Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2197

 

С С БГБХН-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/01680 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С ср” БГБХН-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: “С к” ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10 700 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С с” БГБХНөхөрлөлийн төлөөлөгч Л.Дашийхүүгийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С с нөхөрлөл нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр С к ХХК-ийн үйлдвэрийн хашаанд захирал Жанчивтай аман хэлбэрээр хэлцэл хийж хайрга нийлүүлэх, нийлүүлж дууссаны дараа төлбөрөө хийхээр тохироод 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 608 шоо-метр хайргыг бэлтгэн нийлүүлсэн. Дээрх хайргыг манай компанийн жолооч Баянмөнх, Отгонжаргал, Батболд нар тээвэрлэж Сити конкрейт ХХК-ийн хашаанд буулган хүлээлгэж өгч байсан.  Хайрганы үнийг зах зээлийн үнээс хямдаар буюу 8.800 төгрөгөөр бодож, тээврийн зардлыг мөн 8.800 төгрөгөөр тооцож, Сити конкрейт ХХК-ийн хашаанд буулгах үнийг 17 600 төгрөгөөр тохиролцсон юм. Иймд Сити конкрейт ХХК-иас тээврийн зардал орсон хайрганы үнэ болох 10 700 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С к” ХХК-ийн захирал М.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нэхэмжлэгчээс хайрга худалдаж авч байгаагүй, харин Б.Зоригтбаяр нь Сүм сүндэр нөхөрлөлөөс зээлээр хайрга авч манай зуурмагийн үйлдвэр дээр боловсруулан цааш худалдсан байхыг үгүйсгэхгүй. Б.Зоригтбаяр нь манай компанитай ямар ч хамааралгүй этгээд бөгөөд түүний авсан хайргыг биднээр төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй.  Тооцоо нийлсэн акт, гэрээ хэлцэл огт байхгүй.  Б.Зоригтбаяр нь би жаахан ажил хийх гэж байгаа гээд манай үйлдвэрээр бетон зуурмаг болгосон удаа байгаа. Энэ асуудлыг Б.Зоригтбаяр, Сүм сүндэр нөхөрлөл хоорондоо ярилцаж, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Бидний тооцоогоор 6 624 000 орчим төгрөгийн хайрга манай үйлдвэрт Б.Зоригтбаяр буулгаж боловсруулсан байж болзошгүй. Харин ч Б.Зоригтбаяр болон Сүм сүндэр нөхөрлөлөөс 1 820 000 төгрөгний шатахууныг хайрга буулгах үйл ажиллагаанд зарцуулсан. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сити конкрейт ХХК-иас 9.820.800 төгрөгийг гаргуулан С с  ББ нөхөрлөлд олгож, нэхэмжлэлээс 880.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186.163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээж, хариуцагч Сити конкрейт ХХК-иас 172.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүм сүндэр ББ нөхөрлөлд олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С к ХХК-ийн төлөөлөгч М.Жанчив давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч талаас гарган өгсөн санхүүгийн баримтууд буюу хайрга хүлээлгэн өгсөн гэх баримт дээр хүлээн авсан этгээдийн гарын үсэг байхгүйгээс гадна зарим үсэг, бичиглэл нь тодорхой бус, бичгээр гэрээ байгуулагдаагүй, тооцоо нийлсэн акт ч байдаггүй, зөвхөн нэхэмжлэгч талын нягтлан бодогчийн бодсон тооцоолол байдаг. Нэхэмжлэгч яг хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь баримтаар нотлогддоггүй. Гэрчийн мэдүүлгээр тооцоолон үнийн дүнг гаргаж ирсэн. Гэтэл гэрч дор хаяж 8 сарын өмнө болсон үйл явдлыг тодорхой санаж, тоо ширхэг, үнийн дүнг нэг бүрчлэн санаж байсан нь түүнийг  үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж хэлэхэд эргэлзээтэй.

 Хариуцагч  нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж гэрээ байгуулаагүй учраас хайрга болон тээврийн хөлсийг хэрхэн тохиролцсоныг мэдэхгүй гэсэн тайлбар гаргасныг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн байна. Мөн 6 624 000 төгрөгийг Б.Зоригтбаяр болон түүний нягтланд байгаа баримтаас тэдний хүлээн авсан хайрганы үнийн дүнгээс өөрийн мэдэж байгаа дүнг л хэлсэн. Гэтэл шүүх ийм хэмжээний хайргыг хариуцагч авснаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан нь бодит үнэнтэй нийцэхгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “С с” БГБХНөхөрлөл нь хариуцагч “С к” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн хайрганы үнэд 10 700 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 608 шоо метр хайрга аваагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

“С с” БГБХНөхөрлөл нь хариуцагч “С к” ХХК-ийн аж ахуйн хашаанд хайрга нийлүүлэн буулгаж байсанд талууд маргаагүй, харин хэдэн шоо метр хайрга нийлүүлсэн, хайргыг хариуцагчид нийлүүлсэн эсэхэд маргаантай байна. 

 

Хэрэгт авагдсан зарлагын баримт нь “Сс” БГБХНөхөрлөл, “С к” ХХК-ийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд зарим баримт дээр хүлээн авагч гарын үсгээ зурсан, зарим баримтад зурагдаагүй хэдий ч тээвэрлэн хүргэсэн машины дугаар, уг дугаарын машинуудаар тээвэр хийсэн жолооч нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн “..,6 672 000 төгрөгийн хайрга авсан” гэх тайлбар зэргийг харьцуулан үзвэл 558 шоо метр хайрга нийлүүлэгджээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 49-56, 67-70/

 

Нэхэмжлэгчийн 1 шоо метр хайргыг 17 600 төгрөгөөр тохиролцон нийлүүлсэн гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, “уг хайргыг манай компани аваагүй, Б.Зоригтбаяр авсан” гэх тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй болно.

 

Иймд 558 шоо метр хайргыг нэг бүрийг нь 17 600 төгрөгөөр тооцон хариуцагчаас 9 820 800 төгрөг гаргуулсныг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн тул нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Харин анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч “С С Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл”-ийн нэрийг “С с ББ нөхөрлөл” гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/01680 дугаар шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсгийн “С с ББ нөхөрлөл” гэснийг “С с БГБХН” гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С к” ХХК-ийн захирал М.Жанчивын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                               Ш.ОЮУНХАНД