Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/697

 

2022          05          31                                      2022/ШЦТ/697

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Н.Ундрах,

хохирогч: Б.С,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.У,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойт 00-0 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Цэцэн сартуул овогт Э-гийн М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт; мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 ны 01 дүгээр сарын 14-ний 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи нэртэй бааранд иргэн Б.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Сын “2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи бааранд орсон. ...тамхины өрөө рүү ******* гэдэг нэртэй хүн орж ирээд дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлаад "манай найзыг яагаад байгаа юм бэ? дээрэлхээд байгаа юм" гэж хэлэхээр нь "би чамтай юм ярихгүй, чи хол бай" гэж хэлээд 2 гараараа түлхсэн чинь миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиод толгойгоороо миний хамар болон дээд уруул орчим мөргөчихсөн юм. Тэгээд Хөлгөн намайг газраас татаж босгоход миний хамар, амнаас цус гарчихсан яах юм, цусаа цэвэрлэх юм уу" гэж хэлээд "наад шүд чинь байхгүй болчихсон байна, уначихсан байна" гэж хэлэхээр нь би хэлээрээ шүдээ тэмтрээд үзсэн чинь миний дээд үүдэн 3 шүд байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-98-100/,

- Гэрч Ө.О-гийн: “Манай баар нь Жавхлан төвийн хоёр давхарт байдаг ба шатаар дээшээ өгсөж орж ирээл шууд тамхины өрөө рүү орох боломжтой юм. Тухайн өдрийн орой 22 цагийн үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёр гурван найзтайгаа орж ирцгээсэн юм. Би тэр найзуудыг нь танихгүй харж байгаагүй залуучууд байсан. Тэгээд би баарныхаа доод талын өрөөнд сууж байтал хамгаалагч Сүхээ гэх залуу “тамхины өрөөнд зодоон болоод байна” гэхээр нь би дээшээ гартал Мэнлсайхан нэг танихгүй залуутай зодолдоод толгой хэсэг рүү нь нэг удаа мөргөж байхыг нь би хараад хамгаалагч нарын хамт очиж салгаад баарнаас гаргацгаасан” гэх мэдүүлэг /хх-104-105/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1963 дугаартай “Б.Сын биед баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд үүдэн 3 шүд /11, 21, 22/ унасан дээд урууланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гурван шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх-110-111/ зэрэг баримтуудаар;

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хишиг-Од” төв дотор насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн “ахад нь мөнгө хэрэгтэй байна, чи утсаа ломбардад тавиад өгчих, би 21 цагийн орчим буцаагаад аваад өгье” гэж хуурч, 2 сая төгрөгийн үнэ бүхий Ай фоне 11 про макс гар утсыг залилан авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн “Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...гэртээ байж байхад манай танил хуурай ах Мэндээ гэх залуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-ийн автобусны буудал дээр дуудсан бөгөөд би яваад очтол “ахад нь мөнгө хэрэгтэй байна. Чи утсаа ломбардад тавиад өгчих. Би 21 цагийн орчим буцаагаад аваад өгье” гэж надад хэлсэн. Би тэр үгэнд нь итгээд ганц удаа тус болчихъё гэж бодоод өөрийн утсаа тухайн Мэндээ гэх хүний бичиг баримтаар автобусны буудал дээр байрлах ломбардад 300000 төгрөгөөр тавьчихсан. Маргаашаас нь надтай холбоо барихаа больчихсон бөгөөд нөгөө ломбардад очоод “миний утас байгаа юу?” гэж асуухад “тухайн бичиг баримтаар тавьсан хүн ирээд буцаагаад авчихсан” гэж надад хэлсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-ийн автобусны буудлын баруун талд байрлах “Хишигт од” төв дотор байрлах ломбардад тавьсан” гэх мэдүүлэг /хх-6-9/,

- Гэрч А.Х-гийн “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Уул үйлчилгээний төвийн 2 давхарт ломбард ажиллуулж байхад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 38 минутад 2 эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд тухайн хоёр хүн Ай фоне 11 промакс маркийн гар утсыг 300000 төгрөгт зээлдүүлж авсан. Би мөнгийг нь бэлнээр өгсөн бөгөөд тухайн зээлдүүлэгч өөрийн бичиг баримтаа шалгуулсан бөгөөд тухайн үед нь сайн нягталж авсан. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 57 минутад ...Энхтайван овогтой М өөрийн иргэний үнэмлэх, бичиг баримтаа шалгуулаад тухайн Ай фоне 11 промакс маркийн гар утсаа 318100 төгрөгөөр зээлээс чөлөөлөөд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-16/,

- Гэрч Э.У-ын “Би Бадрах баян булаг" ломбардыг ажиллуулаад 8 жил болж байгаа юм. 2022 дугаар 02 дугаар сарын 18-ний өдөр 13 цагийн үед Б, М хоёр ирээд Б овогтой Б **0000000 гэх залуу нь өөрийн үнэмлэхийг үзүүлэн Ай фоне 11 Про макс гар утсыг 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьж 1000.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тухайн 2 залуу хоёулаа орж ирээд нэмээд 200000 төгрөгийн зээлийн нэмэлт хийгээд аваад явцгаагаад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1296000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-11/,

- Гэрч Б.-ийн “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* бид хоёр уулзаж сууж байгаад надад мөнгөний хэрэг гараад байна чи энэ утсыг өөрийнхөө нэр дээр тавиад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Ай фоне 11 про макс маркийн гар утсыг 1000000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байдаг “Бадрах баян булаг” ломбардад өөрийнхөө нэр дээр тавиад мөнгийг нь бэлнээр ******* авч өгөөд явсан юм. Тэгээд хоёр хоногийн дараа ******* дахиж намайг дуудаад тухайн ломбардаас нэмээд 200000 төгрөг утсан дээрээ нэмж гаргаад ******* өөрөө бүгдийг нь авсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* намайг дуудаад бид хоёр тухайн ломбардаас 1296000 төгрөгөөр тавьсан утсаа буцааж аваад *******д өгчхөөд би явсан, ...Надад хэлэхдээ хүнтэй маргалдаад цагдаа дээр асуудалтай байгаа байсан би мөнгөний хэрэг гараад байна манай дүүгийн утас гэж байсан, би илүү зүйл асуугаагүй, ах дүүгийн харилцаатай байдаг болохоор хэцүү үед нь туслах бодолтой л өөрийнхөө нэр дээр тавьсан” гэх мэдүүлэг /хх-13-14/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.03.25-ны өдрийн 22/028 дугаартай “IPHONE-11 про макс, хуучин хэрэглэж байсан-2000000 төгрөг” гэх үнэлгээ /хх-28/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 ны 01 дүгээр сарын 14-ний 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи нэртэй бааранд урьд үл таних Б.Сыг “найзтайгаа маргалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь, мөн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороонд байрлах “Х” төв дотор насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн “ахад нь мөнгө хэрэгтэй байна, чи утсаа ломбардад тавиад өгчих, би 21 цагийн орчим буцаагаад аваад өгье” гэж хуурч, 2 сая төгрөгийн үнэ бүхий Ай фоне 11 про макс гар утсыг залилан авсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь урьд үл таних Б.Сыг “найзтайгаа маргалаа” гэх шалтгаанаар хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, түүний бие махбодид  “баруун хөмсөгний дээр зулгаралт, дээд үүдэн 3 шүд /11, 21, 22/ унасан дээд урууланд шарх бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч ******* нь 15 настай Ц.Бээс урьдын танил дотно харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн гар утсыг барьцаанд тавьж, 300000 төгрөг зээлсэн ба амласан хугацаандаа гар утсыг нь Ц.Бэд буцааж өгөлгүйгээр өөр ломбарданд барьцаалан 1200000 төгрөг зээлж аван, гар утсыг нь зээлийн өрөнд хураалган алдаж, Ц.Бэд мөнгөн дүнгээр 2 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь нотлогдож байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол, насанд хүрээгүй Ц.Бийн эд хөрөнгөд 2 сая төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.01.21-ний өдрийн 1963 дугаартай дүгнэлт /хх-110-111/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн  2022.03.25-ны өдрийн 22/028 дугаартай үнэлгээ /хх-28/, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас тус тус шаардах эрхтэй байна.

          Хохирогч Б.С нь Э ХХК-ийн шүдний эмнэлэгт үүдэн 5 шүд гэмтэж буйл урагдаж ярагдсан байдалтай гэмтэл авсан байсан тул буйланд оёдол тавих мэс засал-800000 төгрөг, 5 шүдэнд эмчилгээ хийн хиймэл шаазан шүдэлбэр-1750000 төгрөг, нийт 2550000 төгрөгийг шүдний эмчилгээнд зарцуулсан болох нь Б.Саас шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн тодорхойлолт, мөнгө тушаасан баримт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Сад 800000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2 сая төгрөг төлөөгүй байх тул *******аас нийт 3750000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Сад 1750000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уд 2 сая төгрөг олгож, хохирлыг арилгуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-124-132/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ба 2020.02.23-ны өдөр тухайн ялыг биечлэн эдэлж дуусгасан байх тул түүний урьд ял шийтгүүлж байсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрөөс 800000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч нарт учруулсан хохирлыг 2022.06.20-нд төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч нартай тохиролцсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчээс “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.  

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн биечлэн 9 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэцэн сартуул овогт Э-гийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Цэцэн сартуул овогт Э-гийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн *******ыг биечлэн 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Сад 800000 төгрөг төлсөн ба хохирогч нарт үлдэгдэл хохирол төлбөрийг 2022.06.20-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас нийт 3750000 /гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.Сад 1750000 /нэг сая долоон зуун тавин мянган/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уд  2000000 /хоёр сая/ төгрөг тус тус олгосугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар шүүх хуралдаан дууссанаас хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ