| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00109/И |
| Дугаар | 848 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, жалханз хутагт Дамдинбазар гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг /РД:9089802/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байр, 119 тоотод оршин суух, Равдан овогт Намжилийн Баяр /РД:чк51050271/-д холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 9,560,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий, хариуцагч Н.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 162 дугаар цэцэрлэг нь 2001 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 563 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн харилцааны газрын зөвшөөрөлтэйгөөр, Нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх журмын дагуу Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгө буюу ашиглалтгүй байгаа байр талбайг бусдад түрээслэж өмчийн ашиглалтыг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл, зорилготойгоор түрээслэх болсон. Н.Баяр захиралтай “Мечта” хувийн Орос сургууль, цэцэрлэг нь 2001-2007 онуудад тус 162 дугаар цэцэрлэгийн 343.6 м2 талбай бүхий 4 анги корпус, 70.2 м2 талбайтай сэрүүн өрөөг хичээл, сургуулийн зориулалтаар түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан. 2007 онд тус “Мечта” сургууль нь татан буугдаж гарсан. Захирал Н.Баяр нь тухайн үед түрээслэж байхдаа түрээсийн төлбөрийн үлдэгдлийг буюу 2004-2007 оныг хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй. Тухайн үед түүний эхнэр н.Эрдэнэтуяа нь 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь шаардаж төлүүлэхгүй байсаар ийм байдалд хүргэсэн. Энэ асуудлаар 2010, 2014 онуудад шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н.Баярыг бид эрэн сурвалжилж, олж авсан. Иймд дараах түрээсийн төлбөрийг хариуцагч Н.Баяраас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож өгнө үү. Үүнд:
1/ 2004 оны 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 1,855,440 төгрөг, 105.3 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 315,900 төгрөг;
2/ 2005 оны 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 1,855,440 төгрөг, 70.2 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 336,960 төгрөг;
3/ 2006 оны 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 3,092,400 төгрөг, 70.2 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 505,440 төгрөг;
4/ 2007 оны 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 1,374,400 төгрөг, 70.2 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 224,040 төгрөг;
Нийт 9,560,620 төгрөгийг бид нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.Баяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 онд анх гэрээ байгуулсан. Нийслэлийн өмчийн газар, Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг, манай “Мечта” сургууль, цэцэрлэг нь гурвалсан гэрээ байгуулж, төрийн өмчийн 162 дугаар цэцэрлэгийг бид түрээслэж эхэлсэн. Ийнхүү 2001 оноос 162 дугаар цэцэрлэгийн байранд сургалт явуулах гэрээ байгуулсан. Анх ОХУ-аас багш нар авчирч ажиллуулж байсан. Тухайн үед 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр манай гэр бүлийн хүн ажиллаж байсан бөгөөд гэнэт 2005 онд цэцэрлэг хариуцсан байцаагч нь манай гэр бүлийн хүнийг дуудсан. Тэгээд цэцэрлэг дээр яваад очиход цэцэрлэгийн албаны мэргэжилтэн холбогдох дарга нар нь манай хүний ажлыг хүлээлцүүлж, улмаар ажлаас нь халсан. 2010 онд шүүхэд ажлаас халагдсан талаараа өргөдөл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2004-2007 оны түрээсийн төлбөрийг би төлөхгүй. Учир нь манай “Мечта” сургууль нь БНХАУ-аас хүүхдийн тоглоом оруулж ирэн цэцэрлэгийн тоглоомын талбайд суурилуулж, үүний хариуд түрээсийн төлбөрийг хөнгөлөхөөр харилцан тохирсон байдаг. Гэтэл бидний оруулж ирсэн тоглоомыг суурилуулах боломжийг ч цэцэрлэг өгөөгүй. Ийм учраас төлбөрийг хийхгүй. “Мечта” цэцэрлэг, сургууль 2014 онд татан буугдсан. Тэгээд ч энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг, “Мечта” сургуулиуд нь бүртгэлийн 0402/162 дугаартай №1 тоот түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Мечта” сургууль нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 162 дугаар цэцэрлэгийн 105.3м2 талбай бүхий өрөөг сургуулийн зориулалтаар ашиглахаар харилцан тохирчээ /хх5-10 хуудас/.
2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг, “Мечта” сургуулиуд бүртгэлийн 0402/162 дугаартай №1 тоот түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Мечта” сургууль нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 162 дугаар цэцэрлэгийн 70.2 м2 талбай бүхий өрөөг сургуулийн зориулалтаар 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар ашиглахаар харилцан тохирсон байна /хх11-17 хуудас/.
2006 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг, “Мечта” сургуулиуд бүртгэлийн 0402/162 дугаартай №1 тоот түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Мечта” сургууль нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 162 дугаар цэцэрлэгийн 70.2 м2 талбай бүхий өрөөг сургуулийн зориулалтаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар ашиглахаар харилцан тохирсон байна /хх18-22 хуудас/.
2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг, “Мечта” сургуулиуд бүртгэлийн 0402/162 дугаартай №2 тоот түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Мечта” сургууль нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 162 дугаар цэцэрлэгийн 343.6 м2 талбай бүхий өрөөг хувийн сургуулийн зориулалтаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар ашиглахаар харилцан тохирсон байна /хх23-29 хуудас/.
2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1, 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №1, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2 тоот гэрээнүүдийн дагуу 162 дугаар цэцэрлэг болон “Мечта” сургуулиудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Дээр дурдсан гэрээнүүдэд гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг болохыг талууд харилцан тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг нь хариуцагч Н.Баяраас гэрээний үүрэгт 9,560,620 төгрөг гаргуулах шаардлагаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1/ 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 тоот түрээсийн гэрээ, түүний хавсралтийн дагуу хариуцагч Н.Баяр нь 162 дугаар цэцэрлэгийн 105.3 м2 талбай бүхий өрөө /сэрүүн өрөө/-ний түрээсийн төлбөрт 315,900 төгрөг, 343.6 м2 талбай бүхий өрөөний түрээсийн төлбөрт 1,855,440 төгрөг төлөх ёстой.
2/ 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1 тоот түрээсийн гэрээ, түүний хавсралтийн дагуу хариуцагч Н.Баяр нь 162 дугаар цэцэрлэгийн 343.6 м2 талбай бүхий өрөөний түрээсийн төлбөрт 1,855,440 төгрөг, 70.2 м2 талбай бүхий өрөө /сэрүүн өрөө/-ний түрээсийн төлбөрт 336,960 төгрөг төлөх ёстой.
3/ 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №1 тоот түрээсийн гэрээ, түүний хавсралтын дагуу хариуцагч Н.Баяр нь 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 3,092,400 төгрөг, 70.2 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 505,440 төгрөг төлөх ёстой.
4/ 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2 тоот түрээсийн гэрээ, түүний хавсралтын дагуу хариуцагч Н.Баяр нь 343.6 м2 талбайн түрээсийн төлбөрт 1,374,400 төгрөг, 70.2 м2 талбай буюу сэрүүн өрөөний түрээсийн төлбөрт 224,040 төгрөг, нийтдээ 9,560,620 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба “...гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “...Мечта сургууль нь татан буугдсан” гэж өөрийн татгалзлаа тайлбарласан.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2004-2006 оны түрээсийн гэрээний үүргийг шаардаж 2010, 2014 онуудад шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүх болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан”, “...хариуцагч олдохгүй байсан тул түүнийг эрэн сурвалжилж дахин шүүхэд хандсан, улмаар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Н.Баярыг эрэн сурвалжлуулсан” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараас үзэхэд 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1, 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №1, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2 тоот гэрээнүүдийн үүргийг шаардах эрх дуусгавар болжээ.
Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тохироогүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн дээр дурдсан гэрээнүүд Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг болон “Мечта” сургуулиудын хооронд байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь тус сургуулийн захирал Н.Баяраас гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.Баяраас 9,560,620 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ