Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 944

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон 51а-16 тоотод оршин байх “Тайж инвест” ХХК /РД:6052819/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, гааль-5 байрны 5 тоотод оршин суух, Бат-Өлзий овогт Дамдинсүрэнгийн Жаргал /РД:ус81061715/-дхолбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жаргал нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Тэрээр зээл авснаас хойших хүгацаанд 2016 оны 7, 8, 9, 10, 11 сарын зээлийн хүүгийн төлбөр 3,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн үлдэгдэл хүүг бүрэн төлөөгүй. Зээлийн төлбөрийг төлөх талаар тус байгууллагаас удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдуулэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгииг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг үндэслэн шүүхэд хандаж байна. Зээлдэгч Д.Жаргал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барьцааны /фидуци/ гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээний 4 дүгээр зүилийн 4.6-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелуулээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдуүлэгч автомашиныг захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн нь өнөөдрийн байдлаар зээлдэгч Д.Жаргалын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд автомашиныг манай байгууллагад хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад тэрээр өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 3.1.4-т “Зээлдүүлэгч нь графкийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй тохиолдолд зээлдүүлэгч автомашиныг хураан авч, зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа барьцаалуулагчийн зээлдэгчид буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Тиймээс фидуцийн гэрээнд заасан шаардах эрхийн дагуу автомашиныг зээлдэгч Д.Жаргалын эзэмшлээс гаргуулан авах хүсэлтэй байна. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн фидуцийн гэрээний 1.1.6-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, өдрийн төлөлтийн графикийг зөрчиж 3-аас дээш өдөр хоцорсон тохиолдолд хоног тутамд 0.1 хувьтай алданги төлнө” гэж заасан ба зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлээр зээлдэгч Д.Жаргалаас дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн 2016 оны 11 дүгээр сарын сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хүү 700,000 төгрөг, зээлийн үүргээ биелүүлээгүйгээс гарах 10,700,000 төгрөгийн алданги хоногийн 0.5 хувиар тооцож 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоногийн 53,500 төгрөг, 47 хоног буюу 2,514,500 төгрөг, зээлийн гэрээний бүгд төлбөр 13,214,500 төгрөгийг хариуцагчаас гаргуүлж, 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эззмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Тайж инвест” ХХК нь Д.Жаргалд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 13,214,500 төгрөг гаргуулах, 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Д.Жаргал нь “Тайж инвест”ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 4,300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлдэн авсан бөгөөд зээл авснаас хойшхи хугацаанд зээлийн төлбөрөөс огт төлөлт хийлгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул “Тайж инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Жаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн нийт төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч Д.Жаргал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 11 дүгээрсарын 29-ний өдөр “Фидуцийн гэрээ” байгуулан 42-71 УБП улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг зээлдүүлэгч“Тайж инвест” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд автомашиныг зээлдэгчийн эзэмшилд ашиглуулахаар гэрээгээр харилцан тохиролцсон. Зээлдүүлэгч нь фидуцийн гэрээнд зааснаар автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрх үүссэн тул автомашиныг хариуцагчаас шаардаж байна. Д.Жаргалын зээлийн сарын хүү 301,000 төгрөг, 3 сарын хүү 903,000 төгрөг, фидуцийн гэрээний 1.1.6-д зааснаар зээлийн өдрийн төлөлтийн график зөрчсөний 0.1 хувиар тооцож 2017 оны 12 дугаар сарын алданги /2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 4,601,000 төгрөг, 30 хоногийн/ 138,030 төгрөг, 2017 оны 1 сарын алданги /2016 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4,902,000 төгрөг, 30 хоногийн/ 147,060 төгрөг, 2017 оны 2 сарын алданги /2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 02дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5,203,000 төгрөг, 29 хоногийн/ 150,887 төгрөг буюу зээлийн график зөрчсөний нийт алданги 435,977 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн фидуцийн гэрээний 1.1.6-д зааснаар зээлийн гэрээний нийт хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр 5,203,000 төгрөгийн хоногийн 0.5 хувиар бодож /2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл/ 208,120 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 4,300,000 төгрөг, үндсэн хүү 903,000 төгрөг, зээлийн гэрээний график зөрчсөний алданги 435,977 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссаны алданги 208,120 төгрөг зээлийн бүгд төлбөр 5,847,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд дараах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1/ Хариуцагч Д.Жаргалаас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр 5,847,097 төгрөг гаргуулах, хариуцагчийн эзэмшлээс 42-71 УБП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашиныг бодитойгоор гаргуулан нэхэмжлэгчид өгөхийг шүүхийн шийдвэрт тусгуулах.

2/ Хариуцагч Д.Жаргалаас зээлийн гэрээний бүгд төлбөр 19,061,597 төгрөг гаргуулах, хариуцагчийн эзэмшлээс 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг, 42-71 УБП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашиныг тус тус бодитойгоор гаргуулан нэхэмжлэгчид өгөхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Тайж инвест” ХХК-д өөрийн эзэмшлийн 01-44 УНЛ улсын дугаартай “Мерседес бенз” машинаа барьцаалан 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан. Миний бие цаг тухай бүрд нь хүүгээ төлж байсан. Ингээд сүүлийн 3 сар улс орны хямралаас болоод ажил доголдож төлбөрийг цаг хугацаандаа төлж чадаагүй. Хүүнд нь гэхэд 4,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч надаас 13,214,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би энэ нэхэмжилж байгаа хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайж инвест” ХХК нь хариуцагч Д.Жаргалд холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес Бенз жи-500” маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулах, мөн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор 42-71 УБП улсын дугаартай “Тоёота приус 20” маркийнавтомашиныг гаргуулах шаардлагуудыг тус тус шүүхэд гаргасан билээ. Д.Жаргал нь зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор 01-44 УБҮ улсын дугаартай “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс гардан авч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн. Тэрээр дээрх хугацаанаас хойш өөрийн холбоо барьж байсан утасны дугаарыг ашиглах боломжгүй болгож, мөн хаана оршин байгаа нь тодорхойгүй шүүхэд ирж хэргийг шийдвэрлүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч талаас Д.Жаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ татан авч үлдэх хэсгийг доорхшаардлагын хүрээнд хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

1/ Д.Жаргалд холбогдуулан гаргасан 01-44 УБҮ дугаартай “Мерседес Бенз жи-500” маркийн автомашиныг Д.Жаргалаас гаргуулах шаардлагаа татан авч байна.

2/ Д.Жаргалд холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор 42-71 УБП улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа түр хугацаанд татан авч байна. 

3/ Д.Жаргалаас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ шаардлагыг хариуцагч гардан авч, хариу тайлбараа өгсөн тул бид энэхүү шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хүсэлтэй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Нэгэнт хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг шүүхийн зүгээс тайлбарлаж өгсөн, хариуцагч 13,214,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан тул энэхүү шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК нь хариуцагч Д.Жаргалд холбогдуулж 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз, жи-500” /Benz G500/ маркын, 01-44 УБҮ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх шаардлагыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн эзэмшлээс 2003 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” /Toyota prius/ маркын   42-71 УБП улсын дугаартай  автомашиныг шилжүүлэн авах шаардлагыг гаргаж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз, жи-500” /Benz G500/ маркын, 01-44 УБҮ улсын дугаартай автомашин, 2003 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” /Toyota prius/ маркын 42-71 УБП улсын дугаартай автомашиныг хариуцагчийн эзэмшлээс шилжүүлэн авах, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөгийг гаргуулах шаардлагаа татан авч, харин 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж оролцов. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...хариуцагч Д.Жаргал нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах, 01-44 УБҮ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх тухай шаардлагыг гардан авсан, харин бидний нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй байгаа.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өөрийн оршин суугаа хаяг, утасны дугаараа өөрчлөөд алга болсон тул түүний гардаж авсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасан тул 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз, жи-500” /Benz G500/ маркын, 01-44 УБҮ улсын дугаартай автомашин, 2003 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” /Toyota prius/ маркын 42-71 УБП улсын дугаартай  автомашиныг хариуцагчийн эзэмшлээс шилжүүлэн авах, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөгийг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13,214,500 төгрөгийн шаардлагын хувьд:

 

2016 оны 6 дугаар сарын өдөр “Тайж инвест” ХХК болон Д.Жаргал нар “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Тайж инвест” ХХК нь 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч Д.Жаргалд шилжүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх хуулийн зохицуулалттай.

 

Хариуцагчийн “...машинаа барьцаалан 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан, ...улс орны хямралаас болоод ажил доголдож төлбөрийг цаг хугацаандаа төлж чадаагүй” гэх тайлбараас үзэхэд “Тайж инвест” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэхээр байхаас гадна зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн эсэх тал дээр маргаагүй.   

 

Нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК нь хариуцагч Д.Жаргалаас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 1 сарын хүү 700,000 төгрөг, 47 хоногийн алданги 2,514,500 төгрөг буюу нийт 13,214,500 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.  Шаардлагын үндэслэлээ “...хариуцагч 6 сарын хүү нийт 4,200,000 төгрөг төлөхөөс 5 сарын хүүг төлсөн ба үндсэн зээл, нэг сарын хүү болон алдангийг бид нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

 

Хэдийгээр хариуцагч “...Би хүүнд нь гэхэд 4,000,000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлах боловч өөрийн татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 1 сарын хүү 700,000 төгрөг, 47 хоногийн алданги 2,514,500 төгрөг буюу нийт 13,214,500 төгрөгийг хариуцагч Д.Жаргалаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,214,500 төгрөг гаргуулах, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз, жи-500” /Benz G500/ маркын, 01-44 УБҮ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх шаардлагыг хариуцагч Д.Жаргалд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан. Улмаар зохигчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг шүүхийн зүгээс мөн өдрөө тайлбарлаж, танилцуулжээ.

 

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн хэдий ч тэрээр шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК нь 2000 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз, жи-500” /Benz G500/ маркын, 01-44 УБҮ улсын дугаартай автомашин, 2003 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” /Toyota prius/ маркын 42-71 УБП улсын дугаартай автомашиныг хариуцагчийн эзэмшлээс шилжүүлэн авах, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,847,097 төгрөгийг гаргуулах шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Жаргалаас 13,214,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 248,918 төгрөгийг, хариуцагч Д.Жаргалаас 224,022 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            Н.ХАНГАЛ