Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

гэрч Э.*******,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2016 0108 0121 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* ******* тоотод оршин суух, ******* аймгийн тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суугч Л.ын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж гэрээс нь бэлэн мөнгө, зурагт, гоёл чимэглэлийн  мөнгөн эдлэлүүд, хүнсний ногоо, мах зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч нийт 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх хэрэгт яллагдагчаар татагдаж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж, тус прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорын хяналтад ирүүлсэн байхад 2016 оны 04 дүгээр сарын  22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 111 хоног прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суугч Л.ын гэрийн 25.000 төгрөгийн үнэ бүхий Монгол цоожийг эвдлэн хууль бусаар орон байранд нэвтэрч 590.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн Smart HDTV маркийн лед телевизор, 160.000 төгрөгийн үнэ бүхий 20 кг үхрийн цул мах, 5000 төгрөгийн үнэ бүхий сонгино байцаа, 120.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 3000 төгрөгийн үнэ бүхий 0.33 литрийн Хараа архи, 18.000 төгрөгийн үнэ бүхий 0.75 литрийн Голд Чингис архи, 10.000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг мөнгөн товч, мөнгөн шагай, 50.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй дээлийн мөнгөн товч 9 ширхэг, эрэгтэй дээлийн мөнгөн товч 7 ширхэг, 5 хос мөнгөн ээмэг, өрөөсөн мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, цэцэгтэй мөнгөн товч 3 ширхэг, мөнгөн шагай 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг эд зүйлийг мөн түрийвчинд байсан 285.000 төгрөг зэргийг шунахайн сэдэлтээр санаатайгаар хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.ийн өгсөн: “Би хэрэг гарсан өдрийн өглөө гэртээ нэг пиво уусан. Тэгээд гэрээс гарч гудамжны ахтай 1 шил архи хувааж уугаад буцаж ирсэн. Дахиж архи уумаар санагдаад хажуу айлын хашааг даван орж гэрийн хаалгыг нь төмрөөр хөшиж онгойлгоод хөргөгчнөөс мах, ногоо мөн хойд мөлхөө тавилгыг ухаж мөнгөн эдлэлүүд, зурагт, хоёр шил архи зэрэг эд зүйлийг авсан. Нэг шил архийг тэр айлдаа уусан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ хашаанд оруулахад уусан архиндаа нэлээн согтсон. Гэр лүүгээ орж дахин нэг шил архийг уусан. Тэгээд гэртээ орой нь тасарч унасан байдалтай цагдаад баригдсан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж дуусаад, Прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Прокурорын байгууллагад шилжсэний 3-4 хоногийн дараа, нэг прокурор намайг яв, маргааш 14 цагийн үед ирээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ хулгайлсан эд зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн. Харин хохирол төлбөр 285.000 төгрөг, үүндээр мөнгөн шагай, дээлний мөнгөн товч зэргийг эд зүйлийг төлөөгүй байсан. Хохирогч нийт төлбөр 324.000 төгрөгийг нэхэмжилсэн. 5 дахь өдөр байсан. Би мөнгө олж хохирол төлбөрөө барагдуулах санаатай ******* аймаг явсан. ******* аймагт очоод нэг ахтай танилцаж, тохиролцсоны үндсэн дээр 14 хоногийн ажил хийсэн боловч тэр ах цалин мөнгийг өгөөгүй. Тухайн үедээ шүүхээс зугтаасан, хариуцлага тооцох тухай мэдсэн. Нэг мөсөн хохирол төлбөрөө барагдуулах юмсан гэж бодоод цаашаа аймаг руу явсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.*******гийн өгсөн: “Шүүгдэгчийг оргон зайлуулж болохгүй гэж ойлгосон. ******* аймаг руу эхнэр хүүхдийн хамт 3 хоног явсан. Тэгээд тэр чигтээ буцаж ирээгүй. Би Л.ийг аймагт байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хэлсэн. Хэрэг үйлдсэний дараа би нэлээн удаан хажуудаа байлгасан. ******* аймгийн ******* суманд ээж нь амьдардаг. Л.******* хоёр хүүхэдтэй, бага хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдардаг. Хүүхдээ санаад байна, ******* аймагт очоод бүтэн сайн өдөр ирье гэж надаас гуйсан юм. Тэр өдөр нь 5 өдөр байсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.ийн өгсөн: 2016 оны 03 сарын 25-ны өглөө босоод би гэртээ ганцаараа 1 лааз пиво уусан, тэгээд манай хорооны гудамжинд архи уугаад байдаг нэг ахтай хамт архи уугаад нэлээн согтчихсон байдалтай гэртээ ирсэн. Тэгээд гэртээ 14 цагийн үед ирээд дахиад архи уумаар санагдаад хажуу талын айл руу хашаагаараа дамжаад давж орсон. Тэгээд цоожийг нь нэг төмрөөр эвдэж ороод цоожийг нь гэрт нь шүүгээн дээр нь тавьсан тэгээд гэр доторх зүйлсийг нь онгичсон, тэгээд би хөлдөөгчнөөс нь мах, ногоо сонгино авсан, зурагтын мөлхөө тавилганы шургуулганаас мөнгөн ээмэг, гинж, товч, бүс, бөгж гээд баахан жижиг мөнгөн эдлэлүүд байхаар нь авсан, мөн шургуулгануудыг онгичиж байхад нэг хар өнгийн түрийвчинд 200.000 / хоёр зуун мянга/ гаруй төгрөг 10.000 төгрөг, 20.000 төгрөгний дэвсгэртүүд байсан, тэгээд мөнгийг нь аваад түрийвчийг нь гэрийнх нь гадаа хаячихсан, мөн хойморт байсан хавтгай дэлгэцтэй зурагт байсныг нь хулгайлж авсан. Мөн гэрийнх нь хойд талын шүүгээний нүдэнд байсан 0.33 литрийн жижиг шилтэй Хараа архи байсныг хулгай хийж байсан айлынхаа гэрт нь уучихсан, тэгээд мөн 0.75 литрийн Голд Чингис архи байхаар нь авч гараад өөрийнхөө гэрт орж уусан. Тэгээд архиа ууж дуусгалгүй гэртээ тасраад унтчихсан байсан юм. Би хөрш айлаасаа хулгайлсан эд зүйлсээ хашаандаа оруулаад гэрийнхээ үүдэнд махыг нь, зурагтыг нь баригдаж байгаа байшингийн ард талд, мөнгөн эдлэлүүдийг гэртээ тавьсан. Бэлэн мөнгийг нь яаснаа огт санахгүй байгаа юм, би үрчихсэн байх гэж бодож байна. Тухайн үед хулгай хийж гэртээ юмнуудаа оруулчихаад архиа ганцаараа уусан болохоор нэлээн согтоод юу болсныг санахгүй тасраад уначихсан байна лээ.

 ...Би Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хулгайн хэргийн учир шалгагдаад прокурорын хяналтын шатанд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр очсон. Тэгээд Прокурорын шатанд очоод баасан гаригийн өдөр байсан прокурор дээр очтол намайг нэг дэх өдөр 14 цагт ирээрэй гэж нэг прокурорын хүн хэлсэн. Тэгэхээр нь би яваад баасан гаригийнхаа орой хөдөө ******* аймаг руу явж ямаа самнаж мөнгө олох санаатай ганцаараа явсан. Тэгээд ******* аймаг дээр очтол ямаа самнах ажил дууссан. Тэгээд мөнгө, төгрөг ч олсон юм байхгүй болохоороо эхнэр лүүгээ утсаар ярьсан чинь аймгийн суманд манай эхнэр хүрээд ир гэсэн юм. Тухайн үед манай эхнэр гийн хамаатан нь суманд амьдарч байгаад нас барахад нь ажил явдалд нь оролцох гээд тийшээ явсан байсан юм. Тэгээд суманд ажил олдох байх хүрээд ир гэхээр нь яваад очсон юм. Тэгээд суманд очоод ажил төрөл ч нэг их олдсон зүйлгүй тэндээ байсаар байгаад Цагдаад баригдаад ирсэн юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33-34, 96-97 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Л.ын өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 25-ны өглөө манай гэрийнхэн ажил, сургуульдаа яваад хамгийн сүүлд би гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гарахдаа монгол цоожоор гэрийнхээ хаалгыг, хятад цоожоор хашааныхаа хаалгыг гадна талаас нь цоожлоод ажилдаа явсан. Тэгээд орой 21 цагийн үед манайхан ажил дээр ирээд бид нар гэр лүүгээ бөөнөөрөө явсан. Хашааныхаа хаалгыг онгойлгоод гэр лүүгээ орох гэтэл гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ яваад ортол манай гэрт хулгай орчихсон гэрийн цоож, даруулгыг нь гал тогооны тавилган дээр тавьчихсан, хойморт байсан 42 инчийн Smart HDTV маркийн лед телевизор, хөргөгчин дотор байсан 20 килограмм үхрийн цул мах, сонгино, байцаа, хувцасны шкафны шургуулганд байсан манай эхнэрийн мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй дээлийн мөнгөн товч 9 ширхэг, эрэгтэй дээлийн мөнгөн товч 7 ширхэг, 5 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг өрөөсөн ээмэг, 3 ширхэг мөнгөн бөгж, цэцэгтэй мөнгөн товч 3 ширхэг, мөнгөн шагай 1 ширхэг, 1 ширхэг мөнгөн гинж алга болсон, нэг шил 0.33 литрийн Хараа архи байсныг уучихсан, 0.75 Голд Чингис архи байсан бас алга байсан. Мөн зурагтын доод талын шургуулганд байсан хар өнгийн түрийвч дотроос бэлэн 285000 төгрөг байсныг авсан байсан ба өөр алдагдсан зүйл байгаагүй. ...Гэрийн цоожноос өөр зүйл эвдэж гэмтээгээгүй байна лээ. ...Тэгээд цагдаа нар ирээд манай хажуу айлын залуу хулгайлсан болохыг шуурхай илрүүлэн олж тогтоосон. Гэрээс нь манай гэрээс хулгайлсан эд зүйлс гарч ирсэн байсан. ...Би гомдолтой байна монгол цоожны үнэ 25000 төгрөг, бэлэн 285000 төгрөг, 7 ширхэг мөнгөн товч, мөнгөн шагай зэргийг 10000 төгрөгөөр үнэлнэ, 0.33 литрийн Хараа архийг 3000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Бусад эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээн авсан.  ...Би хулгайд алдсан эд зүйлсээ яг бодитоор үнэлсэн...Манайд хулгай хийхээр орохдоо Монгол Дарханы гар хийцийн монгол цоожийг дахин хэрэглэх аргагүй эвдсэн байсан тул түүнийг 25000 төгрөг, бэлэн 285000 төгрөг, 7 ширхэг мөнгөн товч...мөн жижиг мөнгөн шагай олдоогүй тул энэ хоёрыг нийлүүлээд...10000 төгрөгөөр.0.33 литрийн Хараа архи., 3000 төгрөг...нийлээд 323000 төгрөг болж байгаа... ...Миний хохирол барагдуулсан, одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болноо. Хэргийг хөнгөн шийдэж өгнө биздээ. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-20, 110 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн: “...гэртээ хамт очтол манай гэрийн цоожийг эвдээд хулгай орчихсон, дотор байсан миний мөнгөн эдлэлүүд, зурагт, мах, ногоо зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэрийн цоожийг эвдчихсэн байсан....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр тал/, 2016 оны 03 сарын 25-ны өдөр Л.ийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг хохирогч Л.од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 дугаар тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Л.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Харин эрүүгийн 201601080121 дугаартай хэрэгт Л.ийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 111 хоног зориуд оргосон гэх үйлдэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдээгүй ба нөхөн хийх боломжгүй /үндэслэлгүй/ бөгөөд түүний гэм буруутай эсэхийг хангалттай нотлох баримт цуглараагүй байна.

Хавтас хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрч Ж.ын “өөрийн хүсэлтээр Л.ийг батлан даалтад авсан Л.ийг оргон зайлсан гэдгийг одоо л мэдэж байна над руу прокуророос залгаж асуусан зүйл байхгүй”, гэрч Э.*******гийн “би хүнд тус болъё гэж бодоод ийг батлан дааж авсан юм. ...би Налайхын цагдаад ийг аймгийн суманд байгаа гэдгийг нь сонсоод тэрийг нь мэдээлж баривчлуулсан”, гэрч Б.ын “...ийг танина. 2016 оны 8 дугаар сарын эхээр *******тэй аймгийн суманд танилцаад өөрийнхөө туслах малчнаар ажиллуулах болсон юм” гэх мэдүүлгүүд авагдсан боловч энэ нь шүүгдэгч Л.ийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосныг нотлох гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийн хангалттай үндэслэл болж чадаагүй өөрөөр хэлбэл яллагдагч Л.ийг хэн хэрхэн бүртгэж байсан, хэзээ, хэн гэдэг албан тушаалтан, ямар баримтаар хуулийн байгууллагад хэдийд дуудсан нь тодорхойгүй, батлан даагч нартай хэрхэн холбогдож байсан, түүнийг эрэн сурвалжилж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Түүнчлэн Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/39 тогтоолоор эрүүгийн 201601080121 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түтгэлзүүлсэн мөн өдрийн прокурорын 5/05 дугаар тогтоолоор яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган эрэн сурвалжлах ажлын явц үр дүнг мөрдөн байцаагч дэслэгч С. хариуцуулсан боловч эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдсэн мөрдөн байцаагч С. нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын 5/54 дүгээр тогтоолоор түтгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох хүртэл /хх-ийн 77-81 дүгээр тал/ хугацаанд уг хэрэгт ямарч ажиллагаа хийгээгүй байна.

Харин мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б. эрүүгийн 201601080121 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдэн, яллагдагч Л.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналаа прокурорт хүргүүлэн, цагдан хорьж мөн өдөр урьд сонсгосон ял дээр шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял нэмж сонсгон яллагдагчийг байцаан, гэрч Б.ыг 08 дугаар сарын 30-ны, гэрч Ж., Л., Э.******* нараас 09 дүгээр сарын 02-ны өдөр байцаалт авч байцаан шийтгэх ажиллагаа явуулсан атлаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* аймаг дахь Цагдаагийн газарт 9, 10 дугаар мөрдөн байцаагчийн даалгавар /хх-ийн 101-102 дугаар тал/ бичсэн, 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаагч Эрдэнэчулууны тэмдэглэл /хх-ийн 103 дугаар тал/, 06 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 107-108 дугаар тал/ бичих, 08 дугаар сарын 09-ний өдөр санд эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах /хх-ийн 109-113 дугаар тал/ зэрэг даалгавар явуулсан, тэмдэглэл ирсэн бүртгэлгүй, байцаан шийтгэх ажиллагааг явуулсан нь дэслэгч С.ын байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоолтой хэрэгт хэд хэдэн мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагаа явуулсан уу, эсхүл дээрх баримтуудыг хуурамчаар нөхөн үйлдсэн эсэх нь эргэлзээтэй тэдгээрийг нотлох баримтын зэрэглэлд тооцох боломжгүй байх тул Л.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг санаатайгаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан 4 /дөрөв/ сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.ийн 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлагдсан 72 /далан хоёр/ цаг, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоног, нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, барьцааны мөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Л.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ