Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2016/06719/и |
Дугаар | 1123 |
Огноо | 2018-03-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 1123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К.” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-т холбогдох,
20,250,000 төгрөг, хүү 8,262,000 төгрөг нийт 28,262,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К.” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.С нь К.ны Ерөнхий зохицуулалтын газарт аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож 2013 оны 8 сарын 09-ний өдөр “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” №31 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 75 дугаар байрны 1 орцны 119 тоотод байрлах 45 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулж 81,000,000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон бөгөөд үүний 20,250,000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд арван жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу манай банк хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан “Катеринг деливери” ХХК-ийн 2000004292 тоот дансанд 2013 оны 8 сарын 26-ны өдөр бусад ажилчдын төлбөрийн хамт шилжүүлсэн.
“Ажиллагсадын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх тогтвортой ажиллах нөхцөлт” №31 дүгээр гэрээгээр ажилтан нь банкинд арван жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг хөнгөлөх, дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцсон.
Мөн Д.Стай 2015 оны 1 сарын 16-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд 2015 оны 5 сарын 21-ний өдөр №008 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан. Гэвч Д.С нь ажиллах хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан ба хоёр удаа сахилгын зөрчилж гаргаж, шийтгэл хүлээж байсан. Тэрээр 2016 оны 1 сарын 16-ны өдөр банкны толгой компани болох Бишрэлт холдинг ХХК-д шилжин ажилласан бөгөөд 2016 оны 2 сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 9 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан юм.
Д.С нь 31 тоот гэрээний 2.4-т заасан “ажилтан банктай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж доод тал нь арван жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллана”, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар нэмэлт өөрчлөлтийн 8-д заасан “ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй сахилгын зөрчил гаргахгүй, идэвх санаачлагатай ажиллана” гэсэн үүргүүдээ тус тус биелүүлээгүй.
Иймд 31 тоот гэрээний 2.6, Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д заасныг үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 20,250,000 төгрөг, хүүгийн төлбөр 8,262,000 төгрөг нийт 28,512,000 төгрөгийг иргэн Д.Саас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “К.”-нд 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2012 оны 5 сарын 04-ний “Катеринг деливери” ХХК-тай орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 75 дугаар байрны 119 тоот хаягт байрлах 45 м.кв бүхий орон сууцыг м.кв үнэ 1,300,000 төгрөг буюу 58,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ “К.”-тай мөн 2012 оны 5 сарын 04-ны өдөр орон сууцны санхүүжилтийн гэрээ, ажиллагсдын зээлийн гэрээ тус тус байгуулан 58,500,000 төгрөг зээлж авсан. Гэтэл 2013 оноос Монгол улсын Засгийн газраас орон сууцны ипотекийн зээл буюу жилийн 8 хувийн хүүтэй зээлийн Монголын ипотекийн корпорациар дамжуулан олгож эхэлсэнтэй холбогдуулан уг зээл рүү шилжүүлж, банк чамд олгосон зээлийн эх үүсвэрээ эргүүлж авах шаардлагатай байна. Чи ажилтны хувьд байгууллагаа бодох хэрэгтэй байна. Эсвэл чамайг ажлаас чөлөөлнө гэсний дагуу 2013 оны 8 сарын 9-ний өдрийн 31 тоот гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ гэрээний зорилго нь Монголын ипотекийн корпорациас гаргасан Ипотекийн зээлийн журамд заасан зээлийн шаардлагыг хангасан мэт дүр үзүүлэх байсан бөгөөд яг бодитоор миний өмнөөс “Катеринг деливери” ХХК-нд “К.”-ны зүгээс 20,250,000 төгрөгийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгч энэ мөнгө шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна.
Цаг хугацааны хувьд авч үзвэл “К.” надад орон сууцны хөнгөлөлт олгосон бол яагаад орон сууц худалдан авч байх үе болох 2012 оны 5 сарын 4-ний өдөр гэрээ байгуулаагүй ямар учраас 2013 оны 8 сарын 19-ний өдөр хөнгөлөлт олгосон мэтээр гэрээ байгуулах болов.
Дурдаад байгаа 20,250,000 төгрөг нь 81,000,000 төгрөгийн 30 хувь биш. Миний банкнаас зээлсэн мөнгө бол 58,500,000 төгрөг, үүн дээр К.наас шилжүүлсэн гэх 20,250,000 төгрөгийг нэмбэл 78,750,000 төгрөг болно. Хаанаас яаж бодоод 81,000,000 төгрөг гарч ирээд байгаа нь тодорхойгүй.
Миний бие 2012 оны 5 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороололын 75 дугаар байрны 119 тоотын 2 өрөө орон сууцыг 58,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас энэхүү гэрээний дагуу надад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийм байтал надад дахин зээл нэмж авах, орон сууцны үнийг гэрээнд тусгагдаагүй үнээр нэмж төлөх шаардлага байхгүй байсан. Тэгээд ч тухайн үед орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 1,000,000-аас 1,400,000 төгрөгийн хооронд үнэтэй байсан тул 1,800,000 төгрөгөөр байр худалдан авсан байх боломжгүй.
“К.”-ны зүгээс “Катеринг деливери” ХХК миний өмнөөс надтай байгуулсан гэрээний дагуу 20,250,000 төгрөг байрны урьдчилгаанд шилжүүлсэн байлаа ч Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт болзол тавьж хэлцэл хийсэн этгээд болзолд заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч “К.” нь намайг ямар нэг хуулийн болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлгүйгээр 2016 оны 1 сарын 15-ны өдөр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн тул буцаан шаардах эрхгүй.
Иймд “К.”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Д.С би анх 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “К.”-тай зээлийн гэрээ байгуулан 58,500,000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан. Ингэхдээ Д.С миний нэр дээр 2000021831 тоот зээлийн данс үүсгэн, ажиллагсдын орон сууцны зээл гэсэн зориулалтаар олгосон болох нь дансны хуулгаас тодорхой харагддаг.
Уг зээл хэвийн үргэлжилж байх үед буюу 2013 оны 6 дугаар сараас эхлэн Монгол улсын Засгийн газраас Ипотекийн зээлийн журмыг баталж, арилжааны банкуудаар дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү зээл нь 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгогдохоор зохицуулагдсан байна. Ипотекийн зээлийн журамд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нь худалдан авч буй байрны нийт үнийн дүнгийн 30 хувийг урьчдилж төлөх, эсхүл өөрийн өмчлөлийн орон сууцыг дээрх үнийн дүнд тооцож, давхар барьцаалуулсан тохиолдолд зээл олгогдохоор заасан. 2013 оны 8 дугаар сард “К.” нь миний зээлийг ипотекийн зээл рүү хөрвүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа хэлж, үүний тулд байрны урьдчилгааг төлсөн мэт дүр үзүүлсэн гэрээ хийх шаардлагатай байгаа тул 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тогтвортой ажиллах, урьдчилгаа төлөх нөхцөлт гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие уг гэрээний дагуу ямар нэгэн мөнгө огт аваагүй бөгөөд “К.”-ны шаардлагын зүгээс зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл байна, дараа нь мөнгө төгрөг нэхэх асуудал байхгүй гэж итгүүлсэн, нөгөө талаас “... чи ажиллаж байгаа байгууллагаа бодох хэрэгтэй байна. Чи энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол байрыг чинь хураана, ажилгүй болгоно” гэж хэлсэн тул уг гэрээнд гарын үсэг зуррсан. Түүнээс бие миний бие үнэн санаанаасаа, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж энэ үйлдлийг хийгээгүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу “К.”-тай 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн урьд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К.” ХХК нь хариуцагч Д.Ст холбогдуулан 28,512,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.С нь “К.”-тай 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “...2013 оны 8 сарын 09-ний өдрийн “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” №31 тоот гэрээг үндэслэж байх ба ажилтан Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчийн өмнөөс “Катеринг деливери” ХХК-нд шилжүүлсэн 20,250,000 төгрөг, түүний хүүнд 8,262,000 төгрөг нийт 28,512,000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 8 сарын 09-ний өдөр №31 тоот “Ажиллагсадын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-гээр банк ажилтны өмнөөс худалдан авч буй 81,000,000 төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,250,000 төгрөгийг төлж, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тохиролцжээ. /1 дүгээр х.х-ийн 10 дахь талд/
Хариуцагч урьдчилгаа төлж байгаа мөнгөн хөрөнгийг банкны ямар эх үүсвэрээс гаргасан нь тодорхойгүй, миний нэрийн өмнөөс барилгын компанид төлсөн болох нь тогтоогдохгүй, уг гэрээ нь 8 хувийн ипотекийн зээлд хамрагдсан нэрээр банк орон сууцны зээлийн гэрээний дагуу олгосон зээлээ улсаас буцаан авах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргасан.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.
Талуудын хооронд байгуулсан “ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангажээ.
Хариуцагч нь хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй, энэ гэрээ нь байрны урьчдилгаа төлбөрийг төлсөн мэтээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч талуудын тайлбараар хэлцлийн хүсэл зоригийг үгүйсгэх боломжгүй, хүсэл зоригийн илэрхийлэлийг эргэлзээгүй нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй байх тул субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” гэж зохицуулснаар талуудын хооронд болзол тавьж хэлцэл хийх хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба энэ хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг болон 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Маргаан бүхий гэрээний 2.4 дэх хэсэгт “Банк ажилтныг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласанд нь урамшуулал болгож, мөн цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, амьдрах орчин нөхцлийг нь дээшлүүлэх зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,250,000 төгрөгийг төлж байгаа тул ажилтан нь банктай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, доод тал нь арван таван жил тогтвортой үр бүтээлтэй ажиллах, 2.6 дахь хэсэгт “ажилтан тогтвортой ажиллах хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний дагуу ажилтаны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна” гэж тохиролцжээ.
Д.Сыг “К.ны толгой компани болох “Бишрэлт холдинг” ХХК-ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааны газрын мэргэжилтэний албан үүргээс чөлөөлж, түүнд үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1 дүгээр х.х-ийн 8 дахь талд/
Ийнхүү ажилтан Д.Сыг захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар түүнд олгосон санхүүгийн дэмжлэг болох 20,250,000 төгрөг, түүний хүүгийн хамт шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлсон.
Шаардах эрх үүссэн гэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, зохих этгээдүүд гарын үсэг зурж, энгийн хэлбэртэй хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан байх боловч уг хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ банк биелүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Үйл баримтын тухайд Д.С нь “Катеринг Деливери” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх” гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.С нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 130 айлын орон сууцны 12 дугаар давхарт 119 тоот 45 м.кв талбайтай орон сууцны үнэнд 58,500,000 төгрөг төлөх, “Катеринг Деливери” ХХК нь орон сууцыг 2012 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр харилцан үүрэг хүлээж гэрээ байгуулсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 25-27 дахь талд/
Түүнчлэн “Катеринг Деливери” ХХК, “К.”, Д.С нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 76 дугаартай “Орон сууц санхүүжилтийн” гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “К.” ХХК нь Д.Ст орон сууц худалдан авахад шаардагдах 58,500,000 төгрөгийг зээлдүүлэх, гүйцэтгэгч “Катеринг Деливери” ХХК нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээнд заасан нөхцлийн дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Д.С зээлдүүлэгчид зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд төлөх, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарсан тохиолдолд зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулахаар харилцан үүрэг хүлээхээр гурван талт гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбараар нотлогдож байна. /1 дүгээр х.х-ийн 28-30 дугаар талд/
“К.” ХХК, Д.С нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 372 дугартай “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулан нэг метр квадрт талбайн үнэ 1,300,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдан авах зориулалтаар 58,500,000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний үүрэгт хариуцагч маргаагүй, өөрөөр хэлбэл орон сууцыг 100 хувь банкны зээлээр худалдан авсан гэж тайлбарласан. /1 дүгээр х.х-ийн 31-33 дугаар тал/
Улмаар Д.С нь өөрийн зээлийн данснаас 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны гүйцэтгэгч компани болох “Катеринг деливери” ХХК-ийн “К.” дахь 2000004292 тоот дансанд орон сууцны үнэнд 58,500,000 төгрөгийг шилжүүлж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 119 тоот хаяг байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж түүнд 000295866 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 46, 15 дахь талд/
Цаг хугацааны хувьд дурдсан үйл баримтуудаас хойш “К.ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 8 сарын 05-ны өдрийн №12 тоот тогтоолоор ажиллагсдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд 1,217,739,000 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэж, хавсралтад заасан нэр бүхий 18 ажилтаны өмнөөс орон сууцны барилгын “Катеринг Деливери” ХХК-нд 221,880,000 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /1 дүгээр х.х-ийн 7-9 дахь талд/
2013 оны 8 дугаар сарын 23-ны 12 тоот “ТУЗ-ийн зөвшөөрлийн дагуу хийгдэх гүйлгээ”-ний 31 дугаарт хариуцагч Д.Сын худалдан авч буй 45 м.кв талбай бүхий орон сууцанд банк барилгын компанид 20,250,000 төгрөгийг шилжүүлэхээр дурдагдсан байх ба 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “меморилын баримт”-аар ажиллагсдын хөнгөлөлт нэрээр “Кат энд деливер” ХХК-нд 221,800,000 төгрөгийг шилжүүлжээ.
Уг тогтоол, шийдвэрийг үндэслэн Д.Стай 2013 оны 8 сарын 09-ний өдөр “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” №31 тоот гэрээг байгуулж, мөн 2015 оны 5 дугаар сарын 21-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр банк ажилтанд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 130 айлын орон сууцны 12 дугаар давхарт 119 тоот 45 м.кв талбайтай орон сууцыг 81,000,000 төгрөгөөр худалдан авахад нь зориулж 20,250,000 төгрөгийг орон сууцны урьчдилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон агуулга бүхий гэрээг байгуулсан байна. /1 дүгээр х.х-ийн 11-14, 48-49 дахь талд/
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 372 дугаартай “Барьцааны гэрээ”-нд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 130 айлын орон сууцны 12 дугаар давхарт 119 тоот 45 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг талууд 58,500,000 гэж тохиролцсон байх ба, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг 57,190,000 төгрөг гэж буруу бичигдсэнийг 81,000,000 төгрөг болгож өөрчилсөн байна. /1 дүгээр х.х-ийн 84-87 дахь талд/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “меморилын баримт”-аар зээлийн урьдчилгаа төлбөр ажилтаны нэр, ажилтан тус бүрийн төлбөрийг хэмжээг тодорхойлох боломжгүй, уг баримтаар Д.Сын өмнөөс орон сууцны компанид төлбөрийг банк шилжүүлсэн гэж шууд тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл уг баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь 20,250,000 төгрөгийг барилгын компанид хариуцагч Д.Сын нэрийн өмнөөс шилжүүлсэн гэдгээ өөр бусад баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ биелэгдээгүйтэй холбоотойгоор бусад этгээдэд хариуцагчийн өмнөөс банк мөнгө төлж, хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн банк хариуцагчид орон сууцны зээлийн зориулалтаар 58,700,000 төгрөгийг, тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр орон сууцны компанид 20,250,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг үнийн дүнгүүд нь орон сууцны үнийн дүндо хүрэхгүй байгаагаас үзэхэд уг орон сууц 81,000,000 төгрөгийн үнэтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дурдан буй дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “К.”-ны 28,512,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Саас 28,512,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “К.” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “К.” ХХК-иас төлсөн 300,150 төгрөг, хариуцагч Д.Саас төлсөн 259,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ