| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00108/И |
| Дугаар | 946 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Орхонтуул 2 дугаар баг, Баянцогт 13 дугаар байр, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Цогзолын Нармандах /РД:мк87040104/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 39 дүгээр байр, 181 тоотод оршин суух, Шарайд овогт Дугаржавын Алтантөгс /РД:сф79071832/-т холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
1,561,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа /0201/, хариуцагч Д.Алтантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат /2127/, иргэдийн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Нармандах би Д.Алтантөгс гэдэг залуутай үерхэж улмаар хамт амьдрахаар болсон. Ингээд би 8,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаатайгаар Г.Барсболдод зээлдүүлэн, зээлийнхээ хүүнд Г.Барсболдын өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва 39-181 тоотын 41,4м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд нь 10 сарын хугацаанд суухаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээг Д.Алтантөгс Г.Барсболд нар байгуулсан. Би 8,000,000 төгрөгийг Г.Барсболдод хүлээлгэн өгч, мөн өдрөө тухайн байрны тавилгыг нь Г.Барсболдын эхнэрээс би бас хүлээн авч гарын үсэг зурж байсан. Ингээд бид тэр байранд 10 сар амьдарсан ба “цаашид хугацаагаа сунгах уу”хэмээн Г.Барсболдоос асуугаад зөвшөөрсөн учраас үргэлжлүүлэн 10 сар суухаар болсон. Энэ хугацаанд Д.Алтантөгс нь намайг зодож дарамтлан, таарч тохироход хэцүү болж, би хөлсний байрнаас 2016 оны 10дугаар сард хөөгдөн гарч, уг байранд Д.Алтантөгс үлдсэн. Би байрны эзэн Г.Барсболдод зээлдүүлсэн 8,000,000 төгрөгөө авах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан ба 2017 оны 8 дугаар сард гудамжинд санаандгүй тааралдан мөнгөө нэхсэн юм. Гэтэл миний 8,000,000 төгрөгийг Д.Алтантөгс нь Г.Барсболдоос нэхэн шүүхээр маргалдаж, улмаар Д.Алтантөгс нь миний 8,000,000 төгрөгийг авахаар болсныг мэдсэн. Г.Барсболд нь “Чи Алтантөгстэйгээ учраа эхлээд ол” гэсэн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01639 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Алтантөгсөд олгогдохоор болсон 8,000,000 төгрөг нь Д.Алтантөгсийн мөнгө биш, миний мөнгө юм. Тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Нармандах миний Г.Барсболдын орон сууцыг хөлслөхдөө Г.Барсболдод тоолон өгсөн 8,000,000 төгрөгийг Д.Алтантөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Алтантөгстэй 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр танилцаж, улмаар хамтран амьдрах болсон. Танилцаад орох оронгүй байсан тул 3 жилийн хугацаанд бид түрээсийн байраар амьдарч байсан. Бид “...дандаа ингэж түрээсийн байраар амьдрах вэ, өөр амьдрах байр ольё” гэж ярилцсан. Ингээд Г.Барсболд гэж хүнтэй зарын дагуу очиж уулзсан бөгөөд мөнгө зээлж хүүнд нь үнэгүй суухаар харилцан тохирсон. Ингээд бид Г.Барсболдтой 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Би өөрийн 8,000,000 төгрөгийг Г.Барсболдод өөрөө тоолж, бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг 8,000,000 төгрөгийг би өөрийн аав, ээжээ, эгчээсээ уван цувуулж авсан, надад байсан мөнгө юм. Манай аав газар тариалангийн ажил эрхэлж байсан учраас аавын данснаас 3,000,000 төгрөг, н.Анастасия гэх ээжийн эгчийн хүүхдээс 3,000,000 төгрөг, н.Буяндэлгэр гэж эгчээс 2,000,000 төгрөг авч нийт 8,000,000 төгрөгийг бүрдүүлж би төлж байсан. Хэдийгээр 8,000,000 төгрөгийг би гаргасан боловч Г.Барсболдтой байгуулсан гэрээн дээр Д.Алтантөгс гарын үсгээ зурсан. Учир нь би хөдөлмөрийн чадваргүй, группт байдаг учраас Д.Алтантөгс гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд би Д.Алтантөгстэй тухайн байрандаа амьдарч байсан. Улмаар Г.Барсболдын хүсэлтээр гэрээг дахин сунгасан. Д.Алтантөгс энэ хугацаанд байнга архи ууж, надад гар хүрч байсан ба би түүнийг өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсныг мэдсэн. Намайг зодож дарамтлаад байсан учир би 2016 оны 10 дугаар сард байрнаас гарсан. Тухайн үед зодуулж дарамтлуулж байсан учраас цагдаад хүртэл дуудлага өгч байсан. Ингээд явж байтал Д.Алтантөгс нь Г.Барсболдоос 8,000,000 төгрөгийг өөрийн мөнгө мэтээр нэхэмжлэн шүүхээр заргалдаж, улмаар мөнгөө авах шийдвэр гаргуулсан болохыг сүүлд мэдээд би өөрөө шүүхэд хандаж байна. Нэгэнт Д.Алтантөгс нь миний 8,000,000 төгрөгийг байранд орохдоо төлсөн учир уг 8,000,000 төгрөгийг хариуцагч Д.Алтантөгсөөс гаргуулж өгнө үү. Тэрээр миний 8,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөд байна.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч авах эсэх нь хариуцагчийн эрх бөгөөд заавал өмгөөлөгч ав гэж хэн ч түүнийг шахаагүй. Угаасаа иргэний хэрэг маргаанд өөрсдийн үүрэг хариуцлагын хүрээнд нотариатын зардал зэргийг гаргадаг учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Алтантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ц.Нармандах нь шүүхийн шийдвэрийн дагуу Д.Алтантөгсөд олгогдох 8,000,000 төгрөгийг өөрийн мөнгө байсан мэтээр нэхэмжилжээ. Ц.Нармандах нь өөрийгөө ийм хэмжээний орлоготой байсан тухай нэг ч нотлох баримтуудыг хавсаргаагүй, шүүхийн шийдвэр, хэрэгт огт ач холбогдолгүй СӨХ-ны баримтуудыг хавсаргасан ба зээлдэгч Г.Барсболд тэдний гэр бүлтэй нийлж, дахин луйвар залилан хийж явна. Нэхэмжлэгч нь Д.Алтантөгсийн тэтгэврийн мөнгө болон “Хаан” банкны цалингийн картыг нь өөрийн эзэмшилд авч, ашиглан ах дүү, аав ээж, хамаатан саднуудтайгаа бүлэглэн түүний өрөвч сайхан сэтгэл, итгэлийг эвдэн амьдрах арга, эх үүсвэрээ болгон олон удаа зээл авахуулж, түүний олсон орлогыг хумслан ар гэрийнхнийгээ тэжээн амьдарч байсан нь Д.Алтантөгсөд мэдэгдэж, түүнийг хөөж явуулсан байдаг. Энэ тухай нотлох баримтаар өгч буй Д.Алтантөгсийн Хаан банкны 31,934,988 төгрөгийн гүйлгээний хуулга, Төрийн банкны 6,106,886 төгрөгийнгүйлгээний хуулга, Хас банкнаас 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гүйлгээ, Капитал банкны тэтгэврийн зээлийн 4,857,466 төгрөгийн гүйлгээ, банкаар орсон нийт орлого 48,899,340 төгрөгийн гүйлгээний баримтуудыг хавсаргав. “Хаан” банкны картыг нь ашиглан Ц.Нармандах нь өөрийн “Хаан” банкны дансандаа болон төрсөн дүү нар болон аав ээж, ах дүү хамаатандаа цаг үргэлж 500,000-500 төгрөг хүртэл шилжүүлж байсан нь “Хаан” банкны хуулгаар нотлогдоно. Мөн Д.Алтантөгс уг данснаасаа 8,000,000 төгрөг бэлнээр гаргасан болох нь дээрх хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь Д.Алтантөгсөөс салж чадахгүй, аав, ээж, дүү нараараа нийлж, дарамтлан сүүлдээ түүний машинд төрсөн эцэг, эх нь бүтэн өдөржингөө “нэг бол охинтой минь буцаж нийл, эс бол 5,000,000 төгрөг өг” хэмээн дарамтлахад нь тэрээр өөрөө асуудлаа шийдвэрлэж чадалгүй, арга буюу Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж тэднийг машинаас нь буулгаж, “охиноо аваад яв” гэснээс хойш сураггүй болсон. Иймд Ц.Нармандахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтантөгс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Алтантөгс би Г.Барсболдтой зээлийн гэрээ байгуулж, түүнд 8,000,000 төгрөг зээлдүүлсэн ба энэхүү 8,000,000 төгрөгийг Ц.Нармандах нь “миний 8,000,000 төгрөг” хэмээн худал зарга мэдүүлж, нэхэмжлэл гаргасан тул миний бие өмгөөлөгч Л.Нинжбатаар өмгөөлүүлэхээр түүнтэй гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид нотлох баримтууд цуглуулж өгөх, хүргэж өгөх, тэднийг шүүх дээр хүргэх, мөн ажил болон гэрт нь унаагаар хүргэх, тэдэнтэй уулзах зэрэгт унааны шатахууны 35,000 төгрөгийн зардал, банкуудаас архивын лавлагаа авах болон хуулгууд авахад мөн нотариатын зардалд нийт 1,561,800 төгрөгийн зарлага гарч хохирсон тул учирсан хохирлыг хариуцагч Ц.Нармандахаас гаргуулан барагдуулж өгнө үү. Миний бие Ц.Нармандахтай 2013 оны 6 дугаар сараас эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд улмаар 2013 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Энэ хугацаанд өөрийн банкны картууд болон олсон ашиг, орлогоо түүнд итгэн өгч байсан ба 2015 оны 9 дүгээр сарын 24-нд эгч Д.Алтанчимэгээс 10,000,000 төгрөгийг зээлдэн авч, 2015 оны 9 дүгээр сарын 28-нд Ц.Нармандахын хамт очиж “Хаан” банкнаас 8,000,000 сая төгрөгийг бэлнээр гаргаж аваад Г.Барсболдын байранд орсон. Г.Барсболдтой зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 30-нд байгуулсан. Гэвч Ц.Нармандах нь уг мөнгийг “миний мөнгө” хэмээн заргалдаж байгаа нь түүнд болон тэдний гэр бүлд ийм хэмжээний орлого байхгүй, өөрөө халамжийн мөнгө 100,000 орчим төгрөг авдаг боловч ээж, аав нь охиныхоо энэхүү халамжийн мөнгийг нь авдаг байсан. Би Ц.Нармандахын хүсэл сонирхолыг нь бүрэн дэмжиж жолооны курс болон компьютерийн курс, “Даян хүчтэн” фитнесс клуб зэрэгт суралцуулан, тэдгээрийн сургалтын төлбөрүүдийг, мөн түүний явах дуртай Христийн сүмд өргөх өргөл барьцыг 100 хувь миний бие бүгдийг төлж байсан. Түүнчлэн гоо сайхны лангууг түрээслэн “FМ групп”-ийн гэх гоо сайхны 1,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч өгч, ажилтай болгож байсан. Тэрчлэн өөрийн хөрөнгөөр Ц.Нармандахын аавынд нэг ажилчныг хотоос дагуулан очиж цалинжуулан, өөрийн хийсэн блокоор хашаа барьж өгч байсан. Миний олсон орлого маш хурдан дуусдаг, байнга мөнгө нэхэж хэрүүл үүсгэдэг байсан ба санамсаргүйгээр нэгэн удаа шкафнаас иргэний үнэмлэхээ хайж байхад түүний нэр дээрх Хас болон Төрийн банкуудын хадгаламжийн дэвтрүүд гарч ирсэн бөгөөд түүнийх нь орлогын учир, нууцалсан шалтгааныг асуухад тэрээр “Чамд хамаагүй” гэж уурлахад нь түүнд итгэх итгэл минь алдарч түүнээс салах шалтгаан болсон. Үүнээс хойш Ц.Нармандах гэр бүлээрээ ирж, миний машинд өдөржингөө сууцгааж “нэг бол манай охинтой суу, эс бол манай бага хүүг эхнэртэй нь энэ байрандаа суулга” гэж шахаж дарамтлахад нь эгч Д.Алтангэрэлд хэлж, асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдүүлж байсан. Улмаар Ц.Нармандах нь надтай хамт миний эгч Д.Алтанчимэгийнд очиж 10,000,000 төгрөгийг урт хугацаатай зээлж авсан хирнээ зээлдэж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж “минийх” гэж заргалдаж, надад болон манай гэр бүлийнхний ажил албыг алдагдуулж, их чирэгдэл учруулж, мөн мөнгө санхүүгийн зардал гаргаж төвөг учруулж байгаа явдалд маш их гомдолтой байна. Иймд надад учруулсан дээрх 1,561,800 төгрөгийн хохирлыг Ц.Нармандахаас гаргуулан барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Алтантөгстэй хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй ч бид сайн дурын үндсэн дээр хамтран амьдарч эхнэр, нөхрөөс ялгаагүй харилцаатай амьдарч байсан. Гэтэл Д.Алтантөгс нь сөрөг нэхэмжлэлдээ хамтын амьдралын явцад гарсан зардлаа тоочиж байгаа, мөн намайг болон миний аав ээжийг амьдралын бололцоогүй гэж доромжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Бидний хамтын амьдралаа дуусгавар болгосон шалтгаан нь Д.Алтантөгс өөрөө архи ууж намайг байнга зоддог байсантай холбоотой билээ. Мөн Д.Алтантөгсөөс нэхэмжилж буй өмгөөлөгчийн хөлс, нотлох баримт гаргах, хүргэж өгөх унааны зардал, банкны лавлагаа, нотариатын зардал зэрэг нийт 1,561,800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, авахгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал бөгөөд заавал өмгөөлөгч авах хэрэгцээ шаардлага байгаагүй, өөрийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч хөлсөлсөн байна. Иймд уг зардлыг зайлшгүй гарсан хохирол гэж үзэхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би нэхэмжлэгч Ц.Нармандахтай 2013 оны 4 дүгээр сард анх танилцаж, хамтран амьдарсан. Би өөрийн эгч Д.Алтанчимэгт “...Ц.Нармандах бид хоёр хүнд мөнгө зээлж, хүүнд нь үнэгүй орон сууцанд нь суумаар байна, мөнгө зээлээч” гэж хэлсэн. Манай эгч “...эхлээд гэрээ хийгээд ир, тэгвэл өгнө” гэж хэлсэн. Үүний дагуу зараас хайж байгаад хамгийн анх Г.Барсболд гэж хүнтэй очиж уулзаж, мөнгө зээлж хүүнд нь түүний орон сууцанд амьдрахаар тохирсон. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай эгч над руу 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс би 8,000,000 төгрөгийг бэлнээр аваад 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бид Г.Барсболдын байранд нүүж орсон. Энэ өдрөө 8,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг Г.Барсболдод бэлнээр өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бид нотариат дээр очиж гэрээ хийгээд үлдэх 1,000,000 төгрөгийг Г.Барсболдод өгсөн. Өөрөөр хэлбэл Г.Барсболдод өгсөн 8,000,000 төгрөг нь миний мөнгө бөгөөд түрээсийн гэрээн дээр ч би өөрөө гарын үсгээ зурсан. Манай эгчийн над руу шилжүүлсэн үлдэх 2,000,000 төгрөгийг Ц.Нармандах нь өөртөө авч, аав, ээж рүүгээ шилжүүлээд дуусгасан. Ц.Нармандах нь “...манай аав 3,000,000 төгрөг шилжүүлсэн” гэж байна. Гэтэл уг 3,000,000 төгрөгийг Ц.Нармандахын эцэг н.Цогзол нь өмнө нь зээлж байсан бөгөөд н.Цогзол уг мөнгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр буцаан шилжүүлсэн. Харин эгч н.Анастасияагийн өгсөн гэх 3,000,000 төгрөгийг Ц.Нармандах нь өөрөө их бага хэмжээгээр үрээд дуусгасан болох нь түүний дансны хуулгын зарлагын хөдөлгөөнөөр нотлогдоно. Ц.Нармандахын дансны хуулгыг харах юм бол тэрээр бэлнээр их хэмжээний мөнгө авч байгаагүй бөгөөд дандаа өөртөө болон ээж, аавынхаа хэрэгцээнд зарцуулж дуусгасан болох нь харагдах юм. Иймд хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь өөрөө үндэслэлгүй.
Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Ц.Нармандах нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас хариуцагч өмгөөлөгч авах болон бусад зардалд нийтдээ 1,561,800 төгрөгийн зардлыг гаргаад байна. Тодруулбал, өмгөөлөгчид бид 1,500,000 төгрөг, бензин, шатахууны зардалд 35,000 төгрөг, лавлагаа авахад 10,800 төгрөг, нотариатын зардалд 16,000 төгрөгийг Ц.Нармандахын хууль бусаар шүүхэд хандсанаас болж зарцуулаад байгаа бөгөөд хэрэв Ц.Нармандах нь ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй байсан бол би ийм хэмжээний мөнгөөр хохирохгүй байсан гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн нэхэмжлэл:
2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэг талаас Д.Алтантөгс нөгөө талаас Г.Барсболд нар “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д.Алтантөгс нь 8,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Г.Барсболдод шилжүүлэх, үүний хариуд буюу 8,000,000 төгрөгийн хүүнд Д.Алтантөгс нь Г.Барсболдын өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот орон сууцанд суухаар болсон байна.
Мөн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөө Д.Алтантөгс болон Г.Барсболд нар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр Д.Алтантөгс нь зээлийн хүүндээ оршин суухаар болсон Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот орон сууцыг хэрхэн ашиглах талаар Г.Барсболдтой харилцан тохирчээ.
Д.Алтантөгс болон Г.Барсболд нар дээр дурдсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд маргаан үүсгэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дүгээр шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 001/хт2018/00118 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд зааснаар Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот орон сууцыг чөлөөлөхийг Д.Алтантөгсөд, харин 8,000,000 төгрөгийг Д.Алтантөгсөд хүлээлгэн өгөхийг Г.Барсболдод тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй. Иймд дээр дурдсан үйл баримтыг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц.Нармандах нь хариуцагч Д.Алтантөгсөд холбогдуулж 8,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие Д.Алтантөгстэй хамтран амьдрах хугацаандаа 8,000,000 төгрөгийг Г.Барсболдод тодорхой хугацаанд зээлж, зээлийн хүүнд нь Г.Барсболдын өмчлөлийн орон сууцанд амьдрах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан бөгөөд уг 8,000,000 төгрөгийг миний бие гаргасан. Гэвч Д.Алтантөгс байнга архи уун, надад гар хүрч байсан учир би тэр байрнаас нь гарч явсан. Гэтэл Д.Алтантөгс нь уг мөнгийг өөрийнх мэтээр шүүхэд маргаан гарган ялж 8,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна” гэж тайлбарлав.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...би 10,000,000 төгрөгийг өөрийн төрсөн эгч Д.Алтанчимэгээс дансаар зээлэн авсан ба уг мөнгөнөөс 8,000,000 төгрөгийг иргэн Г.Барсболдод өгсөн, 8,000,000 төгрөг нь миний мөнгө” гэжээ.
Аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заажээ.
2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн аав болох Д.Цогзолоос шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ээжийн эгчийн хүүхэд гэх н.Анастасияагаас шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эгч н.Буяндэлгэрийн “Гласс тауэр” ХХК-иас зээлсэн 2,000,000 төгрөг нь Г.Барсболдын өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот орон сууцанд орохын тулд Г.Барсболдод өгсөн 8,000,000 төгрөгийн эх үүсвэр нь болсон гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна /хх 55, 56, 72 хуудас/.
Харин “...би өөрийн төрсөн эгчээс зээлсэн 8,000,000 төгрөгийг Г.Барсболдод өгсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь шүүхийн шийдвэрүүд, хариуцагч Д.Алтантөгсийн “Хаан” банкин дахь 5085078290 тоот дансны хуулга, 8,000,000 төгрөгийг гаргасан уг дансны “Зарлагын мэдүүлэг” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Алтантөгс нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ц.Нармандахын 8,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэл:
Хариуцагч Д.Алтантөгс нь нэхэмжлэгч Ц.Нармандахаас өмгөөлөгчид төлсөн 1,500,000 төгрөг, шатахууны зардал 35,000 төгрөг, архивын лавлагаа, хуулга авахад зарцуулсан 10,800 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 1,561,800 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нийгмийн аливаа харилцаа хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэх бөгөөд Иргэний хуулийн 497-514 дүгээр зүйлд зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тусгасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нэхэмжлэгч Ц.Нармандах нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас надад 1,561,800 төгрөгийн хохирол учирсан. Хэрэв Ц.Нармандах нь ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй байсан бол би ийм хэмжээний мөнгөөр хохирохгүй байсан” гэжтайлбарласнаас үзэхэд тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагаа гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй оролцох ба энэхүү үүргээ хэрэгжүүлэх үүднээс бусдаас хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт цуглуулах зэрэгт гаргасан хариуцагчийн зардлыг Ц.Нармандахын буруутай, хууль бус үйлдлийн улмаас түүнд учирсан хохирол гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Алтантөгсөөс 8,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Нармандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ц.Нармандахаас 1,561,800 төгрөг гаргуулах тухай Д.Алтантөгсийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 39,938 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
З.ДОРЖНАМЖИН