Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч ***********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************** холбогдох эрүүгийн 2238001050259 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********************нь 2022 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Турт” зочид буудлын гадаа хохирогч ***********************хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь уруулд зулгаралт баруун доод 1 ба 2 дугаар шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ***********************нь 2022 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Турт” зочид буудлын гадаа хохирогч ***********************хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001050259 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бадамжунайн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Турт буудалд очоод хоёр өрөө хөлсөлж тэндээ үргэлжлүүлж архи уусан. Тэгээд архи ууж байхдаа бид нар хоорондоо маргалдсан...яг тэр үед манай ангийн Бумбаяр гэх залуу машинаас бууж ирээд миний дух руу хөлөөрөө өшиглөсөн. Би тэгэхэд хэсэг ухаан балартсан...Би тухайн үед их согтоогүй хамгийн гайгүй нь байсан. Миний дух хэсэг рүү Бумбаяр өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-11-р хуудас),

Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 жилийн ангийнхантайгаа уулзсан. Бид нар уулзаад Аянчин баар ороод тэндээсээ “Турт” зочид буудал орсон...би Бадамжунайг ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...Бадамжунай миний дээр гарчихсан ноцолдож байх үед Ванчиндорж ирж салгах гээд татсан. Тэгэхэд Бадамжунай миний хөлд тээглээд уначихсан. Унаад босох гэж байхад нь Бумбаяр ирээд нүүр үү нь нэг удаа өшиглөсөн. Бадамжунай тэгээд хэвтээд өгсөн...тэгээд бид нар тэрнээс хойш дахиж зодолдоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бадамжунай Отгонбаярыг унагаасан...унах хооронд нь би машинаас буугаад очиж Бадамжунайг араас нь татсан чинь Бадамжунай Отгонбаярын хөлд орооцолдоод уначихсан. Бадамжунай унаад дахиад босох гэж байхад машинаас Бумбаяр бууж ирээд Бадамжунайн нүүр рүү доороос дээш чиглэлтэй нэг юм уу хоёр удаа өшиглөсөн. Бумбаярт өшиглүүлсний дараа босож ирэхэд Бадамжунайн хөмсөг халцарсан, уруулнаас нь цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Шинжээч эмч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***********************биед духны зөөлөн эдэд няцралт, дух болон уруулд зулгаралт зэрэг гэмтлүүд нь нийлбэр дүнгээрээ болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун доод 1 ба 2 дугаар үүдэн шүдэнд сулрал үүссэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********************2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт:

  1. ***********************биед духны зөөлөн эдэд няцралт, дух болон уруулд зулгаралт баруун доод 1 ба 2-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна.
  3.  ***********************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),

Хохирогч ***********************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 66-67-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 30-39-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238001050259  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********************нь 2022 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Турт” зочид буудлын гадаа хохирогч ***********************хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***********************(хх-ийн 8-11-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 13-14-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 16-17-р хуудас), шинжээч эмч ***********************(хх-ийн 45-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********************2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),

Хохирогч ***********************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 66-67-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ***********************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ялаас чөлөөлөх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238001050259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************ 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

       4. Эрүүгийн 2238001050259  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР