Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 724

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үэ гудамж, 3-58 байр, 32тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Долгион /РД:чй85101319/-ы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, хувьсгалчдын Д гудамж, 5-135 тоотод оршин суух, Их монгол овогт Намдагийн Долгорсүрэн /РД:тв65072360/-д холбогдох,

  

1,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Долгион, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Долгион нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Н.Долгорсүрэнд барилгын тоног төхөөрөмж болох дүүжин шат /люлик/-ыг нэг өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 ширхэг дүүжин шат түрээслүүлсэн. Энэ хугацааны төлбөр болох 700,000 төгрөгийг хариуцагчаас авсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж хариуцагчийн хүсэлтийн дагуу нэг шатаа буцаан авч үлдэх нэг дүүжин шатаа үргэлжлүүлэн түрээслэсэн. Хэдийгээр хариуцагч миний дүүжин шатыг гэмтэлтэй, ажиллахгүй байсан гэж байгаа боловч тэрээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ашигласан. Дүүжин шатанд ганц нэг удаа доголдол, эвдрэл гарсан. Гэвч энэ нь надаас шалтгаалаагүй. Хариуцагчийн ажиллуулж байсан, мэргэжлийн бус хүмүүс нь уг шатыг эвдэлж, гэмтээж байсан. Ийм ч учраас би 2017 оны 10 дугаар сарын 12, 14, 19-ний өдрүүдэд очиж дүүжин шатыг янзалж өгч байсан. Би дүүжин шатыг хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж өөрийн биеэр хүлээн авсан. Хариуцагч Н.Долгорсүрэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүжин шатыг маань 2 өдөр ашигласан гэж үзэн 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг бол би нэхэмжлэлээс хасч тооцоогүй байгаа. Учир нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шилжүүлж өгсөн. Би дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны буюу 25 хоногийн 1 ширхэг дүүжин шат /люлик/-ны түрээсийн төлбөрт 1,250,000 төгрөг /25х50,000 төгрөг/, дүүжин шат /люлик/-ны 1 ширхэг чиглүүлэгчийн үнэ буюу 20,000 төгрөг, тус бүр нь 300,000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг троссны үнэ 600,000 төгрөг, тус бүр нь 30,000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг тросс үл давхцуулагчийн үнэ 60,000 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжилж буй үнийн дүн 1,930,000 төгрөг болж байгаа боловч би хариуцагчаас 1,910,000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь би анхнаасаа тооцоогоо буруу бодсон байна. Хариуцагч 25 хоногийн хугацаанд дүүжин шатыг ашигласан атлаа түрээсийн төлбөрөө төлөөгүй, мөн шатыг ашиглах хугацаандаа миний дүүжин шатны эд ангийг нь эвдэлсэн байгаа юм гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Долгорсүрэн нь Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн ханыг будах ажилтай байсан бөгөөд уг ажилдаа зориулж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Долгионы дүүжин шатыг түрээслэсэн юм. Ингээд талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж 2 ширхэг дүүжин шатыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд авч ашигласан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт 700,000 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч дүүжин шатыг ашиглаж эхэлсэн өдрөөс л шатнууд нь гацаж, доголдож байсан. Ингээд 7 хоногийн түрээсээ төлж дуусгаад  цаашид дахин түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь эвдэрхий шатыг ашиглах нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчихөөс эхлээд цаашдаа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, аюултай байсан. Гэтэл Д.Долгион нь “...1 шатаа бүрэн ажиллагаатай болгож засаад дахин ашигла” гэж хариуцагчид санал болгосон. Түүний хүсэлтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тодорхой хоног, хугацаа тохиролгүйгээр бид ажиллуулж үзсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд л доголдол гарч эхэлсэн. Тодруулбал барилгын хойд талд дүүжин шатыг ажиллуулж будгаа хийж байтал 8 метрийн орчмоос 1 метр доошоо алдаж, унах шахсан. Ийм учраас ажилчид тухайн шатанд ахиж ажиллахгүй гэх болсон бөгөөд энэ тухайгаа Д.Долгионд мэдэгдсэн. Д.Долгион нь ирж үзээд “...гол нь элэгдээд троссоо сэмлээд гацаасан байна” гээд дахин засаж өгөөд ажиллуулж үзсэн. Гэвч найдвартай ажиллахгүй байсан. Энэ талаар Д.Долгионд мэдэгдэхэд тэрээр “...за би ойлголоо, очлоо” гээд утсаа тасалсан. Тэгээд дахин дуудахад түүний утас нь холбогдохгүй болж, хөдөө явсан гэх учраас гэрээг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Нэгэнт бид өөрсдөө хүлээн авсан ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай байсан учир өргөгч сагстай машинтай хүн хөлсөлсөн. н.Цогоо гэх хүнтэй тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Бид сагстай машиныг ажиллуулж байх хугацаанд Д.Долгионы дүүжин шатыг дахин ашиглаагүй. Дүүжин шат нь тухайн барилга дээр өлгөөтэй 2 хоносон бөгөөд Д.Долгион нь ирэхгүй байсан учраас тус шатыг буулгасан. Хариуцагч нь Д.Долгионы шатыг 2 өдөр ажиллуулсан гэж үзээд 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Д.Долгион нь 2017 оны 10 сарын 29-30-ны өдрийн аль нэгэнд нь дүүжин шатаа өөрөө ирж авсан. Нэгэнт шатыг ашиглаагүй, тухайн шат нь ашиглах боломжгүй эвдрэл, гэмтэлтэй байсан учир шатны түрээсийн төлбөр, эвдрэл гэмтлийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Долгион нь хариуцагч Н.Долгорсүрэнд холбогдуулж 1,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан. 

 

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Д.Долгион болон Н.Долгорсүрэн нар №01 тоот “Дүүжин шат /люлик/ түрээслүүлэх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д.Долгион нь тус бүр нь 6 метр тавцан, 6 метр хашлага, 2 ширхэг хөтлөгч редуктор, 200 метр тросс, 50 метр холбох хэрэгсэл, 2 ширхэг мотор, 2 ширхэг гар бүхий 2 ширхэг дүүжин шат /люлик/-ыг Н.Долгорсүрэнд тус бүрийг нь өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагджээ.

 

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хариуцагч Н.Долгорсүрэн нь дээр дурдсан хоёр ширхэг дүүжин шат /люлик/-ыг ашигласан ба түрээсийн төлбөрт 700,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Улмаар хариуцагч Н.Долгорсүрэн нь нэг дүүжин шат /люлик/-ыг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгч, харин үлдсэн 1 дүүжин шат /люлик/-ыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ашиглахаар өөрийн эзэмшилд авч үлдсэн болон уг шатыг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.Долгион буцаан авсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна. Үүнээс дүгнэхэд талууд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Дүүжин шат /люлик/ түрээслүүлэх гэрээ”-тэй адил нөхцөлөөр 1 дүүжин шат /люлик/-ыг хөлслөхөөр харилцан тохирсон ба ийнхүү тохирсон байдал нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Долгион нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны буюу 25 хоногийн 1 ширхэг дүүжин шат /люлик/-ны түрээсийн төлбөрт 1,250,000 төгрөг /25х50,000 төгрөг/, дүүжин шат /люлик/-ны 1 ширхэг чиглүүлэгчийн үнэ буюу 20,000 төгрөг, тус бүр нь 300,000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг троссны үнэ 600,000 төгрөг, тус бүр нь 30,000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг тросс үл давхцуулагчийн үнэ 60,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж шүүхэд хандсан.

 

Дээрх тооцооллоор нэхэмжилж буй үнийн дүн 1,930,000 төгрөг болж байгаа боловч би хариуцагчаас 1,910,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг Д.Долгион шүүх хуралдаанд гаргасан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч 25 хоногийн хугацаанд дүүжин шатыг ашигласан атлаа түрээсийн төлбөрөө төлөөгүй, мөн шатыг ашиглах хугацаандаа нэхэмжлэлд дурдсан эд ангийг нь эвдэлсэн” гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Д.Долгионы “...би 2017 оны 10 дугаар сарын 12, 14, 19-ний өдрүүдэд дүүжин шатыг очиж янзалсан”, “...дүүжин шат нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Н.Долгорсүрэнгийн эзэмшилд байсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна хариуцагч Н.Долгорсүрэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүжин шатыг 2 өдөр ашигласан гэж үзэн 100,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч дүүжин шатыг тодорхой хугацаанд ашиглуулсны хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч Н.Долгорсүрэн нь Д.Долгионы дүүжин шат /люлик/-ыг ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Харин 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 12, 14, 19-ний өдрүүдэд дүүжин шатыг очиж янзалсан өдрүүдийн төлбөрийг “дүүжин шатыг хариуцагч тухайн өдрүүдэд ашиглах боломжгүй байсан” гэж үзэн хасч тооцов. Мөн хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүжин шатыг 2 өдөр ашигласан гэж үзэн төлсөн 100,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас дүүжин шат /люлик/-ын түрээсийн төлбөрт нийт 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч “...дүүжин шат нь эвдрэлтэй байсны улмаас бид ашиглаж чадаагүй” гэж өөрийн татгалзлыг тайлбарласан хэдий ч энэ үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч эд хөрөнгийг ашиглаж чадаагүй байх нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 1 ширхэг дүүжин шат /люлик/-ыг ашиглахдаа уг шатны 1 ширхэг чиглүүлэгч, 2 ширхэг тросс, 2 ширхэг тросс үл давхцуулагчийг эвдэлж, гэмтээсэн болох нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Долгорсүрэнгээс 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Долгионд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 860,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Долгорсүрэнгээс 29,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Долгионд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ