Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 962

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         06           22                                  2022/ШЦТ/962

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дариймаа,

   Улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,

   Хохирогч Л.Э,

Шүүгдэгч П.Г түүний өмгөөлөгч Б.Учрал  нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогтой Пүрэвжавын Год холбогдох эрүүгийн 2206 00000 1376 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны гадаа хохирогч Л.Этай тодорхой шалтгангүйгээр маргалдан, улмаар хохирогч Л.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, зүүн өвдөг, зүүн нүдний алимын салтад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар  20-ны өдөр хэлтсийн даргын гэрт очоод орой 23 цагийн  үед  Балцоож, Нямсүрэн, Алтанзул, Маналжав нартай хамт гарсан. Нямсүрэн маргаан хийгээд түрүүлээд яваад өгсөн. Улаанхуарангийн ойролцоо намайг хүлээгээд зогсож байсан. Би гэрт нь хүргэж өгөхөөр хамт таксидсан. Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойролцоо зогсоход Л.Э гэх дүү нь ирсэн байсан. Би таксинаас буугаад өөр тийшээ явах гэсэн боловч хамт явъя гээд намайг аваад явсан. Намайг өөрийг нь ахаа гэж дууд гэж хэлсэн. Тэгээд намайг чи надтай юм ярьж чадахгүй бол манай дүүтэй ярилц гэсэн. Л.Э нь чи энэ хүнийг ахаа гэж харилцах ёстой гэхэд би нь чадахгүй гэж хэлээд явсан. Гэтэл Нямсүрэн намайг цохисон. Л.Э Нямсүрэн хоёр намайг цохисон. Миний хамраас цус гоожоод салцгаасан. Би дүүг нь цохиод шүдийг нь хугалсан.” гэв.

           

Хохирогч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгчийн өгсөн 350.000 төгрөгөөр томографын зураг авхуулах, “Басхүү” шүдний эмнэлэгт үзлэг хийлгэхэд гарсан төлбөрийг төлсөн. Нийт 14.274.550 төгрөгийн баримт байгаа. 13.964.550 төгрөгийг төлөөгүй. Надаас бодитоор буюу нүдний ухархайн ясны хагалгаанд ороход 4.584.550 төгрөгийн зардал гарсан. “Басхүү имплант” эмнэлгийн тодорхойлолтоор 9.340.000 төгрөгөөр 3 шүдэндээ эмчилгээ хийлгэнэ гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд энэ зардал нь зайлшгүй гарах зардал юм. Иргэний хуулийн 228 дугаар 228.4 дэх хэсэгт хохирогч нь гэм хорын хохирлыг урьдчилан төлөхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар эрүүгийн шүүх хуралдаанаар гаргахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эы “Байрны гадаа ирээд тамхи татаад зогсож байгаад манай ах нөгөө хамт ирсэн залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би тэр 2-ыг салгахад манай ахтай хамт ирсэн залуугийн гар утас газар унасан, би гар утсыг аваад өгөхөд намайг хэл амаар доромжилоод миний куртикнээс татаад куртикний 2 суга талыг ураад толгой, нүүр хэсэгт маш олон удаа цохисон. Тэгээд тухайн хүнд шүд унасан байна гэж хэлсэн чинь дахиад газар унагаж байгаад биеийн бүх хэсэг рүү цохисон. Миний дээд үүдэн шүднүүд унасан, дээд, доод уруул дотор талдаа язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, дух хавдсан баруун гар хөндүүр байна.” /хх-ийн 8-9 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Гын өгсөн: “Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажууд таксинаас буухад Бямбасүрэнгийн дүү нь ирчихсэн байсан тэгээд би таксинаас буугаад салаад явах гэсэн чинь Бямбасүрэн дуудаад уулзы юм ярия гэж хэлсэн тэгээд би очоод юм яриад зогсож байна чинь чи намайг ахаа гэж дуудаж чадахгүй юу гэж хэлэхээр нь би чамайг ахаа гэж дуудаж чадахгүй гэж хэлсэн тэгсэн тэгвэл чи манай дүүтэй юм ярьчих гэж хэлсэн тэгэхээр нь би дүүд нь хөгшөөн би заавал танай ахыг ах гэж дуудах шаардпага байхгүй шүүдээ гэж хэлсэн чинь дүү нь чи манай ахыг ах гэж дуудах ёстой гэхээр нь би чадахгүй гэсэн тэгсэн Бямбасүрэн хажууд зогсож байгаад миний хамарлуу 1 удаа цохихоор би доошоо тонгойход тэр 2 нийлээд цохиод байсан хэн нь цохиод байсан талаар бол мэдэхгүй байна архи согтууруурлах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тэгээд газар миний утас унахаар утсаа аваад дүүг яаж байгаа юм гээд цамцнаас барьж авахад Бямбасүрэн намайг цохих гээд хүрээд ирэхээр би дүүг нь цамцнаас татаад зодсон байгаа яг хаашаа нь цохиж зодсон талаар бол мэдэхгүй байна тухайн үед согтуу байсан.” /хх-ийн 46-47 хуудас/ гэх мэдүүлэг.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №497 дугаартай шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “1.Л.Эы биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, нуруу, зүүн өвдөг зүүн нүдний алимны цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, 2 шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна.” /хх-102-103/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Г нь хохирогч Л.Этай тодорхой шалтгаангүйгээр маргалдан, улмаар хохирогч Л.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, зүүн өвдөг, зүүн нүдний алимын салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4621 дугаартай “Л.Эгийн биед дух, баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, зүүн өвдөг, зүүн нүдний алимын салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Л.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4621 дугаартай шинжээчийн дүгнэлтэд миний толгойн КТГ зураг болон бусад холбогдох шинжилгээний хариу, шүдний зураг зэрэг авагдалгүй гарсан тул дутуу юм. Тиймээс эдгээр баримтыг нэмж тусгуулан судлуулж дүгнэлт гаргуулах саналтай талаар мэдүүлсэн.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч хавтаст хэргийн /21-22/ дугаар талд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4621 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Толгойн КТГ хийлгэхээр явсан боловч хариу авчраагүй тул дүгнэлтийг гаргав.” гэж шинжээч эмч Б.Цолмон бичсэн байх тул нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1591 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ “ өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл дээр нэмж зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал гэмтэл тогтоогдсон гээд,  дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна.” гэх №497 дугаартай дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг талууд хүлээн зөвшөөрсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлцгээсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч П.Г нь хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.Г нь хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч П.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч П.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600.000 төгрөгөөр торгох ” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч П.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цаашид гарах төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч П.Г нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Л.Э нь гэм хорын хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардал болон эмнэлэгт хэвтсэн зардал, “Орбита” эмнэлэгт мэс засал хийлгэсэн зардал, эм тариа авсан, цаашид шүдэндээ эмчилгээ хийлгэх зардал зэрэг 14.335.050 төгрөгийн баримтууд гаргаж өгч үүнээс гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох хэрэглэсэн эм тариа, мэс засал хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн бодит зардал болох 4.454.550 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин шүдний эмчилгээг хийлгээгүй байх бөгөөд урьдчилан гаргуулах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч нь өөрийн сонгосон эмнэлэгийн төлөвлөгөө, төлбөрийн тооцоог, шүүгдэгч өөрийн таньдаг эмчийн эмнэлгийн үйлчилгээг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын эмнэлгийн үнэ ханшыг баримтлах гэсэн саналуудыг тус тус гаргаж байх харьцангуй зөрүүтэй үнийн дүнгүүд байх бөгөөд алийг нь үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлвэл иргэний нэхэмжлэлтэй холбоотой тоо, тооцооллыг уг шүүх хуралдаанаар хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул хохирогч нь ирээдүйд гарах уг зардлаа болон нүдний төлөвлөгөөт эмчилгээ хийлгэхэд гарах зардал зэргийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс бодит гарсан, нотлох баримтаар нотлогдож байгаа 4.454.550 төгрөгийг шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хуралдааныг эхлүүлэхээс өмнө хохирогчид төлсөн, хохирогч хүлээн авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч П.Гыг энэ шүүх хуралдааны тухайд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Ди, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Год 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Дийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Э нь гэм хорын хохиролтой бусад нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА