Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2018/00338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл УСХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн НЭ-т холбогдох,

2015 оны цэвэр бохир, усны төлбөрийн үлдэгдэл болох 13.046.819 /арван гурван сая дөчин зургаан мянга найман зуун арван ес / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Хөвсгөл УСХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл УСХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн УСНААК / ОНӨААТҮГ/, УС ЧАНДМАНЬ ОНӨҮГ, ХӨВСГӨЛ ДУЛААН ХХК-уудыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор татан буугдаж, мөн тогтоолоор Хөвсгөл УСХХК нь шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх тогтоолоор манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр, авлага шилжиж ирсэн болно.

Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах, Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор цэвэр, бохир усны үнэ, тариф суурь хураамжийг шинэчлэн батласантай холбоотойгоор УСНААК-иас 2015 оны 08 дугаар сарын 01-ий дотор гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдлийг Хөвсгөл аймгийн НЭ-т 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна.

Иймд 2015 оны Цэвэр бохир, усны төлбөрийн үлдэгдэл болох 13.046.819 /арван гурван сая дөчин зургаан мянга найман зуун арван есөн төгрөг/-ийг хариуцагч
байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл Дулаан ХХК, Хөвсгөл Ус Чандмань, УСНААК 3 компани татан буугдаад Хөвсгөл Ус Дулаан ХХК-д бүх өр авлага шилжиж ирсэн. Энэ үед НЭ-ийн13.046.816 төгрөгийн өр авлага шилжиж ирсэн. Миний бие 2010 оноос 2016 оны хооронд УСНААК ХХК-д гэрээ борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Тухайн үед би он бүхний эхэнд гэрээ байгуулаад гэрээ байгуулж, гэрээий дагуу нэхэмжлэх бичиж байгууллагуудтай тооцоо нийлдэг байсан. 2015 онд зохицуулах зөвлөлөөс үнэ тариф шинэчлэгдэж ирсний дагуу 2015 оны 8 дугаар сараас шинэчилсэн үнэ тариф шинэчилэгдэж ирсэн. 2015 оны 8 дугаар сараас өмнө нэгдсэн эмнэлэг манай байгууллага хоёрын дунд ямар нэгэн өр авлага байдаггүй байсан. Төсвийн байгууллагууд албан тоотоор, эсвэл биечлэн ирж үнэ тарифад өөрчлөлт орох эсэх асуудлаар асуудаг байсан. Зохицуулах хорооноос 2013 оноос нийт орон нутгийн үнэ тарифыг өөрчлөх асуудлаар яригдаж эхэлсэн. Тэгээд манай байгууллага 2013 онд саналаа өгөөд амжаагүй. 2015 онд манай аймгийн тариф шинэчилэгдэж ирсэн. Монгол орны 21 аймгийн хэмжээгээр үнэ өөрчлөгдөж манай аймаг үсгийн дарааллаар нилээд хойшоо байсан учир хожуу батлагдсан. 2013, 2014 онд манай үнэ тариф өөрчлөгдөөгүй. Төсвийн байгууллагуудын үнэ өөрчлөгдөнө гэхдээ хэд болж ирэх талаар саналаа хүргүүлсэн. 2015 оноос үнэ нэмэгдэж ирсэнтэй холбоотой төсвийн байгууллагууд нийтдээ 28 сая төгрөгийн авлагатай гарсан. Тэгээд 2016 онд нэгдсэн эмнэлэгээс бусад газар өр авлагаа тэглэсэн. Бүх төсвийн байгууллагууд өр авлагатай гараагүй. 15 байгууллага байсан. Тэгээд 2016 оны төсвийн тодотголдоо суулгуулж өр авлагаа 2016 онд тэглэсэн байдаг. НЭ-ийнтухайд 2015, 2016 оныхоо төсөвт суулгаагүй. Төсвийн байгууллагаад дээрээс тусгаж өгсөн төсвийн хэмжээнд төсвөө зарцуулдаг. Гэхдээ тухайн төсөвтөө тодотгол хийж болдог. Өөрсдөө тайландаа тусгаагүй учир тодотголоо авч чадаагүй гэж манай зүгээс ойлгосон. 2015 оны 8-12 дугаар сарын зөрүү 13.046.000 сая төгрөг болсон. Үнийн зөрүүнээс болоод өр авлага үүссэнтэй холбоотой 2015 оны 3 дугаар улирлаас хойш тооцоо нийлээгүй. 2016 онд Компани татан буугдах болоод өр авлага шилжих болохоор нь тооцоо нийлсэн актынхаа ард би тайлбар бичүүлээд хавсаргаж байсан. Манай зүгээс НЭ-т өр авлагаа барагдуул гэж байнга хэлдэг байсан. Мэдэгдэх хуудас явуулдаг байсан. 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэгдсэн үнэ тариф мөрдөгдөж эхэлсэн.

2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өр төлбөр байгаа юм. Хуучин тарифаараа сард 18.000.000 төгрөг төлж байгаад шинэчилсэн тарифаараа сард 22.448.492 төгрөгийг төлдөг болсон.

Улсын онцгой объект учир хязгаарлалт хийх боломж байдаггүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өр төлбөртэй байгаа талаар нь мэдэгдэж байсан. Тэгээд 2016 онд тооцоо нийлээд гэрээгээ байгуулаад ажилласан.

Би өмнөх өр төлбөрөө барагдуул гэж хэлээд 2016 ондоо гэрээгээ байгуулж байсан. Сангийн яамандаа өр төлбөрөө мэдээлдэг байсан бол оны эцэст өр төлбөргүй гэсэн тайлан нь зөрдөггүй юм болов уу. Өр авлагатай гэж мэдээлж байгаад гэнэт өргүй болчихоор санхүүгийн тайлан нь зөрдөггүй юм уу би бас энэ талаар гайхаж байна.

Нэгдсэн эмнэлэг өөрийн төсөвт байсан мөнгөнөөсөө төлөөд үлдсэн үлдэгдэл нь 13.046.819 төгрөг болж байгаа юм. Би он ондоо хэмнэсэн зардлаасаа төлөх юм болов уу гэж бодсон. Тэгээд 2016 онд харзнасан. Тэгээд 2017 онд би захиралтагаа Чагнаадорж даргатай очиж уулзахад төлөх боломжгүй, шүүхэд өгөхөд гомдолгүй гэж хэлсэн. Харилцагч байгууллагаа юу юугүй шүүхэд өгье гэж бодоогүй юм. Гэрээгээ жил болгон сунгалт хийгээд явдаг. Гэрээнийхээ ар талд сунгалт хийгээд явдаг. Жил болгон байгууллагын дарга нар нь гарын үсэг зураад тамгаа дараад явчихдаг юм. Гэрээгээ сунгаад байж байтал 2015 оны 7 дугаар сард тариф өөрчлөгдсөн юм. Тариф шинэчлэгдсэн тул гэрээгээ шинэчилж байгуулна уу гэж манай байгууллагаас мэдэгдэх хуудас явуулсан.

Оныхоо 1 дүгээр сард сунгадаг учир 18.000.000 төгрөгөөр гэрээгээ байгуулсан байгаа байх. Үнэ тариф өөрчлөгдөх юм бол гэсэн гэрээний заалт байгаа. Гэрээгээ шинэчилж байгуулах ёстой.

Гэрээгээ сунгахгүй гэж хэлээгүй. Манай байгууллагатай ердөө ирж уулзаагүй. Уулзахгүй байна гэдэг нь гэрээгээ сунгахгүй гэсэн үг байх гэж бодож байна.

Тариф өөрчлөгдөхөд яах талаар гэрээний 5 дугаар зүйлийн 5 дахь заалт дээр энэ талаар зохицуулсан байгаа. Шинэ тарифаар цэвэр усыг 1 кубметрийг нь 2700 төгрөгөөр, бохир усыг 1 кубметрийг нь 2800 төгрөгөөр тооцож төлдөг болсон. Нэгдсэн эмнэлэг тоолуургүй учир усных нь үнийг тогтмол 4500 төгрөгөөр тооцдог гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ-ийндарга С.Чагнаадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Хөвсгөл УСХХК-ий гаргасан нэхэмжлэлийн дагуу 2015 оны төсөвт Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор цэвэр, бохир усны үнэ, тариф суурь хураамжийг шинэчлэн баталснаар тооцож ЭМЯ-нд явуулсан боловч Сангийн яам зөвшөөрөөгүй учир батлагдаагүй. Мөн шинэчилсэн гэрээ хийгдээгүй, 2015 оны тайлан балансад өр тусгагдаагүй, өр авлагыг хүлээн зөвшөөрөөгүй учир цэвэр бохир, усны төлбөрийн үлдэгдэл болох 13.046.819 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа Манай байгууллагад 2015 оны 7 дугаар сард тариф шинэчилэгдэж гэрээгээ шинэчилэх талаар тоот ирсэн. Тэгээд би тухайн тоотыг тодотголдоо суулгуулахаар Эрүүл мэндийн газарт хандаж боломж байна уу гэхэд зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн яаманд хандахад Сангийн яаманд ханд гэсэн. Сангийн яамнаас болохоор боломжгүй гэсэн хариу ирээд байсан. Тэгээд би яах талаар нь асуухад яах ч арга байхгүй гэсэн хариуг хэлсэн. Тэгээд 2016 оноос шинэчилсэн тарифаар төсөв батлагдаж ирсэн учир 2016 оны төлбөрөө төлөөд явсан. 2016 оны 20.000.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 13 сая төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагаас тус өрийг төлөх боломж байхгүй. Гэрээний дагуу бол өр төлбөрөө төлсөн байгаа.Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Төсвийг суулгаж өгөөгүй. Би төсвийн гүйцэтгэлийн мэдээн дээрээ өр авлагатай гэж ус сувгийн өрийг төсөвтөө тусгаж байсан. Манайх улсын төсвийн байгууллага. Сангийн Яамнаас, Эрүүл Мэндийн яамнаас төсөв нь батлагдаж ирдэг. Бусад өртэй гарсан байгууллагууд нь орон нутгийн төсөст байгууллагууд байсан учир орон нутгийн хэмжээнд өр авлагынхаа асуудлыг шийдвэрлэсэн байх. Би энэ өр авлагын асуудлыг сар бүр мэдээлдэг байсан. Би энэ талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтэнтэй ярьж байсан. Гэтэл надад Сангийн яам, зохицуулах хорооноос манай байгууллагад бичиг ирээгүй, зөвхөн танай аймаг л тийм зүйл яриад байна. Өөр аймгаас ирээгүй гэж хэлж байсан. Үнийн дүнтэй маргах зүйл байхгүй.

Одоо тоолууртай төрөх тасгийн төлбөр нэмэгдээд 27.000.000 төгрөгийн төсөв батлагдаж ирсэн.

2015 онд дандаас хасах тодотголтой төсөв ирдэг байсан. Манай төрөх эмнэлэг тоолууртай. Тоолуур нь зарим сард их, зарим сард бага байдаг. Түүнээс илүү гарсан мөнгөөрөө өрнөөсөө хагасласан. Түүнээс үлдэгдэл гарах юм бол би боломжоороо төлье гэж боддог. Гэтэл одоо ямар ч зөрүү гарахгүй байгаа гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл УСХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ-т холбогдуулан 2015 оны цэвэр цэвэр бохир, усны төлбөрийн үлдэгдэл болох 13.046.819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөвсгөл УСХХКомпани 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор шинээр байгуулагдсан боловч Хөвсгөл аймагт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан УСНААК /ОНӨААТҮГ/, УС ЧАНДМАНЬ /ОНӨҮГ/,ХӨВСГӨЛ ДУЛААН ХХКомпаниудыг нэгтгэн тухайн Хөвсгөл УСХХКомпанийг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон холбогдох баримтаар тогтоогдож байх тул УСНААКомпаний эрх үүрэг нь компаний тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч компанид шилжсэн байна.

Иймд Хөвсгөл УСХХКомпанид үүсгэн байгуулагдахаасаа өмнөх УСНААК-ний эрх үүргийг хэрэгжүүлэн 2015 оны үнийн тарифийн өөрчлөлтөөс үүссэн өр төлбөрийг барагдуулах талаар Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүсчээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл УСХХКомпани нь Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах, Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор цэвэр, бохир усны үнэ, тариф суурь хураамжийг шинэчлэн батласантай холбоотойгоор УСНААК-иас 2015 оны 08 дугаар сарын 01-ий дотор ашиглагч байгуулагуудтайгаа гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай болсон. Гэтэл аймгийн нэгдсэн эмнэлэг гэрээгээ шинэчлэн байгуулаагүй мөн хуучин тарифаараа төлбөрөө төлж он дуусгасанаас болж 8,9,10,11,12 саруудын тарифийн үнийн зөрүү үүссэн. Үүнээс нэгдсэн эмнэлэг нь өөрсдийн бололцоогоор төлөөд одоо үлдэгдэл 13.046.819 төгрөгийг төлөхгүй боломжгүй гэсэн учир бид шүүхэд хандсан. Үүнийг төлүүлэх хүсэлтэй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг нь: Бид тарифийн өөрчлөлтөөс үүссэн үнийн дүн болон өөрчлөлттэй холбоотой маргаан байхгүй. 2016 оноос шинэ тарифийн дагуу гэрээгээ байгуулаад төлбөр тооцоогоо хийгээд яваа. Дээрхи 5 сарын тарифийн өөрчлөлтөөс үүссэн төлбөрийг дээрээс бидэнд зөвшөөрөөгүй удаа дараа Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд мэдэгдсэн. Төсөвт нэмэлтээр тодотгол хийгдээгүй учир бид төлж чадаагүй. Одоо ямар ч боломж байхгүй. Гэхдээ 2015 онд бид байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрөө сарын 18.500.000 төгрөгөөр төлөөд явсан. Тооцооны үлдэглийн баталгаан дээр үнийн зөрүү үүссэнээс хойш гарын үсэг зураагүй. Гэрээг шинэчлэн байгуулаагүй.Иймд төлж чадахгүй гэж маргажээ.

Зохигч талуудаас шүүхэд 2015,2016,2017 онуудын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 15 хуудас баримт, Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах, Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол, түүний хавсралтаар батлагдсан цэвэр, бохир усны үнэ, тарифийн талаархи баримт, НЭ-ийнсанхүүгийн тайлан, төсвийн хуваарь зэрэг 18 хуудас баримт, УСНААКомпани захирал, Хөвсгөл аймгийн НЭ-ийндарга нарын 2014 онд байгуулсан гэрээ, аймгийн НЭ-т хүргүүлсэн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

УСНААКомпаний захирал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нар 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах аж ахуй нэгжийн гэрээ байгуулан гэрээг 2015 онд Баталгаат гэрээний хуудас гэснээр тарифийг тохиролцон сунгалтыг хийлгэн гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар ажил үйлчилгээг үзүүлж хариу төлбөрийг гэрээнд зааснаар сар бүр 18.500.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулан харилцаж байжээ. Гэтэл 2015 оны 8 дугаар сараас тарифийн өөрчлөлт орсноос Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сар бүр 22.448.492 төгрөгийг УСНААКомпанид төлөх шаардлагатай болжээ.

Тарифийн өөрчлөлт орсноос үүссэн дээрхи зөрүүг төлөөгүйгээс талууд маргасан үйл баримт тогтоогдлоо.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь:2014 онд байгуулсан УСНААКомпаний захирал, Хөвсгөл аймгийн НЭ-ийндарга нарын хооронд байгуулсан гэрээгээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг нь 2015 онд тухайн оныг дуустал буюу 2015 оны 1-12 сард сар бүр 18.500.000 төгрөгийг төлөхөөр Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний 6.2 Энэхүү гэрээ нь хангагч, хэрэглэгч болон ашиглагч байгууллагын дарга захирлуудын гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө гэсэн бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж тэмдэг дарсан учир хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.

Мөн гэрээний 4.8-д зааснаар хангагчийн үнэ тарифт нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана гэж зааснаас өөрөөр гэрээг шинэчлэх, гэрээг цуцлах талаар заагаагүй энэ талаар гэрээнд тусгаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тарифийн өөрчлөлтийн талаар гэрээний 5 дугаар зүйлд заасан гэх боловч гэрээнээс үзэхэд энэ талаар тусгасан зүйлгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд манай байгууллага гэрээний дагуу төлбөрөө төлсөн, харин зөрүүнээс үүссэн төлбөрийг төлөөгүй гэж тайлбарладаг үүнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй учир гэрээнд заасны дагуу Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг нь УСНААКомпанид төлбөрийг төлсөн байна гэж үзлээ.

Цэвэр, бохир усны тарифид өөрчлөлт орсон тохиолдолд хэрхэх талаар гэрээнд тусгаагүй ба тариф өөрчлөн батлагдсантай холбоотой дахин гэрээг шинэчлэн байгуулсан тараахи баримт байхгүй учир тарифийн зөрүүнээс үүссэн төлбөрийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг төлөх үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл УСХХКомпаний Хөвсгөл аймгийн НЭ-т холбогдуулан гаргасан 13.046.819 /арван гурван сая дөчин зургаан мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан цэвэр бохир усны тарифийн өөрчлөлтөөс бусад байгууллагууд өртэй байсан бөгөөд тэдний өр төлбөрөө төлж барагдуулсан баримт, НЭ-т хүргэж байсан мэдэгдэл, Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах, Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлөөс тарифийн үнийн саналыг авах тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн УСНийтийн Аж Ахуйн Компаниас тухайн Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах, Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлд саналаа хүргүүлсэн тухай албан бичиг зэрэг 11 хуудас баримт нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлээгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл-УСхязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл-УС хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ-т холбогдох 13.046.819 /арван гурван сая дөчин зургаан мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл УС хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.184 /хоёр зуун хорин гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА