Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,******* нар /онлайн/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2221000000044 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ......ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот , оршин суух, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол 1200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 972 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдаж байсан, гавьяа шагналгүй, овогт /РД: /.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 сарын 24-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг “” гэх газарт орших өөрийн гэрийн хашаанд орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийн баруун гарын шуу хэсэгт хазан эрүүл мэндэд нь баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын ажиллагаанд би гомдолтой байна. Анхнаасаа олон ч алдаа гарсан. Намайг гэрчээр мэдүүлэг өг гээд сумын цагдаагийн газарт очсон. Ингэхдээ би эхнэртэйгээ хамт очиж таарсан. Тэгэхэд ганц надаас мэдүүлэг авсан. Өөр хэнээс ч мэдүүлэг аваагүй. Тэгэхэд би гэрч нараас мэдүүлэг авахгүй юм уу гэж асуухад гэрчийн мэдүүлэг авсан. Тэрнээс биш гэж хүнийг гэрчээр мэдүүлэг өгөөч гэж цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс малчнаар ажилд авсан. Тэрнээс биш би ээжийг нь ажилд аваагүй. хувьд архи, дарсны асуудал болон гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн хулгайн хэрэгт холбогдож байсан хүн юм. Энэ талаар түмэн олон мэддэг, муу хэлдэг. Гэхдээ би засаж залруулахыг хүссэн. Гэр бүлийнхээ хүний үгнээс зөрж байж ажилд авсан. Эхний нэг сар сайн ажилласан. Гэтэл 12 дугаар сарын 15-ны өдрөөс алга болсон. Ингээд яав ийв гэхэд аймгийн төв дээр дахиад нэг эхнэртэй гэдэг сураг гарсан. Хохирогчийн хувьд хүүхэддээ утас, машинаа өгч явуулсан байдаг. Ингээд өөрөө утас ч үгүй болсон тул хүүхдийнхээ араас санаа зовж эхэлсэн ба Баян-Уул суманд архи ууж байгаа сураг дуулсан гээд хамт араас нь явсан. 7 хоногийн хугацаанд хөөцөлдөж явсан байна лээ. Би 23-ны өдөр гэртээ ирэхэд өөрийнхөө хашаанд архи уусан байдалтай, 3 хоногийн хугацаанд архи ууж байна гэж надад хэлсэн. 15-ны өдрөөс хойш танай хүүхэд цалин авчихаад ажиллахгүй байна. Оронд нь манай эхнэр малыг нь хараад байна. Ийм байж болох уу? энэ асуудлаа цэгцэлчих гэж хэлэхэд би хүүхдийнхээ хийх ажлыг өмнөөс нь хийе гэж надаас гуйгаад манай машиныг унаад малд явсан. Манай нохой хоёрхон настай амьд амьтан байгаа. Би төлийг нь авах гэж тэжээж байсан юм. Эр, эм хоёр нохой авч ирсэн. Гарал үүсэл, удмын бичгийн дагуу авсан. Гэхдээ энэ удмын бичиг дээр миний нэр байхгүй. Энэ нохой хэний нохой гэдгийг улсын яллагч, мөрдөн байцаагчийн зүгээс надаас асууж байгаагүй. Би арга ядаад урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөрөө тайлбарлаж хэлсэн. Энэ нохой нь компанийн нэр дээр байдаг нохой, удалдаж авсан мөнгө нь компаниас төлөгдсөн, харуул хамгаалалтын компани дээр харъяалагддаг. Хоол, унд нь хүртэл тухайн компаниас төлөгддөг. Шууд л намайг бүх зүйлд буруутай гээд дайраад байх юм. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайн үед манай гэрийн гадаа ирээд машины сигнал дарсан. Тэр үед би цонхон дээр утсаар яриад зогсож байсан. Би утсаар ихэнхи ажлаа амжуулдаг хүн. Улаанбаатар хотод ихэвчлэн ажилладаг. Би ийг гэртээ оруулж байгаагүй. Хүүхдийг нь ч гэсэн гэртээ оруулж байгаагүй. Яагаад гэхээр би өмнө нь хийсэн хэрэг болон хэрэгт холбогдож байсан асуудлыг нь мэддэг байсан юм. Ингээд эгчийн хувьд хаалганы цаана үлдсэн ба манай эхнэр хашааны хаалганы наад талд байсан. Гэнэт араас нь ороод ирсэн. Тэгээд л хөөе гэж бахираад л сарвалзхаар нь манай нохой очоод хазсан байсан. Би тэр даруйдаа очоод нохойгоо салгаж авсан. Намайг очиход гуталнаас нь зуусан байсан. Намайг нэг ч удаа хохирол төлөөгүй гэж ярьдаг. Би өөрийгөө энэ хэрэгт буруутай биш гэж боддог. Тиймээс хохирлыг төлөхгүй гэж боддог. Би өөрөө эр хүний жудаг гаргаж авгайд төлбөр төлж байсан. Би эмнэлгийн хүн биш хэдий ч өөрөө боолт хийж өгч байсан. Би өөрийг нь аваад эмнэлэг рүү давхисан. Тэгэхэд миний машины дугуй хагарсан. Тэглээ ч би тэрийг үл тоон дугуйгаа шаттал нь давхисан. Би ганцаараа эзгүй газарт үлдсэн. Тухайн айлын хүнийг гуйгаад эмнэлэг рүү явуулсан. Ингээд өөр машинаас дугуй хийгээд арай гэж араас нь очсон. Тэгэхэд эмнэлэгт үзүүлсэн байсан. Би эмнэлгийн зардлыг нь төлсөн. Эмнэлэг чинь үнэгүй үздэггүй юм байна лээ шүү. Ингээд би аймгийн эмнэлэг рүү энэ хүнд машин олж өгөөд явуулсан. Мөн өөрөө мэдүүлэг өгөхдөө “надтай нэг ч удаа яриагүй” гэж мэдүүлэг өгсөн байна. Та энэ үед утасгүй байсан шүү дээ. Би эхнэрийнхээ утсыг танд өгч явуулсан. Ямар ч юм болсон надад мэдэгдээрэй гэж хэлсэн. Гэтэл тэр утсыг ч одоо хүртэл өгөөгүй байгаа шүү дээ. Энэ явдлаас хойш надаас хэд хэдэн удаа мөнгө нэхэж авсан. Машин хүлээж байхдаа би буцаад 50 гаруй км явж хувцасыг нь гэрээс авч ирсэн. Тэгэхэд “уг нь надад нохой дайрна гэж хэлж байсан. Би өөрөө л ороод хазуулчихлаа” гэж яриад сууж байсан. Одоо огт өөр зүйл яриад байх юм. Мөн миний утасны дугаарыг хэд хэдэн хүнд өгч надаас мөнгө нэхүүлдэг байсан. Ганц хүн залгасан бол би дув дуугүй байна. Гэтэл хэд хэдэн хүн хагалгааны мөнгө гэж надаас нэхсэн. Мөн нохойгоо уя гэж хэлээгүй гэж яриад байх юм. Өдий насны хүн байж ингэж худал хэлэхээсээ ичээч гэж хэлмээр байна. Би таны өмнөөс ичиж байна. Манай гэр бэлчээрийн ган торон хашаатай. Манай нохой бүдүүн биетэй 100 гаруй кг жинтэй. Тэгж хашаан дээгүүр давж үсрэх чадамжгүй. эгчийн хувьд очоод шууд нохойг харсан байгаа. Сул байгаа гэж хэлээгүй ч та өөрөө сул байгааг нь харж байгаа. Торон хашаан дотор юу байгаа нь бүгд харагдаж байгаа шүү дээ. Улаан цайн худал хэлээд байх юм. Би нэг ч удаа холбогдож биеийг нь асуугаагүй гэж хэлээд байх юм. Би хичнээн удаа араас чинь холбогдсон билээ. 1 сая гаруй төгрөгийг надаас нэхээд байх юм. Би энэ мөнгийг яагаад өгөх ёстой юм. Би яагаад өөрийнхөө гэрт нохой тэжээж болохгүй юм. Манай гэрт хүн орж ирэх гэж байгаа бол хаалга тогших ёстой. Надаас зөвшөөрөл авах ёстой. Би гэртээ ч нүцгэн байх ёсгүй юм уу? Энэ бол миний хувийн орон зай шүү дээ. Миний хашаа бол мөн миний орон зайн хэсэг. Хашаа гэдэг чинь хаалт, хориг гэсэн үг. Би иймэрхүү төрлийн хэргийн талаар маш их судалсан. Тэгэхэд бүгд хашааны гадна болсон асуудал байдаг юм байна лээ. Энэ хүний хувьд өөрт аюул учрах боломжтой гэдгийг мэдэрсэн байгаа шүү дээ. Гэрийн гадаа ирээд сигнал дараад сууж байсан. Энэ нохой нь эр, эм нохой байгаа. Чиптэй байдаг. Эрүүл мэндийн бичиг нь хүртэл байгаа. Мөн би газар эзэмших эрхийн гэрчилгээгээ ч гэсэн авч ирсэн байгаа. Би энэ хашаан дотор өөрийн дураар байх эрхтэй. Прокурор дээр хүсэлт гаргаад байхад шийдэж өгөхгүй байна. Тиймээс гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргамаар байна. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын хувьд арьсаа хамгаалах гэж “үгүй” гэж хэлэх байх. Би аргаа ядаж ийм төрлийн нотлох баримт цуглуулж байна. Би ажилтай, амьдралтай хүн. Үр хүүхдийнхээ төлөө өдөр бүр хичээж ажилладаг. Би шүүхээ хүндэтгээд өнөөдөр өглөө үүрээр ирээд хуралдаанд сууж байна...гэв.

 

   Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: хадам ээж нь надад ирж санал тавьсан юм. Хүргэн маань байнга гэртээ байдаггүй, тиймээс охин маань ганцаараа шахуу тэр хөдөө газар амьдарч байгаа. нь бараг айлчин шиг л амьдардаг. Тиймээс хань болоод ажиллаад өгөөч гэж гуйсан. Сар бүр 800 000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Ингээд энэ талаар би хүүтэйгээ ярилцаж үзэхэд зөвшөөрсөн. Гэрт нь очихоос өмнө нь айлын гадаа таарчихаад “хурдан ирж хонио ав л даа” гэж хэлсэн. Мэнд ч мэдээгүй. Ингээд удахгүй очиж хонь, малаа тоолж хүлээж авсан. Хонийг нь манай хүү хүлээж авсан. Хүү маань малаа маллаад явдаг байсан. Бусад гэр орон яах ийх талаар бүх асуудлыг зөвхөн надтай ярьдаг байсан. 02 дугаар сарын 19-ний өдөр манай хүү “Баян-Уул сум руу очоод эхнэр, хүүхдээ авч ирье” гэж хэлсэн. Ингэж яваад 4, 5 хоног сураг чимээгүй алга болсон. Би хүүгээ явснаас хойш малаа өөрөө малладаг байсан. тай биш эхнэртэй нь л би харьцдаг байсан. надад нэг жижиг машин хүлээлгэж өгсөн. Малдаа авч явдаг байсан юм. Ингээд Тулгааг явснаас хойш 4 хоногийн дараа нэг хүнийг хань татаад Баян-Уул сум руу явахаар болсон. Баян-Уул сум руу очиход манай хүү байсан. Жаахан архи хэрэглэсэн байсан. Ингээд яг одоо Баян-Уул сум руу орлоо гэж хэлсэн. Би тэр оройндоо буцаад гэртээ ирсэн. хувьд манайд 3 хоносон нь үнэн. Гэхдээ архи дарс уусан зүйл байхгүй. Хаанаас тийм юм олж сонссон болохыг мэдэхгүй байна. 24-ний өглөө үхрийн баасаа түүж ирсэн. Намайг ирэхэд хашаан дотроо нохойтойгоо тоглож байсан. “Нохойгоо тавьчихлаа” гэж хэлж байсан. Гэртээ ороод цай уугаад машинаа бариад сүлжээ барьдаг газар руу явж утсаар яриад хонио эргүүлээд буцаад гэртээ ирсэн. Нэг цаг орчмын хугацаа л өнгөрсөн. Гэртээ орж ирээд цайгаа уугаад хүүтэйгээ ярихаар гэрийн гадаа очсон. Нохой нь сул байгаа учраас алхаж орж чадаагүй. Тэгээд машинтайгаа очоод сигнал дарсан. өөрөө ирээд яасан бэ гэхэд нь учир байдлаа тайлбарлаж хэлэхэд мобигийн утас цэнэггүй болсон байна. Та Жи-Мобайлын утсаар гэрт ороод ярьчих гэж хэлсэн. Тэгээд нохой сул байна гэхэд “би байгаа юм чинь зүгээр байлгүй” гэхээр нь бид хоёр хамт орсон. Хаалга үүд нь цоожтой гэж худал хэлж байна. Би ын араас ороход нохой нь шууд над руу дайрч ирсэн. Би хоёр давхар цамцтай, хүүгийнхээ түрийтэй гуталтай байсан. Миний гарнаас зуураад авсан. Хажууд тийш харахад нохойны нүүр нь миний нүүрний хажууд байсан тул нүүрээ дараад хэвтсэн. Ингээд миний хөлнөөс зуураад авсан. Тэгээд гарч ирээд нохойгоо салгаж би гэрт нь арай гэж орсон. Тэгэхэд утсаар яриад л байсан. Тэгэхэд Жи-Мобайлын утсаар ярьж байгаа харагдсан. Ингэд би яахаа мэдэхгүй хувцасаа ураад харахад маш аймар болсон байсан. Ингээд бас сандраад эхэлсэн. Энэ үед эхнэр нь бас хоёр хуруугаа хазуулсан байсан. Намайг салгах гэж байгаад л хазуулсан юм шиг байна лээ. Би хувцас ч өмсөж чадахгүй байсан. Тэгээд машинтай эмнэлэг рүү явсан. Замд машины дугуй хагарсан нь үнэн. Замын айлаас машин олоод эмнэлэг явсан. Эмч намайг яаралтай аймаг руу явж гэж хэлсэн тул тэр оройндоо унаа олоод эмнэлэг явсан. Эмнэлгээс “нохойнд хазуулсан бол аймшигтай шүү” гэж хэлсэн. Намайг ирэхэд амралтын өдөр таарсан байсан. 1 дэх өдөр очиж үзүүлэхэд намайг шууд эмнэлэгт хавтүүлсэн. Арьс нь үхжээд байсан тул арьс нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Том хүү маань утсыг нь аваад холбогдсон. Гэвч загнаад байна та өөрөө ярь гэж хэлсэн. Тэгэхэд над руу залгаад “юун хагалгаа яриад байгаа юм” гэж хэлсэн. Намайг сайн уу? ч гэж хэлээгүй. Тэгээд ямар ч хаяг шошгогүй нэг эм өгсөн. Хадам ээж нь уг нь анх ажилд орооч гэж хэлсэн атлаа одоо огт ярихаа больсон. Би өгсөн эмийг нь эмийн санчаас асуухад “хэрэглээд хэрэггүй” хэлсэн. Би хэд хоног л боолт хийлгэж гүйсэн. Намайг эмч хөдөө ч явж болохгүй гэж хэлсэн тул аргаа ядаад руу ярьсан. , нар надтай нэг ч удаа яриагүй. Би хонийг нь хүлээлгэж өгөхөөр нэг удаа очсон. Намайг очиход хадам дүү нь мал харж байсан. Өглөө 10 цаг гээд хонио гаргана гэсэн тул хонио хүлээлгэж өгье гэж хэлсэн. Хүний урманд миний биеийг асууж ч уулзаагүй. 12 цаг хүртэл хонь нь хаалттай байсан. Ямар ч сэтгэлгүй хүмүүс гэдэг нь харагдсан. Би өөрөө гэрт нь ороход цай унд аягалж өгсөн хэдий ч надад нэг л дурамжхан байгаад байсан. Малчны цалин гээд 800 000 төгрөг өгсөн. Гэтэл тэрийгээ “мөнгө өгөөд байхад өрөндөө өгчих юм. Эмчилгээндээ хэрэглэхгүй яасан юм” гэж загнасан. Ер нь намайг байнга загнадаг. Тэгээд би гомдоод цагдаа дуудсан юм. Өмнө нь намайг эмнэлэгт очих үед эмч нь цагдаа дуудах уу гэж асууж байсан. Тэгэхэд нь би “гомдол гээд байх юм байхгүй. Таньдаг хүмүүс тул учраа олчих байх” гэж хэлсэн. Ийм асуудал үүснэ гэж огт бодоогүй. Би гомдсон учраас цагдаад мэдэгдсэн. Би нохойд хазуулсан нь үнэн. Эмнэлэгт очсон нь ч гэсэн үнэн. Тэр дороо хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Надад мөнгө байгаагүй учраас аас мөнгө нэхэхээс өөр арга байгаагүй. Одоо миний бие тааруу байгаа нь үнэн. Одоо эмчилгээ хийлгэснээс болж л мөнгө нэхэмжилж байгаа юм. Энэ бол надаас гарсан мөнгө. Энэ мөнгөө авах хүсэлтэй байна. Тэр нохой бол аймар том нохой. Биднийг байхад зүгээр жижиг модон хашаа л байсан. Сүүлд тор татсан байна лээ. Маш аймаар нохой байдаг. Нойл руу очиход л барьж идчих гээд байдаг. Тэр хавийн хүмүүс аймаар нохой гэдгийг мэддэг байсан. Намайг хооллодог гэж шал худал зүйл яриад байх юм. Ганц эхнэр нь л хоол өгдөг. Би нэг ч удаа хоол өгч байгаагүй. Энэ нохой нь эхнэрийнх нь хоёр хурууг цоо хазаж байсан. Сэтгэлээрээ мөнгө өгсөн гэж худал хэлээд байна. Ганц нэг чихэр, жимс өгч байсан. Би их мөнгө нэхэмжлээгүй. Мөн манай хүүхдийг гэмт хэрэгтэн гэж яриад байх юм. Ерөөсөө тийм зүйл болоогүй. Хаанаас ийм юм сонссон гэдгийг мэдэхгүй байна. Миний хүү хааяа архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Гэхдээ өөр буруутай зүйл байхгүй. Мөнгөтэй хөрөнгөтэй, хуульч хүн хүнийг ингээд гүтгээд байж болдог юм уу? Ийм том асуудал үүсэхгүй байх боломжтой байсан. Хагалгааны мөнгө л нэхэмжилсэн шүү дээ....гэв.

 

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед манай малчин ээж гэх эмэгтэй манай хашааны гадаа машинтай ирээд сигналдсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиж уулзахад би хүүтэйгээ холбоо барьмаар байна утсаа өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр үед за та байж байгаарай би утсаа гэрээсээ аваад ирий гээд гэрлүүгээ явж байхад уг эмэгтэй хашгирсан.Тэр үед нь би эргээд харахад уг эмэгтэй манай хашаан дотор ороод ирчихсэн, манай нохой уг эмэгтэйгийн баруун талын гарын ханцуйнаас нь зуучихсан байж байсан. ...би буцаж эргээд очоод уг эмэгтэйгээс нохойгоо салгах гээд байж байтал манай нөхөр гэрээс гарч ирээд уг эмэгтэйн гарнаас нохойгоо салгасан. ...манай нөхөр эзэмшлийн нохой байгаа юм. ... Улаанбаатар хотоос гэртээ ирээд 5 хоноод байсан. Тэгээд манай нөхөр нохойгоо хашаан дотор тавьж, хөл гарных нь чилээг нь гаргадаг юм гэж хэлэхэд нь би нөгөө авгайд нохойгоо тавьлаа шүү гэж хэлэхгүй юудаа, сайн дасаагүй байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр өдрийнхөө өглөө 08 цагийн орчимд хэлчихлээ гэж надад хэлж байсан...гэжээ.

- Хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

 -Гэрч Ц.ын мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

 -Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

- 76 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/

- Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 57 тал/

- Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 64 тал/

- ХААН банкны дансны хуулга /хх-ийн 69-71 тал/

- Мөрдөгчийн санал /хх-ийн 79 тал/

- Гомдол шийдвэрлэсэн талаарх хариу /хх-ийн 87-90 тал/

- Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хариу /хх-ийн113-114 тал/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63 тал/

-Депозит дансны хуулга /хх-ийн 120 тал/

-Прокурорын газрын тогтоол /хх-ийн 1-4 тал/

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

- Гомдол шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 6 тал/

- Хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан баримт, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

-Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Ц.д эрх, үүрэг тайлбарласан баталгаа, гэрч Ц.ын мэдүүлэг /хх-ийн 13-18 тал/

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

- Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25 тал/

-Ял шалгах хуудас /хх-ийн 42 тал/

-Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол / хх-ийн 45-49 тал/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/

-Дансны хуулга /хх-ийн 69-71 тал/

- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 30/4№43 албан бичиг /хх-ийн 72 тал/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-63 тал/

 -Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт /хх-ийн 83 тал/   

-Өмгөөлөгч гаргасан хүсэлт /хх-ийн 100-101 тал/

-Гэрч оролцуулах тухай хүсэлт, Нохой эзэмшигчийн тодорхойлолт, 4/1197 тоот албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичиг, Монгол нохой судлалын удмын бичиг, Дорнод аймгийн Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас ирүүлсэн албан бичиг, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан бичиг, өмгөөлөгчийн зардал төлсөн баримт, эм тариа боолтны материалд төлсөн баримт, бензиний төлбөр төлсөн баримт, ийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: Шүүгдэгч *******ын гаргаж өгсөн CD 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг “” гэх газарт орших өөрийн гэрийн хашаандаа орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийн баруун гарын шуу хэсэгт хазан эрүүл мэндэд нь “баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 76 тоот дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, ХААН банкны дансны хуулга, Депозит дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...гэрч , Ц. нарыг оролцуулах саналыг” гаргасан ба эрүүгийн 2221000000044 дугаартай хэргийг тус шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлуулсан ба тухайн үед гэрч оролцуулах талаар санал гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, бусад оролцогчдын  хувьд дээрх гэрчүүдийг оролцуулах шаардлагагүй гэсэн саналыг гаргаж байгаа, гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгөөгүй, гэрч Ц. нь шүүгдэгчийн хамтран амьдрагч зэргийг харгалзан дээрх хүмүүсийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар ”...хэрэгт гэрчийн мэдүүлгийг гараар гаргагдахгүй бичсэн тул унших боломжгүй байна, зарим хэсэгт гарын үсгийн тайлалгүй, он, сар, өдөр бичигдээгүй, хуудас дугаарлагдаагүй байна” гэсэн саналыг гаргаж байгаа ба хэрэгт авагдсан баримтуудаар дээрх зөрчлүүд байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл болохгүй хэдий ч  цаашид мөрдөгч, прокурор нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Энэ гэмт хэрэг нь хэний эзэмшлийн хашаанд, ямар амьтан хохирол учруулсан, уг амьтан нь хэний өмчлөлийнх байсан зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зэрэг нөхцөл байдал илэрч байх тул мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэх үндэслэлээр  хэргийг прокурорт буцаах” саналыг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, мэтгэлцээний үндсэн дээр хянаж үзээд шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт: зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан обьектив, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог.

 

 

  Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

Шүүгдэгч *******ын “...Гэнэт араас нь хашаанд ороод ирсэн. Тэгээд л хөөе гэж бахираад л сарвалзахаар нь манай нохой очоод хазсан байсан. Би тэр даруйдаа очоод нохойгоо салгаж авсан. Намайг очиход гуталнаас нь зуусан байсан.” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч *******ийн “... өөрөө ирээд яасан бэ гэхэд нь учир байдлаа тайлбарлаж хэлэхэд мобигийн утас цэнэггүй болсон, та Жи-Мобайлын утсаар гэрт ороод ярьчих гэж хэлсэн. Тэгээд нохой сул байна гэхэд “би байгаа юм чинь зүгээр байлгүй” гэхээр нь бид хоёр хамт орсон. Би ын араас ороход нохой нь шууд над руу дайрч ирээд миний гарнаас зуураад авсан. Хажууд тийш харахад нохойны нүүр нь миний нүүрний хажууд байсан тул нүүрээ дараад хэвтсэн. Ингээд миний хөлнөөс зуураад авсан. Тэгээд гарч ирээд нохойгоо салгаж би гэрт нь арай гэж орсон” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.ын “...би буцаж эргээд уг эмэгтэйгээс нохойгоо салгах гээд байж байтал манай нөхөр гэрээс гарч ирээд уг эмэгтэйн гарнаас нохойгоо салгасан. ...манай нөхөр эзэмшлийн нохой байгаа юм... авгайд нохойгоо тавьлаа шүү гэж хэлэхгүй юудаа, сайн дасаагүй байж магадгүй гэж хэлсэн... гэсэн мэдүүлгээр,                                                                   Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 76 тоот дүгнэлтээр:

  1. *******ийн биед баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ... гэх нотлох баримтуудаар тус тус батлагдаж байна.

 

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 1439.940 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанд төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ