| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02327/И |
| Дугаар | 709 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7/1 байрны 8 тоотод оршин суух, Хөхөө Луузан овогт Содномдаржаагийн Отгонжаргал /РД:чд59092760/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 46, “Гранд плаза” цогцолбор, 6 давхар, 6/б тоотод оршин байх, “Седарс” ХХК /РД:5534518/-д холбогдох,
724,452,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг /2505/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Отгонжаргал нь өөрийн өмчлөлийн “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газрын хамтаар гадаадын хөрөнгө оруулалттай “Седарс” ХХК-д шилжүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт, хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан. Дээр дурдсан гэрээг байгуулж өөрийн компанийг болон эзэмшлийн газрыг шилжүүлэх болсон шалтгаан нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газарт барилга барьж ашиглалтад оруулж, түүнээс харилцан бие биендээ үр ашиг хүртээж хамтран ажиллах зорилготой байсан. Би тухайн үед гэрээнүүдийн өөрт ногдох үүргийг бүрэн гүйцэтгэж “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг болон түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай газрыг “Седарс” ХХК-д шилжүүлэн өгсөн. Анх байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 1.1-т “Энэхүү хавсралтын талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна.”, 1.2-т “Энэхүү хавсралтаар ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихад энэхүү хавсралтад заасан хэлбэр хувь хэмжээгээр хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна.” гэж, 2.1-т “Хамтран ажиллах төрөл, хэмжээ” гээд 2.1.1-т “А тал нь “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцааг болон тус компанийн эзэмшилд байгаа 000305759 тоот газар эзэмших гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 889 м.кв газрыг, Б талд шилжүүлэх”, 2.1.2-т “Б тал нь энэхүү хавсралтын 3.1.1 дэх хэсэгт заасан газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихтай холбоотой үүсэх бүхий л зардлыг гаргана.”, 2.1.5-т “Б тал нь А талын компанийн нийт хувьцааг шилжүүлэн авах замаар А талын эзэмшлийн 889 м2 газрыг эзэмших эрхтэй болох ...” гэж тус тус заасан байдаг. Гэрээний дээр дурдсан заалтуудын дагуу миний зүгээс өөрийн өмчлөлийн компани буюу түүний эзэмшилд буй барилга барих газраар хөрөнгө оруулалт хийж, “Седарс” ХХК-ийн зүгээс уг барилга барих ажпыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах замаар талууд ашиг орлого олох зорилготой байсан. Гэтэл “Седарс” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 3 дахь жилдээ ороод байхад миний шилжүүлэн өгсөн 889 м2 газар дээр ямар ч барилга угсралтын ажил хийгдээгүй, барилга барих зөвшөөрөл аваагүй, авахыг ч оролдоогүй. Мөн “Седарс” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр “тухайн газар барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлэн барьж ашиглалтанд оруулах боломжгүй” гэсэн хариуг надад өгсөн байгаа нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болж байна. Дээрх байдлаар “Седарс” ХХК нь иргэн миний өмчлөлийн “Анагсархиа” ХХК болон түүний эзэмшлийн газрыг ашиглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж 320 м2 талбай бүхий орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй буюу хүлээлгэн өгөх боломжгүй болох нь гарцаагүй, илт болжээ. Мөн түүнчлэн “Седарс” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээний дагуу надад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон 320 м2 орон сууцыг миний бие хугацаанд нь өмчлөх эрхээ эдэлж захиран зарцуулах боломжгүй болсны улмаас надад их хэмжээний хохирол учраад байна. Иймд миний бие С.Отгонжаргал “Седарс” ХХК-тай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт, хувьцаагаар гэрчлэгдсэн эрхшилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа тул тухайн гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг болон тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газрын хамтаар буцаан шилжүүлэхийг “Седарс” ХХК даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Отгонжаргал нь өөрийн өмчлөлийн “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газрын хамтаар гадаадын хөрөнгө оруулалттай “Седарс” ХХК-д шилжүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт, хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан юм. Дээр дурдсан гэрээг байгуулж өөрийн компанийг болон эзэмшлийн газрыг шилжүүлэх болсон шалтгаан нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газарт барилга барьж ашиглалтад оруулж түүнээс харилцан бие биендээ үр ашиг хүртээж хамтран ажиллах зорилготой байсан. С.Отгонжаргал тухайн үед гэрээнүүдийн өөрт ногдох үүргийг бүрэн гүйцэтгэж “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг болон түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай газрыг “Седарс” ХХК-д шилжүүлэн уг газрыг ашиглан барилга барих бүх нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн. Анх байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 1.1-т “Энэхүү хавсралтын талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна.”, 1.2-т “Энэхүү хавсралтаар ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихад энэхүү хавсралтад заасан хэлбэр хувь хэмжээгээр хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна.” гэж, 2.1-т “Хамтран ажиллах төрөл, хэмжээ” гээд 2.1.1-т “А тал нь “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцааг болон тус компанийн эзэмшил байгаа 000305759 тоот газар эзэмших гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 889 м2 газрыг, Б талд шилжүүлэх”, 2.1.2-т “Б тал нь энэхүү хавсралтын 3.1.1 дэх хэсэгт заасан газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихтай холбоотой үүсэх бүхий л зардлыг гаргана.”, 2.1.4-т “Хэрэв Б тал энэхүү гэрээний хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж ашиглалтанд оруулж чадахгүй байх тохиолдолд А талд 320 м2 талбай бүхий орон сууцны оронд 300,000 америк долларыг шилжүүлнэ.”, 2.1.5-т “Б тал нь А талын компанийн нийт хувьцааг шилжүүлэн авах замаар А талын эзэмшлийн 889 м2 газрыг эзэмших эрхтэй болох...” гэж тус тус заасан байдаг. Гэрээний дээр дурдсан заалтуудын дагуу миний зүгээс өөрийн өмчлөлийн компани буюу түүний эзэмшилд буй барилга барих газраар хөрөнгө оруулалт хийж, “Седарс” ХХК-ийн зүгээс уг барилга барих ажлыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах замаар талууд ашиг орлого олох зорилготой байсан. Гэтэл “Седарс” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 3 дахь жилдээ ороод байхад миний шилжүүлэн өгсөн 889 м2 газар дээр ямар ч барилга угсралтын ажил хийгдээгүй, барилга барих зөвшөөрөл аваагүй, авахыг ч оролдоогүй байдаг. Мөн түүнчлэн С.Отгонжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Седарс” ХХК-д бичиг хүргүүлж “Гэрээний үүргийн биелэлийн талаар мэдээлэл өгөхийг хүссэний дагуу “Седарс” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр “Тухайн газар барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлэн барьж ашиглалтанд оруулах боломжгүй тул хувьцаа худалдах худалдан авах гэрээний хавсралтын 2.1.4-т “Хэрэв Б тал энэхүү гэрээний хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж ашиглалтанд оруулж чадахгүй байх тохиолдолд А талд 320 м2 талбай бүхий орон сууцны оронд 300,000 америк долларыг шилжүүлнэ.” гэж заасан байна. Уг хавсралт 2014 оны 9 дүгээр сарын 22нд хийгдсэн бөгөөд тухайн 3 жилийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болно. Иймээс бид хувьцаа худалдах худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж тухайн төлбөрийг шилжүүлэх болно.” гэсэн хариуг өгсөн юм. Дээрх байдлаар “Седарс” ХХК нь иргэн С.Отгонжаргалын өмчлөлийн “Анагсархиа” ХХК болон түүний эзэмшлийн газрыг ашиглан үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж 320 м2 талбай бүхий орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй буюу хүлээлгэн өгөх боломжгүй болох нь гарцаагүй, илт болжээ. Мөн өнөөдрийн байдлаар тухайн газарт ямар нэг орон сууц, барилга байгууламж баригдаагүй, барилгын ямар нэг ажил явагдаагүй байгаа болно. “Седарс” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичгээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт 2.1.4-т заасан үүргээ биелүүлж 300,000 америк долларыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд “Седарс” ХХК-иас 300,000 доллар буюу 724,452,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, өмгөөлөгч Ж.Очирхуяг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Отгонжаргал болон хариуцагч “Седарс” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон түүний хавсралт, мөн хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд хамтран ажиллах тухай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулагдаад барилга барихаар тохиролцсон. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор барилга баригдаж дуусахгүй бол энэхүү гэрээний нөхцөлд өөрчлөлт орж, 300,000 ам.долларыг хариуцагчаас гаргуулах тухай заасан байдаг. Гэвч хариуцагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд уг гэрээний дагуу хариуцагч Седарс ХХК-иас 300,000 ам.доллар буюу 724,452,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдов.
2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр С.Отгонжаргал болон “Седарс” ХХК-иуд “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”, мөн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулжээ.
“Анагсархиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Отгонжаргал нь өөрийн эзэмшлийн хувьцааг буюу “Анагсархиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Седарс” ХХК-д худалдах-худалдан авах харилцааг дээрх гэрээнүүдээр талууд харилцан тохирсон байна /1 хавтас, хх 6-18 хуудас/.
Мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөө С.Отгонжаргал болон “Седарс” ХХК-иуд “2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт” нэртэй гэрээг байгуулжээ. Уг гэрээний хавсралтаар С.Отгонжаргал болон “Седарс” ХХК-иуд нь хуулийн этгээд байгуулахгүйгээр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 889м2 талбай бүхий газарт үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барьж хамтран ажиллахаар болжээ.
Тодруулбал, С.Отгонжаргал нь “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцаа болон тус компанийн эзэмшилд байгаа 000305759 тоот газар эзэмших гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 889м2 талбай бүхий газрыг “Седарс” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, харин “Седарс” ХХК нь тухайн газар орон сууцыг өөрийн зардлаар барьж, улмаар баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөс 320 м2 талбай бүхий орон сууцыг С.Отгонжаргалын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд харилцан үүрэг хүлээж хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг бичгээр буюу амаар байгуулах боломжтойг мөн зүйлийн 476.2 дахь хэсэгт заасан.
Хэрэгт авагдсан “Анагсархиа” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Седарс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Анагсархиа” ХХК-ийн 09/21 тоот “Үүсгэн байгуулагчийн шийдвэр”, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/53 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/304 тоот Нийслэлийн газрын албаны “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Седарс” ХХК-иас нэхэмжлэгч С.Отгонжаргалд хүргүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/17 тоот албан бичиг зэрэг баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч С.Отгонжаргал нь “2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт”-аар тохирсон үүргээ биелүүлсэн буюу “Анагсархиа” ХХК-ийн нийт хувьцаа болон тус компанийн эзэмшилд байгаа 000305759 тоот газар эзэмших гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 889м2 талбай бүхий газрыг “Седарс” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, харин хариуцагч “Седарс” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч С.Отгонжаргал нь хариуцагч “Седарс” ХХК-д холбогдуулж “Анагсархиа” ХХК-ийн хувьцааны өмчлөх эрхийг болон тус компанийн эзэмшлийн 000305759 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 889 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг буцаан шаардаж шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг “300,000 ам доллар буюу 724,452,000 төгрөгийг гаргуулах” болгон өөрчилсөн ба тэрбээр өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч нэгэнт шилжүүлэн авсан газар дээр барилга бариагүй, гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн тул 320м2 талбай бүхий орон сууцны оронд 300,000 ам доллар буюу 724,452,000 төгрөгийг хариуцагчаас би шаардах эрхтэй” гэж тайлбарлав.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хавсралт”-ийн 2.1.4-т “...Хэрэв Б тал энэхүү хавсралт байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацааны дотор барилга барьж, ашиглалтад оруулж чадахгүй байх тохиолдолд А талд 320м2 талбай бүхий орон сууцны оронд 300,000 ам долларыг шилжүүлнэ” гэсэн нөхцөлийг талууд харилцан тохирчээ.
Гэрээний дээрх нөхцлийн агуулгаас үзэхэд А тал буюу нэхэмжлэгч С.Отгонжаргал нь Б тал болох “Седарс” ХХК-ийг барилга барих, улмаар 320м2 талбай бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийн үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай хариуцагчтай урьдчилан тохиролцсон гэж үзэхээр байна.
Дээр дурдсанчлан “Седарс” ХХК нь “барилга барих, 320м2 талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх” үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байх учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу 300,000 ам долларыг өөрт учирсан хохиролд тооцон шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчаас 300,000 ам.долларыг шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй. Харин уг ханшийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн өдрийн ханшаар тооцон гаргах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч “Седарс” ХХК-иас 723,876,000 төгрөгийг гаргуулж, 576,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанаас үзэхэд хариуцагч “Седарс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Баярмагнай байна. С.Отгонжаргалын нэхэмжлэлийг гардуулахаар хуульд заагдсан холбогдох арга хэмжээг авсан боловч тэрээр Монгол улсын хилээр гарч явсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын газрын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25е/778 тоот албан бичгээр тогтоогдсон.
“Седарс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Б.Баярмагнай нь 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 04/17 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаас үзэхэд тэрээр Цогхүү овогтой Цэцэнбилэг /РД:ух91020918/-т 1 жилийн хугацаатай “Итгэмжлэл” олгосон байна. Ц.Цэцэнбилэг нь энэхүү итгэмжлэлийн хүрээнд “Седарс” ХХК-ийг төлөөлж “...шүүх, арбитрын хуралдаанд оролцох, ...гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд багтах бүхий л үйлдлийг хийх” бүрэн эрхтэй байна.
Хариуцагч “Седарс” ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэцэнбилэгт С.Отгонжаргалын нэхэмжлэлийн хувийг гардуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан боловч тэрээр “...итгэмжлэлээсээ татгалзсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хуульд зааснаар албан тушаалаар, эсхүл эрх олгогдсон баримт бичгээр төлөөлдөг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3., 83.8.-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн бөгөөд гүйцэтгэх захирлын тушаалаар компанийг төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Цэцэнбилэг нь энэхүү итгэмжлэлээсээ татгалзсан байдал нь “Седарс” ХХК-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцохоос чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзсэнийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Седарс” ХХК-иас 723,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,781,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Седарс” ХХК-иас 3,777,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ