Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0489

 

“Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайван, К.Зейнеш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Ц.Оюунбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот тушаалаар хүчингүй болгосон “Инфрастракчер” ХХК-д 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээг албадан хурааж, “Инфрастракчер” ХХК-д 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээ хүчингүй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах; “Инфрастракчер” ХХК-д шинээр олгосон 9019081006 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайван давж заалдах гомдолдоо: “Тус банкны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Инфрастракчер ХХК-д шинээр олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.28-ны 312 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 17.1, 17.2, 17.2.3, 17.2.4 дэх заалтуудыг илтэд зөрчиж, УБЕГ нь Инфрастракчер ХХК-нд гэрчилгээг шинээр олгосныг анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй.
  2. Улсын бүртгэлийг хуулийн дагуу, үнэн зөв, бодитой, нотлох баримтанд үндэслэж, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж бүртгэх тухай зарчмыг алдагдуулсан учраас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19.1 дэх заалтыг хэрэглээгүйгээс энэ хуулийн 27.2, 27.3-д заасан нөхцөл байдал үүсээд байна.

Иймд шинэ гэрчилгээг ашиглан Инфрастракчер компани нь төрийн байгууллага болон шүүхийг төөрөгдүүлэн янз бүрийн нэхэмжлэл гарган бусдын үйл ажиллагааг блоклуулах захирамж гаргаж, бусдыг хохироосон байх боломжийг бүрдүүлж байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.28-ны 312 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Тээвэр хөгжлийн банк” ХХК нь

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот тушаалаар хүчингүй болгосон “Инфрастракчер” ХХК-д 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээг албадан хурааж, уг гэрчилгээг хүчингүй болгосон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах,

- “Инфрастракчер” ХХК-д шинээр олгосон 9019081006 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох” шаардлагыг тус тус гаргажээ.

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 9.1.1-д “хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Инфрастракчер” ХХК-д 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон гэрчилгээг тус газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот тушаалаар хүчингүйд тооцож, энэ талаар “Өнөөдөр” сонины 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаарт[1], мөн тус байгууллагын “www.burtgel.gov.mn” цахим хуудсанд тус тус нийтлэн мэдээлсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Инфрастракчер” ХХК нь 9011225089 дугаартай гэрчилгээг хураалгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

            2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Монголын Үндэсний арбитрын 2011 оны 95 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 140 дүгээр магадлалыг үндэслэн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот тушаал гаргаж “Инфрастракчер” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар “Оюуны Ундраа групп” ХХК-ийг бүртгэсэн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг болон мөн өдөр “Инфрастракчер” ХХК-д олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

            Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагч нь “Инфрастракчер” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, тус компанийн хувьцаа эзэмшигч Армин Виедеркерийн итгэмжлэл, түүний орчуулга, паспортын хуулбар, маягтын дагуу гаргасан өргөдөл болон холбогдох бусад баримтуудад үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, “Инфрастракчер” ХХК-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 9019081006 тоот гэрчилгээг олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж заасантай нийцсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд “Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдсэн байхад холбогдох бүртгэл хийж, “Инфрастракчер” ХХК-д шинээр гэрчилгээ олгосон” гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Инфрастракчер” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлттэй холбоотой 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон 9011225089 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчингүй болсноор хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орж, энэ талаарх бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийж, 9019081006 тоот гэрчилгээ дахин олгосныг “шинээр гэрчилгээ олгосон” гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧ                                                                                          Э.ХАЛИУНБАЯР

                ШҮҮГЧ                                                                                           Г.БИЛГҮҮН