Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0214/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч О.Б-э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А- овогт О-ын Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000235 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Х ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А- овогт О-ын Б, /РД:/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б-э нь Дархан-Уул аймгийн О-газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид Г- автомашины жолоочоор томилогдон, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаа дур мэдэн орхиж явсан болох нь:

 

Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна. Б-э бид 2 түүний гэрт хамт сууж байтал Б-ийн аав нь утсаар видео дуудлага хийж түүнийг уул уурхайд орж ажиллах талаар ярьж байсан, ...2022 оны 03 дугаар сарын 10-ны орой надтай Б-э уулзаад би ажилдаа очихгүй гэж хэлэхээр нь би түүнийг яагаад очихгүй гэж байгаа талаар асуухад намайг харж байгаарай, би ажилдаа очихгүй гээд салсан ба маргааш нь ажилтай байсан боловч ирэлгүй тэр чигээрээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

Гэрч, Ангийн захирагч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа ирээгүй ба юу болсон талаар сураглаж үзэхэд хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг уул уурхайд ажилд орох гэж байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би гэр лүү нь алба хаагчаа явуулсан чинь гэрт нь Б-ийн эцэг эх нь ирчихсэн байсан. Энэ өдөр О-газраас албан ажлаар хүмүүс ирчихсэн байсан учраас тэдгээр хүмүүсийг байлцуулж О.Б-ийн аав болох О- гэх хүнийг дуудуулж уулзалт хийсэн. О.Б-э нь өөрийгөө 2022 оны 01 дүгээр сарын 23- ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн байсан гэж тайлбарласан ба өргөдлийн талаар би аавд нь танилцуулж өргөдлийг нь буцаагаад өгсөн гэж аавд нь хэлсэн...Энэ өдрөөс хойш О.Б-э миний утсыг болон бусад холбогдох албан хаагчдын утсыг блоклосон байсан. Үүнээс хойш нэг удаа утсаар холбогдож ярихад би уул уурхайд ажилд орсон би дахиж очиж чадахгүй гээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О.Б-э нь одоогоос 8 сарын өмнө Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангид Г- автомашины жолоочоор ажилд орсон бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харуулын ээлжийн үүрэг гүйцэтгэх хуваарьтай байж байгаад учир шалтгаангүй ажлаа тасалж өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Тухайн өдөр эцэг эхтэй нь утсаар холбогдож О.Б-ийн талаар асуухад өчигдөр шөнө Улаанбаатар хот руу явна гэж ярьж байсан гэж хэлсэн. Үүний дараа дахиж утсаар холбогдоод хэн нэг нь Шарын гол суманд байгаа бол ирж уулзах хэрэгтэй байна гэхэд О.Б-ийн аав нь ирж ангийн дарга, ахмад Д.А-тэй уулзсан....2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл 4 хоног утсаар холбогдох гэж үзсэн боловч утас нь холбогдохгүй зарим тохиолдолд утсаа авахгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ангийн захирагч, ахмад Д.А- нь тус ангийн аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Н.Батбуяны утсаар О.Б-этэй холбогдоход өөр ажилд орж байгаа гэсэн утгатай юм яриад утсаа салгасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан-Уул аймаг дахь О-газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн жолооч, дэд ахлагч О.Б-э нь төрийн цэргийн албан хаагч мөн. Дархан-Уул аймаг дахь О-газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн жолооч, дэд ахлагч О.Б-э нь О-асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн тангараг болон Монгол Улсын цэргийн албан хаагчийн тангараг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөсөн, ...Дархан-Уул аймаг дахь О-газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн жолооч, дэд ахлагч О.Б-э нь ажлын байраа дур мэдэн орхин явснаас шалтгаалан Г- автомашины жолоочийн дутуу орон тоо үүсэж Д аймгийн О б-ын ангиудаас жолооч нар очиж үүрэг гүйцэтгэж ажлын ачаалал үүссэн юм. Хохирол учирсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

  

О-ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/112 дугаартай О-ын Б-ийг 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрөөс Дархан-Уул аймгийн О-газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид Г- автомашины жолоочоор томилсон тушаал, албан тушаалтын тодорхойлолт /хавтаст хэргийн 19-21/,

 

Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн албан хаагчдын 2022 оны 03 дугаар сарын цагийн бүртгэл /хавтаст хэргийн 77-78/,

 

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гал түймэр унтраах ангийн салаа, харуул ээлжийн үүрэг гүйцэтгэх хуваарь, харуулын томилолт /хавтаст хэргийн 79-140/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд "төрийн цэргийн байгуулал" гэж төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоог, "цэргийн байгууллага" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг, Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоо нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, О-байгууллагаас бүрдэнэ” гэж,

 

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, О-байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно гэж тус тус хуульчилсан.

 

Дээрх хуулиудад зааснаар О-байгууллага нь Монгол Улсын төрийн цэргийн байгууллагад хамаарч байх бөгөөд О-албанд ажиллаж байгаа, цэргийн тангараг өргөсөн албан хаагчид нь цэргийн албан хаагчид хамаарч байна.

 

Хүн амыг гамшиг, гэнэтийн бусад аюул, аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах нь цэргийн байгууллагын үндсэн үүрэг бөгөөд тангараг өргөсөн цэргийн албан хаагч эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх, албан тушаалын үүргээ биелүүлэх, захирах, захирагдах зарчмыг мөрдөх үүргээ биелүүлэхгүй байх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, халдашгүй байдал, хүн амын аюулгүй байдалд шууд аюул занал учруулдгаараа бусад албан хаагчдаас ялгаатай.

 

Иймд өргөсөн тангараг, цэргийн албаны нийтлэг дүрмийг зөрчиж, албанаас чөлөөлсөн, чөлөө олгосон шийдвэр гараагүй байхад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй үйлдлийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

О.Б-э нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажлын байраа орхиж явсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр цэргийн албанаас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

О-ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/112 дугаартай тушаалаар О.Б-эд дэд ахлагч цол олгосон байх тул цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд О.Б-ийг цэргийн албан хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Цэргийн албнаас зайлсхийх гэмт хэрэг нь материаллаг хохирол шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүгдэгч О.Б-э нь албаа орхиж явсны улмаас учирсан хохиролгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А- овогт О-ын Б-ийг цэргийн албан хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч О.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД