Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/654

 

      2022          05           20                                  2022/ШЦТ/654

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Б-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч Х.Ш,

хохирогч Н.Б /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Х,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108030000000 тоот хэргийг 2022.03.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Аргалант суманд 1981.11.08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа автобус барьдаг ажилтай гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт М-ийн Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын 2022.02.14-ний өдрийн 151 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар “Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...”манай эхнэрийг доромжилсон” гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн Х.Штай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж дээд уруулын салстад шарх гэмтэл бүхий рүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн тухайн маргаанаас үүдэлтэйгээр үүссэн зодооныг салгахаар очсон Н.Б-ийн гар луу хөлөөрөө өшиглөж түүний биед зүүн сарвууны 4-р хурууны алганы шивнүүрийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-130-132/

Шүүх хуралдаанаар дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын лавлагаа /х.х-5/,

- Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-6/,

- Хохирогч Н.Б-ийн:  “Тухайн өдөр манай хүргэнтэй маргалдаж байхад би салгах гэтэл намайг “холд, зайл” гээд байсан. Тэгээд миний зүүн талын гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэр рүүгээ орох гээд явж байтал араас ирээд урд гараад миний энгэрээс бариад хамар руу нэг удаа мөргөсөн. Миний гарт өмнө нь ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /х.х-31-32/,

- Хохирогч Х.Шын “Миний биед учирсан дээд уруулын салстад шарх гэмтлийг тухайн залуу учруулсан. Тухайн залуу гараараа нэг удаа цохисон. Харин баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн залуутай барьцалдаж байх үед гараараа тулаад уначихсан. Тэр үед үүссэн байх гэж бодож байна. Миний биед өмнө нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /х.х-35/,

- Гэрч Б.А-гийн “Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бармон буйлдингийн баруун талын зам дагуу 7 сартай хүүхдээ тэврээд явганаар явж байтал Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар өнгөрөхдөө маш хурдтай өнгөрсөн. Тэр үед би хүн мөргөлөө гэж хэлээд машиныг нь хөлийнхөө үзүүрээр өшиглөсөн. Тэгтэл тухайн жолооч нь машинаа зогсоогоод бууж ирээд намайг п...а, г...й гээд хараагаад байсан. Тэгтэл би “та яаж байгаа юм бэ?” гэхэд над руу нулимсан. Тэгээд би “байж байгаарай би цагдаа дуудна” гэхэд “дууд п...а минь” гэж хэлээд машиндаа суугаад Бармон билдингийн хашаан дотор орчихсон. Тэр үед манай нөхөр Х.Ш машинаа зогсоолд байрлуулчхаад ирсэн. Тэгээд болсон явдлын талаар хэлээд тухайн ах дээр очоод “манай нөхөр та нялх нойтон хүүхэдтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэхэд тухайн хүн “наад п...а чинь өөрөө эхэлсэн” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр тухайн ахтай барьцалдаад байж байхад манай аав Н.Б ирээд юу болсон талаар асуухад би болсон явдлын талаар хэлсэн. Тэгэхэд тухайн хүнийг яаж байгаа юм бэ?” гэхэд аавыг элдвээр хэлээд байхаар нь аав нэг удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд бид хэд салгаад байж байтал манай аав “гэр рүүгээ орлоо” гээд явсан. Тэгтэл тухайн ах  араас нь “би чамайг ална. Чи наанаа байж бай” гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэгтэл удалгүй тухайн залуу аавын хамт ирсэн. Тэгтэл аав араас ирээд “намайг цохьчихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /х.х-58-59/,

- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бармон буйлдинг” ХХК-ны гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 48 минут 19 секундад 0000 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин хашаагаар орж ирж байх ба 13 цаг 49 минут 33 секундад хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн куртиктэй эмэгтэй тус машины жолооч талын хаалгыг онголйгох ба түүний дараа тус жолоочийн суудлаас саравтай малгатай хар куртиктэй эрэгтэй хүн бууж ирээд куртикээ тайлж байв. Түүний дараа хар өнгийн куртиктэй, улаан өнгийн куртиктэй бага насны хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн ирээд жолоочийн суудлаас бууж ирсэн залууг түлхэн унагааж тус камерийн бичлэгээс гарав. 13 цаг 50 минут 50 секундэд тус жолооч гэх залууг хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн, мөн цэнхэр өнгийн масктай, хөх өнгийн фудболкатай эрэгтэй хүн 2 талаас нь цамцны зах хэсгээс нь барвчихсан тус камерийн тусгалын хэсэгт орж ирж байх ба 13 цаг 51 минут 32 секундэд тус хүмүүс камерийн  тусгалын хэсгээс гарч байв. 13 цаг 51 минут 37 секундэд тус машины жолооч машинхаа жолооч талын хойд хаалгыг нээж жолоочийн суудалд суухад цэнхэр масктай эрэгтэй хүн тус машины жолооч талын суудалд суусан эрэгтэй хүнийг цохиж байгаа бичлэг байв. Үзлэгийг цааш явуулан gadaa 1 гэж хаягласан хяналтын камерыг шүүхэд 13 цаг 49 минут 46 секундэд хоёр эрэгтэй бие биеэ энгэрээс нь зулгааж зууралдсан байдалтай байх ба түүний дараа ертөнцийн зүгээр урд зүгээс цэнхэр өнгийн масктай эрэгтэй хүн ирээд тус цагаан өнгийн суудлын автомашины жолоочийн толгой хэсэгт цохих ба тухайн ү­ед хар өнгийн куртиктэй эрэгтэй ч мөн адил түүнийг цохиж байв. 13 цаг 52 минутад 0000 УАЕ машины жолооч өөрийн тээврийн хэрэгслээ хойшлуулж ухрааж байх ба тухайн үед машинаас бууж ирээд ногоон эрээн өнгийн цамцтай залуутай маргалдаж харилцан цохилцож байгаа бичлэг байв. Түүний дараа бие биенээ энгэрээс нь татаж зууралдаж 14 цаг 02 минутад цагдаа нар ирж байгаа бичлэг байв ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  2 ширхэг компакт диск /х.х-7-11/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 11462 дугаартай “Х.Шын биед баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /х.х-66-67/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 11409 дугаартай “Н.Б-ийн биед зүүн сарвууны 4-р хурууны алганы шивнүүрийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-72-73/

- Шинжээчийн 2021.12.03-ны өдрийн “Н.Б-ийн биед учирсан хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-76-77/

- Шинжээчийн 2021.12.03-ны өдрийн “Х.Шын биед учирсан дээд уруулын салстын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-78-79/

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.11.18-ны өдрийн 11346 дугаартай “*******ы биед баруун зовхи, доод уруулын салстад цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-59-61/ зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 40 минутаас 14 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны хашаанд байрлах автомашины зогсоолд 00-00 УАЕ улсын дугаартай автомашинаа байрлуулахаар явах замдаа бага насны хүүхдээ тэврэн явж байсан иргэн Б.Анугийн хажуугаар өнгөрсөн ба иргэн Б.Ану нь “хүн мөргөлөө” гэж хэлээд түүний машиныг өшиглөсөнд уурлан автомашинаасаа бууж ирэн Б.Аг цээртэй үг хэллэгээр доромжилсон, мөн түүн рүү нулимах зэргээр зохисгүй аашилсан ба тухайн үед зогсоолд машинаа байрлуулсан Х.Ш ирж эхнэрээ өмөөрөн маргалдсан ба түрүүлэн *******ыг нүүрэн тус газарт нь цохиж зодож байх үед ирсэн Н.Б мөн түрүүлэн *******ы толгойн тус газарт зангидсан гараараа цохиж зодсон, Х.Ш, Н.Б нар нь *******ыг хувцасны хүзүү хэсгээс нь зэрэг өргөн, хоёр талаас нь элбэн зодсон ба уг зодооны явцад Н.Б-ийнбиед “зүүн сарвууны 4-р хурууны алганы шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, тухайн зууралдаан зодоон дууссаны дараа ******* нь Х.Штай үргэлжлүүлэн зууралдаж нүүр лүү нь гараараа цохисны улмаас бие махбодид нь “дээд уруулын салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн тэднээс салаад гэр лүүгээ явж байсан гэх Н.Б-ийнараас гүйцэж очин нүүрэн тус газарт мөргөж бие махбодид нь “хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь хохирогч Х.Штай маргалдан зодолдож байх явцад тухайн зодооныг салгахаар ирсэн гэх хохирогч Н.Б нь *******ы толгой руу нь цохих, Х.Ш мөн толгой руу нь цохих, *******ы хувцасны хүзүү хэсгээс нь 2 талаас нь зэрэг өргөх зэргээр элбэн зодож  *******ы амь нас, эрүүл мэндэд бүлэглэн хүч хэрэглэж халдсан, шүүгдэгч *******тай харьцуулахад Х.Ш, Н.Б нар нь бие бялдарын хувьд чац өндөртэй, хүчний хувьд илт давуу байдалтай байсан болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан 2 камерын бичлэгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран хамгаалалт хийх эрхтэй ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ.

Шүүгдэгч ******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг гарцаагүй тулгарсан довтолгооны эсрэг Н.Б-ийн гар луу өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болно.

Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Тухайн зодооны явцад шүүгдэгч *******ы бие махбодид “мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн баруун зовхи, доод уруулын салстад цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл учирсан ба тухайн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.11.18-ны өдрийн 11346 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа ******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх бөгөөд мөн мэдүүлэгт “Би эмнэлгийн байгууллагаар явж үзлэг шинжилгээнд хамрагдсан зүйл байхгүй. Надад эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэж, зураг авахуулсан баримт байхгүй байна. Тухайн үед өвчин намдаах эм ууж байгаад өөрөөрөө эдгэсэн” хэмээн мэдүүлжээ. /хх-46/ Үүнээс үзэхэд ******* нь шинжээч-эмчийн зөвлөсөн нарийвчилсан шинжилгээг өнөөдрийг хүртэл хийлгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэмэлт шинжилгээ хийлгэх тухай түүний хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин тухайн гурвалсан зодоон дууссаны дараа шүүгдэгч ******* нь Х.Штай үргэлжлүүлэн зууралдаж нүүр лүү нь үсэрч, гараараа цохисны улмаас бие махбодид нь “дээд уруулын салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн тэднээс салаад гэр лүүгээ явж байсан гэх Н.Б-ийн араас гүйцэн очиж  нүүрэн тус газарт мөргөж бие махбодид нь “хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Х.Ш, Н.Б, гэрч Б.Ану нарын мэдүүлэг, шүүх-эмнэлгийн шинжээчийн 11462, 11409 дугаартай дүгнэлтүүд, тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч-эмч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.11.18-ны өдрийн 11409 дугаар дүгнэлтэд Н.Б-ийн биед учирсан “зүүн сарвууны 4-р хурууны алганы шивнүүрийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл”-ийг аль алиныг нь тусгасан байх ба эдгээр гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг “хүндэвтэр” гэж үнэлж гаргасан шинжээчийн дүгнэлт нь ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд прокуророос Н.Б-ийн биед  “хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн аль тохирох хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, орхигдуулсан нь буруу байна.

 Шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэн, мөн *******д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан ялаас хүнд байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж гардуулан ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ш, Н.Б нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Х.Ш, Н.Б нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч нар нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-95/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ******* нь аргагүй хамгаалалт хийж учруулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж гардуулан ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овогт М-ийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүний” эсрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт М-ийн Хд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д шүүхээс оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Х.Ш нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ш нь иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.   

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ял оногдуулна гэдгийг *******д мэдэгдсүгэй.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******д холбогдох эрүүгийн 2108030000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ