Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

  2022        06          08                                   2022/ШЦТ/124

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа,

улсын яллагч Т.Өсөхболд,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох 2236000920114 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЗ92111119 регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг “Х club” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Энх-Оргилтой маргалдах явцдаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Архи уусан үедээ зүй бус үйлдэл гаргасан. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.Хохирогч ******* зөрчлийн хэрэгт бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой найзтайгаа хамт Бугат багийн нутаг дэвсгэрт байдаг Х нэртэй бааранд орж суусан юм. Тэгээд Ц.*******тэй маргалдаад баарнаас гарч хашааны булан тойртол намайг тонгорч унагасан. Унахдаа хашаа мөргөж дух хэсэг хагарсан. Тухайн үед миний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),

3. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 176 дугаартай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

4.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай “1.******* биед гэмтлүүд учирсан байна. 2.******* биед духны дунд, дээд хэсгийн шарх, духны дунд хэсгийн зулгаралт, зүүн шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.******* биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

5. Согтолтыг тодорхойлох тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

6. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 223600092 дугаартай “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг  нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

7.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос барилгын ажил хийхээр 03 дугаар сард Ховд аймагт ирээд байж байх хугацаандаа “Хар” гэж хоч нэртэй залуутай танилцсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой биллиардын газар тоглож байхад /шинэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ урьд нь танилцсан Хар гэх нэртэй залуу “баар оръё” гэхээр нь бид хоёр “Итгэл” баар ороход 2 залуу сууж байсан. Тэгээд хамт явж байсан найз Хар нэг залуутай нь “юу байна” гэж хэлээд мэндэлсэн. Тэр 2 залуу Хар бид хоёрыг “юу хийж яваа юм” гэж асуусан. Гэтэл Хар “бааранд суудаг юм уу” гэж хэлэхэд “тэгвэл 4-үүлээ “Х” баар оръё” гэж ярилцаж байгаад такси аваад ороод 1 шил архи, 4 ширхэг ундаа аваад босоод явах гэхээр нь “чи боллоо, хүнийг авч өгсөн юмыг зүгээр уучхаач” гэж хэлээд маргалдсан. Тэр үед Ц.******* намайг “чи яагаад найзтай маргалдаад байгаа юм” гэж хэлээд бид хоёр муудалцаж гараад үүдний хэсэгт барилцаад, хоёулаа хол очъё гэж хэлээд Х баарны дээд талын булан тойроход Ц.******* гэнэт намайг тонгороод унагахад би хашааны ирмэг мөргөөд, миний дух хэсэг хагараад цус гарахаар нь уур хүрээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй такси бариад бид хоёр цагдаагийн газар ирэхэд согтуу байна гэж хэлээд Ц.Лхагва-Эрдэнийг эрүүлжүүлэхэд хийгээд, намайг эхнэр Бадамхандад хүлээлгэж өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

8.Гэрч Г.Мавлэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой Баруун бүсийн төв зах дээр байрлах биллиардын газраас Ж.Энх-Оргил бид хоёр хамт яваад Итгэл ресторанд ороход Ц.******* /хоч нэр Монхоо/ Анхаа хоёр сууж байсан. Бид 4 уулзаад Итгэл ресторанаас гараад такси аваад Х баар ороод 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, ундаа аваад задлаад ууж байгаад би бүжгийн талбай дээр байж байгаад ширээн дээр ирэхэд Ж.Энх-Оргил, Монхоо буюу Ц.******* хоёр маргалдаж байгаад гараад явахад Анхаа бид хоёр үлдсэн. Тэгээд тэр хоёр буцаж орж ирээгүй. Анхаа бид хоёр хүлээж байгаад харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

9.Яллагдагч Ц.Лхагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Анхаа задалж байсан архийг нь аваад явах гэхэд Ж.Энх-Оргил “боль” гэж хэлээд маргалдаад байхаар нь би найзыгаа өмөөрөөд Ж.Энх-Оргилтой муудалцаж маргалдсан. Би Ж.Энх-Оргилыг сайн танихгүй. Урьд нь зүс таньж байсан. Ямар нэгэн холбоо байхгүй. Ж.Энх-Оргил бид хоёр Х бааран дотор зодолдсон зүйл байхгүй.  Гараад хол очоод учраа олох гэж байгаад маргалдаж, тонгорч унагасан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

10. Яллагдагч Ц.Лхагва-Эрдэнийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Гэрч Х.Буяндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз Ц.******* нь тогтуун томоотой, дөлгөөн тайван, даруухан, хүнд тусархуу залуу байгаа юм. Ц.******* нь 1992 онд Ховд аймгийн Мянгад суманд Цэдэнбалжир гэх хүний 7 дахь хүүхэд болж төрсөн. 2000-2009 онд Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийг төгсөж, 2009-2011 онуудад Политехник коллежийн нярвын ангийг төгссөн. Ц.******* нь 3 ах, 3 эгчтэй. Ц.******* нь эхнэр, хүүхэдгүй. Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

2.Гэрч Э.Тайванжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Найз Ц.******* нь тогтуун томоотой, тайван дөлгөөн, даруухан, хүнд тусархуу сайн залуу байгаа юм. Бид хоёр найзалж нөхөрлөөд 10 жил болж байна. Ц.******* нь Таван толгойд том машин барьж байгаад ирсэн. Одоогоор ажилгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

   3.Шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, (хавтаст хэргийн 58, 60,  61, 62 дахь тал),

4.2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал),

   5.Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай “Тус багийн иргэн Цэдэнбалжир овогтой ******* ам бүл 2, ээжийн хамт 3 дугаар байрны 07 тоотод түр оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Х сlub” нэртэй баарны гадна шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ж.Энх-Оргилтой маргалдах явцад түүнийг хавсарч унагасны улмаас тэрээр толгойгоороо хашаа мөргөж толгойн хэсэгт гэмтэл учирсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч ******* биед үүссэн духны дунд, дээд хэсгийн шарх, духны дунд хэсгийн зулгаралт, зүүн шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X club нэртэй баарны гадаа хохирогч Ж.Энх-Оргилтой маргалдах явцад түүнийг хавсарч унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал), хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч Г.Мавлэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), яллагдагч Ц.Лхагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтууд нотлогдож байна.

Иймээс шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийг хохирогч Ж.Энх-Оргилтой маргалдах явцад хохирогчийг хавсарч унагааж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 300000 төгрөгийн хор уршгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийг хохирогч Ж.Энх-Оргилыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь 300000 төгрөгийн хор уршгийг түүнд төлж өгсөн байна. (хавтаст хэргийн 68 дахь тал)

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 51 дэх тал) тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сард хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Шүүгдэгч нь хохирогчид Ж.Энх-Оргилд эмчилгээний зардалд 300000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгчийн хүсэлтээр тогтоогдож байгаа тул (хавтаст хэргийн 68 дахь тал) түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, хохирогчид хор уршигт 300000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Лхагва-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Лхагва-Эрдэнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ж.Энх-Оргилд 300000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК