан нь тогтоогдож байна.

Улмаар Б.Б нь гоо сайхны эмчилгээний зориулалтаар хэрэглэх зорилгоор олон улсын худалдаанд хориглоогүй /хориглосон талаарх баримт хэрэгт авагдаагүй/, байгалийн гаралтай нэмэгдэл бодис бүхий 3 төрлийн нэр, шошго бүхий тосон болон шингэн бодисыг, цахимаар худалдан авч уг захиалгын дагуу олон улсын шуудангаар ирсэн дээрх бүтээгдэхүүний агууламжид сэтгэцэд нөлөөлөх бодист хамаарах гэх /Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар /каннабидолын агууламж илэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Беканекс компанийн мэдэгдэл /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4652 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Beganex /CBD Massage oil/” гэсэн шошготой дээж, “Natural Hemp Flavoiring Preparation” гэсэн шошготой дээж, “Becanex /CBD Balm/ гэсэн шошготой дээжээс каннабидол /cannabidol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын” 1 дүгээр жагсаалтад багтдаг болно...”дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, гэрч С.Төрмөнх /хавтас хэргийн 33, 52 дахь тал/, Б.Даваадарь /хавтас хэргийн 49 дэх тал/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэв.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар олж авснаар сэдэлт, санаа зорилго нь тодорхойлогдоно.

Гэтэл шүүгдэгч Б.Б нь нэр бүхий 3 төрлийн шингэн болон тосон гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн нүүр хэсэгт гардаг идээт үрэвсэл болох батгыг эмчлэх зорилгоор нийтэд илэрхий болох цахим сүлжээг ашиглан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас цахиж Монгол улсад шуудан илгээмжээр нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бгийн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хэрэглэх байсан гэх шингэн болон тосон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагат байгаа каннабидолын нь дангаар донтуулах, хамаарал үүсгэж чадахгүй болохыг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын тодорхойлолтоор /хавтас хэргийн 108 дахь тал/ нотлогдож байна. Мөн уг тодорхойлолт болон эм судлалын салбар зөвлөлийн хурлын шийдвэр /хавтас хэргийн 102 дахь тал/ шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд уг бүтээгдэхүүний гарал үүсэл, зориулалт, олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг, тухайн бүтээгдэхүүнүүд нь хориглосон мансууруулах эм, бодисын жагсаалтад багтдаг эсэхийг нарийвчлан тогтоох, бүтээгдэхүүний найрлагад агуулагдах эзлэхүүн, тун ямар хэмжээнд байгаа, нэр бүхий дээрх бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болох, шүүгдэгч уг бодисыг хэрхэн, ямар хэмжээгээр хэрэглэж мансуурч донтох байсан, эсхүл уг бүтээгдэхүүний найрлагад орсон сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэж буй каннабидолын агууламжийг найрлагаас салган өөр төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гарган авч  хэрэглэх боломжтой  зэрэг нөхцөл байдлууд нь тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын №615 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт санаа зорилго буюу субьектив шинжгүй өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдаагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

              Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Becanex CBD ойл /Беканекс СиБиДи ойл/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи оел / гэсэн бичиглэл бүхий хүрэн бор 12 шилтэй зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи балм/гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зүйлийг цаг хугацааны хувьд  дахин ашиглах боломжгүй буюу олон сар хадгалагдсан, хүн хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байх тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт, 36.2, 36.6,  36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Арван Наймны Богд овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хэлээр нэвтрүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Becanex CBD ойл /Беканекс СиБиДи ойл/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи ойл / гэсэн бичиглэл бүхий хүрэн бор 12 шилтэй зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи балм/гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлж, хавтас хэрэгт хавсаргуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ

                                                                        Б.МӨНХБАЯР

                                                                                             Л.ГАЛБАДАР