| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2016/0872/З |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128
З.Батбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч З.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Б.Баасанцогт нарыг оролцуулан, З.Батбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0128 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Батбаяраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод холбогдуулан гаргасан “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 221 дүгээр тушаалыг хүчингүй илт хууль бусад тооцуулж, урьд эрхэлж байсан Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хууль бус тушаалын үндсэн дээр албан тушаалаас шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө зэрэг орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урьд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0128 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 221/МА2017/0128 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж буй тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулж, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хууль тушаалын үндсэн дээр албан тушаал шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө зэрэг орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урьд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шаардлагыг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч З.Батбаяр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 221 дүгээр тушаалыг илт хууль бус болгохыг шаардсан нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 222 дугаар тушаалтай маргаагүй болох нь анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдагдсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийн энэхүү заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн атал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дадлага туршлагатай албан тушаалтан шилжүүлэн авч ажиллуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч З.Батбаяртай дээрх хуулийн заалтыг үндэслэн шилжүүлэн ажиллуулсан.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 9-д “тохиролцсон” гэдгийг тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулна гэж ойлгоно гэж заасны дагуу ажилтан З.Батбаярын эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар түүнтэй тохиролцож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 221 дүгээр тушаалыг гаргасан. Мөн тэргүүн дэд даргын 2016 оны 221 дүгээр тушаалыг хүчингүй болгосон ч тэргүүн дэд даргын 2016 оны 222 дугаар тушаал хүчин төгөлдөр байх бөгөөд 221 дүгээр тушаал хүчингүй болсноор З.Батбаярын хууль ёсны эрх ашигт нөлөөлөхгүй.
Түүнчлэн захиргааны акт ямар тохиолдолд илт хууль бус болох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэрлэж заасан бөгөөд тухайн үндэслэлүүд тогтоогдвол илт хууль бус захиргааны акт болохоор хууль тогтоогч хуульчилсан.
Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуульд нэрлэж заасан илт хууль бус захиргааны акт болох шинжийг агуулаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, шаардлагын хүрээнд нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0128 магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаалаар тус газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референтээр ажиллаж байсан З.Батбаярыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн “өөртэй нь болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай тохирсоны дагуу” гэсэн үндэслэлээр тус газарт шилжүүлсэн байх ба мөн даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалаар ахлах референтийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч З.Батбаяраас “тус газарт бүтцийн өөрчлөлт ороогүй байхад миний албан тушаалын зэрэглэл, цалинг бууруулж, надтай тохиролцохгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлж хууль бус шийдвэр гаргасан” гэж маргасан бол хариуцагчаас “бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах референтийн орон тоо хасагдсан учир түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, түүнтэй тохиролцож Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлс тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болохыг, 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд албан хаагчийн цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж болохыг хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон тоо, ажил үүргийн хуваарийг баталсан өмнөх, 2015 оны 01 дүгээр тушаал, мөн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр тушаалуудаас үзэхэд тус газрын бүтцийн нэгжүүдийн орон тоо 106 байсныг 115, үүнээс Хяналт-шалгалт, дотоод аудитын газрын орон тоо 8 байсныг 10 орон тоотой, ахлах референт 1 байхаар баталжээ.
Иймд, шүүх маргааны үндэслэл болсон нэхэмжлэгч З.Батбаярын урьд эрхэлж байсан ахлах референтийн орон тоо хасагдсан эсэх, түүнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхдээ түүнтэй тохиролцсон эсэх, шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага гарсан зэргийг шалгаж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулан шалгаж, дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА