| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0177/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/182 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч Г.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун цээж овогт Ганхуягийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 2221000930147 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг “Ялалт”-ын 22-12 тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийг торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, Зуун цээж овогт Ганхуягийн Гантөмөр /РД: ЖЗ95032015/
Шүүгдэгч Г.Гантөмөр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78-17 тоотод 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Л.Баяржаргалыг “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2 тооны бяруу өөрийн биеэр авчирч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилан 700.000 (долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр иргэн Э.Одбаатарыг “хоёр тугалтай үнээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ганхуягийн Гантөмөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мөнгө авсан явдал маань үнэн, харин хуурч мөнгө авсан зүйл байхгүй... Хохирлоо төлж барагдуулсан...гэв.
Хохирогч Э.Одбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гантөмөр тухайн үед зарах 2 тугалтай үнээний зураг харуулж байсан. Улмаар Энхбаатар ах 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 800.000 төгрөг, дараа нь 15-ны өдөр 1000.000 төгрөгийг ...................Гантөмөрийн данс руу шилжүүлсэн. Энэ явдлаас хойш мөнгөө аваад Гантөмөр үхрээ ч өгөөгүй сураггүй алга болсон...” гэжээ. /хх-ийн 13 тал/
Гэрч Э.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одбаатар 2021 оны 06 дугаар сард над руу яриад ахаа миний таньдаг найз 2 тугалтай үнээ 2 сая төгрөгөнд зарна гэж байна та авах уу гэж хэлсэн. Тухайн үед авахгүй гэж байсан боловч Одбаатар нь над руу хэд хэдэн удаа залгаад та 2 тугалтай үнээ авахгүй юм уу манай найзад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд байхаар би Одбаатарыг чи өөрөө хариуцаарай, би танихгүй хүнд мөнгө өгөхгүй хэрэв үхрээ өгөхгүй бол би чамаас мөнгөө нэхнэ шүү гэж хэлсэн. Улмаар Одбаатар тэгээрэй ахаа найдвартай гэж хэлсэн. ... Би Гантөмөртэй уулзахад надад зарах үхэр гээд 2 тугалтай үнээний зураг харуулсан. Би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 800.000 төгрөгийг, 15-ны өдөр 1000.000 төгрөгийг дансаараа шилжүүлж өгсөн...” гэжээ. /хх-ийн 26 тал/
Хохирогч Л.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн 8 дугаар сургуульд ажилладаг юм. 2021 оны 02 дугаар сард Батдорж ах надад хоёулаа хувааж авч байхаар чи хүнээс авах юм уу манай шавь бяруу зарна гэж байна гэсэн юм. Тэгээд Батдорж ахын шавь гэх Гантөмөр гэдэг залуу манай сургуулийн гадаа ирж надтай уулзсан. Би хоёр ярилцаж тохиролцоод Гантөмөрөөс 700.000 мянган төгрөгөнд 2 охин бяруу авахаар тохиролцож, түүний данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Гантөмөр надад хэлэхдээ 2 бяруугаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авчирч өгнө гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Сүүлдээ түний утас ч холбогдохгүй болсон...” гэжээ. /хх-ийн 67-68 тал/
Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны цагаан сарын өмнө Гантөмөр гэх залууу мөнгөний хэрэг гараад байна. Сар шинэ дөхөөд мөнгө хэрэг болоод байна 2 бяруу зарна таньж мэдэх хүн байвал та хэлээд өгөөч гэж над руу утсаар ярьсан. Улмаар би Хэрлэн сумын 8 дугаар сургуульд хамт ажилладаг байсан Баяржаргал гэх залууд энэ талаар хэлэхэд Баяржаргал сонирхоод байхаар нь Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Баяржаргалын гэрт нь Гантөмөрийг дагуулж очоод Баяржаргал, Гантөмөр нарыг уулзуулсан тэр хоёр хоорондоо тохироод Баяржаргал хоёр бярууны мөнгө болох 700.000 төгрөгийг тэр өдөртөө шилжүүлсэн. Тэрнээс хойш Гантөмөр нь бяруугаа өгөхгүй утсаа авахгүй алга болоод жил орчим болсон тул Баяржаргал цагдаад хандсан...” гэжээ. /хх-ийн 77-78 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
- ТӨРИЙН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 93 тал/
- ХААН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 98-120 тал/
- Г.Ганхуягийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 70, 25, 82-83 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Зуун цээж овогт Ганхуягийн Гантөмөр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78-17 тоотод 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Л.Баяржаргалыг “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2 тооны бяруу өөрийн биеэр авчирч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилан 700.000 (долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тус аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хохирогч Э.Одбаатарыг “хоёр тугалтай үнээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Одбаатар, Л.Баяржаргал, гэрч Э.Энхбаатар, С.Батчимэг, Ч.Баянжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, ХААН болон ТӨРИЙН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ганхуягт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гантөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Гантөмөрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан ба шүүгдэгч Г.Гантөмөрт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягийг 6 /зургаа/ сар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Г.Гантөмөрт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гантөмөрт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гантөмөр нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Гантөмөрийн ЖЗ95032015 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуун цээж овогт Ганхуягийн Гантөмөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантөмөрт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэсвгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гантөмөрт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Гантөмөрийн ЖЗ95032015 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гантөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ