Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0187/Э |
Дугаар | 2022/ШЦТ/186 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 10.1.2.11., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намбар овогт Эрдэнэжавын Цолмон, Богширго овогт Энхмаагийн Туяамаа нарт холбогдох эрүүгийн 2221000000123 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 6-1а тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Намбар овогт Эрдэнэжавын Цолмон /РД: ЖЮ96081543/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, Баянтүмэн тасагт төмөр замчин ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэр 12б тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/78 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, Богширго овогт Энхмаагийн Туяамаа /РД: ЖЮ97040626/
Шүүгдэгч Э.Цолмон нь Э.Туяамаатай бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээл хорооллын 6-6 тоотод 2022 оны 02 сарын 22-ны өдөр 19 цагийн үед хохирогч Б.Соёл-Эрдэнэтэй “гэрт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн тус газарт нь аягаар шидэх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
Шүүгдэгч Э.Туяамаа нь Э.Цолмонтой бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээл хорооллын 6-6 тоотод 2022 оны 02 сарын 22-ны өдөр 19 цагийн үед хохирогч Б.Соёл-Эрдэнэтэй “гэрт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн тус газарт нь аягаар шидэх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Цолмон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед ажлаасаа тараад гэр рүүгээ найзтайгаа хамт очсон. Манай аав өмнөх өдөр нь бас архи уусан байсан. Гэрт очиход манай дүү хамт сууж байсан болохоор уурлаад аавтайгаа маргалдахад тэнд байсан нэг ах босож явсан. Хохирогч болох Б.Соёл-Эрдэнэ гэх ах гэрт үлдээд намайг элдэв бусаар доромжлоход Э.Туяамаа болон манай дүү намайг өмөөрсөн. Би Б.Соёл-Эрдэнийг манайхаас яв гэхэд явахгүй байсан. Улмаар Э.Туяамаа аяга авчирч тэр аягаа хохирогч руу шидэж толгойг нь хагалсан. Би араас нь түлхсэн, өшиглөсөн. Тэгээд түлхэхэд тэр ах газар ойчоод өгсөн. Түүнээс болж толгой нь хагарсан байх. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Шүүгдэгч Э.Туяамаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр найз Цолмонгийн ажил руу очиж хоолонд орж байхад гэрээс нь дуудлага ирээд Э.Цолмонгийн хамт гэр рүү явсан. Гэрт нь очиход Э.Цолмонгийн аав 2 хүнтэй дүү Энхсаруулыг нь дундаа суулгаад архи ууж байсан ба тухайн үед Энхсаруул архи уугаагүй байсан. Тэр үед Цоомоо уурлаад гэрээс гар гэхэд нэг ах нь гараад явсан. Хохирогч Б.Соёл-Эрдэнэ гэдэг ах гэрт нь үлдэж хэрүүл маргаан хийж, манай найзыг элдэв бусаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Би тэр үед нь ширээн дээр байсан аягыг аваад шидсэн. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Б.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг Эрдэнэжав ахын охин Цолмон архины шилээр толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн нүүр, толгой халуу төөнөөд духнаас цус гараад би Эрдэнэжав ахын гэрийн үүдэнд сөхөрч унасан. Гэрийнх нь дотор үүд, гадна үүд хоёрын дунд довжоо хэсэгт унасан. Газарт унасны дараа хэдэн талаас юм барьж цохиод байгаа юм уу, эсхүл хөлөөрөө өшиглөөд байгаа юм уу бүү мэд энд тэндээс зодсон. Тэгээд л Цолмон, Туяамаа, Энхсаруул нар миний нүүр, хувцас нилэнхүйдээ цус болсоныг хараад айсан уу яасан дотогшоогоо орцгоосон. Би ч сандраад хашаанаас нь гарч явсан ... Намайг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэжав ахын охин Цолмон миний толгой руу архины шилээр цохисон... Тухайн үед би эмнэлэгт боолтоо хийлгээд Эрдэнэжав ахын гэрт очсон. Тэгсэн Эрдэнэжав ах надад “энд аяга хагарчихсан байна, чамайг бас нэмээд энэ аягаар цохисон юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэжав ахад хандаж аягаар цохисныг бол мэдэхгүй байна. Харин танай охин намайг архины шилээр цохисныг санаж байна, та тэр охиндоо хэлээрээ, уучлалт гуйвал гуй” гэхэд Эрдэнэжав ах “харин тийм ээ” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 30, 32-34 тал/
Гэрч Б.Буян-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүүэхдээ: “Миний төрсөн дүү Б.Соёл-Эрдэнэ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд манай гэрт толгойноос нь цус гарчихсан байдалтай, өмсөж явсан хувцас нь бөөн цус болчихсон, өөрөө ч бие нь муу, дуу нь гарахгүй сул тамир тэнхээгүй байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон юм яасан юм гэж асуухад “хуурай ахын маань хүүхдүүд намайг зодчихлоо” гэж хэлсэн ... Надад хуурай ах Эрдэнэжавын гэрт хамт архи уугаад сууж байхад гаднаас хүүхдүүд нь ч юм уу баахан хүмүүс орж ирээд зодсон” гэж хэлсэн ...гэжээ. /хх-ийн 36 тал/
Гэрч Ч.Эрдэнэжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ширээн дээр нэг шил архи байсан бөгөөд түүнийг Сүлд-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ бид 3 хувааж уугаад сууж байхад манай охин Цолмон найз Туяамаатай гаднаас орж ирсэн бөгөөд надад хандаж “гэртээ архи уулаа” гэж уурлах үед нь Сүлд-Эрдэнэ гэрээс гарах шиг болсон. Манай охин надтай хэрэлдээд намайг загнаад байсан учир Сүлд-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ хамт гарч байсан эсэх талаар ажиглаагүй. Ямартай ч Соёл-Эрдэнэ гэрээс гарах гээд үүдэнд байж байх үед нь манай охин Цолмон нь Соёл-Эрдэнэтэй гэрт архи ууснаас болоод маргалдаад байсан бөгөөд ширээн дээрээ сууж байгаад үүд хэсэг рүү харах үед манай охин Цолмон, түүний найз Туяамаа нар хоёулаа нийлээд Соёл-Эрдэнийг толгой хэсэг буюу дээд хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Гэхдээ би яг хаашаа нь гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 38, 40-41 тал/
Гэрч А.Энх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Анх дуудлаганд очиход гэрийнх нь дотор үүдэнд цус болчихсон байсан. Тухайн үед Энхсаруул гэх хүүхдээс “энэ юун цус болчихсон юм, чиний цус юм уу, аав чинь чамайг зодсон юм уу” гэж асуухад эгч Цолмон нь “наадах чинь хамаагүй, Энхсаруул гадаа өөр хүнтэй муудаад орж ирсэн, аав зодоогүй” гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 48 тал/
Гэрч Э.Энхсаруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эмээгийнхээ гэрээс гараад гэрлүүгээ 17 бил үү 18 цагийн орчимд очсон. Гэрт очиход манай аав Эрдэнэжав 2 хүнтэй архи ууж байсан. Намайг очоод удаагүй байхад манай эгч Цолмон найз Туяамаатай хамт орж ирсэн. ... Цолмон эгч “та нар энд яагаад архи уугаад байгаа юм, эндээс зайлцгаа, явцгаа” гэж хэлсэн. Тэгсэн Сүлд-Эрдэнэ гэдэг ах нь гараад яваад өгсөн. Харин Соёл-Эрдэнэ гэдэг ах нь болохоор гэрээс гарахгүй Цолмон эгчтэй хэрэлдээд эгчийг доромжлоод янхан, гичийгээр нь элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би Соёл-Эрдэнэ гэдэг ахыг хөөж гаргасан чинь явахгүй буцаж гэрлүү орж ирээд гэрээс гарахгүй гэрийн үүдэнд зогсоод Цолмон эгчтэй хэрэлдээд, хэл амаар доромжлоод байсан. Хажуунаас нь Туяамаа эгч мөн Соёл-Эрдэнэ гэдэг ахтай хэрэлдээд ширээн дээр байсан сэнжтэй жижиг аягыг аваад нүүрнийх нь дух хэсэгт цохичихсон....” гэжээ. /хх-ийн 52 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №9 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. “Б.Соёл-Эрдэний биед духанд зүсэгдсэн шарх, зулгаралт, зулайн язарсан шархны сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 64-65 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/
- Шүүгдэгч Э.Туяамаа, Э.Цолмон нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Намбар овогт Эрдэнэжавын Цолмон, Богширго овогт Энхмаагийн Туяамаа нар нь бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 6-6 тоотод 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед хохирогч Б.Соёл-Эрдэнэтэй “гэрт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн тус газарт нь аягаар шидэх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Соёл-Эрдэнэ, гэрч Б.Буян-Эрдэнэ, Ч.Эрдэнэжав, А.Энхсаруул, Н.Заяатхүү, У.Төрболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа, нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарыг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Соёл-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, харин эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсэн зардлын баримтаа бүрдүүлж цаашид нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэх тайлбарыг шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Соёл-Эрдэнэ нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.Цолмонгийн ЖЮ96081543 тоот, Э.Туяамаагийн ЖЮ97040626 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Намбар овогт Эрдэнэжавын Цолмон, Богширго овогт Энхмаагийн Туяамаа нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.Цолмонгийн ЖЮ96081543 тоот, Э.Туяамаагийн ЖЮ97040626 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Б.Соёл-Эрдэнэ нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Цолмон, Э.Туяамаа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ