Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/695

 

 

        2022          05          31                                    2022/ШЦТ/695

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: О.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Залуус хороолол 00-б-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Оын Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Залуус хороолол 00а байрны 0000 тоотод амьдрах иргэн С.С-гийн гэрт С.С, Л.Б нартай архидан согтуурч, улмаар С.С-гийн үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч С.С-гийн “2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад О.Н гэх эмэгтэй 3-р орцонд бас амьдардаг Б гэх хүнтэй хамт манай гэрт орж ирсэн ба ирэхдээ 1 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, 1 уут тараг, 2 кофе авчихсан орж ирсэн ба бид 3 тухайн архийг нь уугаад нэлээн согтсон. Тэгээд нэг мэдэхэд О.Н намайг үсдэж зулгаагаад газар унагаагаад толгой дээрээс гараараа цохиж зодсон. ...Тэгээд О.Н намайг зодохоо болиод гэрээс гараад явсан ба үүрээр төрсөн хүү Б.М гаднаас орж ирээд миний царай зүсийг хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг О.Н гэх эмэгтэй үсдэж зулгаагаад газар унагаагаад миний нүүр рүү хамар ам, нүд рүү гараараа цохиж зодсон. Бас миний хөл рүү өшиглөөд хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-10-12/,

- Гэрч Б.М-ын “Намайг очих үед баруун нүд нь хөхөрч хавдсан, үс нь туг тугаараа уначихсан байдалтай, бага зэрэг халамцуу байсан бөгөөд би болсон асуудлын талаар асуухад О.Н гэдэг хүнтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд ээжийг шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-18-19/,

- Гэрч Л.Б-ын “би О.Нтай гадаа байрны үүдэнд тааралдаад дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи аваад С-гийн гэрт орж ууя гээд гэрт нь орсон. Тэгээд бид 3 авсан архиа уугаад хоорондоо юм яриад сууж байгаад архиа талд нь оруулж байтал С.С, О.Н 2 хоорондоо маргалдаад зодолдоод байсан. ...ямар ч байсан С.Сийн гэрт нь сууж байхад энэ 2 маргалдаад барилцаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-21-22/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1995 дугаартай “С.Сийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, дух, хамар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-26-27/,

- Яллагдагч О.Нгийн “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-67/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч О.Нгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Н нь С.Сийг “нөхрийн группийн мөнгөөр архи авч уусан” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Сийн мэдүүлэг /хх-10-12/, гэрч Л.Бын мэдүүлэг /21-22/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.01.24-ний өдрийн 1995 дугаартай дүгнэлт /26-27/, яллагдагч О.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Н нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Нгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас С.Сийн биед “тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, дух, хамар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.01.24-ний өдрийн 1995 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч С.С “Би эм тариа хэрэглэсэн, эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Би 8000 төгрөг төлж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр авч хэрэглэсэн эм тариа байхгүй учир түүнтэй холбоотой баримт сэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна” хэмээн мэдүүлж /хх-11-13/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хохирогч нь эмнэлгийн тусламж аваагүй, өөрөөрөө эдгэсэн байх ба түүний бие махбодид шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн байдлаар О.Н нь бусдад төлбөргүй байна.

Шүүгдэгч О.Н нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-41/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж дууссан байх тул түүний урьд 1 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох” саналыг, шүүгдэгчээс “миний буруу дахин ийм үйлдэл гаргахгүй. Торгох ял оногдуулж өгөөч. Хүүгээрээ цалингийн зээл авахуулаад төлнө” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүх дээрх нөхцөл байдал болон О.Нгийн хувийн байдал, мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх заалтыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, тухайн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Нгийн цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн ялыг эдэлсэнд тооцон хасаж, үлдэх ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оын Нд 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн ялыг эдэлсэнд тооцон хасаж биечлэн 442 /дөрвөн зуун дөчин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Нгийн хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч С.С нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч С.С нь эрүүл мэндэд учирсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч О.Нгийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг О.Нд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ