Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Л.О,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,        

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Л-ийн О-д холбогдох 2228000000091 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:   

С овгийн Л-ийн О, ..........................                       

Шүүгдэгч Л.О нь согтуугаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн А.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар нүүр рүү нь гараараа цохиж, тархины доргилт, 21 дүгээр шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.О-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Л.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Мандал-Овоо сумын төвд О гэх хүнтэй таараад мэнд мэдэхэд маргалдаад миний нүүр хэсэгт баруун гараараа цохисон. Тэр үед би нүүрээ гараараа хаасан боловч миний гартай хамт нүүр болон шүд хэсэгт давхар цохигдсон. Тэгээд би шүүх эмнэлэгт биеэ үзүүлчхээд дараагаар нь шүдний эмнэлэгт очиж үзүүлэн уг цохигдсоны улмаас суларсан шүдээ авахуулсан байгаа. О нь надтай уулзаад архи ууя гэхээр нь би үгүй гээд Ө гэх айл руу орох гээд явж байхад О нь та ямар пээдгэр юм хоёр гараа кармандаа хийгээд дуугарч цөхөөд гэж хэлээд миний араас ирээд намайг цохисон... Би гомдол санал байхгүй. Бид хоёр ярилцаж ойлголцсон. Уг унасан шүдийг эмчлүүлэх шинэ шүд хийлгэхэд шаардагдах зардал 8 сая төгрөгийг өгсөн байгаа. Надад шинэ шүд хийхэд нэг жилийн эмчилгээ хийх бөгөөд одоо ясан шүд суулгуулахад буйланд эмчилгээ хийх юм билээ тэгээд 8 сая орчим болно гэж үзсэн эмч нь хэлсэн.” /хавтаст хэргийн 18 дахь тал/   

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд Ө гэх айлын хашааны гадаа О ахтай тааралдсан. Тэгээд мэндлээд байж байтал би тухайн үед машинд утсаар ярьж байсан тэгсэн тэр хоёр дуу нь чангараад байхаар нь машинаас буугаад хашааны үүдэнд тэр хоёр дээр очоод би О-ыг салгаж аваад явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа сумын төвд мөн тааралдаад О машинаасаа буугаад О ах дээр очоод муудалцаад байх шиг байсан. Яг тэр үед Насан гэх хүн явж байгаад надтай уулзаж байсан. Тэр хоёрын дуу нь чангараад байхаар нь бид хоёр О-ыг явъя гээд дуудаад гараас нь татаад аваад явсан.” /хавтаст хэргийн 22 дахь тал/

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд Ө гэх айлын хашааны гадаа О гэх хүнтэй таарсан, мэнд ус мэдсэн. Тэр үед О нь намайг үл тоосон байдалтай байсан. Тэгэхээр нь би та дүүгээ яахаараа тоодоггүй юм гэж хэлтэл мэнд мэдээд О нь Ө гэх айлын хашаа руу орсон. Тэр үед би араас нь очоод та намайг одоо хүртэл тоохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн О нь би тоохгүй биш завгүй байна гэхээр нь би дүүтэйгээ 5, 10 минут л юм ярьчихаж болдоггүй юм уу гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болоод би баруун гараараа Ог нэг удаа алгадсан. Тэгж алгадах үед О нь гараараа хаахад түүний гартай хамт нүүрэн хэсэгт нь алгадсан. Тэр үед надтай цуг явсан Т гэх залуу ирээд намайг аваад явсан. Тэгээд хөдлөөд хэсэг хугацааны дараа би Тунсагийн хамт Дэнжээс төв рүү явж байхад О нь урдаас машинтайгаа ирж таарсан. Би машинаасаа бууж очоод О-тэй уулзахад миний шүд хөдөлчихлөө гэж надад хэлсэн.... Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.О-гийн биед тархины доргилт, 21-р шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Нэг шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Л.О нь согтуугаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн А.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар нүүр рүү нь гараараа цохиж, тархины доргилт, 21 дүгээр шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-гийн “О гэх хүнтэй таараад мэнд мэдэхэд маргалдаад миний нүүр хэсэгт баруун гараараа цохисон. Тэр үед би нүүрээ гараараа хаасан боловч миний гартай хамт нүүр болон шүд хэсэгт давхар цохигдсон.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч Т.Т-ийн “...би тухайн үед машинд утсаар ярьж байсан тэгсэн тэр хоёр дуу нь чангараад байхаар нь машинаас буугаад хашааны үүдэнд тэр хоёр дээр очоод би О-ыг салгаж аваад явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа сумын төвд мөн тааралдаад О машинаасаа буугаад О ах дээр очоод муудалцаад байх шиг байсан. Яг тэр үед Насан гэх хүн явж байгаад надтай уулзаж байсан. Тэр хоёрын дуу нь чангараад байхаар нь бид хоёр О-ыг явъя гээд дуудаад гараас нь татаад аваад явсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн “А.О-гийн биед тархины доргилт, 21 дүгээр шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.О-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-гийн эрүүл мэндэд тархины доргилт, 21 дүгээр шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Л.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-гийн эрүүл мэндэд тархины доргилт, 21 дүгээр шүд унасан, хамрын зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би гомдол санал байхгүй. Бид хоёр ярилцаж ойлголцсон. Уг унасан шүдийг эмчлүүлэх шинэ шүд хийлгэхэд шаардагдах зардал 8 сая төгрөгийг өгсөн байгаа.” /хавтаст хэргийн 18 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Л.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-д 8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Л-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Од 8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ