Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2018/00467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг дахь МСҮТ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, Г-ийн  Х  /*************/-т холбогдох

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 1.162.474 /Нэг сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, иргэдийн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагч Г.Х  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Х  нь 2013, 2014, 2015 онуудад тус сургуульд хүнсний нярваар ажиллаж байсан. 2015 оны 9 сард ажлаас халагдсан. Ажлаас халагдаад ажил хүлээлцэхэд 1.162.474 төгрөгийн бараа материал дутагдуулсан нь тооцоогоор батлагдаж гарын үсэг зурсан. 2015 оны жилийн эцсийн тайлангаар дутагдуулсан хөрөнгийн хэмжээгээр авлага үүсгэж бүртгэсэн. Үүнийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үүнийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед энэ хүн ажлаа хүлээлгэж өгөхдөө алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байгаа тул нэхэмжилсэн үнийн дүнгээрээ л нэхэмжилнэ. Санхүүгийн аудитын алба 2015 оны 03 дугаар сард байгууллагуудаар төлөвлөгөөт шалгалт хийсэн. Энэ төлөвлөгөөт шалгалтаар МСҮТ-ын санхүүтэй холбоотой 22 зөрчил илрүүлсэн. Тэгээд Санхүүгийн аудитын албанаас эдгээр зөрчлөө залруул гээд зөвлөмж өгсөн. Үүний дагуу Санхүүгийн аудитын алба 2015 онд санхүүгийн тайлан дээрээ Х тай холбоотой болон тухайн үеийн удирдлагуудтай холбоотой алдаа зөрчлийг төлж барагдуул гэж зөвлөмж өгөөд явсан. Ингээд 2017 онд манай байгууллага дээр Санхүүгийн аудитын албанаас дахин шалгалт ирээд дээрх зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа учраас тухайн асуудал дээр акт тавиад зөрчил гаргасан хүмүүсээр нь төлж барагдуул гэсэн. Хэрвээ зөрчлөө арилгахгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн юм. Энэ хүнийг ажлаас чөлөөлөгдөх үед манай байгууллагын зүгээс тодорхой хэмжээнд харж үзээд нийт гаргасан зөрчлөөс тодорхой хэмжээний мөнгөн дүнг хасаад үлдсэн мөнгийг гаргуулахаар болсон боловч энэ хүн төлөх боломжгүй гэсэн учир шүүхэд хандсан байгаа. Тухайн үед ажиллаж байсан нягтлан, нярав нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад алдаа дутагдалгүй ажиллана гээд гарын үсгээ зурсан. Үүнийг дагуу Х  нь үүргээ биелүүлж ажиллаагүй. Тухайн үед мэдэхгүй гарын үсгээ зурчихсан гэж тайлбарлаж байгаагаар ажилдаа ямар ханддаг байсныг харуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ хүнийг ажлаас чөлөөлөгдөх үед манай байгууллагын зүгээс алдаа дутагдлаас нь нилээд багасгасан байгаа учир дахин багасгах боломж байхгүй. Үүнийг энэ хүн тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа учир дахин багасгах боломж байхгүй юм... Дээрх зөрчлүүд нь баримтаар шүүж үзээд зөрчлүүд нь хэдэн хэдэн онд гарсан нь тодорхой гарч ирсэн байгаа. Гэхдээ би энэ баримтаа өнөөдөр авчраагүй болохоор сайн мэдэхгүй байна. Зөвхөн энэ хүнийг алдаа дутагдал гаргасан гэх актыг л хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан. 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж байхгүй юм байна лээ. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй юм байна лээ. Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үүргээ зөрчсөнөөс тухайн зөрчил дутагдлыг гаргасан учир бид Хөдөлмөрийн гэрээгээр уг төлбөрийг нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Г.Х  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Гочоо овогтой Х  нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс надад холбогдуулан 1.162.474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Миний бие 2013-2015 оны хооронд тус сургуульд хүнсний нярваар ажиллаж байсан. Тухайн үед санхүүгийн тайланг сар бүр хуулийн хугацаанд ямар нэг дутагдал зөрчилгүй гаргаж өгч байсан. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөний дараа хоёроос гурван жилийн дараа өр төлбөртэй гэж шүүхэд хандсан байна. Үүнийг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Сар улирал хагас, жилийн эцсийн тайлан гарахад эд материалын зөрүү байсан бол тухайн үед нь гарах байсан. Миний бие мэргэжил сургалтын төвөөс нэхэмжилж буй 1.162.474 төгрөгийг хариуцан төлөх шаардлагагүй гэж бодож байна. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х  нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед гарын үсэг зурахдаа дээд талыг хараагүй доод хэсгийн дүнг нь хараад гарын үсгээ зурсан. Иймд би дээд талын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би сургуульд ажиллаж байсан хүний хувьд ажиллаж байсан юм чинь алдаа байлгүй л яахав гэж бодоод хүн чанар гаргаад 205.950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед байгууллага дээр Санхүүгийн аудитын албанаас шалгалт хийсэн нь үнэн. Энэ шалгалтаар баримт бичиг дээр гарын үсэг дутуу зэрэг зөрчлүүд илэрсэн. Тухайн үед манай байгууллагын санхүү хүнд байдалд байсан. Би зөвхөн дарга, нягтлангынхаа заавраар л орлого, зарлага гаргадаг байсан. Надад дур мэдэн ганцаараа орлого болон зарлага гаргах эрх байхгүй. Би сарын тайлангаа сүр бүрд нь алдаа дутагдалгүй зөрүүгүй гаргаж өгөөд явдаг байсан. Эдгээр зөрчлүүдийг би бодохдоо тухайн үеийн шивэлтийн алдаа л гэж бодож байна. Над дээр 2-3 зөрчил гарсан байсныг би холбогдох хүмүүсээс шаардаад баримтыг нь өгсөн байгаа. Тухайн үед би гарын үсэг зурахдаа доод хэсгийг нь хараад зурсан. Хэрвээ би дээд хэсгийг нь харсан бол гарын үсгээ зурахгүй байсан. Энэ нь миний алдаа болсон. Намайг сургуулийн нярваар ажиллаж байхад 1 тонн мах авч байсан юм. Уг махыг хөлдөөх хөргөгч байхгүй. Сургуулийн зоорь мах хадгалах үндэслэлгүй болоод хаагдсан байсан. Мах ил байгаа тохиолдолд 2-3 хоногийн дараа мах хөнгөрчихдөг байсан болохоор би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан малын махны гарз, хорогдлын тухай Бүгд найрамдах Монгол Ард улсын төлөвлөгөөт эдийн засгийн улсын хорооны тогтоол байдаг юм байна. Би үүнийг өөрийнхөө төлөө явж байгаад өчигдөрхөн олж мэдсэн. Энэ сайдын тушаал Төрийн сангийн мэдээлэл дээр гардаггүй, хууль зүйн хэлтэст байдаггүй юм байна. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мал, махан бүтээгдэхүүний хадгалах, норм дутаах, хорогдол тооцох тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 113 дугаар тушаал байдаг юм байна. Үүнийг урьд өмнө ажиллаж байсан нярав нь тооцож гаргасан гэж сонсож байсан юм байна. Гэхдээ би үүнийг нүдээр үзэж, харж байгаагүй. Тухайн үеийн нягтлан нь ингэж тооцдог юм байна аа гэж хэлж байсан юм. Иймд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь энэ болж байгаа юм. Мөн 3225 төгрөгийн 30 ширхэг ургамлын тосны хувьд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би тайлангаа гаргаж өгсөн байдаг. Энэ тайлан дээр би энэ тосыг шивэгдээгүй хоцорсон байгаа талаар дурдсан. Тухайн үед би тайлангаа 2 хувь гаргаж өгдөг байсан. Хамгийн сүүлд би 8 дугаар сарын 31-ний өдөр тайлан гаргаж өгсөн байгаа. Энэ тайлан дээр 3225 төгрөгийн 30 ширхэг тос нойлолсон байдаг юм. Элсэн чихрийн хувьд би сургуулийн 40 жилийн ойгоор хүлээн авалтанд болон ажилчдад варень хийх гээд 100 кг элсэн чихэр авсан байдаг юм. Үүнийг тухайн үеийн нягтлан надад хэлэхдээ хандивын мөнгө цуглахаар нь тооцож өгнө. Одоо та тухайн авдаг байгууллагаасаа нэхэмжлэлээ өгөөд авч бай гэсэн. Би үүнийг мөн хасаагүй байна гэж үзэж байна. Тухайн үед ахмад настай хүмүүст 0.5 шилтэй варень болон огурций тараасан байдаг. Үүнийг баталж байгаа зүйл гэвэл тухайн үед тараасан варенийг авч байсан ахмадуудын гарын үсэг нь байгаа юм. Харин бичиг хэргийн хувьд тухайн үедээ сургуулийн дотоод үйл ажиллагаанд бүрэн зарцуулагдсан гэж үзэж байгаа юм. Зарим нэг хүнсний зүйлүүдийг тухайн үеийн дарга, нягтлангууд гадна, дотноос хүн ирэхэд хүлээн авалт хийж зарцуулж байсан зүйлүүдийн л үлдэгдэл байх гэж бодож байна. Иймд надад байгууллагын эд зүйлийг хувьдаа шамшигдуулсан зүйл байхгүй учир шүүхээс шударга шийдвэр гаргаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү . ...Би дээрх зөрчлүүд хэд хэдэн онд гарч байсныг би мэдэхгүй байна. Би хүнсний тайлангаа сар, сард нь 2 хувь гаргаад 1 хувийг нь нягтланд өгдөг байсан. Хагас жилд манай байгууллага бүх бараагаа тоолдог байсан. Тэгэхэд над дээр ямар нэгэн зөрчил гарлаа гэж хэлдэггүй байсан. Мөн намайг сар бүрд нь тайлангаа гаргаад өгөхөд нягтлан тайлан тооцоо яг таарч байна л гэж хэлдэг байсан. Хэрвээ сар бүрд нь тайлан тооцоо хийхэд тухайн үед нь зөрчил гарлаа гэж гэж хэлээд явсан бол дээрх асуудал гарахгүй байсан шүү дээ. ..2014 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд нэг жил сунгагдаад явсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж байгуулаагүй...гэв.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан эд материалын хохирол болох 1.162.474 / нэг сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг хариуцагч Г.Х аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Х  нь ...Тухайн үед санхүүгийн тайланг сар бүр хуулийн хугацаанд ямар нэг дутагдал зөрчилгүй гаргаж өгч байсан. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөний хоёроос гурван жилийн дараа өр төлбөртэй гэж шүүхэд хандсан байна. Үүнийг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Сар улирал хагас, жилийн эцсийн тайлан гарахад эд материалын зөрүү байсан бол тухайн үед нь гарах байсан. Миний бие мэргэжил сургалтын төвөөс нэхэмжилж буй 1.162.474 төгрөгийг хариуцан төлөх шаардлагагүй... гэж маргажээ.

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хариуцагч Г.Х  нь 2013-2015 онуудад хүнсний нярваар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь МСҮТ захирлын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай ...Нэг. Г-ийн  Х ыг 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн аж ахуйн нярваар 6 сарын хугацаатай түр томилсугай гэх Ажилд томилох тухай тушаалын эх хувь, ...нэг талаас МСҮТ захирал Пүрэвдорж овогтой Тэгшчулуун /цаашид ажил олгогч гэх/, нөгөө талаас Гочоо овогтой Х  /цаашид ажилтан/ нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний , 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрүүдэд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лгийн шүүх хуралдаанд гаргасан ...Г.Х  нь 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарыг дуустал тус байгууллагад нярваар ажиллаж байсан... гэх тайлбар, хариуцагч Г.Х ын ... би 2013 оноос 2015 оны 8 дугаар сарыг дуусталхи хугацаанд тус байгууллагад хүнсний нярваар ажиллаж байсан... гэх тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хариуцагч Г.Х аас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол болох 1.162.474 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар, Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2016.04.05-ны өдрийн 181 дугаартай Г.Х т өр барагдуулах тухай гэх албан бичиг /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/, 2016.12.20-ны өдрийн 255 дугаартай Г.Х т өр барагдуулах тухай гэх албан бичиг /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/, Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, МСҮТ-ийн Захирлаар ажиллаж байсан П.Тэгшчулуун, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Анхбаяр, нярваар ажиллаж байсан Х , НТ, ХЗЗ,СС хариуцсан мэргэжилтэн Б.Ганхөлөг нарт актын биелэлт хангуулах талаар өгсөн албан бичгийг хүргүүлсэн талаар тайлбар хүргүүлэх нь гэх Архивын бичиг хэргийн ажилтан Б.Болорчимэгийн тайлбар хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд санхүүгийн шалгалт хийсэн тухай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Санхүүгийн хяналт аудитын албаны байцаагч нарын танилцуулга, Хөвсгөл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай Шалгалтын тэмдэглэл, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нярав Г.Х ын ажил хүлээлцэх тооллогоор дутагдуулсан барааны жагсаалт, Хөвсгөл аймаг дахь МСҮТ захирлын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/92 дугаартай Г.Х ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /Хөвсгөл аймаг дахь МСҮТ хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Хөвсгөл аймаг дахь МСҮТ захирлын 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Ажилд томилох тухай тушаал, /эх хувиар/, Гочоо овогтой Х тай тус байгууллагын байгуулсан 2013,2014 онуудын хөдөлмөрийн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ зэргийг,

Хариуцагч Г.Х аас өөрийн гаргаж өгч байгаа нотлох баримттай холбогдуулан гаргасан тайлбар, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг БНМАУ төлөвлөгөө, Эдийн засгийн улсын хорооны тогтоол №363, хүнсний материалын тайлан, олгосон жагсаалт зэрэг 7 хуудас баримт, 2015 оны хоолны материалын тайлан болон хоолны цэс зэрэг 26 хуудас баримт зэргийг хавсарган хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлжээ.

Нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаас Хөвсгөл аймаг дахь МСҮТ захирлын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/92 дугаартай Г.Х ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хариуцагч Г.Х ын гаргаж өгсөн дээрхи баримтууд хуулбарласан хувь, мөн гарын үсэг бүрэн зурагдаж тэмдэг дарагдаагүй байх тул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагч Г.Х  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Х  нь 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнсний нярваар ажиллаж, ажиллах хугацаандаа 2013, 2014 онуудад тус байгууллагатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Түүний ажлыг хүлээлцэн нягтлан С.Гэрэлдаваа тооллого явуулахад 1.162.474 төгрөгийн хүнсний болоод бичиг хэргийн эд зүйл дутагдсан талаар баримтыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдэн хариуцагч Г.Х аар Зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг Г.Х ыг хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагад хохирол учруулсан гэж тайлбарлан хариуцагчийн ажилд томилогдсон тушаал, 2013, 2014 онд хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ мөн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн дутагдсан барааны жагсаалтад хариуцагчийн зөвшөөрсөн гарын үсэг зурагдсан баримт зэргийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон мэтгэлцдэг.

Хариуцагч Г.Х  нь ... ажил хүлээлцэх үед надаар гарын үсэг зуруулаагүй, мөн би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн баримтанд гарын үсэг зурахдаа уг жагсаалтын хамгийн сүүлийн Дүн гэсэн хэсэгт бичигдсэн 205.950 төгрөгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин би сургуульд ажиллаж байсан хүний хувьд ажиллаж байсан юм чинь алдаа байлгүй л яахав гэж бодоод хүн чанар гаргаад 205.950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Хариуцагч Г.Х  нь 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнсний нярваар ажиллаж байсан нь нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Г.Х тай 2015 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2013, 2014 онд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байсан боловч мөн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж зааснаар хариуцагч Г.Х тай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-г давхар байгуулан ажиллаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болох 1.162.474 төгрөгийн эд хөрөнгийн дутагдал хэзээ бий болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд ... Г.Х ын ажлыг хүлээж авах үед тооллого явуулахад дээрхи эд хөрөнгө дутагдсан бөгөөд яг тооллогоо үнэн зөв явуулж байсан эсэх талаар мэдэхгүй байна, Аудитын шалгалтаар Г.Х ын ажилдаа хэрхэн хандаж байсан талаар бас байгаа. Үүнээс харахад мэдэгдэх байх... гэж тайлбарлаж байх боловч тухайн эд хөрөнгийн дутагдал хэзээ үүссэн болохыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн 2015 оны 12 сарын 01-ний өдөр хариуцагч Г.Х аар зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зуруулсан ажил хүлээлцэх үед тооллогоор дутсан эд зүйлсийн жагсаалт гэх баримт нь хариуцагчийн ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 4 сарын дараа үйлдэгдсэн /тооллогыг ийм олон сарын дараа хийсэн юм уу эсвэл жагсаалтаа сүүлд үйлдээд байгааг юм уу/, жагсаалтыг гаргахдаа хүснэгтийн хамгийн доод хэсэгт дүн 205.950 гэж ойлгомжгүй бичигдсэн зэргээс нэхэмжлэлийн шаардлага болох 1.162.474 төгрөгийн үндэслэл болж буй Г.Х ын дутагдуулсан эд зүйлийн жагсаалт гэх баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой хэдий ч үнэн зөв эсэх талаас нь үнэлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Г.Х  нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх явцдаа байгууллагад учруулсан гэх 1.162.474 төгрөгийн эд хөрөнгийн хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Гэвч хариуцагч Г.Х  нь шүүх хуралдаанд... харин би сургуульд ажиллаж байсан хүний хувьд ажиллаж байсан юм чинь алдаа байлгүй л яахав гэж бодоод хүн чанар гаргаад 205.950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлан 205.950 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хариуцагч Г.Х аас 205.950 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 956.524 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.449 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Х аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 205.950 төгрөгөнд тохирох 6.858 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухайн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хариуцагч Г.Х-аас 205.950 /хоёр зуун таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х аймаг дахь М-ийн с ү-н т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 956.524 /есөн зуун тавин зургаан мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймаг дахь М-н с ү-ийн т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.449 /гучин хоёр мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Хаймаг дахь М-ийн с ү-ийн т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Х-аас 6.858 /зургаан мянга найман зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА  

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

Г.ДАВААХҮҮ