| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00652/и |
| Дугаар | 155/ШШ2018/00652 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2018/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн **************** оршин суух, ************ дугаар регистртэй, Ц овогт Б-ын О-ийн ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн *************** оршин суух, ************* дугаар регистртэй, Т овогт Б.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2018/00390/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Бтой 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж байсан бөгөөд бидний дундаас охин Б.Б 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, охин Б.Э 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус төрсөн. Бид 2014 оны хавар хүртэл хамт амьдарч байсан ба энэ хугацаанд намайг бусадтай хардаж зодох, архи ууж гэр орны эд зүйлээ хулгай хийж зардаг зэрэг байдлаас болж би том охиноо аваад аавындаа очсон. Тусдаа амьдрах үед би жирэмсэн охин Б.Э гэдсэнд байсан. Б.Бын хүүхэд мөн. Үүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Би хамтран амьдрах хүнтэй болсон учир цаашид Б.Бтой эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охидууд минь миний асрамжид байдаг, Б.Б айлын мал харж амьдардаг тул хүүхэд өсгөх боломжгүй учир том охиноо өгөхгүй, хоёр охиноо салгахгүйгээр өөрийн асрамжид авч өсгөнө. ББоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Отэй 2012 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас охин Б.Б, Б.Э нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Намайг гэрээсээ явахад эхнэр Б.О нь жирэмсэн, охин Б.Э гэдсэнд байсан бөгөөд миний хүүхэд мөн. Цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Би охин Б.Бийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа ч хоёр охиноо хамтад нь эх Б.О-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Боос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2014 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Б.О хамтран амьдрагчтай болсон, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №05 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Б, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Э нар төрсөн болох нь №0000850811 №14, №43 бүртгэлийн 6767000043 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй болон цэцэрлэгт хүмүүжиж байгаа тухай эмчийн, цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон тул 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд охин Б.Б, охин Б.Э нар нь эцэг Б.Бтой хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б 5 нас 01 сар, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э 2 нас 11 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг тус бүр охин Б.Б, охин Б.Э нарт сар бүр эцэг Б.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Б, охин Б.Э нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Б.О нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч Б.Боос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, бүгд 120.209 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц овогт Б-ын О, Товогт Батнасангийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Бийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Боос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.О нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамж бүгд 120.209 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА