Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2018/00640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ************** оршин суух Уовогт Д-ийн  А  /*****************/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, Д овогт Л.М /**************/-д холбогдох

Эд хөрөнгийн доголдолтой холбоотой арилжааны гэрээг цуцлаж учирсан хохирол болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Сгаас /Иргэн Гын эзэмшилтэй/ Мазда Бонго 90-08 ХӨА улсын дугаартай автомашиныг худалдаж авсан юм. Үнэнд нь дараах эд зүйлсийг өгсөн.

Үүнд: 1. Алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хас хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1ш, хуучны мөнгөн хазаар 1ш нийт дүнг 3,5 саяар тохиролцож наймаа хийсэн.

2017-10-18-ны энэ өдөр машин авахад бензин дуусч байсан ба Нэмэн ШТС-аас 20.000 төгрөгөнд шатахуун хийж 2017-10-30-ныг хүртэл 12 хоног 48 км /дунджаар өдөрт 4 км/ унасан байдаг. 2017-10-30-ны өдөр моторын масло бага болсон байсан ба доогуур нь яндангийн хавьцаа тачигнасан дуу байсан ба жийрэг сэтэрсэн болов уу гээд доогуур нь хартал масло дусаж байсан. Иймд өөрт багаж байхгүй учир урд дэлгүүрийн эзэн Тулгаагаас свеячаны торцов гуйж 4 свечаг шалгаж үзэхэд бүгд хар тортогтой, резбатай хэсэг нь нил тос байсан. Иймд өөрийн найз Батцэнгэлийг авчирч үзүүлэхэд кольц хугарсан байх магадлалтай клапан дуугарч байна гэж байсан. Тэгээд уг байдлаа Л.Сд утсаар хэлэх гэхэд шууд таслаад ярихгүй байсан учир мессежээр засаж өгөх, эсвэл наймаа буцахыг сануулж ирж уулзахыг хүссэн боловч зугтаад ирээгүй. Энэ татаж авсан мессежээр нь нотлогдоно. Л.Мөнхзаягийн уг үйлдэлд нь залилангийн шинжтэй байсан учир цагдаад хандсан боловч 1 талыг барьж шийдвэр гаргасан. Уг машинд техникийн шинжилгээ дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч тоосонгүй. Иймд шат шатны прокурорт хандсан боловч Дээд шүүхийн 51-р тогтоолыг үл хүндэтгэн үгүйсгэж 243.1, 253.1 гэсэн үндэслэлээр иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн миний нэхэмжлэлийг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.А  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар ороод Хөвсгөл аймгийн нэгдсэн зар гэх онлайн зар дээр өөрийн үнэт эдлэлүүдийн зургийг тавиад авто машинаар солино гээд бичсэн байсан юм. Үүний дагуу мессенжрээр С гэх хүн над руу нэг машины зураг явуулсан. Тэгээд маргааш уулзахаар болоод С нэг эмэгтэй хүнтэй 11 цагийн үед манайд машинаа үзүүлэх гэж ирсэн. Тухайн үед машинаараа хөдөө явж ирсэн гээд машин шавар болчихсон байхаар нь ахын дүү машинаа угаагаад ир гэж хэлсэн. Үүний дагуу С машинаа угаалгаад үдээс хойш манайд ирсэн. Тэгээд би гадуур үзлэг хийгээд машиныг нь унаж гадуур явсан. Тэгэхэд машинаас айхтар утаа гарсан зүйл байхгүй байсан. Гэхдээ энэ хүн өөрөө сүүлд надад хэлэхдээ машин өглөө асахад яндангаас нь бага зэргийн утаа гараад дараа нь зүгээр болчихдог юм биш шүү гэж хэлж байсан юм. Тухайн үедээ утаа гарахгүй болохоор нь би юм бодоогүй юм. Тэгээд бид тухайн өдрөө наймаагаа тохиролцоод би машин хэний нэр дээр байдаг юм бэ гэж асуухад миний итгэмжлэлтэй Г гэх хүнийн нэр дээр байдаг машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэлээс итгэмжлэлийн хооронд шилждэггүй юм байна заавал машины эзэмшигч нь байх ёстой юм байна гээд 1 дүгээр хороо орж машины эзэмшигч болох Г гэх хүнийг гэрээс нь очиж аваад машины бичиг баримтыг шилжүүлсэн. Ингээд би гэр рүү харьж явахад машин дугтраад явахгүй болоод ирэхээр нь утас руу нь утастаад Сгаас асуухад бензин нь тасалдаад байгаа юм бензин хийчихээр зүгээр болчихно гэж хэлсэн. Тэгээд колонк орж бензин авчихаад гэртэй харьсан. Тэгэхээр энэ хүнээс машин авснаас хойш би 12 өдөр л ойр зуур хэрэглээндээ машиныг унаад 43 км яваад свечээний дорцов задлах хүртлээ унасан байдаг юм. Тухайн үедээ машин унаж явахаар тачигнаж дуу гараад байхаар нь яндангийн жийрэг сэтэрчихсэн тэгээд дуугараад байгаа юм болов уу гэж бодоод Стай хүртэл утсаар ярьж байсан. Тэгээд би машин доогуур ороод үзтэл жийрэг сэтэрчихсэн байж магадгүй гэж таамаглаж байсан газраар тос дусчихсан байсан. Ингээд би машин болохоо байлаа гээд 4-н свечээг нь аваад үзтэл тас хар болчихсон шавар шиг юм шавчихсан байсан. Уг нь би анх энэ хүнээс машин авахдаа өвөл идшинд явах, махны ченж хийвэл их зүгээр хөдөө явахад тохиромжтой ачаатай машин юм байна гэж анх сонирхсон юм. Тэгээд би гэрчээр мэдүүлэг өгсөн Батцэнгэл гэх хүнд машиныг үзүүлтэл клапан нь болохоо байчихсан байна чамд тохирохгүй машин байна гэж хэлсэн. Үүний дараа би 30-ны өдрийн орой С руу утсаар яриад дээрх зүйлүүдийг хэлээд чи ирээд нэг өөрөө үзээд харчих гэж хэлсэн. Тэгтэл С би чадахгүй ээ, наймаа хийчихсэн юм чинь дахин ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид тухайн үедээ маргасан. Дараа нь би гэрийнхээ хаягийг өгчих би очиж уулзъя гэж хүртэл хэлэхэд энэ хүн гэрийнхээ хаягийг хэлээгүй. Тэгээд утастаад утсаа авахгүй болохоор нь би утас руу мессэж бичсэн. Тухайн үед би Г гээд машины эзэмшигч рүү хүртэл утсаар яриад С та хоёр хүрээд ир ярилцъя гэж хэлэхэд би Сгийн гэрийг нь мэдэхгүй гэсэн. Би очиж чадахгүй гэж хэлсэн. Би Сгаас бараагаа буцаая гэж удаа дараа гуйсан. Сүүлдээ энэ хүн намайг залгахаар утсаа хүртэл авахаа байсан. Үүний дараа арга мухардаад намайг залилж байгаа юм байна гэж бодоод би цагдаад хандсан. Цагдаад энэ хүн намайг залилчихлаа гэж хүсэлт гаргасан. Тэгээд Цагдаагийн газраас энэ хэрэг иргэний хэрэг байна гэж хэлсэн. Би үүний дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн эд зүйлийг С зарсны дараа буцаагаад эд зүйлээ нэхэмжилж байна гэж хардаж болох юм. Гэхдээ би энэ хүнээс 12 хоногийн дараа наймаагаа буцаая, эд зүйлээ буцаагаад аваад ир гэж хүртэл гуйсан шүү дээ. Энэ хүнийг очиход манай хашаанд улаан өнгөтэй пажеро маркын машин байсан. Энэ машины эзэн бүтэн 3 сарын дараа танаас авсан эд зүйл зарагдахгүй байна гээд буцаагаад миний эд зүйлийг өгөөд машинаа манай хашаанаас аваад хүртэл явж байсан. Бид хоёрын дунд тухайн үед ямар ч хэрүүл маргаан болж байгаагүй. Тэгэхээр би энэ хүнийг буруу л ярьж байна гэж бодож байна. Би тухайн үед 12 хоногийн дараа эд зүйлээ буцаагаад энэ хүнээс аваад наймаагаа буцаая л гэж бодож байсан юм.

Машин моторондоо маш их гэмтэлтэй байсан учраас би энэ машиныг цаашид ашиглах боломжгүй болсон юм байна гэх итгэл үнэмшил төрөөд би цагдаагийн байгууллагад хандаад шинжээч хүртэл томилуулах хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин иргэний хэргийн шүүхэд хандаад хүсэлтээ гаргаад Тээвэр зохицуулалтын газраас дүгнэлт гарсан байгаа. Одоо уг машин эвдрээгүй явж байгаа. Харин цаашид энэ машинд удаан явах насжилт байхгүй учраас би наймаагаа буцаая гэсэн юм. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заахдаа Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байгаа юм. Мөн энэ хуулинд худалдагч эд хөрөнгийг доголдолтой байсныг мэдээгүй байсан эсхүл доголдлыг бий болгосон байсан ч худалдан авагч өөрийн сонголтоор засуулах бага үнэ төлөх, эсхүл гэрээнээс татгалзаж болно гэж заасан байгаа юм. Иймд би гэрээнээс татгалзаж байгаа юм.

Би тухайн үед ахдаа үүнийгээ янзлаад өгчих тэгвэл ах нь гомдолгүй гээд одоогоос 6 сарын өмнө мессеж утас руу явуулж байсан. Одоо бүхэл бүтэн 6 сар энэ хүний машиныг хашаандаа харж хамгаалсан болж таарч байна. Би уг машиныг олон жил машин янзалж, засч байсан хүнд үзүүлэхэд угаасаа мотор нь асуудалтай машин юм. Цаашид ашиглах боломжгүй гэж хэлж байсан. Иймд би цаашид насжилт байхгүй болчихсон машиныг ашиглах боломжгүй гэж үзээд авто тээврийн газраас гарсан дүгнэлтийг үндэслээд гэрээнээс татгалзаж байгаа юм. Надаас авсан эд зүйл нь нэгэнт Л.Сд байхгүйгээс хойш 3.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.А  бид хоёр хэний ч шахалт дарамтанд оролгүйгээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож машины наймаа худалдаа хийхдээ эд хөрөнгөөр солилцсон юм. Наймааг 2017.10.18-ны өдөр хийсэн. Худалдан авагч Д.А  нь өөрийнхөө авъя гэсэн Мазда-Бонго 90-08 хөа улсын дугаартай миний эзэмшлийн машиныг үзэж шалгаж үнээ тохирч авсан. Тухайн үед ямар ч асуудалгүй миний хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ямар ч зөрчилгүй тээврийн хэрэгслийг авсан юм. Тэгээд яахаараа худал зүйл бичиж машины үнэ нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед энэ хүн эд зүйлээ машинаар солино, зарна гээд зар тавьчихсан байсан нь үнэн. Тэгээд би энэ хүнтэй мессенжрээр харьцаад машиныхаа зургийг явуулаад бид уулзахаар болсон. Үүний дараа би машинаа хашаанаасаа гаргаад эхнэртэйгээ цуг энэ хүнтэй очиж уулзсан. Очиж уулзаад би энэ хүнд машинаа үзүүлээд, энэ хүн надад эд зүйлээ үзүүлсэн. Би тухайн үед хөдөө яваад ирсэн байсан болохоор машин тоос шороо болсон байсан. Тэгээд энэ хүн ахын дүү машинаа сайхан угаалгачихаад хүрээд ир гэж хэлсэн. Би үүний дагуу машинаа угаалгачихаад буцаж очсон. Ингээд энэ хүн машиныг унаж үзээд, моторыг нь сөхөж, үзээд доогуур нь орж харсан. Тэгээд болж байна гээд бид тохиролцоод наймаагаа хийх болоод авто тээврийн газарт очоод машиныг шилжүүлье гэтэл ах нь хотын харьяатай байдаг юм. Итгэмжлэл хийлгээд шилжүүлээд авчихъя гэж хэлсэн. Гэтэл би мөн өмнөх машины эзэмшигчээс машиныг авахдаа мөн итгэмжлэл хийлгээд машиныг авсан байсан учир нотариатын газрын хүн итгэмжлэлээс итгэмжлэл хийж болохгүй. Заавал машины эзэмшигч байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Ингээд бид нотариатын газраас гараад тухайн үед миний итгэмжлэл дээр Г гэх хүний утас байсан болохоор утсаар холбогдоод уулзахаар болоод Г гэх хүнийг очиж аваад бид хэд нотариат ороод хуулийн дагуу машины гэрчилгээг шилжүүлсэн. Үүний дараа 2-3 хоногийн дараа А  ах над руу мессеж бичээд банкны таг нь яаж онгойдог юм бэ гэж асууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 12-13 хоногийн дараа чи намайг луйвардчихлаа гээд над руу утсаар үг хэлэхийн завдалгүй дайрсан. Би тэгээд нэгэнт үзэж харж байгаад наймаа хийсэн наймаа буцахгүй, тэглээ ч наймаа хийгээд 1-2 хоносон биш дээ 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна гэж хэлээд утсаа тасалсан. Дараа энэ хүн над руу хэд хэдэн удаа миний утас руу мессеж бичсэн байсан. Тэгээд би тухайн үед бодохдоо хүнд худлаа хэлж, хулгай хийсэн биш явдаг газраар нь явна биз гэж бодсон. Удалгүй намайг Цагдаагийн газраас дуудсан. Би Цагдаагийн газарт очоод дээрх тайлбарыг л хэлсэн. Уг нь би А  ахад машиныг өгөхдөө машиныг худалдаж авснаас хойш янз бүрийн үйлчилгээ хийгээгүй яг хэвээрээ байгаа гэж хэлсэн. Тэглээ ч энэ хүн тухайн үед машиныг үзэж харж, шалгаж авсан шүү дээ. Монголд гаднаас машин орж ирэхдээ шинэ машин орж ирдэггүй. Хуучин хүний унаж, эдэлж хэрэглэж байсан л машин орж ирдэг. Би уг машиныг унаад хэрэгцээгээ хангаж байсан. Би энэ хүнд өөрт нь тухайн үед машинд гар хүрч үзээгүй гэдгээ хэлсэн. Би А  ахад тухайн үед та 10 гаруй хоног хэрэглэчихсэн. Ямар бид хоёр маргааш нь наймаагаа буцааж байгаа биш дээ гэж хэлсэн. Та бид хоёр хуулийн дагуу нотариат ороод наймаагаа хийгээ биз дээ гэж хэлсэн. Өөр юу хэлхэв дээ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас Л.Стай хийсэн арилжааны гэрээг цуцлаж, хохирол болох анх тохиролцсон үнийн дүн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Сгаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.С нь Д.А  өөрийнхөө авъя гэсэн Мазда-Бонго 90-08 хөа улсын дугаартай миний эзэмшлийн машиныг үзэж шалгаж үнээ тохирч авсан. Тухайн үед ямар ч асуудалгүй миний хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ямар ч зөрчилгүй тээврийн хэрэгслийг авсан юм. Тэгээд яахаараа худал зүйл бичиж машины үнэ нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.А  нь өөрийн эд зүйлсийг зарна солино гэсэн зарыг цахим хуудсанд байршуулж санал гаргасан, саналыг хариуцагч Л.С хүлээн авч хариу өгснөөр тэдний хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Гын эзэмшилд бүртгэлтэй мазда бонго маркын 90-08 ХӨА улсын дугаартай машиныг алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1ш, хуучны мөнгөн хазаар 1ш зэргээр үнийн дүнг 3.500.000 төгрөгөөр тохирч солилцож арилжаа хийгдсэн, эд хөрөнгийн талаар доголдолтой байгаа болон түүнийг засах эсвэл арилжаагаа буцаах талаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.А  хариуцагч Л.Сд мессеж бичиж мэдэгдсэн, хариуцагч Л.Сгийн дээрх үйлдлийг залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хариуцагч Д.А  нь цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 174 дугаартай тогтоолоор ... Д.А , Л.С нарын хооронд үүссэн маргааныг иргэний хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэх нь зүйтэй ... гэж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

Талууд арилжааны эд хөрөнгийн тогтсон үнэ болох хариуцагч Л.Сгаас нэхэмжлэгч Д.А гийн эзэмшилд шилжүүлсэн Мазда бонго маркын 90-08хөа улсын дугаартай авто машин, нэхэмжлэгч Д.А гаас хариуцагч Л.Сгийн эзэмшилд шилжүүлсэн алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хас хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1ш, хуучны мөнгөн хазаар 1ш зэрэгт өөрсдөө тогтоосон үнийн дүн 3500.000 төгрөгийн талаар, мазда бонго маркын 90-08 ХӨА улсын дугаартай авто машины эзэмшлийн эрхийн доголдлын талаар маргадаггүй.

Хариуцагч Л.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Гэтэл би мөн өмнөх машины эзэмшигчээс машиныг авахдаа мөн итгэмжлэл хийлгээд машиныг авсан байсан учир нотариатын газрын хүн итгэмжлэлээс итгэмжлэл хийж болохгүй. Заавал машины эзэмшигч байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Ингээд бид нотариатын газраас гараад тухайн үед миний итгэмжлэл дээр Г гэх хүний утас байсан болохоор утсаар холбогдоод уулзахаар болоод Г гэх хүнийг очиж аваад бид хэд нотариат ороод хуулийн дагуу итгэмжлэл хийлгэж Д.А д шилжүүлсэн... гэж

Нэхэмжлэгч Д.А  нь шүүх хуралдаанд ... Тэгээд бид тухайн өдрөө наймаагаа тохиролцоод би машин хэний нэр дээр байдаг юм бэ гэж асуухад миний итгэмжлэлтэй Г гэх хүнийн нэр дээр байдаг машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэлээс итгэмжлэлийн хооронд шилждэггүй юм байна заавал машины эзэмшигч нь байх ёстой юм байна гээд 1 дүгээр хороо орж машины эзэмшигч болох Г гэх хүний гэрээс нь очиж аваад машины бичиг баримтыг шилжүүлсэн ... гэж тус тус тайлбарлажээ.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан байх тул Н.Гын эзэмшилд байсан Д.А д 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бусдад худалдах, бэлэглэх, арилжах нэр шилжүүлэх, төлбөр тооцоог хийх эрхээр шилжсэн мазда бонго маркын 90-08 хөа улсын дугаартай авто машиныг эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Машин моторондоо маш их гэмтэлтэй байсан учраас би энэ машиныг цаашид ашиглах боломжгүй болсон юм байна гэх итгэл үнэмшил төрөөд би цагдаагийн байгууллагад хандаад шинжээч хүртэл томилуулах хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин иргэний хэргийн шүүхэд хандаад хүсэлтээ гаргаад Тээвэр зохицуулалтын газраас дүгнэлт гарсан байгаа. Одоо уг машин эвдрээгүй явж байгаа. Харин цаашид энэ машинд удаан явах насжилт байхгүй учраас би наймаагаа буцаая гэсэн юм. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заахдаа Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байгаа юм. Мөн энэ хуулинд худалдагч эд хөрөнгийг доголдолтой байсныг мэдээгүй байсан эсхүл доголдлыг бие болгосон байсан ч худалдан авагч өөрийн сонголтоор засуулах бага үнэ төлөх, эсхүл гэрээнээс татгалзаж болно гэж заасан байгаа юм. Иймд би гэрээнээс татгалзаж байгаа юм... гэж тайлбарлаж мэтгэлцдэг.

Үүнээс нэхэмжлэгч Д.А  нь эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас Л.Стай хийсэн гэрээг цуцлаж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж шүүх үзэж хууль зүйн дүгнэлт өглөө.

Нэхэмжлэгч Д.А гийн эзэмшилд хариуцагч Л.С Мазда бонго маркын 90-08хөа улсын дугаартай авто машиныг, хариуцагч Л.Сгийн эзэмшилд нэхэмжлэгч Д.А  нь алтан нуухтай их гарын мөртэй Халтар манан хөөрөг 1 ширхэг, Алтан нуухтай дунд гарын улаан хас хөөрөг 1 ширхэг, дунд гарын Номин хөөрөг 1ш, хуучны мөнгөн хазаар 1ш зэргийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу талууд үүргээ биелүүлснээр нэхэмжлэгч Д.А , хариуцагч Л.С нарын хооронд арилжааны гэрээ хийгджээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.А  нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Л.Сгаас эд хөрөнгийн биед байдлын доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.А  нь уг хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.А гаас гаргасан эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас Л.Стай хийсэн арилжааны гэрээг цуцлаж, хохирол болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Мөнхзаягаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Д.А  нь нэхэмжлэлийн үндэслэлээ машин моторондоо маш их гэмтэлтэй байсан учраас би энэ машиныг цаашид ашиглах боломжгүй болсон юм байна гэх итгэл үнэмшил төрөөд... Дахин хэлэхэд би насжилт байхгүй машиныг өөрийн мөнгөөр дахин засварлах ямар ч боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулахыг хүсч байна ... гэж тайлбарладаг.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А  нь хүсэлт гарган Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн шинжээч томилуулан машины моторт үзлэг оношлогоо хийлгэж дүгнэлт гаргуулсан ба 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ё.Ариунзаяа, Техникийн хяналтын үзлэгийн инженер Х.Бямбадорж, Техникийн хяналтын үзлэгийн техникч Э.Ганзам нарын ...Хоёр. Картер хонхойсон, хөдөлгүүрээс тос дааж хөлөрсөн, зөөлөн яндангийн залгаагаар тос дуссан, 1,2 дугаар цилиндрийн свечийг шалгаж үзэхэд тортогжилттой, дутуу шаталт явагдсан, хөдөлгүүрт ачаалал өгөхөд доголдолгүй ажиллаж байна... гэх дүгнэлт,

Нэхэмжлэгч Л.А гийн шүүх хуралдаанд гаргасан... Одоо уг машин эвдрээгүй явж байгаа. Харин цаашид энэ машинд удаан явах насжилт байхгүй учраас би наймаагаа буцаая гэсэн юм.. гэх тайлбар,

Хариуцагч Л.Сгийн шүүх хуралдаанд гаргасан... Очиж уулзаад би энэ хүнд машинаа үзүүлээд, энэ хүн надад эд зүйлээ үзүүлсэн. Би тухайн үед хөдөө яваад ирсэн байсан болохоор машин тоос шороо болсон байсан. Тэгээд энэ хүн ахын дүү машинаа сайхан угаалгачихаад хүрээд ир гэж хэлсэн. Би үүний дагуу машинаа угаалгачихаад буцаж очсон. Ингээд энэ хүн машиныг унаж үзээд, моторыг нь сөхөж, үзээд доогуур нь орж харсан... Монголд гаднаас машин орж ирэхдээ шинэ машин орж ирдэггүй. Хуучин хүний унаж, эдэлж хэрэглэж байсан л машин орж ирдэг. Би уг машиныг унаад хэрэгцээгээ хангаж байсан. Би энэ хүнд өөрт нь тухайн үед машинд гар хүрч үзээгүй гэдгээ хэлсэн. Би А  ахад тухайн үед та 10 гаруй хоног хэрэглэчихсэн... гэх тайлбар зэргээс гэрээний зүйл болох авто машины хөдөлгүүрт /мотор/ доголдолгүй ажиллаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Авто машиныг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлийг няцааж байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Д.А гийн ... тухайн авто машин одоо ч зүгээр явж байгаа ... мотор их гэмтэлтэй байсан тул цаашид ашиглах боломжгүй гэсэн итгэл үнэмшил төрөөд ... гэх тайлбараас машины моторыг эвдэрч ашиглах боломжгүй болчих вий гэж урьдчилан тооцоолсон таамаг бүхий үндэслэлээр гэрээг цуцлах шаардлагыг гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байх ба талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.А  нь автомашины чанар байдал, насжилтын талаар мэдсэн, байгаа байдлаар нь эд хөрөнгийг сонгож, арилжиж авсан, гэрээний зүйлийг тэр байдлаар нь тодорхойлж, тохирсон, эд хөрөнгийг хүлээн авахдаа мэргэжлийн байгууллагаар оношлуулах боломжит нөхцөл байдал байсан зэргээс шаардлага гаргах эрхээ алджээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Л.Гаас Д.А д олгосон Итгэмжлэл, Свечэг оношлох нь гэх гарчигтай баримтууд нь уг хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950/далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас хариуцагч Л.Стай хийсэн арилжааны гэрээг цуцлаж, хохирол болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА