Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0701

 

 

 

 

 

 

                                              Т.Өы гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-н 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч хянан шалгагч М.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0358/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Гомдол гаргагч Т.Ө-с Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т- холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-н 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.

2.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Ө-ы гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-т холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-н 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.   Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.    “...анхан шатны шүүхээс гомдлын нэг үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчих” зөрчил нь “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх болон түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэсэн 2 тусдаа үйлдэл бүхий 2 зөрчил болохыг анхааралгүй, нэг ойлголт мэтээр нэгтгэж хэрэглэсэн. 

3.2. Гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн нэр томъёоны утга агуулга, үзэл санааг тодруулах үүднээс уг зөрчлийн үндэс болсон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль төслийн хувийн хэргийг Улсын Их хурлын тамгын газраас нотлох баримтаар гаргуулсан. ...Уг харилцааг төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд байсан мөнгөн төлбөрийн үүргийг гэснийг Төлбөр тооцоо гүйцэтгэх гэж томёолсон гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн тус заалт нь 16 дугаар бүлэг болох Үүрэг гүйцэтгэх гэсэн бүлэгт хамааралтай зохицуулалт. Иймд талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэж байгаа тал нь худалдагч болох Т.Ө бус, харин худалдан авагч болох “П” ХХК юм. Тиймээс ч уг хуулийн этгээдийн төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэх зөрчилд шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэгдүгээрт худалдагчийг “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн” мэтээр, хоёрдугаарт талуудын хооронд нэгэнт хийгдэж дууссан төлбөрийн талаар “Тооцоо нийлсэн акт” гэх санхүүгийн баримт үйлдсэнийг “төлбөр тооцоо гүйцэтгэсэн зөрчил” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс илэрхийлэх болон төлбөр тооцоог гүйцэтгэх гэсэн 2 зөрчлийг Т.Ө давхар үйлдсэн эсхүл нэг үйлдэл мэтээр холь тайлбарлан хэрэглэж, Шийтгэлийн хуудаст тусгасныг анхаараагүй.

3.4. Гомдол гаргагчийн үзэж байгаагаар Т.Ө нь гэрээний үнийн дүнг ам доллар гэж зөвшөөрч гарын үсэг зурсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй” гэсэн зөрчилд хамаарч болох юм. Өөрөөр хэлбэл, үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн “үнэ тогтоох” үйлдэл бөгөөд энэ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн зөрчил юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан гэж үзэж байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д дурдсанаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт нь төлбөрийг хүлээн авах ч мөн адил хамаарна гэсэн. Гэвч худалдан авагч тал нь төлбөрийг дансаар төлсөн бол худалдагч нь өөрөө оролцолгүйгээр “төлбөрийг хүлээн авах” гэдэг зөрчлийг үйлдсэн болж таарахаар байна.

3.6. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд харшилж байна гэж үзэж байна. Мөн бодит байдал дээр гэрээний үнийг ам.доллароор илэрхийлсэн боловч, худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ заримыг нь төгрөгөөр, зарим хэсгийг нь ам.доллароор гүйцэтгэсэн байдаг. Иймд худалдан авагч хүсвэл төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд үүнд худалдагч Т.Ө оролцоогүй юм.

3.7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 133.6.2-т заасн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Анх “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Д.С нараас Санхүүгийн зохицуулах хороонд хандан  Т.Ө,П” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  №01/21 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж гомдол гаргажээ.

2.2. Тус гомдлыг шалгаад Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 0014029 дүгээр шийтгэлийн хуудсаар “гомдол гаргагч Т.Ө-г гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн зөрчил гаргасан” гэж үзэн Зөрлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг Т.Ө-д оногдуулсан байна.

2.3. Гомдол гаргагч Т.Ө-с энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар ... Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй" гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4.   Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-д “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд”, 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ийн үнэ 4000 ам.доллар, нийт үнэ 2.029.840,00 ам.доллар гэж илэрхийлсэн, түүнчлэн төлбөрийн зарим хэсгийг гадаад валютаар авсан нь дээрх заалтуудад нийцэхгүй байхаас гадна гомдол гаргагч нь гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийн зарим хэсгийг гадаад валютаар авсан талаар маргадаггүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгч буюу худалдан авагчид хамаарах хамаарахаас худалдагчид хамаарахгүй гэж үзэхээргүй байна.

2.6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан” гэжээ.

2.7. Гомдол гаргагч Т.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ..... тоот үл хөдлөх эд хөрөнгийг “П” ХХК-д худалдахаар болж №01/21 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, төлбөр төлөх, хүлээн авах үүрэг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан хэргийн оролцогч нарын тайлбар, тооцоо нийлсэн акт, банкны баримтууд, Улсын Ерөнхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/08 дугаар тогтоол,  2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/411 дугаартай прокурорын мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх гомдол гаргагчийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-н 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн удирдлага болгосон хэсэгт нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарах хуулийн зүйл, заалтыг баримталсан нь зөрчилтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ