Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/00213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, Х овогт Дын Б /*******************/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1097 дугаарын үнэмлэхтэй, У.Х овогт Б О /***********/ ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн *********** дугаарын үнэмлэхтэй Б овогт Б.Б

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.639.120 / хоёр сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун хорь / төгрөг гаргуулах,

Хөвсгөл аймгийн ТЗДТ-аас 4.157.492 / дөрвөн сая нэг зуун тавин долоо мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч ТЗДТ дарга Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б би ТЗДТдаргын 201оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар тамгын газрын нягтлан бодогчоор ажилд орсон билээ. Ингээд ажлаа хийж байхад намайг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халсан байсан. Ингэж ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хуулийн 40.1.5 дахь заалт, 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан. Тамгын газрын дарга Г.Ж нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн юм. Ингээд би ажлаа хийгээд явж байтал 2017 оны 09 сарын 01-ний өдөр Тамгын дарга утсаар залгаад нэг юм байгаа уншаарайбичиг хэргийн компьютер дээр гэж байсан бөгөөд би тухайн үед би ажлаа 2017 оны 9 сарын 12-ны өдрийг хүртэл ажлаа хийсэн. Ингээд Мөрөн суманд аавын бие тааруу байнгын асаргаатай байдаг тул би 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс одоог хүртэл асарч байгаа болно.

Гэтэл тамгын дарга нь 2017 оны 9 сарын 28-ны өдөр манай эхнэр Г.Од 2017 оны 8 сарын 24-ний өдрийн ажлаас халсан тушаалын нэг хувийг өгсөн байсанг би сая мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Уг ажлаас халсан тушаалд намайг Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-д зааснаар Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд
би 2015 онд Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа мах дутагдуулсан гэх зөрчилийг 2015 оны 4 дүгээр сард гаргасан ба би үүнийг нь төлж өгсөн бөгөөд энэ хугацаанд сахилгын ямар хариуцлага хүлээлгээгүй атлаа 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн 2015-2016 оны санхүүгийн баримтад шалгалт хийхэд жолооч нарын шатахууны тооцооны хуудас нь олдоогүйн улмаас нягтлан бодогч нарт арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байсан. Үүнийг үндэслэж сахилгын зөрчлүүдийг давтан гаргасан гэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тушаалдаа нягтлан бодох бүртгэлийн хуулийн хэрэгжилтийг хангаагүй, санхүүгийн сахилга, хариуцлагыг сулруулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан, шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд байршуулж шинэчлээгүй, ажлаа дүгнүүл гэхэд дүгнүүлдэггүй зэрэг сахилын олон зөрчлүүдийг гаргасан гэжээ. Гэтэл би ийм олон зөрчлүүдийг гаргаагүй гэж үзэж байгаа бөгөөд Тамгын дарга буюу ажил олгогч нь өөрөө ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ямар ажил дүгнүүл гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээрхи хоёр зөрчлүүд нь заавал тус бүрдээ тогтоогдсон зөрчлүүдийн хоорондох хугацаа нь сахилгын шийтгэл ногдуулсан бол 1 жилээс, шийтгэл хүлээгээгүй бол 6 сараас хэтэрч болохгүй байх тул 2015 оны зөрчилд сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байгаа тул би ТЗДТнягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгожажилгүй байсан хугацааны цалин 2.639.120 төгрөгийг /9 сарын 1-нээс 12 сарын 31-ний өдрийг хүртэл/ гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Над руу 09 дүгээр сарын 12-ны өдөр утсаар яриад, 15-ны өдөр чиний хөдөлмөрийн гэрээг цуцлана, чи ажилдаа ирэх шаардлага байхгүй шүү гэж хэлсэн. Тухайн өдөр би шууд ажлаасаа гараад явчихсан юм. Би буцаж очих ямар ч шаардлага байгаагүй. Манай эхнэр тушаал авахаар очсон. Хоёр дахь дээр нь очоод Өгөхгүй гээд байна шүү дээ, Г.Ж дарга өөрийг чинь ир гээд байна гэж хэлсэн гэж ирсэн. Би очих ямар ч шаардлага байхгүй шүү дээ гээд утсаар ярихад Чи муу ирвэл ир, байвал бай гэсэн. Намайг аваачих гээд байсан хамгийн гол шалтгаан нь цалин бодоод өгчих гэх асуудал тавиад байсан юм ... Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Мөрөнгийн төвд аавыгаа асарсан юм. Тэр хугацаанд өөрийн болоод аавынхаа хэдэн малд өвс, тэжээл бэлтгэхээр Сэлэнгэ аймаг руу 5 хоног л хадланд явсан юм. Тэр үед Г.Ж даргын хамаатны нэг хүнтэй цуг явсан. ... Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 2.639.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл дээрээ бичсэн тэгтэл хуулиараа би өнөөдрийг хүртэл бодвол 3.706.877 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм байна. Тийм учраас 3.706.877 төгрөгийг минь гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТдарга Г.Ж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайрбарлахдаа: Тус газарт ня-бо-оор ажиллаж байсан Д.Б нь 2015 онд суманд санхүүгийн алба байгуулагдсантай холбогдон ЕБС-ийн ня-бо-гоос шилжин ирж нягтлан бодогчоор томилогдсон. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж уг ажлаас халсан тушаалыг зүйн үндэслэлгүй гэжээ. Д.Б нь ажиллаж байсан хугацаанд өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлдэг, төсвийн сахилга хариуцлагыг ноцтой зөрчсөн, шуурхай, эрх зүйн сургалтанд хамрагддаггүй, эрх мэдлээ ашиглан орон тоо баталж, цалин шинэчлэн тогтоосон тушаалыг зөрчиж дур мэдэн цалингийн шатлал нэмж, ур чадварын нэмэгдэл 2 жил авсан, өргөдөл хүсэлт гаргаагүй 800.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа өөртөө олгож аваад төлөөгүй, ямар ч шийдвэр тушаал гаргаагүй байхад 2017 оны 07-р сард нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авсан. Энэ талаар цагдаад хандаж байсан. Мөн удаа дараа шаардлага тавьсан боловч өмнөх 2015, 2016 оны санхүүгийн баримтыг эмхлэн цэгцэлж архивт хүлээлгэж өгөөгүй, нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах болон бусад чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй болно. Д.Бтой холбогдолтой аймгийн санхүүгийн хяналт аудитын албан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй тул аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны 2017.05.23-ны 1/110 тоот албан бичиг, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг биелүүлэхгүй байгаа тухай АСХАА-ны 2017.08.04-ны өдрийн 1/144 тоот албан бичгүүд ирсэн, сахилгын шийтгэл ногдуулах тухай өмнө нь мэдэгдсэн, 2017.09.01-ны өдрөөс ажлаас халахыг мэдэгдэж АБХ-ийн эрхлэгчид өгсөн тушаалын төслийг танилцуулсан, 9-р сараас ажилдаа ирээгүй, тушаалаа өгөх гэхээр ирээгүй, дотоод ажилтан гэр нь очиход байхгүй байсан тул ажил дээрээ эхнэр Г.Од гардуулж өгсөн болно. ... Д.Б нь 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаагүй. Утсаар ярихад, одоо очино гэсээр байгаад л хадландаа явчихсан. Би сумынхаа фондны өвсөнд Эрдэнэбулган сум руу явж байгаад ирээд, утсаар ярихад мөн л очно гэсэн. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь бүр болохоо байчихаар нь дотоод ажилтанаа явуулж байсан юм. Ингээд өөрөө ирээгүй болохоор эхнэрт нь 9 дүгээр сарын сүүлээр гардуулсан.... Иймд миний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул хариу тайлбар хүргүүлэв гэжээ.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТдарга Г.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б нь тус газар нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2016 онд цалин, орон тоо баталсан тушаал зөрчиж, хуучин шатлалаар бодож авсан цалингийн зөрүү 336.941 төгрөг, ур чадварын нэмэгдэгдэл 1.694.985 төгрөг, нийт 2.031.926 төгрөг, 2017 оны орон тоо, цалин баталсан тушаал зөрчиж, хуучин шатлалаар бодож авсан цалингийн зөрүү 419.243 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1.097.866 төгрөг, тушаал шийдвэргүй авсан үр дүнгийн урамшил 608.457 төгрөг, нийт 125.566 төгрөг, бүгд 4.157.492 төгрөг авч байгууллагыг өрөнд оруулсан байна.

Иймд эрх мэдлээ ашиглаж авсан энэ мөнгийг Д.Боор ЗДТГ-ын 100171155001 дансанд төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг байгууллагыг өрөнд оруулсан гэж байна. Намайг ажиллах 2 жилийн хугацаанд байгууллага нийгмийн даатгал, татвар, цалинтай холбоотой нэг ч төгрөгийн өртэй ажиллаж үзээгүй. Ерөнхий нягтлан бодогч нар суманд 3-5 байгууллага хариуцдаг. Засгийн газрын 2015 оны 325 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор суманд санхүүгийн алба байгуулагдаад, сумын төсөвт байгууллагуудыг 2 нягтлан бодогчид хариуцуулан даалгасугай гэсэн. Тэр тогтоолтой холбогдуулаад сумын нягтлан бодогч нар 3-5 байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотой Хөвсгөл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын тоот гарсан байдаг. Тухайн тоотод нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Ерөнхий нягтлан бодогч нар ТҮ-8 аар цалинжих ёстой гэсэн. Гэтэл ТҮ-8 аар цалинжуул гэх тоот очсоор байхад Г.Ж дарга тэр тоотыг Өнөрсайхан нягтлан бид хоёрт өнөөдрийг хүртэл үзүүлээгүй. Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын ирсэн бичгийн бүртгэл дотор ч тэр тоот нь байхгүй. Энэ тоотыг бусад сумын нягтлан бодогч нараас бид өөрсдөө олж авсан. Өнгөрсөн хавар буюу 2017 оны 03 дугаар сард нягтлан бодогч нарын сургалт дээр ТҮ-7 оор цалинждаг нягтлан бодогч нар гараа өргө гэхэд бид хоёртой хамт 2-3 нягтлан л гараа өргөж байсан юм. Тэр нягтлангууд нь шинэ орсон, түр ажиллаж байгаа хүмүүс байсан. Бид хоёр ТҮ-7-4 өөр байтугай ТҮ-7-8 шатлалаар цалинжих ёстой хүмүүс гэж үзэж байна. Ур чадварын нэмэгдэл авсан гэж байна. Бид хоёрыг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гээд ур чадварын нэмэгдэл хасаад байгаа юм уу? Өнөрсайхан бид хоёр үр дүнгийн гэрээний биелэлт болоод ажлын төлөвлөгөөгөө гаргаад орж зуруулж байсан. Өнөрсайхан нягтлангийн үр дүнгийн гэрээний биелэлтийг надтай яг адилхан ажил хийж байхад нь В дүгнэж өгч байсан. Сард цалин адилхан боддог, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан шивдэг, хүн амын орлогын албан татварын тайлан шивдэг, бид хоёр яг адилхан ажил хийдэг шүү дээ. Байгууллагуудын нэр нь л өөр болохоос биш ганц зөрүүтэй ч ажил хийдэггүй. Гэтэл Өнөрсайхныг В дүгнэж өгсөн. Одоо ингээд та хоёрыг 25 хувиар болгоё гэж тухайн үед Өнөрсайханд хэлж байсан гэсэн. Өнөрсайхан даанч өнөөдөр энд байхгүй байна. Урамшуулалтай холбоотой аймгийн Засаг даргын захирамж нь ирсэн. Санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн, яаж зөрчигдөж, дутагдаж байгаа талаар би л мэдээллээр хангадаг байсан. Чи болгоорой гэхэд нь би итгэлийг нь даагаад л явдаг. Санхүүгийн тайлангийн тухайд 2 жил зөрчилгүй гэсэн дүгнэлт авч байсан. Зөрчилгүй санал дүгнэлт авсны эцэст арга хэмжээ авч болоод байгаа юм бол яагаад шагнал урамшууллаа өгч болдоггүй юм бэ? Би түүнийг өөрөө дур мэдэж аваагүй гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТдарга Г.Ж сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Бд холбогдуулан 4.157.492 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.639.120 / хоёр сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун хорь / гаргуулах,

Хөвсгөл аймгийн ТЗДТ4.157.492 / дөрвөн сая нэг зуун тавин долоо мянга дөрвөн зуун ерэн хоёр / төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийнхээ ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаарлагаас, хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТГнь нэхэмжлэгч Д.Боос 4.157.492 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болно.

Мөн нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд: ... би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн нэхэмжлэл гаргах хүртлэх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл хэрэг маань шийдэгдэхгүй өнөөдрийг хүргэсэн, тийм болохоор өнөөдрийг хүртлэх хугацаагаар бодоод 3.607.877 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ гэсэн болно.

Хөвсгөл аймгийн ТЗДТдаргын 2015 оны 2 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн ТЗДТдаргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн ТЗДТдаргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах тухай тушаалын хуулбар зэргээс үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Бтой хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТГхөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Д.Быг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай заалт болох Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг баримталсан, уг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нэхэмжлэгчийн эхнэр 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр гардан авсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин 3.607.877 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 128.1.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан ... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу 11 хоногийн хугацаа хэтрүүлэн гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... тамгын дарга нь 2017 оны 9 сарын 28-ны өдөр манай Г.Од 2017 оны 8 сарын 24-ний өдрийн ажлаас халсан тушаалын нэг хувийг өгсөн байсанг би сая мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно .... Миний тушаал 08 дугаар сарын 24-ний өдрөөр гараад 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд буюу 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл би ажлаа хийсэн... гэх тайлбар,

Хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТдарга Г.Жийн Д.Б бол 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаагүй ээ. Утсаар ярихад, одоо очино гэсээр байгаад л хадландаа явчихсан. Би сумынхаа фондны өвсөнд Эрдэнэбулган сум руу явж байгаад ирээд, утсаар ярихад мөн л очино гэсэн. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь бүр болохоо байчихаар нь дотоод ажилтнаа явуулж байсан юм. Ингээд өөрөө ирээгүй болохоор нь эхнэрт нь гардуулсан.9 дүгээр сарын сүүлээр эхнэрт нь өгсөн байх ... гэх тайлбараар зэргээр нэхэмжлэгч нь өөрийгөө ажлаас халагдсаныг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас 76 хоногийн өмнө мэдсэн, халагдсан тушаалаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас 42 хоногийн өмнө гардан авчээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ... би 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс одоог хүртэл аавыгаа асарч байгаа болно... иймд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж шүүхэд хүсэлт ирүүлсэн мөн шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болохоор заасан боловч нэхэмжлэгчийн тайлбар, түүний гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хуульд заасан хугацааны дотор гомдол гаргагч нь өөрөө хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Мөн дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Б нь хадлан, өвсөнд явсан зэрэг байдал хариуцагч болон нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар нотлогддог бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд өөрийн эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байжээ гэж шүүх дүгнэж байна.

Нэхэмжлэгч нь аавыгаа харж байсан гэх боловч энэ талаарх асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гомдлоо гаргах хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул түүний Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримтын тухайд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийнхээ ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа, хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТГнь Д.Боос 4.157.492 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар,нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.176 /тавин долоон мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Бын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.607.877 / гурван сая зургаан зуун долоон мянга найман зуун далан долоо / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ТЗДТнягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Хөвсгөл аймгийн ТЗДТГнь нэхэмжлэгч Д.Боос 4.157.492 / дөрвөн сая нэг зуун тавин долоо мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар,нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.176 /тавин долоон мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА