Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

 

 

 

Хүсэлт хэлэлцсэн тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6 дугаар багт оршин суух, РС60080311 дугаар регистртэй, Их бичээч овогт Лхагва-Очирын Цэдэн-Ишийн

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01288 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 2 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Л.Цэдэн-Иш нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Цэдэн-Иш нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Цэдэн-Иш миний бие 1960 онд Цэцэрлэг суманд төрсөн, одоо 58 настай, Цэцэрлэг сумын сургуулийн 4-р анги төгсөөд багаасаа хөдөө мал дээр гарч байсан. Тэгээд Цэцэрлэг сумынхаа “Энх-Амьдрал” нэгдэлд 1974 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн хонь авч малчнаар томилогдон 1978 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 1978-1981 оны 6-р сарын 25-ны өдрийг хүртэл 3 жил цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж нутагтаа ирээд Энх-Амьдрал нэгдэлдээ малчнаар 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01-р сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан байгаа. 1984 оны 02-р сарын 01-ний өдрөөс 6-р бригадын нярваар томилогдон давхар 1984 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажиллаад 1985 онд 6-р бригад татан буугдаж 3 хэсэг хуваагдах үед 14-р хэсгийн ахлагчаар 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс томилогдон давхар туслах тоо бүртгэгчээр 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд түүнээс хойш 1985 оны 10-р сарын 01-ний өдрөөс нэгдлийн цөм сүрэг ангилалтын хонь авч малчнаар томилогдон 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Би өмнө ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохдоо ийнхүү тухайн жилүүдэд хийж байсан ажил албан тушаалаа он сар өдрөөр нь зааглаж тогтоолгоогүйн улмаас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Тус шүүхийн 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 01288 дугаартай шийдвэрээр 1981 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлыг малчин, нярав, тоо бүртгэгч, хэсгийн ахлагч гээд бүх ажилласан албан тушаалуудыг нэгтгэн тогтоосны улмаас хэдээс хэдэн онд нь малчин байсан нь тогтоогдохгүй малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироод байна.

       Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 01288 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж өгнө үү гэжээ.

 

Л.Цэдэн-Ишийн хүсэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Л.Цэдэн-Иш нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01288 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

       Учир нь:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн  179.1-д Хүчин төгөлдөр шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хянантын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно:

179.1.1-т шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол тухайн шатны шүүхэд гаргана гэж тус тус заажээ.

    Гэтэл хүсэлт гаргагч Л.Цэдэн-Иш нь Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Юмжирдуламын  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай ... малчин болох нь тодорхой бус шийдвэрлэгдсэн учир танд... малчин-даатгуулагчийн тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй болохыг мэдэгдье гэх албан бичгээс өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Дээрхи албан бичиг нь тухайн хэрэгт хамааралгүй бөгөөд уг албан бичгээр хүсэлт гаргагчид малчин-даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байгаа нөхцөл байдлыг мэдэгдсэн  байна.

      Хүсэлт гаргагч Л.Цэдэн-Иш нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх явцад он сар өдрөө зааглаж мэдэхгүй энэ талаараа дурдаагүй гэсэн ба энэ он сар өдрийг зааглаж ялгасан, шүүхийн шийдвэр гарах үед  мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримтыг ирүүлээгүй байна.

      Түүнчлэн  хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн “ шүүхийн 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 01288 дугаартай шийдвэрээр 1981 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлыг малчин, нярав, тоо бүртгэгч, хэсгийн ахлагч гээд бүх ажилласан албан тушаалуудыг нэгтгэн тогтоосны улмаас хэдээс хэдэн онд нь малчин байсан нь тогтоогдохгүй малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироод байна...” гэх хүсэлтийг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  хянуулах  үндэслэл гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргагч И бовогт Л-ын Ц -ийн хүсэлтийг хангахаас татгалзсугай.

2. Энэхүү шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧИД                          Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                              Н.БЯМБАСҮРЭН