Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 1028

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байрны 1-9 тоотод оршин суух, Алаг адууд овогт Дамбын Байгаль /РД:шз67120863/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Жамьяан гүний гудамж, “Бат трейд” ХХК-ийн 2 давхарт оршин байх, “Эм жи ложистик” ХХК /РД:5690668/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны 7 тоотод оршин суух, Өлзий занги овогт Баяржаргалын Болд /РД:хй80042114/ нарт холбогдох

 

гэм хорын хохиролд 92,969,062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа /0170/, хариуцагч Б.Болдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа /2136/ хариуцагч “Эм жи ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Мөнхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Байгаль миний бие АНУ-д амьдарч байхдаа тус улсын Виржина мужийн “Тоёота” компаниас 37,233,60 ам.доллартай тэнцэх МЛ-350 маркийн “Мерседес бенз” машиныг худалдан авч 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол руугаа ачуулахаар болсон. Ингээд АНУ-ын Лос-Анжелис хотод үйл ажиллагаа явуулдаг МЖ-ложистик тээвэр зуучлалын компанид хандсан. Тэнд гүйцэтгэх захирал, газрын ачаа хариуцсан иргэн Б.Болд гэгч нь миний машиныг хүлээн авсан ба үлдэгдэл төлбөрийг хийж дууссаны дараа ачуулах нөхцөлтэйгээр тохирч машинаа түүнд орхиод явсан юм. Ингээд би Монголдоо ирээд 1 жилийн дараа мөнгөө төлж дуусгаад “ачихад бэлдээд явуулаарай” гэхэд АНУ дахь захирал Б.Түвшинбаяр, хувь эзэмшигч н.Баасандорж нар нь “...машиныг Б.Болдод үлдээсэн, тэр учрыг нь олсон, бид болон надад мэдэх юм байхгүй” гэж түүний утсыг өгсөн. Гэвч тэрээр олдохгүй байсан. Харин 2015 оны намар Монголд ирснийг мэдээд фэйсбүүк хаягаар утсыг нь мэдэж уулзахыг хүссэн боловч элдэв шалтаг тоочиж, зугатааж эцэст нь таны машиныг АНУ-ын Лос-Анжелис хотын “Тоёота”-гийн дилер аваад явсан мэтээр худлаа ярьж, мөн зугатаагаад байсан тул хохиролоо барагдуулахаар арга буюу цагдаад хандсан. Түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар 201626021388 тоот эрүүгийн хэрэг үүсэн шалгахад тэрээр “миний буруутай үйл ажиллагаанаас бусдын хөрөнгийг үрэгдүүлсэн” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн тул өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг машины төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгах бөгөөд сар бүр “Тоёота” компанид 620.56 ам доллар төлж байсан. Учир нь гэрээний дагуу сар бүр төлдөг маш хатуу хуультай, зөрчвөл торгууль төлбөр болоод АНУ-д амьдрах, цагаачлах эрхтэй холбоотой учраас бид одоо болтол машинаа унаж аваагүй мөртлөө төлбөрөө төлж давхар давхар хохирсоор байсан. Иймд миний “Мерседес бенз” МЛ-350 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, бор саарал өнгийн автомашины төлбөр болох 37,233.60 ам доллар буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ханшаар /1 ам доллар 2,490.24 төгрөг/ 92,969,062 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Болд шүүхэд гаргасан тайлбартаа: АНУ-ын Калифорниа мужийн Лос-Анжелес хотын хуулийн этгээдийн бүртгэлийн /компани, аж ахуй нэгж байгууллагын бүртгэл/ газарт бүртгэлтэй, “Эм жи ложистикс” ХХК-д 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байсан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй, мөн гүйцэтгэх захирал хийж байгаагүй, зөвхөн цалин авч ажиллаж байсан. Тухайн үед компаниас намайг тушаал гаргаж ажиллуулж байсан. “Эм жи ложистикс” ХХК-д 2014 оны 02 дугаар сараас ажиллахаа болж, “Из и эйч” гэх тракны компанид 1 сар гаран ажиллаж, мөн бусад ажил хийж байгаад бие өвдөн 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Монгол улсад ирсэн. Намайг 2014 оны 02 дугаар сард ажлаас гарах үед тус компани түрээсэлж байсан агуулахаа чөлөөлөх шаардлагатай болж, машин тэрэг болон Монгол улс руу тээвэрлэх бусад ачааг өөр агуулах руу зөөх шаардлагатай болж, нэхэмжлэгч Д.Байгалийн машиныг хашаанд тавьсан байсан. Энэ нэхэмжлээд байгаа машиныг би аваагүй, үрэгдүүлээгүй. Нэхэмжлэгч автомашиныг авч үрэгдүүлсэн гэж байгаа боловч энэ машин тус компанийн агуулах, хашаанд байсныг нь харсан болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон Б.Баасандорж “...ажлаас гарахдаа надад МL350 гэсэн машин байгаа” гэж хэлсэн болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Би тухайн үед хүлээн авсан бол тус машины худалдах-худалдан авах гэрээ, эзэмшигчийн гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүй учир би тухай машиныг “Эм жи ложистикс” ХХК-ийн Монгол улс руу газраа чингэлэгт явуулах бүртгэлд бүртгээгүй болно. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Б.Түвшинбаярын эхнэр байсан. Захирал нь Б.Түвшинбаяр өөрөө хийж байсан. Б.Болд би энэ нэхэмжлээд байгаа машиныг аваагүй гэдгээ 2015 оны 3 дугаар сард Монгол улсад ирээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж тайлбар, байцаалт авч байхад тухай бүр нь хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч н.Манлай “чи машин үрэгдүүлсэн гэдгээ бичээд өгчих, өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болно” гэж ятгаж би тэр үед нь төлбөр төлөхгүй болж, өршөөлд орох юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл мөрдөн байцаагч надад бичих зүйлийг зааж өгч би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үрэгдүүлсэн гэх бичиг хийж өгсөн. Гэтэл Д.Байгаль иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад Нийслэлийн прокурорын газарт очиж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг авсан. Б.Болд миний бие буруу ойлгон гэм буруутай гэж хүлээн зөвшөөрснөө мэдэж Нийслэлийн прокурорын газарт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Б.Болд миний зүгээс аваагүй машин, үрэгдүүлээгүй зүйлийнхээ төлөө Д.Байгальд 92,969,062 төгрөг төлөх боломжгүй. Д.Байгаль нь АНУ-ын хуулийн байгууллагад хандаж, МL350 машиныг үрэгдүүлсэн этгээдийг олж, түүнээс нэхэмжлэх хэрэгтэй. Иймд Д.Байгалийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Америкийн нэгдсэн улс /АНУ/-аас 2007 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашиныг худалдан авсан. Уг автомашинаа Монголд унах зорилгоор ачуулахаар болж автомашиныг хариуцагч Б.Болдод АНУ-д хүлээлгэн өгсөн боловч миний автомашиныг алга болгосон. Тэрээр эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа энэхүү хэргээ хүлээсэн тул түүнийг өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ асуудал нь Улсын ерөнхий прокурорт хянагдаад эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингэснээр Б.Болдыг гэм буруутай болохыг тогтоосон, бусдад учруулсан гэм хорын төлбөрийг төлнө гэсэн учраас түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Түүнийг гэм буруугаа хүлээсэн гэсэн үндэслэлээр өршөөлийн хуульд хамруулсан болохоос гэм хорын хариуцлага хүлээхээс чөлөөлөөгүй тул “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашины төлбөрийг би шаардаж байна. Б.Болд нь Монгол дахь “Эм жи ложистик” ХХК-тай хамтран ажилладаг АНУ дахь “Эм жи ложистик” ХХК-д ажилладаг байхдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн буюу автомашиныг алга болгосон тул хариуцагч “Эм жи ложистик” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах учиртай гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болд нь Америкийн нэгдсэн улсын “Эм Жи ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал биш учир уг хэрэгт хариуцагч биш юм. Тухайн машиныг Б.Болд хүлээж аваагүй бөгөөд н.Баасандорж гэх хүн хүлээж авсан нь нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайн машин нь хэний эзэмшлийн машин мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Үнэлгээний асуудал мөн үндэслэл бүхий байж чадахгүй байгаа гэж үзэж байгаа. Тухайн зээлийн гэрээ гэх зүйлийг Цагдаагийн байгууллагад шалгуулах явцдаа гараараа орчуулан бичиж, канондсон хуулбар зэргийг цагдаад өгч байсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Н.Жаргалсайхан гэх хүн нь тайлбар бичсэн байсан ба уг тайлбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Америкийн нэгдсэн улсаас энэ машин гарсан эсэх болон бусад нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлтээ гаргасан бөгөөд шүүхээс хангасангүй. Уг хүсэлтэд заасан нөхцөл байдлуудыг тогтоогдоогүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эм Жи ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Эм Жи ложистик” ХХК нь тухайн улсдаа бүртгэлтэй тамга тэмдэгтэй, тухайн улсдаа татвар төлөгч хуулийн этгээд гэдэг нь тодорхой юм. Нэхэмжлэгч талаас Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Эм жи ложистик” ХХК-ийн салбарыг манай компани гэж тайлбарлаж, тэдний хүлээх үүрэг хариуцлагыг биднийг хүлээх ёстой гэж тайлбарладаг ч энэ тухайгаа нотолсон баримт байдаггүй, өөрсдийнхөөрөө зүтгэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан хэрэв бид Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Эм жи ложистик ХХК-ийн салбар байсан бол Монгол улсад хуулийн этгээдийн эрхгүй, шүүхэд бие даан нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй, өөрсдийн нэрээр банкан дахь харилцах данс эзэмших эрхгүй, толгой компаниас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид салбарыг удирдах нь тодорхой юм. Монгол улсын хуулийн этгээд “Эм жи ложистик” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээ тамга тэмдэг авч, банк санхүүгийн байгууллагад данс эзэмшигч эрх зүйн этгээд болж, татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар бүртгүүлэн үүсгэн байгуулагдсанаас авахуулан өнөөг хүртэлх хугацаанд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах болно. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг бид тухайн компанийн салбар, төлөөлөгчийн газар байсан ч салбар төлөөлөгчийн газарт хандаж нэхэмжлэл гаргаж, хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй гэдгийг анхааралдаа авна уу. Уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Б.Болд гэгч нь манай компанийн ажилтан биш мөн бидэнтэй ямар ч холбоо хамааралгүй этгээд болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасан хамтран хариуцагчаар хэрэг маргаанд татагдахын тулд тухайн харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгч байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Б.Болд болон Монгол улсын хуулийн этгээд “Эм жи ложистик” ХХК-иуд нь Д.Байгалийн өмнө хамтран үүрэг хүлээж буй тохиолдолд хамтран хариуцагчаар татагдах үндэстэй. Гэтэл энэхүү хэрэгт ямар ч нотлох баримтгүйгээр хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Байгалийн өөрийн хүсэлтээр 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Болдыг манай компанид ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж байсан эсэх талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газраас авахуулахад “Ийм мэдээлэл гаалийн мэдээллийн санд бүртгэлгүй” байгаа тухай хариу ирсэн. Болд нь манай компанид хамааралгүй болох нь мөн “Эм жи ложистик” ХХК нь энэ хэрэгт хамааралгүй болохыг нотолж байна. Д.Байгалийн нэхэмжлэлд дурьдагдсанаар хэргийн үйл баримт нь Америкийн нэгдсэн улсад болж, нэхэмжлэгч нь “Тоёота” компаниас худалдаж авсан машинаа тус улсын хуулийн этгээд “Эм жи ложистик” ХХК-д ажилладаг Б.Баасандоржид үлдээгээд явсан байх бөгөөд Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн үйл баримтад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээхээр хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэм хорын хохиролд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Байгалийн нэхэмжлэлээс Монгол улсын хуулийн этгээд болох “Эм жи ложистик” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Байгалийн Америкийн нэгдсэн улс /АНУ/ дахь “Тоёота” компаниас худалдан авсан 37,233.60 ам долларын үнэ бүхий “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашиныг Б.Болд нь үрэгдүүлсэн гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгахад тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улмаар Д.Байгальд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 144 дүгээр тогтоолоор яллагдагч Б.Болдод холбогдох эрүүгийн 201626021388 дугаартай хэргийг Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээсэн болох нь Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5/671 тоот албан бичгээр тогтоогдож байна /хх 52, 53, 82, 84, 85, 102 хуудас/.

 

Нэхэмжлэгч Д.Байгаль нь 2007 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашины төлбөр 92,969,062 төгрөгийг хариуцагч Б.Болд болон “Эм жи ложистик” ХХК-иудаас шаардан шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Б.Болд нь Монгол дахь “Эм жи ложистик” ХХК-ийн салбар хуулийн этгээд болох АНУ дахь “Эм жи ложистик” ХХК-д ажилладаг байхдаа миний автомашиныг үрэгдүүлсэн учир би хариуцагчаар хувь хүн болон хуулийн этгээдийг тодорхойлсон. Б.Болд нь болон “Эм жи ложистик” ХХК-иуд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасны дагуу 2007 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашины төлбөр 92,969,062 төгрөгийг хамтран хариуцах учиртай гэж өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тайлбарлав.

 

Б.Болд нь Монгол улсын хуулийн этгээд болох “Эм жи ложистик” ХХК-д хамааралгүй этгээд тул бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг “Эм жи ложистик” ХХК-ийн талаас, “...би нэхэмжлэгчийн автомашиныг хүлээж аваагүй, гагцхүү өршөөлийн хуульд хамрагдахын тулд гэм буруутай мэтээр мэдүүлэг өгсөн” гэх тайлбарыг Б.Болдын зүгээс гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг харьцуулан судлаад хариуцагч Б.Болдоос 92,969,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин “Эм жи ложистик” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохыг анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр зохицуулсан ба харин эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заажээ.

 

Хариуцагч Б.Болд нь иргэн Д.Байгалийн 37,233.60 ам долларын үнэ бүхий “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашиныг үрэгдүүлсэн явдалд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрснөөр түүнд холбогдох эрүүгийн хэрэг өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон тул тэрээр гэм буруугийн талаар маргах боломжгүй. Нэгэнт гэм буруутай нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Байгальд учирсан гэм хорыг Б.Болд нь хариуцан төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “эд зүйлийн үнэлгээ”-нд тулгуурлаж “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашины үнийн дүнг 37,233.60 ам доллар буюу 92,969,062 төгрөг гэж тодорхойлон шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй /хх 2, 15 дугаар хуудас/. 

 

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх явцад зөрчил гарган, бусдад гэм хор учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн учирсан гэм хорыг арилгуулахыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгээр зохицуулжээ.

 

Хариуцагч Б.Болд нь нэхэмжлэгч Д.Байгалийн “Мерседес эм эл-350” /Mercedes ML-350/ маркын автомашиныг үрэгдүүлсэн явдалд “Эм жи ложистик” ХХК нь гэм буруутай, холбоотой болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул “Эм жи ложистик” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Болдоос 92,969,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Байгальд олгож, “Эм жи ложистик” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Б.Болдоос 622,795 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ХАНГАЛ

                               ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА

                                                                                   З.ДОРЖНАМЖИН