Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0215/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт Д-гийн Ш-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, ээжийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Д-гийн Ш-, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ш- нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах “Х-” худалдааны төвийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож, Ц.Б-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, дух хацар, нүд хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Х- төвийн ойролцоо явган ганцаараа явж байсан. Би тухайн үедээ нэлээд согтуу архи уучихсан байсан. Т- гэх бааранд ганцаараа орж бүжиглэнгээ пиво уучихсан байсан юм. Ингээд баар хаахаар болоод л би баарнаас гараад явж байсан. Х- төв онгорхой байхаар нь би орсон. Тухайн үедээ би яах гэж орсноо санахгүй байна. Ус ундаа авах гээд л орсон байх намайг Х- төв дотор ороход миний танихгүй ээж, охин бололтой хоёр хүн байсан ба охин нь ээжээсээ архи аваад өг гээд нэхээд байсан. Уг хоёр хүн хоёулаа л архи уучихсан байсан. Тэгээд ээж нь охиндоо нэг ширхэг том пиво авч өгч байсан. Ингээд би тухайн үед ээжээсээ чи яахаараа архи нэхдэг юм бэ гэж хэлсэн. Үүнээс болоод би охинтой нь маргалдсан. Х- төв дотор бол миний биед гар хүрээгүй. Уг хоёр хүнд ч би гар хүрээгүй. Х- төвөөс би гараад явж байхад уг охин намайг миний үснээс зулгаагаад газар унагааж чирсэн. Энэ үед ээж нь ирээд мөн л толгой руу цохиж нүүр хэсэгт маажсан. Би уг хоёр хүний охиных нь үснээс л зөрүүлээд зулгаасан. Тэрнээс цохиж гар хүрээгүй. Тухайн үед уг надтай маргалддаг хоёр хүнд ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Миний биед учирсан гэмтлийг бүгдийг нь Ш- надад учруулсан. Урангоо бол миний биед халдаагүй. Ш- бид хоёрыг ноцолдож байхад салгасан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13/,

Гэрч Т.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд өөрийн төрсөн охин Ш-гийн хамт Х- төв орох гээд явж байсан юм. Х- төвийн гадаа хаалгаар орох гээд явж байхдаа би охин Ш-д ээждээ нэг пиво аваад өг гэж хэлсэн. Энэ үед гадаа хаалганы хажууд сууж байсан танихгүй эмэгтэй босож ирээд чи яахаараа ээжийгээ дээрэлхдэг юм гээд маргалдах гээд байсан. Тухайн үед охин бид хоёр уг эмэгтэйтэй маргалдалгүй Х- төв рүү орсон. Тэгээд Х- төвөөс буцаад гараад ирэхэд уг эмэгтэй манай охин Ш-гийн үснээс зулгаагаад газар унагаагаад дээр нь гараад өшиглөөд байсан. Энэ үед би салгах гээд дийлэхгүй байсан. Миний хувьд уг эмэгтэйд гар хүрээгүй. Тэгээд хэсэг байж байгаад хоёулаа салсан. Ингээд би охинтойгоо харих гээд явж байхад уг эмэгтэй араас ирээд одоо архи гарчихлаа ахиад зодолдъё гээд ахиад л манай охин Ш-г газар унагааж үсэдсэн. Манай охин зөрүүлээд үсэдсэн. ...эмэгтэй миний биед халдаагүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 15/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 408 дугаартай “...Ц.Б-ийн биед тархи доргилт, баруун хөмсөг, дух хацар, нүд хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/,

Яллагдагч Б.Ш-гийн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийгөө хамгаалж уг эмэгтэйг зөрүүлэн үсдээд нүүрийг нь маажчихсан юм. Тухайн үед би болон манай ээж бид 2 бага зэрэг архи уучихсан байсан. Ц.Б-ийн биед учирсан дээрх гэмтлүүдийг би учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Ш-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Ц.Б- шүүгдэгч Д.Ш-гийн биед халдсан байдалд тогтоогдож байх боловч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамраарах дүгнэлт тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол соривны эм, тосны мөнгө болох 105,600 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Ш- өгөхөөр хохирогчтой харилцан тохирсон талаар баримт ирүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ш-, хохирогч Ц.Б- нар хохирол төлбөрт 105,600 төгрөг эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.Ш- нь хөдөлмөрийн чадвар алдсан улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврээр амжиргаагаа залгуулдаг, эхийн хамт амьдардаг, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахгүй байхаар хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.2 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Д-гийн Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ш-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин сууж буй Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарч явахгүй байхаар тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3,  дахь хэсэгт зааснаар Д.Ш- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ш- нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх, ажилд орох зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД