| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00792/И |
| Дугаар | 936 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын 20 дугаар байр, 13 тоотод оршин суух, Зуун мээрэн овогт Цэндийн Одончимэг /РД:ус64042009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаагийн ерөнхий газрын авто баазад холбогдох,
ажилгүй байсан үеийн цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан /0174/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Одончимэгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/204 дугаартай тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын авто баазын диспетчерийн ажлаас нь чөлөөлсөн болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02988 дугаар шийдвэрээр Ц.Одончимэгийг Цагдаагийн ерөнхий газрын авто баазын ашиглалтын хэлтсийн диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 467,241 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас бүтэн нэг сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/241 дугаартай тушаалаар ажилд томилж, Ц.Одончимэгт ажилгүй байсан хугацааны нэг сарын олговорыг олгохоор заажээ. Анхан шатны шүүхээс Ц.Одончимэгийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр халсныг тогтоосон тул ажилд орох тушаал гарах хүртэлх хоёр сарын хугацааны цалингийн нэг сарын хугацааны цалинг олгосон тул үлдэх нэг сарын цалин 467,241 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02988 дугаартай шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уг шийдвэрийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын авто баазын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/241 дүгээр тушаалаар Ц.Одончимэгийг ашиглалтын хэлтэст диспетчерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 467,241 төгрөгийг олгосон. Гэтэл нэхэмжлэгч Ц.Одончимэг нь шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс дахин томилогдох хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгуй байсан үеийн цалин нэхэмжилсэн байна. Манай байгууллага Ц Одончимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02988 дугаартай шийдвэрийг үндэслэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 467,241 төгрөгийг олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуүпийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэсэн заасан байх бөгөөд шүүгчийн туслах дээр дээрх хугацааны дотор очиж уулзахад тэрээр “шүүгч том хэрэг дээр ажиллаж байгаа, ажлын ачаалал их, танай хурлын тогтоолыг гаргаж өгөөгүй байна” гэж хэлсэн. Шүүгчийн хүчин төгөлдөр тогтоол дээрх хугацааг өнгөрч гарсан, тогтоолыг хулээн авсны маргааш нь бид түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилсон тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүйн улмаас бид нэхэмжлэгчийг тэр дор нь ажилд томилж чадаагүй. Учир нь шүүхийн шийдвэрийг бичгээр авч байж бид тушаалаа гаргадаг. Гэтэл шүүхийн байгууллагаас шалтгаалаад бид нэхэмжлэгчийг тэр дор нь ажилд буцаан томилж чадаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ц.Одончимэгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, шүүхийн шийдвэр хэрхэн гарсныг ер нь бол мэдэж байсан гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02988 дугаар шийдвэрээр Ц.Одончимэгийг Цагдаагийн Ерөнхий газрын авто баазынашиглалтын хэлтсийн диспетчерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 467,241 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг Цагдаагийн Ерөнхий газрын авто баазад даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрт зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй талаар маргаагүй ба шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын авто баазын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/241 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02988 дугаар шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Байгууллагын даргын тушаал гаргах” /код-136/-ын 136.4.2 Б заалтуудыг тус тус үндэслэж Ц.Одончимэгийг “Ашиглалтын хэлтсийн диспетчер”-ээр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Ц.Одончимэг нь хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын авто баазад холбогдуулж түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хариуцагч байгууллага түүнийг ажилд буцаан томилсон 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 467,241 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргийг ажил олгогч хүлээх ба ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгох ёстойг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааж өгчээ.
Тодруулбал ажилд нь эгүүлэн тогтоох буюу урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэр гаргасан боловч ажил олгогч биелүүлээгүй тохиолдолд ийнхүү саатуулсан хугацааны цалин хөлсний хохирлыг ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгч Ц.Одончимэг нь хариуцагч байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 467,241 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгав.
Хэдийгээр хариуцагчийн зүгээс “...шүүхийн шийдвэр хуульд заагдсан хугацаанд гараагүй тул бид Ц.Одончимэгийг ажилд эгүүлэн авах тушаалаа гаргаж чадаагүй” гэх тайлбарыг хэлэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэрээ гаргах боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ц.Одончимэгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, шүүхийн шийдвэрийн агуулгыг мэдсэн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаас үзэхэд хариуцагч байгууллага нь “Ц.Одончимэгийг ажлаас халсан тушаал хуульд нийцээгүй тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон” тухай шүүхийн шийдвэрийг тухайн өдрөө мэдсэн гэж үзнэ.
Дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэгэнт Ц.Одончимэгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсаныг мэдсэн, уг шийдвэрийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн нөхцөлд шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болохыг хүлээлгүйгээр биелүүлэх боломжтой тул “...шийдвэр бичгийн хэлбэрээр гараагүй тул биелүүлэх боломжгүй байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас 467,241 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одончимэгт олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Одончимэгт олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын авто баазад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас 16,743 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ