Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/675

 

      2022          05          25                                   2022/ШЦТ/675

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208008860787 тоот хэргийг 2022.05.06-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Онги овогт Сын Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 56-04 тоот гэртээ бусдатай архидан согтуурч улмаар иргэн М.Лыг эхнэртэйгээ хардан цээж, нуруу хэсэгт хутгалж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх “...манай хүргэн дүү нуруу, цээжиндээ хутгаар зүсүүлсэн байдалтай цус нь гоожчихсон орж ирлээ...” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх-5/,

- Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо Хилчин 56-4 тоот...” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/,

- Хохирогч М.Лын “Би 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчин 56-04 тоотод Мөөгийгийн найз Сайхнаагийн гэрт очсон чинь Сайхнаа, Сайхнаагийн эхнэр, Мөөгий нар байсан тэгээд тэр айлд бид 4, 0,75 граммын 2 архи хувааж уусан тэгээд унтах гэхэд Мөөгий унтаж байсан тэгэхээр би хойморт ор засчихсан байхаар тэр ор нь дээр унтсан тэгээд хүмүүс шуугиад байхаар нь өндийгөөд босож ирэхэд ******* гэх гэрийн эзэн хутга барьчихсан “чи муу яагаад манай эхнэртэй хамт хэвтэж байдаг юм бэ чамайг би энэ хутгаар зоочихвол чи үхчих нь дээ тэгэхдээ чамайг зоохгүй уг хутгаар хэрчин” гэж хэлээд над руу дөхөөд дайрахаар нь зугтаах гэхэд зүүн талын цээж хэсэгт хутгаар шувтраад татчихсан,  тэгээд би байшингаас гараад гүйхэд миний нуруун тус газар хутга шүргүүлэх шиг болсон,  тэгээд би баз болох П.Чын гэрт ирээд 103 дуудаж үзүүлээд цэргийн эмнэлэгт очиж хэвтэж эмчлүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-16/,

- Гэрч П.Чын “2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед манай баз хүргэн М.Л ганцаараа манай гарт орж ирсэн. Ирэхдээ М.Л нь 2 давхар цамцтай ирсэн боловч нэлэнхүйдээ цус нэвтэрсэн байдалтай дунд хэмжээний согтолттой өөрийгөө хянах чадвартай орж ирсэн. Тэгээд хувцсыг нь тайлж үзэхэд цээж хэсэгт 2-3 шархтай, нуруундаа мөн зүсэгдэлтийн улмаас үүссэн шарх байсан” гэх мэдүүлэг /хх-22/,

- Гэрч Ю.Мын “2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр танил дүү М.Лтай хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 56-4 тоотод байхад найз ******* ирсэн. ...тухайн үед манай найз Ч.Гантулга, *******, эхнэр Ганчимэг нар байсан. Архи ууж дуусаад бид нар тасраад унтацгаасан. Гэтэл М.Л нь Ганчимэг гэх эмэгтэйн ард наалдаж хэвтэж байсан. Тэр үед М.Л, ******* хоёрын дунд маргаан болсон. Тухайн үед миний бие их хэмжээний согтолттой байсан учир хэрхэн яаж хоорондоо цохилцож учруулсан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-25-26/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4401 дугаартай “М.Лын биед цээжний урд, ард гадаргууд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-35-37/,

- Яллагдагч *******ы “...Манай эхнэртэй М.Л гэх залуу хамт хэвтэж байсан болохоор нь би М.Л гэх хүнийг айлгах гэж хутга авч далайсан юм өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй архи уучихсан байсан учир уг зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-70/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 56-04 тоот гэртээ бусадтай архидан согтуурч улмаар иргэн М.Лыг эхнэртэйгээ хардан цээж, нуруу хэсэгт нь хутгалж “цээжний урд, ард гадаргууд хатгагдаж, зүсэгдсэн шарх” гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч М.Лын мэдүүлэг /хх-16/, гэрч П.Чын мэдүүлэг /хх-22/, гэрч Ю.Мын мэдүүлэг /хх-25-26/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.23-ны өдрийн 4401 дугаартай дүгнэлт /хх-35-37/, шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүйтэн зэвсэг хэрэглэн халдаж хутгалсан нь хардалтын улмаас гэнэт үүссэн шинжтэй, хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Л нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “******* эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх-16/ ба хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь хохирогчийн эрх хэмжээний асуудал ба хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүхээс шийдвэр гаргах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд 3 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:

- Нийслэлийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2006.07.06-ны өдөр 2 жил 9 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, зүйлчлэлийг 99.1 болгон 3 сар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэн, 2009 оны 9 сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 900 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2019.02.01-ий өдөр эдэлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-31/ тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2002 он, 2009 онд ял шийтгүүлсэн гэмт хэрэгтээ ялгүй болсон, 2018 онд шийтгүүлсэн торгох ялаа эдэлж дуусгасан байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг, шүүгдэгчээс “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ажлын хэсэг 11,5 см, бариул хэсэг 10 см, бор өнгийн модон иштэй, ахуйн хэрэглээний хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Онги овогт Сын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Онги овогт Сын Өд 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 1 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Лд бэлнээр 200000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн нэг ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ