Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0208/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д- овогт Б-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000217 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д- овогт Б-ын Б-, /РД:/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр, “Х-” хүнсний дэлгүүрийн ард талд С.З-ийг морьтой явж байхад нье маргалдан улмаар тоосго шидэж, толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь эрүүний зөрүүтэй хугарал, хацар, бүсэлхий, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-11/,

 

Хохирогч С.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би танил Д- гэх залуугийн моринд дусал хийхээр очсон юм. Тэгээд мориндоо дусал хийж дууссаны дараа 2 литрийн хоёр ширхэг пиво Д-той хамт хувааж уугаад орой 19 цагийн орчим гэртээ харих санаатай морьтойгоо Х- дэлгүүрийн хажуугаар явж байтап замын хажууд явж байсан хүн намайг “дайрчхав” гэхээр нь би “сохор амьтан байгаа биш би юу боллоо гэж чамайг дайрдаг юм” гээд эргэж очоод түүнтэй маргалдаж байгаад буцаад гэрийнхээ зүг морьтойгоо явж байтал араас нөгөө залуу хөөе гээд дуудаад байхаар нь би эргээд яваад очсон чинь чи дайрчхав аа гэж байснаа газраас нэг зүйл аваад над руу шидсэн бөгөөд тэр нь миний эрүүний зүүн талд онож би ухаан алдаж унасан...Миний бодлоор 2 орчим метрийн зайтай тоосго авч шидсэн ба тэр нь миний эрүүнд онож би мориноосоо унасан. Тухайн үед хөл дөрөөнд гацаж мориноос бас чирэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22/,

 

Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... тэнд хэрэлдэж байсан хүмүүс нь араас нь чаддаг юм бол хүрээд ир, алнаа чамайг гэх зэргээр доромжлох үед уг морьтой залуу эргээд тухайн хүмүүс дээр давхиж ирэх үед хар курткатай залуу нь гартаа байсан тоосгоороо цохиод мориноос нь унагаачихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

Гэрч К.Са-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ үед О гэж нэрийг нь санаад байна, тэр ах араас дэлгүүрээс гарч ирж харагдсан ба нөгөө морьтой залуу манай нөхрийн энгэрээс татаад зулгаах үед түүний гарыг Б- тавиулаад газраас тал тоосго авч нөгөө морьтой хүн рүү шидсэн чинь зүүн мөрний орчим нь оносон. Тэгтэл нөгөө залуу мориноосоо унахдаа нэг хөл нь дөрөөнөөсөө салж хэсэг газар чирэгдээд тэнд байсан дутуу баригдсан блокон байшин дотор унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

 

Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан ба орой 20 цагийн орчим гаднаас хүнд зодуулсан гэсэн дуудлагаар З- гэж хүн ирсэн... Тухайн үед эрүүний зүүн талдаа хавдсан, жижиг хэмжээний шалбарсан шархтай, шархнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 399 дугаартай “... С.З-ийн биед эрүүний зөрүүтэй хугарал, хацар, бүсэлхий, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 35-36/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14/,

Шидсэн гэх тоосгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 12/,

 

Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тоосго авч шидсэнээс болж С.З-ийн биедээ хүндэвтэр гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч С.З-ид шүүгдэгч Б.Б- нь шүүх хэлэлцүүлгийн өмнө гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,480,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Хохирогч С.З- Улаанбаатар хотод очиж эрүүний мэс засалд орсон эмчилгээ болон бусад зардалд зарцуулсан гэх 45 ширхэг, нийт 2,151,910 төгрөгийн баримт ирүүлснээс 2022 оны 4-р сарын 8-ны өдрийн 13, 19 гэж дугаарласан 482,850 төгрөгийн баримт нь нэг зардлын баримтыг давхардуулж гаргаж өгсөн, хоол хүнс, тамхи авсан гэх баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой гэх үндэслэлгүй байх ба нийт 1,363,710 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангаж байх боловч шүүгдэгч шатахууны зардал зэрэг баримтуудыг оролцуулан 1,480,000 төгрөг төлсөн байна.

 

Иймд баримтаар гаргаж өгсөн, эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.З- нь жилийн дараа эрүү хадсан хадаасыг авхуулахаар дахин хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлсэн ба шүүгдэгч, хохирогчоос уучлалт гуйж, уг зардлыг тухайн үед нь төлөхөө илэрхийлсэн ба хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Б- сайн дураар төлөөгүй тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал согтуурсан үедээ зүй бус харьцсан байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-т дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, өрхийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д- овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хохирогч С.З- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД