Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ө.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ө-ын Ө-т холбогдох 2228000000072 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт: 

Т овгийн Ө-ын Ө нь ........................................  

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ө.Ө нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зэт” нэртэй бааранд иргэн Э.Өл-тай үл ялих зүйлээс болж маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж, тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Ө-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Ө.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.Өл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө найз Т ахын хамт Гандирс худалдааны төвд байх “Зэт” бааранд орсон. Бааранд орж нэг шил архи аваад уусан. Т ах уухгүй гээд би ганцаараа 100 граммын архи авч уугаад бүжиглэсэн. Миний хөл дээр Ө гишгэсэн. Тэгээд маргалдаад Ө би чамайг өмнө нь нэг зодсон одоо ахиад зодчихъё гэхээр нь би нэг удаа мөргөсөн боловч оноогүй хий мөргөсөн. Т ах ирээд бид хоёрын голоор ороод боль гээд салгаж байх үед Ө миний зүүн нүдний дээд зовхи хэсэгт цохиод миний нүүрнээс цус гарсан. Би Т-гийн хамт гадаа гарах гээд явж байхад араас ирж миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Нүүрнээс цус гараад хариу үйлдэл үзүүлээгүй. Цагдаа дуудаад баарны гадаа шатан дээр маргалдаад зогсож байтал цагдаа ирсэн. Би Ө-ын биед халдсан зүйл байхгүй. Нэг удаа мөргөсөн боловч оноогүй хацарных нь хажуугаар шүргээд өнгөрсөн... Миний нүдний зүүн нүдний дээд зовхи язарсан баруун талын бөөрний дээд талаар хавиргал юм шиг байна өвдөж байгаа. Тархи доргисон байх толгой бас өвдөөд байгаа... Надад нэхэмжлэх зүйл байхгүй... Тухайн хэрэг гарсны дараа баарны гадаа 50 см хэртэй өндөр цементэн тавцан дээрээс хөл алдаад бүдэрч унасан. Уг гэмтлүүд нь тухайн үед үүссэн. Тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь Ө-ын нүүрэн тус газарт цохисноос үүссэн. Нүүр нүднээс их цус гараад нэг гараараа нүүрээ дарчихсан явж байгаад харанхуйд цементэн тавцан дээрээс хөл алдаад ойчсон. Тэгээд босоод ирэхэд уруул хавдаад цээж бага зэрэг хөндүүр орсон байсан. Мөн тэгэхэд дух зулгарсан байх, нээх сүртэй хүнд гэмтэл бол аваагүй. Санал хүсэлт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 18, 20-21 дэх тал/   

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Гандирс худалдааны төвд байх “Зэт” бааранд байж байгаад Ө-ыг дуудсан. Ө бааранд орж ирээд бүжиглэж байсан, нэг харсан чинь Ө Өл-тай маргалдаад зогсож байсан. Өл, Ө-ыг мөргөх шиг болсон. Би маргаан болж байгаа газарт ойртоод очиход Ө Өл-ыг нэг цохисон чинь Өл ойчоод босоод ирэхдээ хөмсөг нь язраад цус гоожоод босоод ирсэн. Тэгээд Өл гадаа гарсан араас нь Ө гараад маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн. Ө Өл-ын хөл нь дээр нь гишгээд маргалдсан.” /хавтаст хэргийн 25 дахь тал/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Өл-тай хамт 23 цагийн үед “Зэт” бааранд орсон. 00 цагийн үед би гарч тамхи татах гээд ширээнээс босоход бүжгийн талбай дээр Өл нэг хүнтэй маргалдаад барилцаад авсан. Би очиж салгах гээд очсон. Тэгээд салгах гэхэд салахгүй зууралдаад байхаар нь бүжгийн талбайгаас гаргах гэж байхад Ө гэх залуу Өл-ыг цохиод зовхиноос нь цус гарсан. Би Өл-ыг аваад гадаа гарсан. Тэгсэн араас Ө гарч ирээд маргалдаад байж байсан удалгүй цагдаа нар ирсэн. Тэр хоёр архи уусан согтуу байсан. Тухайн үед нь яасан талаар мэдээгүй. Сүүлд нь сонсоход Ө Өл-ын хөл дээр нь гишгээд маргалдсан гэж байсан.” /хавтаст хэргийн 27 дахь тал/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 09 цагийн хооронд томилгоот хугацаанд 24 цагаар жижүүрийн офицероор ажилласан. Э.Өл, Ө.Ө нарыг согтуурал шалгах драгер багажаар амьсгалын хий дэх спиртийн агууламжийг шалгахад Э.Өл 1,83 хувийн согтолттой, Ө.Ө 1,25 хувийн согтолттой байсан. Драгер бүртгэл дээр бүртгэгдсэн байгаа.” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Хууль ёсны төлөөлөгч И.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ө.Ө миний хүү байгаа юм. Их хөдөлмөрч ажилсаг, хүнтэй сайхан харилцана, дөлгөөн даруу хүүхэд байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Анх удаа л ийм зүйл болж байна. Хамт олон найз нөхөд гэр бүлдээ нэр хүнд сайтай сайн хүүхэд байгаа юм. Өлд 200,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Ө-ын данснаас шилжүүлсэн. Одоо ямар нэгэн байдлаар хохирол төлбөр байхгүй болсон.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Өл-ын биед учирсан зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Өл-ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь аль ч тохиолдолд үүсэж болно. Дээрх нүдний гэмтэлтэй хавсарч тархи доргилт учрах боломжтой.” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Шүүгдэгч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ сарын 30-ны өдөр төгсөх юм. Зуны цагаар барилгын туслахын ажил хийж ээж, аавдаа тус дэм болдог. Өмнөх хоёр удаагийн мэдүүлэгт болсон хэргийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан, нэмж хэлэх зүйл байхгүй. Би санамсаргүй байдлаар Өл-ын хөл дээр гишгэчихсэн юм. Тэгсэн өөрөө эхлээд намайг мөргөсөн. Тэгээд би уурандаа цохичихсон. Бас дараа нь манай аавыг доромжлоод байсан. Тархи Өл-ийн хүүхэд гээд байсан. Уг бааранд орохоосоо өмнө найзтайгаа хамт пиво уусан байсан. Баарнаас архи согтууруулах ундааны зүйл аваагүй. Миний хийсэн хэрэгт хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна.” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Өл-ын биед тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, цээж дэх зулгаралт, дээд уруулын язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг үр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “Э.Өл-ын биед учирсан зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Өл-ын биед учирсан тархины доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цохих, унах гэх мэт үйлдлийн механизмыг шинжээч эмч тогтоох боломжгүй. Э.Өл-ын биед учирсан дух, цээж дэх зулгаралт, дээд уруулын язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тус мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Өндрийн уналтын үед нэг удаад зэрэг учрах боломжтой. Дух, цээж дэх зулгаралт, дээд уруулын язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 423 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дэх тал/

Өмнөговь аймгийн Политехник коллежийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/

Хохирол төлбөр шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Ө-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн асуудал дээр маргаангүй гэх дүгнэлт тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ө.Ө нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зэт” нэртэй бааранд иргэн Э.Өл-тай үл ялих зүйлээс болж маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж, тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Э.Өл-ын “Т ах ирээд бид хоёрын голоор ороод боль гээд салгаж байх үед Ө миний зүүн нүдний дээд зовхи хэсэгт цохиод миний нүүрнээс цус гарсан. Би Т-гийн хамт гадаа гарах гээд явж байхад араас ирж миний нуруу руу нэг удаа өшиглөсөн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч Т.О-ийн “...нэг харсан чинь Ө Өл-тай маргалдаад зогсож байсан. Өл, Ө-ыг мөргөх шиг болсон. Би маргаан болж байгаа газарт ойртоод очиход Ө Өл-ыг нэг цохисон чинь Өл ойчоод босоод ирэхдээ хөмсөг нь язраад цус гоожоод босоод ирсэн... Ө Өл-ын хөл нь дээр нь гишгээд маргалдсан. Өл, Ө-ын аавын нэрийг хэлээд тахир билгээгийн хүү гээд доромжлоод байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Г.Т-гийн “...бүжгийн талбай дээр Өл нэг хүнтэй маргалдаад барилцаад авсан... Ө гэх залуу Өл-ыг цохиод зовхиноос нь цус гарсан... Сүүлд нь сонсоход Ө Өл-ын хөл дээр нь гишгээд маргалдсан гэж байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 239 дугаартай шинжээчийн “Э.Өл-ын биед тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, дух, цээж дэх зулгаралт, дээд уруулын язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай нэмэлт шинжээчийн “Э.Өл-ын биед учирсан зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Өл-ын эрүүл мэндэд тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 42-43 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ө.Ө, хохирогч Э.Өл-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө.Ө нь хохирогч Э.Өл-ын эрүүл мэндэд тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд “Ө.Ө-аас 200,000 төгрөг авсан, одоо санал хүсэлт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 18, 20-21, 95 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Ө-ыг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялын хүрээнд тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд ажилд орж байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.”, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-т гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулна гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нь бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн хувьд үеийнхээ хүмүүсээс илтэд хоцрогдолтой, тэдгээрээс доогуур түвшинд болох нь сэтгэцийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон онцгой тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй этгээдэд энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр байна. 

Шүүгдэгч Ө.Ө-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн дагуу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн зүгээс сургуулиа төгсөхөд ажилд орох урилга ирүүлсний дагуу ажилд орохоор болсон тул торгох ял оногдуулж өгнө үү гэх түүний хүсэлт, өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч Ө.Ө нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Ө.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, хэрэв шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Өлд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Ө-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Өлд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ