Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0700

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 29 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0700

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч З.Очирдорж, Д.Баасансүрэн, Ч.Эрдэнэбат, Х.Должинсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар, С.Эрдэнэтуяа, Б.Нандинчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: З.Очирдорж, Д.Баасансүрэн, Ч.Эрдэнэбат, Х.Должинсүрэн

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гуравдагч этгээд: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ-г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид хуульд заасан үүргээ биелүүлж хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрээс гарч буй химийн хог хаягдал бүхий саарал ус юм. Үйлдвэрийн түүхэн бүх цаг хугацаанд уг хаягдлыг өндөр технологи ашиглан хоргүйжүүлэх, устгах бус хоолой ашиглан үйлдвэрийн бүсээс холдуулж хиймэл нуур бий болсон цагаан шорооны хуримтлалаас үүссэн цагаан тоос нь үйлдвэрийн ойр орчимд байгаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тодруулбал, тухайн бүс нутагт амьдарч буй нийтлэг өвчлөл, хүн амын дундах амьсгалын замын өвчлөл, хиймэл нуурын усны чанар, хиймэл нуурын бүсэд ажиллаж байсан үйлдвэрийн ажилтнуудын өвчлөлийн байдал, Хангалын голын бохирдол зэргээс тодорхой харагддаг.

Нэхэмжлэгч З.Очирдорж, Д.Баасансүрэн, Ч.Эрдэнэбат, Х.Должинсүрэн бид Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагааны улмаас бий болж цагаан тоосны хор уршгийг биеэр мэдэрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар астма, бронхит, хамар загатнах зэрэг өвчтэй болсон бөгөөд цаашид үүний улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд хэрхэн доройтохыг тааварлах боломжгүй нөхцөл байдалд байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучин нэрээр/-ны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6/3405 тоот албан бичгийн Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордыг ашиглах төсөл үргэлжлэн хэрэгжсэнээр хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг Нутгийн иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэх-ТИЙМ, Төслийн бүх үе шатанд хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх эсэх-ТИЙМ хэмээн тус тус дүгнэсэн байдаг...

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бус

нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ... хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэж тодорхой бус нутаг, сав газарт иргэн, аж; ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна 4.1.4 дэх хэсэгт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид мэргэжлийн зөвлөл гэх/ ажиллана, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадалгаа хийнэ. гэх зохицуулалтууд тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага хуульд заасан үнэлгээнүүдийн мэргэжлийн байгууллага болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчны яамны оролцоотой хийхээр хуульчилсан боловч үнэлгээг өнөөдрийн хүртэл хийгээгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг ямар нэг байдлаар хийж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байгааг нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль бус эс үйлдэхүй гэж харж байна.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн явцад бий болж буй цагаан тоосыг буруулахаар олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэх боловч өнөөдрийн байдлаар ямар нэг бодит үр дүнд хүрээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөөр байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа болно. ...Түүнчлэн хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус тогтоолгож, хариуцагчид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.1.4 дэх хэсэгт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ-г хийлгэхийг даалгах нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрхийг сэргээхэд эрх зүйн ач холбогдолтой байна.

Иймд Байгаль орчин аялал, жуулчлалын яам нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийхийг даалгаснаар нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэргэх учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Ажлын хэсэг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, тэдгээрийн тархалт замналуудыг үнэлэх, үр дагавруудыг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох зорилгоор хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.3-д Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. гэж заасны дагуу Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн Байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгавар боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд хамтран баталж, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06а/9132 тоот албан бичгээр уг ажлыг зохион байгуулан ирүүлэх талаар тус тус хүргүүлсэн.

Тус ажлыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот албан бичгээр Орон нутгийн өмчийн газарт Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах тухай хүргүүлсэн байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д ... Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна... гэж Мөн хуулийн 6.6-д ... Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна... гэж. Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.5-д ... Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ... гэж 3.6-д ... Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн хураангуй болон дүгнэлт (зөвлөмж)-ийг ажлын 14 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авна... гэж 3.7-д ...Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргаж, тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна... гэж хуульчилсан байдаг.

Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.5-д ...Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ... гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ шалгарсан эрх бүхий мэргэжлийн байгууллага нь Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэх үүрэгтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино гэж заасны дагуу жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдэж байна. гэжээ.

Гуравдагч этгээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, холбогдох дүгнэлтийг гаргасан ба тус дүгнэлтэд дурдсанаар хүн амын эрүүл мэндийн, ус ашиглалтын, хаягдлын далангийн цагаан тоосыг бууруулах, байгаль орчны менежментийг сайжруулах зэрэг 4 чиглэлээр 20 ажил хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь Байгаль орчны хуримтлах нөлөөллийн үнэлгээ хийх тухай ажил юм.

Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2032 тоот албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЭП-126-12/492 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан хуульд зааснаар хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагыг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг хүргүүлсэн. Дээрх албан бичгийн хариу болгон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/3340 албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-117 дугаар тушаалаар батлагдсан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ-ний аргачлалын хүрээнд ажлын даалгаврыг боловсруулан ирүүлэх үүргийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өгсөн байдаг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ТБ-126-12/741 тоот Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлыг даалгаврыг хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаярт хандан хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран боловсруулж хүргүүлсэн.

Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06а/5989 тоот албан бичгээр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Эрдэнэт үйлдвэрийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийх ажлыг хариуцан зохион байгуулах чиглэл өгч, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар боловсруулах ажлыг хууль журмын хүрээнд зохион байгуулж, холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Ингээд Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 244 тоот албан бичгээр Орхон аймгийн усны сав газар, нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг даалгаврыг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.3 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын болон Эрүүл мэндийн сайдаар батлуулан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст тус тус ирүүлсэн.

Үүний дагуу Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот албан бичгээр Орон нутгийн өмчийн газарт хандан зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах хүсэлт хүргүүлсний дагуу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн мэдээллээс харахад Орхон аймгийн бүс, нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдсэн байх ба 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагт тендер нээхээр тавигдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.3 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан Орхон аймгийн бүс нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгавар-ын 3 дахь хэсэгт зааснаар хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хамрах хүрээг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн өнгөрсөн одоо ирээдүйн төлөвлөлтийн үр дүн, ашигт малтмалын олборлолт, тээвэрлэлт, цахилгаан дамжуулах шугам, авто зам, тэдгээрийн бүтээн байгуулалт зэргийг хамааруулахаар тусгасан.

Иймд хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудал нь дан ганц Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цагаан тоосны асуудал бус Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, гэр хорооллын айл өрхүүдэд ч хамаарахаар бүс нутгийн асуудал юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох-ыг хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ. гэж тус тус зохицуулсан.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын 3.1, 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийх ба үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагыг тухай бүр нээлттэй шалгаруулалтаар сонгоно гэж тус тус зохицуулсан болно.

Гэтэл Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд, айл өрхүүдэд Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх чиглэлээр холбогдох яам, аймгийн Иргэдийн хурлаас шийдвэр гарсан хэдий ч хэрэгжүүлэх төвшинд хууль хэрэглээний асуудал үүсгэж, ийнхүү ажил удаашруулсан нөхцөлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг буруутгах боломжгүй бөгөөд хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь холбогдох яам, газруудаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу хууль тогтоомжид нийцсэн аливаа ажил, үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь зохион байгуулж хэрэгжүүлж ирсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ-г холбогдох мэргэжлийн байгууллагатай хийх нь Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг бөгөөд Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ нь дан ганц Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хийгдэх асуудал биш гэдгийг дурдах нь зүйтэй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

З.Очирдорж, Д.Баасансүрэн, Ч.Эрдэнэбат, Х.Должинсүрэн нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид хуульд заасан үүргээ биелүүлж Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас ... хариуцагч хуульд заасны дагуу өөрийн үүргийг биелүүлж, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байсан бол Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн үйл ажиллагааны явцад бий болж буй цагаан тоосны сөрөг нөлөөллийг тооцоолж, түүнийг багасгах арга хэмжээ авах боломжтой байсан. гэж,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ... тус яамны сайдын 2019 оны А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймагт Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. гэсэн дүгнэлт гаргасны дагуу мэргэжлийн байгууллагыг шалгаруулсан. Үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага үнэлгээний тайланг тус яаманд ирүүлэх үүрэгтэй. гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Очирдорж нараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан гомдлын дагуу тус яамны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06а/2003 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт ТӨҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан болно. Ажлын хэсэг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, тэдгээрийн тархалт замналуудыг үнэлэх, үр дагавруудыг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох зорилгоор хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан... гэсэн хариу өгсөн байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06а/5989 дүгээр албан бичгээр Орхон аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газарт ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01/5543 тоот албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийх ажлыг хариуцан зохион байгуулах, Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллагаар боловсруулах ажлыг хууль, журмын хүрээнд зохион байгуулж, тус яамны холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх арга хэмжээг авч ажиллах чиглэл өгсний дагуу Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 244 дүгээр албан бичгээр Орхон аймгийн усны сав газар, нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг боловсруулж хүргүүлсэн.

Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06а/9132 дугаар албан бичгээр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Орхон аймгийн бүс нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан Хуримтлагдах нөлөөллийн журам-ын 3.3 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын болон Эрүүл мэндийн сайдаар батлуулан хүргүүлжээ.

Ингээд Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаар албан бичгээр тус аймгийн Орон нутгийн өмчийн газарт Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн Байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах талаар хүсэлт хүргүүлснээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо тус тендерийг зохион байгуулж, Мегаконсалтинг ХХК-ийг шалгаруулж, Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн Байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын гэрээг байгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг тус компанид шилжүүлсэн талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамны явуулсан эдгээр үйл ажиллагаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Стратегийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор хийж тайлан гаргана., 6 дугаар зүйлийн 6.2-д ... Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна..., 6.3-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ., 6.6-д ... Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна..., Монгол улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журмын 3.3-д Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. гэж заасны дагуу явагдсан байна.

Түүнчлэн Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журмын 3.5-д ... Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ..., 3.6-д ... Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн хураангуй болон дүгнэлт (зөвлөмж)-ийг ажлын 14 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авна..., 3.7-д ...Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргаж, тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна... гэж хуульчилсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх асуудлыг дээр дурдсан байдлаар холбогдох хууль журмын дагуу хэрэгжүүлсний үр дүнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулсан тендерт шалгарсан Мегаконсалтинг ХХК нь мэргэжлийн байгууллагын хувьд Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн Байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдлоо.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Орхон аймгийн бүс нутагт дэвсгэрийн Байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид хуульд заасан үүргээ биелүүлж Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.6-д заасныг баримтлан З.Очирдорж, Д.Баасансүрэн, Ч.Эрдэнэбат, Х.Должинсүрэн нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН