Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

      Шүүгдэгч Ш.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.х овогт Ш-ын Х-т холбогдох эрүүгийн 2213000000071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

     

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БМ............. регистрийн дугаартай Ш.х овогт Ш-ын Х-.

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Ш.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай байшинд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд нэвтрэн орж эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, жинсэн хүрэм 1 ширхэг, ноолууран ороолт 1 ширхэг, гар хийцийн түшлэгтэй модон сандал 3 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 309,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Ш.Х- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна”  гэв.

 

2. Эрүүгийн 2213000000071 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн М.Б-аас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг45 минутанд гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

2.3. Эд зүйл буюу хэргийн газраас хураан авсан малгай, арматурын төмөр, Ш.Х-аас хураан авсан 1 ширхэг жинсэн хүрэм зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16, 21-22 дахь тал/,

2.4. Хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

2.6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-22-091 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

2.7. Шүүгдэгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64, 66-67 дахь тал/ зэргийг,

 

2.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс:

2.8.1. Шүүгдэгч Ш.Х- нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ш.Х-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4.1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Ш.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай байшинд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд нэвтрэн орж эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, жинсэн хүрэм 1 ширхэг, ноолууран ороолт 1 ширхэг, гар хийцийн түшлэгтэй модон сандал 3 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 309,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.1. Иргэн М.Б-аас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг45 минутанд гаргасан “...Өлгий сумын 9 дүгээр багт байрлах манай байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

4.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

 

4.1.3. Эд зүйл буюу хэргийн газраас хураан авсан малгай, арматурын төмөр, Ш.Х-аас хураан авсан 1 ширхэг жинсэн хүрэм зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16, 21-22 дахь тал/,

 

4.1.4. Хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас Фатиха эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч эцэг С.М-ийн гэрт очиж хоносон. Харин өнөө өглөө нь 10 цаг 30 минутын орчимд өөрийн гэрт очих үед манай байшингийн хаалганы цоож мултарч хулгай орж гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг модон сандал болон унтлагын өрөөнд байсан хар өнгийн куртик, жинсэн хүрэм, ноолууран ороолт зэргийг авч явсан болохыг мэдсэн. Би гэр бүлээсээ салаад тустай амьдарч байсан. Би эмнэлэгт хэвтэх өдөр байшинг цоожлон явсан юм. Байшингийн хаалгыг хүчээр татаад цоожийг хоёр хадаастай нь сугалан авч хулгайч орсон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

4.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Б- нь манай том хүү бөгөөд тэрээр сүүлийн хоёр сар өвдөөд эмчилгээ хийлгүүлж байсан юм. Улмаар өвчний учир 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан. Тэр эхнэр хүүхдээсээ салсан, тустаа амьдарч байсан. 2022 оны 3 дугаар сарын эхээр эмнэлэгт хэвтэж байх үед нь гэрт нь хулгай орж модон түшлэгтэй сандал, хувцас хунар нь хулгайд алдагдсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

4.1.6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-22-091 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаар хуучин өмсөж хэрэглэж байсан эрэгтэй өвлийн куртик 1 ширхэг 140,000, хуучин өмсөж хэрэглэж байсан эрэгтэй хүний VI-6 MAN FASHION брэндийн жинсэн хүрэм 1 ширхэг 40,000 төгрөг, хэрэглэж байсан эрэгтэй хүний ноолууран ороолт 1 ширхэг 45,000 төгрөг, гар хийцийн түшлэгтэй модон сандал 1 ширхэг нь 28,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

 

4.1.7. Шүүгдэгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...”, “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан Мартын 8-ны барын үеэр байсан, согтуу явж байгаад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах танил М.Б-ы гэрт очсон. Тэдний гэрт очиход гэрт нь хүн байхгүй, цоожтой байсан. Тэгээд байшингийн гадна үүдэнд байсан арматурын төмрийг авч хаалганы хаалганы цоожны завсраар оруулан хүчтэй татахад хаалганы цоож тогтоосон бэхэлгээ төмөр нь салж хаалга нь онгойсон. Тэгээд байшин руу ороход унтлагын өрөөний модон орон дээр эрэгтэй хүний цэнхэр өнгийн жинсэн хүрэм байсныг, мөн том өрөөнд ширээний хажууд байсан түшлэгтэй, модон 2 сандлыг тус тус хулгайлж авч гэртээ очсон. Гэртээ очсоны дараа би дээрх жинсэн хүрмийг өмсөж үзэхэд надад бага, жижигдээд байхаар нь тайлж гэрт тавиад, 2 модон сандлыг нь түлээ болгон хагалж зууханд хийж түлээд дараа нь унтчихсан..., ...би М.Б-ы гэрээс хулгайлсан дээрх эрэгтэй хүний жинсэн хүрмийг цагдаа нарт хураалгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64, 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Шүүгдэгч Ш.Х- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

5.2. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 

5.3. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч М.Б-д хохирол учирсан байна гэж үзлээ.

 

5.5. Шүүгдэгч нь иргэн М.Б-ы эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг арматур төмрөөр эвдэж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

 

5.6. Шүүгдэгч Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 

5.7. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

 

5.8. Шүүгдэгч Ш.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Шүүгдэгч Ш.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-д 309.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 40.000 төгрөгийн хохирлын эд зүйлийг буцаан олгосон, үлдсэн 269.000 төгрөгийн хохирлыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-т төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах”  дүгнэлтийг,

 

2.2. Шүүгдэгч Ш.Х-аас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх саналыг,

 

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс шүүгдэгч Ш.Х-т “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа анхнаас хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасныг үндэслэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

 

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Х-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

2.7. Шүүгдэгч Ш.Х- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

2.8. Шүүхээс шүүгдэгч Ш.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

2.9. Шүүгдэгч Ш.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.11. Шүүгдэгч Ш.Х- нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/142 дугаар захирамжаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ш.Х-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

2.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, 44 см урттай арматур төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

2.13. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

 

2.14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ш.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.х овогт Ш-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Х-ыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-т оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон шүүгдэгч Ш.Х-ын 7 /долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, 44 см урттай арматур төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ш.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК