Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0034

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЗТ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЗТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 398 дугаарын шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

          “ЗТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт ******* 2 гэх нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын МV-00*******А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оноос 2018 он хүртэл эзэмшиж байсан. Тус хугацаанд компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө цаг тухай бүрд нь төлж, давхар нөхөн сэргээлтүүдийг хийж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

          Тус компани нь анх нэг үүсгэн байгуулагчтай байгуулагдсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар нь С.С******* гэх хүн томилогдож ажилладаг байсан. С.С******* нь тус компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг цаг тухай бүрд төлдөг байсан. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тул компанийн үйл ажиллагааг цаашид эрхлэн явуулах боломжгүй болж 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр Б.Б******* гэх хүнд шилжүүлсэн.

          Гүйцэтгэх захирал Б.Б******* нь тус компанийг удирдах хугацаандаа хуульд заасан үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон татварыг цаг тухай бүрд нь төлдөг байсан. Гэтэл тус компанийн өмнөх захирал С.С******* эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компанийн эрхийг Б*******од шилжүүлэхээсээ өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг бүрэн төлөөгүй байсан байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримтын хувьд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага нь 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна. Гэтэл хариуцагч тухайн ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл нөхцөл байдал бий болсон талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй.

          Бидний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг манай талын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Хариуцагч тал тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай албан бичгийг нэхэмжлэгч талын хаяг болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 19-26 тоот хаягаар хүргүүлсэн гэдэг. Гэтэл манай компанийн албан ёсны хаяг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ******* тоот байгаа. Үүнтэй холбоотой хорооны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан.

          Мөн хариуцагч тал маргаан бүхий 398 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч талаас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй бөгөөд сонсох ажиллагаа явуулаагүй.

          Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасны дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан байдаг. Тиймээс хуульд зааснаар хариуцагч тал нэхэмжлэгчид сөрөг захиргааны актын талаар албан ёсоор мэдэгдсэний дараа гардуулж гарын үсэг зуруулна гэсэн байна.

          2020 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны  газарт албан бичиг хүргүүлсний дагуу Ашигт малтмал кадастрын хэлтсийн даргын хариу албан бичгийг хүлээн авч дээрх шийдвэрийн хуулбарыг анх авсан. Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 7/2442 тоот албан бичиг, мөн оны 5 дугаар сарын 30-ны 398 дугаар шийдвэрийг манай албан ёсны хаягт хүргүүлсэн гэдэг боловч, манай компанийн хаяг дээр ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байсан.

          Манай компанид нөхөн сэргээлт хийх тухай мэдэгдэл байнга ирж байгаа. Үүний дагуу нөхөн сэргээлтийг хийх гэхээр уг тусгай зөвшөөрөлтэй газар Сэлэнгэ аймгийн хилийн бүсэд хамаардаг тул Хил Хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авах шаардлага тавигддаг. Гэтэл Зөвшөөрөл авах гэхээр заавал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх шаардлагатай гэдэг. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн зарчмыг хангахгүйгээр Кадастрын Хэлтсийн дарга маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.

           Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар “...захиргааны актыг энэ хуулийн дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Гэвч хариуцагч тал “ЗТ” ХХК-д тухайн тушаалыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, гардуулаагүй, албан ёсоор утсаар яриагүй учраас бидний зүгээс тус захиргааны актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.

          Манай компани хууль ёсны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө сэргээлгэснээр нөхөн сэргээлтийн ажлыг хийж, улмаар төлбөр, алданги зэргийг төлөхөд оршино.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт ******* 2 гэдэг нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2002 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-д олгосон, улмаар 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр “ЗК” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “ЗТ” ХХК ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байсан. Үүний дагуу Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдлийг анх “ЗТ” ХХК-ийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, ******* тоот хаягаар хүргүүлсэн байдаг боловч энэ нь шуудангийн буцалтаар ирсэн.

Иймд нэхэмжлэгч хуульд заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ЗТ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг “*******-2” гэх нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2002 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-д олгож, улмаар тус албаны даргын 2008 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр “ЗТ” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

“ЗТ” ХХК нь 1 /нэг/ үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар С.С******* ажиллаж байгаад хүнд өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, хувьцааны дагалдах эрх, үүргийг Б.Б*******од шилжүүлэхээр харилцан тохиоролцож улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх хугацаанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Б.Б******* нь “ЗТ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх үүднээс өмнөх захирал С.С*******ын эрүүл мэндийн шалтгааны улмаас хийж амжаагүй төлбөр, татвар, зэргийг төлж барагдуулах ажлуудыг хийж эхэлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байхад нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр “ЗТ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй нь буруутай байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

            Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл, нөхцөл байдал бий болсон талаар огт мэдэгдэлгүй, тус хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр “З” ХХК-ны МҮ-00******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, нөхцөл байдал бий болсон талаар “З ХХК-д мэдэгдсэн бол компанийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх холбогдох нотлох баримт, тайлбар хүсэлтээ өгч  тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлж барагдуулах бүрэн боломжтой байсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 7/2442 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг сануулсан анхны мэдэгдлийг “ЗТ” ХХК-ийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19-26 тоот хаягт, мөн 7/4084 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус тус дээрх хаяг руу хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй шуудангийн буцаалтаар буцаагдаж ирсэн, Улсын бүртгэлийн гэрчилгээнд “ЗТ” ХХК-ийн албан ёсны хаяг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ******* тоотод бүртгэлтэй гэж бичигдсэн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар “...захиргааны актыг энэ хуулийн дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан гэвч хариуцагч тал “ЗТ” ХХК-д тухайн тушаалыг хуульд заасны дагуу манай компанид мэдэгдээгүй, гардуулаагүй, албан ёсоор утсаар ярьж сануулаагүй учраас бидний зүгээс тус захиргааны актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

          Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тухайн шийдвэрийн талаар мэдэгдээгүй, хариуцагч шийдвэр гаргахдаа асуудлыг нягталж тодруулалгүй яаран шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй.                  

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “ЗТ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “ЗТ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, ЗТ ХХК-ийн ашиглалтын MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ