Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б-т холбогдох 2116000510091 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Р овогтой Э-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Б-н 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр facebook олон нийтийн сүлжээн дэх “**********” хаягаар “Говь-Алтай аймгийн нэгдсэн зар”  группт “Баянхонгор аймагт хямдхан адуу зарна. Утас: *************, *********” гэсэн зарыг оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Т.Б-с 500,000 (таван зуун мянга) төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ************ тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.Б-н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, асуултад хариулсан “... Дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй ... хохирлоо бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би facebook-т “*************” гэх хаяг ашигладаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр facebook-н Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группт “Адуу зарна” гэсэн зар байсан бөгөөд тухайн зарын коммент хэсэгт нь “Баянхонгор аймагт хямдхан адуу зарна. Утас-************” гээд зар оруулсан байхаар нь би ах О-н *********** гэсэн дугаараас залгаж холбогдоход эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн эмэгтэй нь 4 даага 4 сарвай байгаа. 1 даага 150.000 төгрөг, 1 сарвай нь 100.000 төгрөг нийлүүлээд 1 сая төгрөгт өгнө гэсэн юм. Тэгэхээр нь би даага, сарвайн зургийг үз гээд О ахын facebook хаягаар орж байгаад адуу зарах хүнтэй чат бичиж зарж байгаа адуу /даага, сарваа/-ны зургийг үзсэн юм. Тэгээд тэр нь хүн эхлээд 50%-г хийчих, ирээд авахаараа үлдсэн мөнгийг нь өгөөрэй гэсэн юм. Тэгж хэлэхээр нь би дансыг нь авахад надад *********** гэсэн данс өгөхөөр нь эхлээд 300.000 төгрөгийг, дараа нь 2, 3 цагийн дараа 200.000 төгрөгийг шилжүүлсэн... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр адуугаа авахаар Баянхонгор аймагт очиход тухайн хүн нь одоохон гэсээр байгаад бидэнд адуу өгөлгүй буцаасан... Түүнээс хойш тухайн хүн рүү залгахаар утас нь холбогдохгүй болсон ... Би өөрийн гар утсанд байх интернэт банкаар мөнгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19 дүгээр  тал/, 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай бүл Т.Б нь адуу худалдан авах болоод утсаар холбогдоод, дараа нь миний facebook хаягаас нөгөө адуу зарж байгаа хүнтэйгээ чат бичиж худалдан авах адууны зураг хөргийг нь авсан... Б нь адуугаа авахаар 2020 оны 12 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ надтай хамт Баянхонгор аймаг руу явсан бөгөөд бид Баянхонгор очоод нөгөө адуу авах хүнтэй нь холбогдоход аваад очлоо гэсээр байгаад ирээгүй. Бүүр сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Ингээд тэр адуу зарж байгаа хүнийг нь хүлээсээр байгаад 1 хоноод маргааш нь адуу авч чадалгүй буцаад аймаг руугаа явсан... Б нь facebook-ээр “*************” гэх хаягтай хүнтэй чат бичиж байсан бөгөөд тухайн хүнээс дансыг нь авч Б мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай дүү Т.Б нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр facebook -р адуу худалдан авах болсон бөгөөд тухайн хүн рүүгээ мөнгө шилжүүлсэн... 2020 оны 12 дугаар сарын 28, 29-ний үеэр Баянхонгор аймаг руу Б нь ах М, садан О нарын хамт яваад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаад аймагт ирсэн юм.Тэгэхдээ нөгөө нь хүн нь адуу өгнө, өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна. Адуугүй айл юм шиг байна гэж хэлээд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Хаан банкин дахь Э.Б-н эзэмшлийн ************** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 49-53 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Б, хохирогч Т.Б нарын хэрэг гарах үеийн хоорондоо харилцсан гэх facebook-н “messenger” болон мөнгө шилжүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

“Unitel” ХХК-ийн *********** дугаар хэрэглэгч болон тухайн дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хавтаст хэргийн 55-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б-н 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр facebook олон нийтийн сүлжээн дэх “********” хаягаар “Говь-Алтай аймгийн нэгдсэн зар”  группт “Баянхонгор аймагт хямдхан адуу зарна. Утас: **********” гэсэн зарыг оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Т.Б-с 500,000 (таван зуун мянга) төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ************** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан болох нь шүүгдэгч Э.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Б, гэрч Б.О, Т.М нарын 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хэрхэн шилжүүлсэн талаараа мэдүүлсэн харилцан зөрүүгүй мэдүүлгүүд, шүүгдэгчийн дансны хуулга, шүүгдэгч Э.Б, хохирогч Т.Б нарын хэрэг гарах үеийн хоорондоо харилцсан гэх facebook олон нийтийн сүлжээний “messenger” болон мөнгө шилжүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, “Unitel” ХХК-ийн ******** дугаар хэрэглэгч болон тухайн дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн “...хямдхан адуу зарна...” гэсэн бодит байдал дээр байхгүй, биелэх боломжгүй хуурмаг нөхцөл байдал бий болгон бусдыг хуурч мэхлэн хохирогчоос өөрийн дансаар 500,000 (таван зуун мянга) төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Э.Бямбабаярыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 65-69 дүгэр тал/, хохирогч Т.Б-н Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... Миний бие 2021 оны 01 дүгээр сард өргөдөл гаргасны үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн иргэн Э.Б хохирол болох 500,000 (таван зуун мянга) төгрөгийг төлж бүрэн барагдуулсан тул энэ хэрэгт санал гомдолгүй байна...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Р овогтой Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА